Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                  

                                                                                                    Хэргийн индекс: 144/2017/0057/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан 11-54 тоотод оршин суух Боржигин овогт С.Б-гийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж нарт холбогдох

          Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж нарын тогтоосон 2017 оны 05 дугаар сарын  26-ны өдрийн 10-03-003/016 тоот акт, түүнийг үндэслэн гаргасан 0113265 дугаартай 3600000 төгрөгийн шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах”  шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        Б.Чинбаатар

          Хариуцагч                                                                            Д.Наранцэцэг,

                                                                                                       Г.Баасандорж,

          Хариуцагчийн өмгөөлөгч                                                   Ё.Ринзаан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б-гаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж нар Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт хийж 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 тоот актыг тогтоосон. Тус актыг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн цэцэрлэгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэтгэл болон эрүүл ахуйн эрүүл ахуйн нөхцөл хангуулах талаар тус цэцэрлэгийн зүгээс нутгийн өөрөө удирдах ёны байгууллага болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд танилцуулан арга хэмжээ авч цэцэрлэгийн өргөтгөл болон ундны ус, гал тогоо, анги бүлэг, бие засах өрөөг эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахад шаардагдах төсөв хөрөнгийг батлуулахаар шийдвэрт хүрсэн боловч  тус үр дүнг харгалзан үзэхгүйгээр бодит бус материалд үндэслэн акт тогтоосон.Шинжилгээгээр эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүүхдийн тоо бодит байдлаас зөрсөн. Багш ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний хариу маргаантай лабораторийн хариуцлагагүй үйлдлээс шууд хамааралтай албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцох үндэслэл болж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Учир шалтгаантай уялдуулан хариуцлага тооцох асуудлыг хэт нэг талыг барьж үндэслэлгүй акт тогтоосон гэж үзэж байна. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус актыг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтан болох Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргасан боловч тус гомдлын хариуг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/620 албан тоотоор хариу өгснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч улсын байцаагч нар нь захиргааны актыг  гаргахдаа  хууль журамд заасан бүтэцтэй, мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад зааснаар улсын байцаагчийн актыг гаргаагүй байна. Улсын байцаагчийн акт нь тэмдэглэх, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэх байтал дээрх акт нь  тогтоох хэсэг байхгүй, тогтоох хэсэгт хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн нэр, зүйл, хэсэг, хариуцлага тооцох хэлбэр, актад гомдол гаргах хугацаа зэргийг дурьдаагүй,  баримт бичгийн бүтцийн шаардлага хангаагүй байна.

Иймд захиргааны байгууллагаас гарсан захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, хуулийн шаардлага, стандартыг зөрчсөн, захиргааны акт үндэслэлтэй байж чадаагүй, мөн актыг үндэслэн шийтгэвэрээр арга хэмжээ авсан гэх боловч огноогийн хувьд шийтгэвэр нь түрүүлж гарсан, огноогийн хувьд зөрүүтэй тул хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж нарын тогтоосон 2017 оны 05 дугаар сарын  26-ны өдрийн 10-03-003/016 тоот акт, түүнийг үндэслэн гаргасан 0113265 дугаартай 3600000 төгрөгийн шийтгэврийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагт аймгийн Эрүүл мэндийн газрын халдвар судлаач эмч Л.Өлзийжаргалын “Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн 4 хүүхэд бөөлжиж, суулгаж, халуурсан өгүүлэмжтэй сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн, 2 хүүхэд хүүхдийн тасагт хэвтсэн” гэсэн мэдээллийг утсаар ирүүлсэнтэй холбоотой Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2008 оны 185 дугаар тушаалаар батлагдсан “Хоол хүнсээр дамжих өвчнийг тандан хянах журам”-ын дагуу төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 07-25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.

          Шалгалтын явцад 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2 дугаар цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав суулганаас нийт 14 арчдас, цэцэрлэгийн зөөврийн ундны усны дээж 2, цэцэрлэгийн усыг нийлүүлдэг гүний худгаас 1 дээж, 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 2017 оны 05 дугаар сарын 07-ны хооронд хоолны цэсэнд орсон түүхий эд, бүтээгдэхүүнээс нийт 14 дээж, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн тараг, 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрүүдэд өгсөн 9 хоолны дээжийг тус тус авч аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн.

          2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шинжилгээний дүнгээр 14 арчдасны хүүхдийн цайны аяга, хоолны шанага, тараг сүүний шанага, 1 дүгээр хоолны сав, 1-р хоолны тогоо зэрэг 8 арчдас буюу 57.1%-д нь Е.coli  илэрсэн. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр авсан зөөврийн уснаас Е.coli  илэрсэн, нянгийн тоо тоо 125к буюу Ундны эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 0900:2005 стандартын 6.1-д зааснаас 24к-р их, стандартын шаардлага хангаагүй, 2017 оны 05 дугаар сарын 05-ны хооронд өгсөн 10 хоолны дээжнээс сүүтэй будаа, сүүтэй каш, сүүтэй гоймон, түүхий сүүний 2 дээж, нийт 5 дээжинд staoilococc.aureus, E.coil илэрсэн. Шинжилгээний дүнгээр үүсгэгч илэрсэн өсгөврийг баталгаажуулахаар ус, арчдас, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний нийт 6 өсгөврийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторит /ХАБҮЛЛ/ шинжлүүлэхэд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 165 тоот шинжилгээний дүнгээр тус тус баталгаажсан.

Тандалт судалгаанд 2-р цэцэрлэгийн нийт 120 хүүхэд, 15 багш ажиллагсад хамрагдсанаас 17 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. 12 хүүхэд эмнэлэгт хэвтсэн, 5 хүүхэд нь эмчийн хяналтанд гэрээр эмчлэгдсэн. Лабораторийн шинжилгээнд 112 хүн хамрагдсанаас 40 хүнд үүсгэгч илэрсэн. Үүний 36 хүнд эмгэгтөрөгч E.coli, 4 хүнд S.aureus илэрсэн. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 17 хүүхдийн 82% нь бөөлжих, 47%-д нь арьс хуурайших, 35.3%-д нь усархаг суулгах, хэвлий дүүрэх, 17.6%-д нь халуурах, 23.5%-д нь хоолонд дургүй болох шинж тэмдгүүд илэрсэн.

          Хортон шавьж устгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар улирал тутам хийлгэж бүртгэл хөтлөөгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй, цэцэрлэгийн багш, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй, дунд бүлгийн багшийн хоолойн арчдасны шинжилгээнд S.aureus илэрсэн, дэвтэрт бичиглэлт хийгдээгүй ажилтанг цэцэрлэгт ажиллуулж байсан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмчгүй, шаардлагатай тоног төхөөрөмж бүхий эмчийн өрөөгүй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан тусгаарлах өрөөгүй, хүүхдүүдийг өглөө хүлээж авахдаа эрүүл мэндийн үзлэг хийж, халдварын анхны шинж тэмдэг илэрсэн хүүхдийг буцаах, мэдээлэх арга хэмжээ авдаггүй, хог хаягдлыг цуглуулах түр хугацаагаар хадгалах сав болон бохирын цооног нь цэцэрлэгийн хашаанд хаалт хамгаалалтгүй, битүүмжлэл муутай орчинд бохирдол үүсгэхээр, хоол үйлдвэрлэлийн технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, хүнсийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг, хөргөх төхөөрөмжүүд /мах, сүүний хөлдөөгч/-д температур хэмжигч хүрэлцээгүй, хоол үйлдвэрлэлд ашиглаж буй ургамлын тос, гоймон, өтгөрүүлсэн молоко, сүү, цайны печень зэрэг нь чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн байхгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл шаардлага хангаагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /гурил, будаа, элсэн чихэр/-ийг хүнсний зориулалтын бус хуванцар саванд нөөцөлсөн, цэцэрлэгт нийлүүлж буй сүү, сүүн бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг шинжлүүлсэн лабораторийн сорилын дүн байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Дээрх зөрчлүүд нь цэцэрлэгийн цэвэрлэгээ халдваргүйтэл, цэцэрлэгийн орчны эрүүл ахуй, багш ажиллагсдын эрүүл мэндэд тавигдах шаардлага, хоол хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, аюулгүй байдалд тавих дотоод хяналт хангалтгүй, хоол хүнс дамжин бохирдолт үүссэн, хоол хүнсний түүхий эдийг хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн хүүхдэд очих бүх үе шатуудад эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлээгүйтэй холбоотой байна.

Улсын байцаагчийн актаар цэцэрлэгийн үйл ажиллагааг бүхэлд нь 2017.05.08-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон. Зөрчлийг арилгуулахаар 10 заалттай  хугацаатай албан шаардлага өгч,биелэлтийг 80%-иар хангуулсан. Аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн 2017.05.08 өдрийн 1005 тоот сорилтын дүнгээр stapilococcus, гэдэсний бүлгийн савханцар E.Coli илэрсэн тул 32500 төгрөгийн үнэ бүхий 25 литр үнээний түүхий сүү, 2017.05.08-ны өдрийн 991 тоот сорилтын дүнгээр E.Coli илэрсэн 1120 төгрөгийн үнэтэй 280 литр ундны усыг актаар устгасан.

Гэр хороололд зөөврийн усан хангамжтай нөхцөлд 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн гал тогоонд 2 дахин их буюу 100-123 хүүхдийн хоол үйлдвэрлэл явуулж, цэцэрлэгт хэрэглэж байсан зөөврийн ус, орчноос авсан арчдасны шинжилгээ,хадгалагдаж байсан хоолны дээж,түүхий эд бүтээгдэхүүн нянгаар бохирлогдож цэцэрлэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн нь хоол хүнс дамжин бохирдох хүчин зүйл болсон. Өвчлөлийн сэжигтэй болон батлагдсан тохиолдлуудын эмнэлзүйн шинж, лабораторийн шинжилгээ, нууц үеийн хугацаа зэргээс үндэслэн нян тээгчээс эх уурхайтай суулгалт халдварыг үүсгэгч E.coli O157;H7, S aureus-аар үүсгэгдсэн хоол хүнсээр дамжих хордлого болох нь батлагдсан.

Иймд Эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүйгээс хоол хүнсээр дамжих хордлого халдвар гарах нөхцөлийг бүрдүүлсэн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Б-д Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 зүйлийн 7.1 дэх заалтын дагуу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтаар 3600000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан.

Мөн түүнчлэн шийтгэвэр баталгаажуулсан тухай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3428 дугаар шүүгчийн захирамж гарсан бөгөөд тухайн захирамжид Иргэний хэрэг хянан шийвдэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан.

Иргэдээс төрийн байгууллага,албан тушаалтанд гаргасан өргөдөл,гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Өргөдөл гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд өргөдөл,гомдлыг хянан үзэхгүй буцаах гэсэн заалт нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болж байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ё.Ринзаан захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлахдаа:- Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд хоолноос хордлого авсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ зөрчил нь улсын байцаагчдын энэ маргаан бүхий актаас гадна хэд хэдэн актууд гарсан, эдгээр акт, лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Тандалтын судалгаа, шинжилгаа арчдас зэргээр бүтээгдэхүүн болон ажиллагсад, хүүхдүүдээс шинжилгээ авсан, өсгөвөр шинжилгээг хийгээд 2 байгууллагын нэгдсэн акт гарсан. Акт гарахад нэхэмжлэгч цэцэрлэгийн эрхлэгч С.Б- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж гомдол гаргасан байна. Улсын байцаагчаас гаргасан шийтгэвэрийг иргэний журмаар шүүхээр баталгаажуулсан, нэхэмжлэгч нь шийтгэвэр гарсныг мэдэж байгаа, торгууль ногдуулсныг өөрөө мэдсэн. Энэ хордлого гарсан зөрчилд цэцэрлэгийн эрхлэгч хариуцлага хүлээх журамтай.

Мэргэжлийн хяналтын газрын байгууллагаас гарах эрх зүйн актуудын стандарт байгаа, акт нь түүхчилж гардаг. Актыг 2 байгууллагын байцаагч нар шалгаж гаргасан тул Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт шиг гарахгүй. Дангаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар акт тогтоосон бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа стандартаар акт гарах байсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд нхэмжлэл гаргах хугацаа алдсан байна. Хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна. Мөн Захиргааны зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд орсон өөрчлөлт 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн тул хуучин хуулиар захиргааны хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж нар нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10/229 дугаар бүхий хяналт шалгалтын удирдамжаар  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багт байрлах 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулсан нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10/229 дугаар бүхий хяналт шалгалтын удирдамж, уг удирдамжийн хавсралтаар нотлогдож байна.

Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгт хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл ирсэн тул удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Баасандорж, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Р.Энхсаруул, эрүүл ахуй, халдвар хамгааллын ахлах улсын байцаагч Д.Наранцэцэг, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэчимэг нар хяналт шалгалтыг лабораторийн шинжилгээтэйгээр гүйцэтгэж, шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагч Г.Баасандорж, Р.Энхсаруул нар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10-03-015/012 тоот Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай акт, 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 10-03-015/121 тоот албан шаардлага, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сүү, ундны ус устгах тухай 10-02-037 тоот акт, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээх тухай 10-03-015/015 тоот акт зэргийг хамтран, Г.Баасандорж дангаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10-03-015/076 тоот шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн дүгнэлт, мөн өдөр улсын байцаагч Г.Баасандорж, Д.Наранцэцэг нар хамтран 10-03-003/016 тоот хордлогыг байцаан шалгасан тухай улсын ахлах байцаагчийн акт зэрэг эрх зүйн актуудыг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч улсын байцаагч Г.Баасандорж, Д.Наранцэцэг нараас тогтоосон маргаан бүхий захиргааны акт буюу 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 тоот улсын ахлах байцаагчийн акт болон улсын байцаагч Г.Баасандоржоос гаргасан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэвэрийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

1. Маргаан бүхий захиргааны акт 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 дугаар бүхий  улсын ахлах байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгт хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл ирүүлсний дагуу  хяналт шалгалтыг удирдамжид заасан бүрэлдэхүүнтэйгээр явуулж, улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 дугаар актыг тогтоосон байна. Хариуцагч нар дээрх маргаан бүхий акт тогтоохдоо “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-д нийцээгүй, стандартад заасан баримт бичигт тавигдах шаардлагыг хангаагүй  захиргааны актыг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь дээрх шаардлага, стандартыг мэргэжлийн хяналтын байгууллага болон улсын байцаагч хяналт шалгалт хийх үйл ажиллагаандаа заавал мөрдөх, мөн стандартаар улсын байцаагчийн хяналт шалгалтын үед үйлдэх баримт бичигт тавигдах шаардлага, нормативыг тогтоосон байна. Улсын байцаагч нар нь аливаа нөхцөл байдлыг хяналт шалгалтаар тогтоохдоо Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь  ...түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан эрхтэй, мөн хяналт шалгалтыг явуулаад улсын байцаагчийн актыг үйлдэхдээ “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ыг заавал мөрдөх үүрэгтэй байна.

Дээрх стандартын улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичгийн төрлийн 11.6-д “Акт” гэж барилга байгууламжийг ашиглалтанд хүлээж авах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, барилга байгууламж, машин тоног төхөөрөмжийн ашиглалтыг түр буюу бүр зогсоох, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглох, устгах, өөр зориулалтаар ашиглах, саатуулах, буцаах, шинжилгээнд дээж авах, улсын орлого болгох, хураах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, актын үйлчлэлийг дуусгавар болгоход үйлдэх баримт бичиг” байхыг тодорхойлж, хяналт шалгалтын баримт бичгийн норматив шаардлагад улсын байцаагчийн акт нь “тэмдэглэх, тодорхойлох, тогтоох” гэсэн 3 хэсгээс бүрдэх стандартыг тогтоосон байна.

Маргаан бүхий актын тэмдэглэх хэсэгт шалгасан байгууллага, хаяг, байршил, шалгалт хийх үндэслэл, удирдамж, шалгалтын хугацаа, хууль тогтоомжийн ерөнхий мэдээллийг тусгах бөгөөд Улсын ахлах байцаагчийн 017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 дугаар актаас үзэхэд актын тэмдэглэх хэсэгт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно” гэж заасныг дурдсан боловч хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр  “төлөвлөгөөт бус шалгалтыг удирдамжийн дагуу явуулсан” гэсэн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10/229 дугаар бүхий хяналт шалгалтын удирдамж, удирдамжийн хавсралтаас үзэхэд төлөвлөгөөт бус шалгалтыг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Актын  тодорхойлох хэсэгт Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалтыг Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний төвийн лабораторийн шинжилгээтэйгээр хийж, Эрүүл мэндийн сайдын 2008 оны 185 дугаар тушаалаар батлагдсан “Хоол хүнсээр дамжих өвчнийг тандах, хянах журам”-ын дагуу явуулж, цэцэрлэгийн хоолны аяга халбага,тараг, сүүний шанага, хоолны тогоо, ундны ус зэргээс шинжилгээгээр Е.coli,  сүү болон сүүтэй хоолноос starilococc.aureus, E.coli зэрэг хоол хүнсээр дамжих хордлого үүсгэгч нян илэрсэн  зөрчил илэрснийг тогтоожээ.

Мөн актын тодорхойлох хэсэгт шинжилгээгээр илэрсэн нян, ундны усны эрүүл ахуйн бүс тогтоогоогүй, хоол, хүнсийг зориулалтын бус тээврээр зөөвөрлөсөн, сүү болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгч нар нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй зэрэг зөрчил нь Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна”гэх, Ундны усны эрүүл ахуйн шаардлага, тавих хяналт MNS 0900:2005 стандартын 6.1, Хүнсний бүтээгдэхүүний бичил биетний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт MNS6308:2012 стандарт, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ”, “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.18, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх”, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.1.7-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг буюу түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулах, эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах” зэргийг зөрчсөн болохыг дурдаад актыг дуусгавар болгон хариуцагч, нэхэмжлэгч нар  актын төгсгөлд гарын үсэг зурсан байна.

  Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 11.6, акт баримт бичгийн бүтэц шалгуураас үзэхэд улсын байцаагч акт нь зөрчил гарсныг тогтоож, зөрчил гаргагчид хариуцлага тооцох, захирамжилсан шинжтэй байхыг шаардаж байна. Гэтэл маргаан бүхий акт нь улсын байцаагчийн дүгнэлтийн шинжтэй тогтоох хэсэггүй, зөрчил гаргасан байгууллага болон албан тушаалтанд хэрхэн хариуцлага хүлээлгэж байгаа, хариуцлага тооцох хэлбэр, актыг хэрэгжүүлэх хугацаа, актыг хүлээн зөвшөөрөхгүй бол актад гомдол гаргах эрх зэрэг шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж зарчимд нийцээгүй, маргаан бүхий акт нь захиргааны байгууллагаас хяналт шалгалт явуулж байгаа зорилгод нийцсэн байх, шийдвэр нь үр нөлөөтэй байх, актаар хууль зөрчсөн байгууллага, албан тушаалтанд эрх, үүрэг бий болгосон байх, хариуцлага нь тодорхой байх шаардлагыг хангаагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах...” гэж заасныг болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, баримт бичгийн бүтэц шалгуурт заасан шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн “улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-03-003/016 дугаар актыг хүчингүй” болгох  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэлийн “улсын байцаагч Г.Баасандоржоос гаргасан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0113265 дугаартай захиргааны зөрчилд 3600000 төгрөг  ногдуулсан шийтгэвэрийг хүчингүй” болгох шаардлага болон шийтгэвэрийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хариуцагч улсын байцаагч Г.Баасандорж нь Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Б-г Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ” гэж заасныг зөрчсөн тул хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар 3600000 / гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-т “хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах” гэж зааснаар зөрчил гаргагч этгээдэд захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй байна. Гэтэл Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөлт орсон байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа тул Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн өөрчлөлтийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх учир хуучин хууль хүчинтэй байсан” гэх тайлбарын тухайд  Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2017 оны 06 дугаар сарын  27-ны өдрийн 24 /981/ дүгээр “Төрийн мэдээлэлд хэвлэгдэн гарсан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадуур зүйлийн 3-д “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зөрчилд хариуцлага ногдуулах үед Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр болоогүй, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд улсын байцаагч Г.Баасандоржоос гаргасан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0113265 дугаартай шийтгэвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул маргаан бүхий актыг  хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай 4 дүгээр зүйлийн 4.1.6, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Наранцэцэг, улсын байцаагч Г.Баасандорж нараас тогтоосон 2017 оны 05 дугаар сарын  26-ны өдрийн 10-03-003/016 тоот улсын ахлах байцаагчийн акт, улсын байцаагч Г.Баасандоржоос гаргасан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0113265 дугаартай  шийтгэврийг тус тус хүчингүй  болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА