Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1081

 

  

    

 

 

 

    2020        06          09                                       2020/ШЦТ/1081

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

 улсын яллагч Н.Гэрэлмаа,

 хохирогч Д.Жанчив,                     

 шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч О.Батсүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1970/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.От холбогдох эрүүгийн 2006 01204 0920 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Т.О, Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Кореан фүүд” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 8 дугаар гудамж, 108а тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7-2-56 тоотод оршин суух, урьд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн №24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д зааснаар 3 жил, 6 сарын хорих ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Д.Жанчивын эзэмшлийн 730,000 төгрөгийн үнэтэй “Айфон 8” загварын гар утас, “Хаан” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Хаан” банкны АТМ машинаас 2 удаагийн үйлдлээр 1,400,000 төгрөгийг авч, нийт 2,130,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч Т.Оын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Д.Жанчивын эзэмшлийн 730,000 төгрөгийн үнэтэй “Ай фон 8” загварын гар утас, “Хаан” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Хаан” банкны АТМ машинаас 2 удаагийн үйлдлээр 1,400,000 төгрөгийг авч, нийт 2,130,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.О гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Оын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлын мөнгийг төлөх гэтэл цалин буусангүй. Би тогоочийн ажилд саяхан орсон бөгөөд 2020.06.05-нд цалин бууна гэж ойлгосон. Гэтэл 2020.06.15-нд буух юм байна. Хохирлын мөнгийг цалингаасаа төлж барагдуулна...” гэх мэдүүлэг[1],

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Жанчивын өгсөн “...Би өглөө өөртөө нь утсаар ярихад “надад байхгүй” гэж хэлсэн. 1 сарын хугацаанд Хаан банкны камерын бичлэгийг хөөцөлдөж байгаад олж авсан. Тэгэж байж өөрийг нь илчилсэн. Хэрэв шууд хэлбэл “аваагүй” гэж гүрийх байсан. 4 сарын хугацаанд ээж нь над руу нэг удаа 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэр миний мөнгө байгаагүй. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг[2],

3. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Хаан банк”-ны АТМ-н хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[3],

4.Хохирогч Д.Жанчивын “Хаан банк”-ны 5076156374 дугаартай дансны хуулга[4],

5.  2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Дамно” ХХК үнэлгээ: “..Айфон-8” загварын гар утас 730,000 төгрөгөөр үнэлсэн” гэх үнэлгээ[5],

6. Гэрч Г.Амартүвшингийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байх “Парис” нэртэй шөнийн цэнгээний газар найз Жанчив, зүс таних залуугийн хамт орсон. Тухайн газарт бид 3 “Абсолют” нэртэй 0,75 литрийн архи хувааж сууж байсан чинь 23 цаг 40 минутын үед манай найз Жанчив нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир гэр рүүгээ явах гэж гараад үл таних залуугийн хамт явсан юм. ...Жанчив зүс таних залуу бид 3 “Парис” бааранд байж байхад тэр зүс таних залуу Жанчивын гар утсаар хүмүүстэй ярьж хэрэглэж байсан. Тэр залуу өөрөө гар утасгүй байсан юм...” гэх мэдүүлэг[6],

7. Хохирогч Д.Жанчивын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр найз Амартүвшинтэй хамт “Жуков”-ын урд талын автобусны буудлын хажууд байдаг “Челси” нэртэй пабад орсон. Тэгээд бид хоёр ороод архи захиалаад уугаад сууж байтал уг “Челси” пабад ажилладаг бармен залуу нь Амартүвшинг таньдаг гээд бид 3 уг пабаас гарсан. Тэгээд гараад 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” нэртэй бааранд орсон. Тэгээд бааранд бид 3 ороод архи захиалаад сууж байгаад би согтоод зарим зүйлийг санахгүй байгаа юм. тэгээд маргааш нь би гэртээ сэрсэн бөгөөд миний утас болон “Хаан банк”-ны виза карт байхгүй байсан. Тэгээд эхнэрээсээ асуусан чинь би шөнө гэртээ ирээд эхнэрийн утсаар өөрийн утас руу залгасан чинь нэг залуу аваад таны утас, карт 2 надаа байгаа гэж ярьсан гэж манай эхнэр хэлсэн. Тэгээд би интернет банкаараа дансны үлдэгдлээ үзсэн чинь миний данснаас 2 удаагийн үйлдлээр 1,400,000 төгрөгийн зардал гарсан байсан. ...”Челси” пабад тооцоо хийхэд дээрх бармен гэх залууд картаа өгөөд кодоо бас хэлсэн байсан юм...” гэх мэдүүлэг[7],

8. Шүүгдэгч Т.Оын 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Жанчив нь өөрийн “Хаан банк”-ны виза картаа надад өгч би тэр картаар нь тооцоо хийж байсан болохоор кодыг нь санаж байсан юм. Улмаар виза картыг зөвшөөрөлгүй аваад гарчихсан юм. Тухайн картаар 400,000 төгрөгөөр 1 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа нийт 1,400,000 төгрөг авчихсан юм...” гэх мэдүүлэг[8],

9. Т.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], иргэний үнэмлэхний лавлагаа[10] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Оын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Оаас 2,030,000 /хоёр сая гучин мянга/ төгрөг гаргуулан, хохирогч Д.Жанчивт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид 100,000 төгрөг төлснийг дурьдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Т.От эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Т.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.

Шүүгдэгч Т.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Оаас 2,030,000 /хоёр сая гучин мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч Д.Жанчивт олгосугай.

            5. Шүүгдэгч Т.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.От авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 43 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 26 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 22 дугаар тал