Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0553

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Х, Т.Б, гуравдагч этгээд Боловсролын нэгдсэн зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын болон гуравдагч этгээд Боловсролын зээлийн сангийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, 11.5.11, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 12.5, 12.5.1-д заасныг тус тус баримтлан Ц.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай талбайн Ү-2205051575 дугаар улсын бүртгэл, 000282332 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.О, Ц.Э нарыг хамтад нь бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалган” шийдвэрлэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдолдоо: “... Шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар 2021оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарласан бөгөөд тухайн хуралдаан нь уг өдрийнхөө товлосон цагт эхлэхгүй байсаар, ажлын цаг дууссан тул хуралд оролцох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-д хурал болохгүй мэт ойлголт төрүүлж, онлайн Зүүм прогроммаас 17 цаг 30 минутад гарсан. Гэтэл шүүх хурал 17.30 минутаас хойш буюу ажлын цаг өнгөрсөн хойно эхэлсэн байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь тухайн үед Корона вирусын халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ шүүгчийн туслахад 6 дугаар сарын 2-ны өдөр утсаар мэдэгдсэн байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” хэмээн тус тус заасан байдаг.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй хуралдсан нь дээрх хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, мэтгэлцэх боломж олгоогүй нэг талыг барьж шийдвэрлэсэн явдал болсон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 -д “Тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдсан объектыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гаргасан С.О-ын мэдүүлэгт иргэн Ц.Э нь өмчлөх эрхтэйгээ нотолсон баримт огт хавсаргаж өгөөгүй байдаг. Дээрх хуулийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу иргэн Ц.Э-г хохироосон гэж үзвэл эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051575 дугаарт бүртгэсэн анхны бүртгэлийг хүчингүй болохгүйгээр өмчлөгч иргэн С.О нь өөрт оногдох хэсгээсээ хуваан Ц.Э-г хамтран өмчлөгчөөр оруулах боломжтой болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Т.Б нар давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албаны 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Т.А “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-д Жигүүр гранд группийн борлуулалтын менежер Д.Ч “н.С нь уг талбайг ганцаараа өмчилдөг, манайхаас ганц н.С-ын нэр Улсын бүртгэлийн ерөнхий газар руу явсан байна” гэсэн тэмдэглэл,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албанаас “Жигүүр гранд групп”-т явуулсан 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/1607 тоот албан бичиг, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2/1998 тоот албан бичгээр “Гранд плаза”-гийн 6-5 тоотод байрлах 52.06 м2 талбайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийн бичгийг С.О-ын нэр дээр гаргаж өгөхийг хүссэн,

2013 оны 11 дүгээр 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч Т.А-ийн Ч.Бай уулзаж Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн С.О-ын /УХ98070753/ өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051575 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”- ийг үнэлээгүй.

Гуравдагч этгээд С.О, түүний эх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас өөрсдөө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваагүй, шийдвэр гүйцэтгэх албанаас гэрчилгээг нь хүлээлгэн өгсөн үйлдэл тогтоогдож байгаа.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/2029 дүгээр албан бичгээр Б.С-ийн нэрийг ямар үндэслэлээр нэмж бичсэн талаарх нотлох баримтыг шаардахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2/1024 дүгээр албан бичгээр ирүүлсэн хариунд “шүүхийн шийдвэрийг үндэслэн” Б.С-ийг өмчлөгчөөр нэмэхээр мэдэгдсэн байна гэжээ. Гэвч шүүхийн шийдвэрт Б.С-ийн нэр огт дурдагдаагүй бөгөөд түүнийг яагаад нэмэх болсон үндэслэл нь ч тодорхойгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албаны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/2427 тоот албан бичгийн хариуд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1710 тоот албан бичгээр “Иргэн С.О-ын өмчлөлийн , эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051575 дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ оффисын цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийн 000282332 дугаар гэрчилгээг хүргүүлсэн нотлох баримтыг буруу үнэлсэн. Өөрөөр хэлбэл Б.С-ийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгээгүй, зөвхөн С.О-н нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан болохыг Бүртгэлийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албаныхан, иргэн С.О, Ч.Б нар бүгд мэдэж байсан, мөн түүнчлэн яагаад нэр ороогүй болохоо иргэн Б.С, Ц.Э нар ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албанаас тухайн үед нь мэдсэн, мэдэж байсан болох нь эргэлзээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус түүнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага болон 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож” байж гэмээж нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан этгээд нь Б.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М юм. Харин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд нь Ц.Э юм. Гэрлэлтээ цуцлуулсан Б.С, Ц.Э нар нь тус тусдаа эрх зүйн этгээд тул хоёуланг нь нэгдмэл сонирхолтой, нэг ашиг сонирхолтой нэхэмжлэгч байж болох мэтээр дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй юм.

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ч.Б-аас Б.С-ийн данс руу хамгийн сүүлд мөнгө шилжүүлсэн, түүнээс хойш огт мөнгө шилжүүлээгүй болох нь гэрч Б.С-ийн Голомт банкны дансны хуулгаас харагдаж байгаа ч энэ нь анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн Ц.Э-ийн хамтран өмчлөх эрхийг зөвшөөрч байсан гэсэн агуулга огт биш, С.С-ын гуйлтаар л шилжүүлж байсан мөнгө бөгөөд ганцхан С.О гэдэг өмчлөгчтэй, үл хөдлөх эд хөрөнгийн цорын ганц өмчлөгч байж бусдад төлбөр төлөх ёсгүй гэж үзээд зогсоосон болно. Энэ явдлаас хойш 4 жил өнгөрч байхад 2020 оны 07 дугаар сард наадмын үеэр л хамтран өмчлөгч биш болохоо мэдсэн гэдэг нэхэмжлэгчийн тайлбар огт үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т зааснаар “нэхэмжлэгч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” байтал зориуд худал тайлбар гаргасан. Ц.Э нь өөрийгөө эсхүл Б.С-ийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч биш гэдгээ анх 2013 оны 11-12 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албанаас, эсхүл Улсын бүртгэлийн албанаас, эсхүл 2017 оны 05 дугаар сарын 18-наас хойш 30 хоногт, эсхүл хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албанаас Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү Б.С-ийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг хүссэн албан тоотыг дахин явуулсан үед мэдсэн байсан гэдэг нь ойлгомжтой. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй болох нь тогтоогдож байгаа болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М нарын эрх зүйн байдал, эрх үүргийг хольж хутган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.М-д өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг олгосон байсан бөгөөд М.М нь нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-аас 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр анхан шатны шүүхэд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаж Б.М өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцуулж эхэлсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч” гэсэн нь хуулиар зөвхөн нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эрх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчид уг эрх хуулиар болон итгэмжлэлээр олгогдоогүй байхад шүүх хүсэлтийг хүлээн авч хамтран хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татсан нь ноцтой зөрчил мөн. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөн л хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн Мэдэгдэх хуудсыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хаягаар нь хүргүүлсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох тус агентлагийн дарга Д.Дас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1/1202 тоотоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Б-ийг томилсоор байтал хариуцагчийг солих эрхгүй этгээдийн хүсэлтээр хамтран хариуцагч оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн. Үүнээс болж Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь бүтцийн хувьд бие биедээ захирагдах зохион байгуулалтын нэгжийн ажилтнуудын хувьд бие биедээ найдах, шүүх хуралдаанд нэг нь оролцох ч юм уу аль эсхүл нэг нь оролцохгүй байх, бүүр 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн үндсэн шүүх хуралдаанд хоёулаа оролцоогүй байх зэргээр үр дагавар нь илэрч, мэтгэлцэх боломжоо эдэлж чадахгүй, хэргийн хамгийн чухал оролцогч /хариуцагч/-ийн хувьд шүүх хуралдаанд заавал оролцуулах ёстой байсан гэж бидний зүгээс үзэж байгаа болно.

Нэхэмжлэгч Ц.Э анх 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Тэрээр нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан байсан бөгөөд уг баримтын огноо нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийнх байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэн Б.С-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн хариуг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-оос төлж байсан улсын тэмдэгтийн хураамжийн баримтыг хавсаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5 “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт", 53 дугаар зүйлийн 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж заасан байх бөгөөд шүүгчээс “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/Ш32021/0763 дугаар захирамжаар хуулийн 53.3-д заасан үндэслэлээр буцаахдаа 52.5-д заасан үндэслэлээс гадна хүлээн авахаас татгалзах үндэслэл дурдаж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож өгсөн байгаа юм. Бүрдүүлбэр хангуулахад хуулийн 52.2.5-д заасан шаардлагыг яагаад хангаж байгаа гэж үзэж байгаагаа шүүх дүгнээгүй хэрнээ 2020 оны 10 дугаар 19-ний өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар бол бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж хуулийн 53.4-т зааснаар нэхэмжлэлийг шүүгч буцаах учиртай.

2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13.30 цагт товлон зарласан байсан бөгөөд шүүх хуралдаан уг өдрийн тогтоосон цагт эхлээгүй, тухайн өдрийн 17 цаг 30 минут өнгөрч байхад эхэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн нэг мөн юм. Ажлын цаг дуусаад хариуцагч нарын төлөөлөгчид ч шүүх хуралдаан болохгүй нь гээд Зүүм программаас гарсан байсны дараа шүүх хуралдааныг хариуцагчгүйгээр явуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан нөхцлүүдээс чухам аль үндэслэлээр нь шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх болсон үндэслэл нь ч хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны “Тэмдэглэл”-д ч тусгагдаагүй, хэт нэг талыг барьсан, яарсан, хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар хариуцагчийг зайлшгүй оролцуулах шалтгаанаар шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болох зохицуулалтыг хэрэглээгүй нь ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.

Гуравдагч этгээд С.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн өмгөөлөгч Б.Х-аас 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 21/36 тоотоор нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021  оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш32021/4149 дүгээр шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын албанаас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/2251 дүгээр албан бичигтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдаан хийж шүүхийн шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт бүрэн нөлөөлсөн. Шүүхээс дээрх захирамжийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/3991 тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах Ажлын алба руу албан бичиг явуулж 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан бөгөөд дээрх албан бичгийн хариу болон холбогдох нотлох баримтууд шүүхэд ирээгүй байхад 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан “Нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай бол шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасныг зөрчсөн.

Ү-2205051575 дугаартай улсын бүртгэл бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгож болохгүй бөгөөд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацааны өмчлөгчийн бүртгэлийн асуудал, эрх зүйн байдал нь ойлгомжгүй болох бөгөөд харин эсрэгээрээ С.О-ын өмчлөл дээр хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхийг даалгах агуулга байж болох хэдий ч энэ нь бүртгэлийн маргаан бус харин ердийн буюу иргэний хэргийн шүүхээр Ц.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохоо тогтоолгосны дараа бүртгэлийн байгууллагаас түүнийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан тохиолдолд л Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Боловсролын зээлийн сангийн төлөөлөгч Ж.А давж заалдах гомдолдоо: “... С.Оой байгуулсан “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр С.О нь өөрийн өмчлөлийн Ү-2205051575 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөө 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд барьцаалсан байсан бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг шүүхээр шийдвэрлүүлэх замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч уг гэрээг байгуулсан байтал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр дээрх улсын бүртгэлийг 000282332 дугаар гэрчилгээний хамт хүчингүй болгосноор Боловсролын зээлийн санд 2016 оноос хойш барьцаанд байгаа эд хөрөнгөнд эрхийн доголдол үүсч, өмчийн маргаантай нөхцөл байдал бий болсноор манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч, эрсдэлд ороод байна.

Манай байгууллагын хувьд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 167 тоот албан бичгээр шүүхэд бичгээр тайлбараа хүргүүлсэн бөгөөд дээрх тайлбар, байр сууриа одоо ч дэмжиж байгаа ба шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээд болох манай байгууллагын тайлбарыг анхаарч үнэлээгүй, Иргэний хуулийн дагуу учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэсэн дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн өмгөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “...иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-д “...гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад ... гаргана” гэж тус тус заажээ. Хэргийн 1 дүгээр хавтасны 3 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...Б.С ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хандаж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08/8320 дугаар албан бичгээр хариу авч, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан” гэж дурдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д-д 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдол, түүний хариу болох УБЕГ-ын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 8/83250 дугаар албан бичгийн агуулга зэргээс үзэхэд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гомдлоор хийгдсэн болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Э өөрийн нь эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж буй захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцсэн эсэхийг хянуулахаар тухайн актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу улсын ерөнхий бүртгэгчид гомдол гаргаж байгаагүй, энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй.

С.О нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын 6-5 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх тухай мэдүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан. Ингэхдээ Жигүүр гранд групп ХХК-иас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 441/13, 442/13 дугаар албан бичгүүд, тус компанийн С.Оой 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 060505 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 607 дугаар шийдвэр, эд хөрөнгө хуваах гэрээ зэрэг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохтой холбоотой бүхий л баримтуудыг хавсаргасан. Улсын бүртгэлийн байгууллага С.О-ын гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг судалж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь холбогдох хуульд нийцсэн байна.

Өнөөдрийн байдлаар Жигүүр гранд групп” ХХК-ийн С.Оой байгуулсан 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 060505 дугаар Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа, тухайн гэрээг хүчингүйд тооцсон, хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байгаа бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтад оруулсан хуулийн этгээдийн албан бичгийг үндэслэн улсын бүртгэлийн үйл ажиллагаа явагдсан билээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр баталсан Эд хөрөнгө хуваах гэрээнд Ц.Э-ийн нэр дурдагдаагүй, түүнтэй холбоотой асуудал огт яригдаагүй, С.О, Ц.Э нарын хооронд 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийн хамтран эзэмших гэрээ байгуулагдсан зэргийг улсын бүртгэлийн байгууллага мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул хариуцагчийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл Ц.Э дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй үзэж байгаа бол холбогдох баримтаа бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэлд улсын бүртгэлийн байгууллагыг буруутгаж, Ц.Э-ийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч Ц.Э нь анх 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийн хамтран эзэмших гэрээг С.Сай байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, ...-аар тогтоогдож байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хариуцагч, гуравдагч этгээдийн хэн аль нь энэхүү байдлыг хүлээн зөвшөөрч, тайлбар, нотлох баримт гаргаж өгч байгаагүй.

Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч Ц.Э нь Б.С-тэй гэр бүл байсан тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хэний

нэр дээр бүртгэлтэй байхаас үл шалтгаалан гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцогдоно гэж үзсэн талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа дурдаж, Б.С гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байгааг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ” гэсэн нь үндэслэлгүй, буруу дүгнэлт болсон гэж үзэж байна.

Ц.Э, Б.С нар нь гэр бүл байсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй буюу шүүх энэ талаарх баримт /гэрлэлтийн баталгаа буюу гэрлэлт цуцлуулсан, гэр бүл байсан эсэх талаарх лавлагаа/-ыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй атлаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх нэг гол үндэслэлээ болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд өргөдөл гаргасан этгээдийн /сонирхогч этгээдийн/ хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нөхөн сэргээх ойлголт байхаас бус өөр этгээдийн эрхийг бусад хэн нэгэн этгээд хамгаалахтай холбоотой асуудлыг хамаатуулан хянан шийдвэрлэх нь буруу гэж үзэж байна. Ийнхүү шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.3, 121.1.4-т тус тус зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0395 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгч, төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянахад шүүх зарим нотлох баримтыг зөв үнэлсэн боловч хэргийн оролцогчдын өмчлөх эрхийн талаар захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй, иргэний хууль тогтоомжоор шийдвэрлэгдэх асуудалд дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаснаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул зөвтгөж өөрчлөн, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

  1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот байршилтай үйлчилгээний зориулалттай 52,06 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2205051575 дугаарт С овогтой О-г бүртгэж, 000282332 дугаар гэрчилгээг олгожээ.
  2. Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийхдээ С.О-ын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан мэдүүлэгт хавсаргасан өргөдөлд “Хамтран өмчлөгчид” хэсэгт “Б-ын Сг” гэж бичиж дээр нь дарсан байдал, иргэн Б.С-ийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 607 дугаар шийдвэрээр баталсан гэх Эд хөрөнгө хуваах гэрээний 3-т “... Гранд плазад байгаа 52,06 м.кв талбайтай /6-5 тоот/ үйлчилгээний хэсгийг С.С нь бусадтай хамтран өмчилдөг бөгөөд өөрийн нэрээ татаж, хүү О-ыг ... хамтран өмчлөгчөөр оруулж, түрээсийн орлогыг хүү О-доо зориулна” гэж дурдсан, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2013.10.23-ны өдрийн 2/2427 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж “... үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг С-ын О, Б-н С нарын нэр дээр гаргаж, гэрчилгээг манай албанд ирүүлнэ үү” гэж дурдсан зэрэг тухайн хөрөнгийг С.О 100 хувь өмчлөх эрхтэй болох талаарх бусад баримттай зөрчилдсөн, эргэлзээтэй баримтууд хавсаргасан байхад тодруулалгүй бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
  3. Хэрэгт авагдсан гэрч С.С-ын мэдүүлэг, дээрх шүүхийн шийдвэрээр батласан гэх Эд хөрөнгө хуваах гэрээ, Ц.Э болон С.С нарын хооронд 2006.11.15-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийн хамтран эзэмших гэрээнд 52,06 м.кв талбайтай тухайн хөрөнгийн төлбөрийн тал болох 25000 ам долларыг Ц.Э төлөхөөр тохирсон зэргээс үзвэл тухайн хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй С.С нь хүү С.О-доо өөрийн өмчлөх эрхтэй хэсгээ өгөхөөр тохиролцсоноос үзвэл С.О тухайн хөрөнгийг дангаараа биш, бусадтай дундаа өмчлөх эрхтэй болох нь тогтоогдож байх тул тухайн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байна. Энэ талаарх гуравдагч этгээд С.О-ын өмгөөлөгч, төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.
  4. Харин нэхэмжлэгч Ц.Э нь хэдийгээр С.С-тай байгуулсан дээрх гэрээг нэхэмжлэлдээ хавсаргасан боловч хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад тухайн хөрөнгийг дундаа өмчлөх талаар мэдүүлэг, баримтууд өгч байгаагүй, С.О-ын мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад Б.С-т холбогдох дээр дурдсан баримтууд авагдсан зэргээс үзэхэд С.О-той хамт Ц.Э, Б.С нарын хэн нь тухайн хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй болох нь тогтоогдохгүй байх бөгөөд захиргааны хэргийн шүүх тогтоох боломжгүй байхад анхан шатны шүүх Ц.Э-г өмчлөгчөөр шууд бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн захиргааны байгууллагын “татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй”-тэй холбоогүй тул “... даалгах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах үндэслэлтэй байна.
  5. Дээрх хууль бус бүртгэлийн улмаас Ц.Э-ийн өмчлөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй, харин түүний өмчлөх эрхтэй болохоо нотолсон баримтууд /эсхүл өмчлөх эрхээ шилжүүлсэн гэх Б.С/ болон хуулиар шаардсан баримтуудыг хавсаргаж, улсын бүртгэлийн байгууллагад  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа этгээд тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргана” гэж заасны дагуу мэдүүлэг гаргаж, шийдвэрлүүлэх ашиг сонирхол нь зөрчигджээ.
  6. Тухайн үйлчилгээний 52,06 м.кв хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.” гэж зааснаар дундаа өмчлөх эрхтэй этгээдүүд нь тусдаа бүртгүүлж, тус бүр гэрчилгээ авах боломжгүй нэг эд хөрөнгө байх тул нэгэнт хийгдсэн тухайн бүртгэл болон гэрчилгээний 50 хувьд холбогдох хэсгийг хүчингүй болгох, уг шүүхийн шийдвэр биелэгдэх хууль зүйн боломжгүй.
  7. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар С.О-той дундаа хэсгээр хамтран өмчлөх эрх бүхий этгээдийн гаргах мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг шүүх шинжлэн судлах боломжгүй тул хариуцагч нь энэхүү хэргийн нөхцөл байдал буюу мэдүүлэг, баримтыг цаашид ирүүлсэн тохиолдолд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд судалж маргаан бүхий бүртгэл, гэрчилгээнд өөрчлөлт оруулж дахин акт гаргах боломжтой байх тул тухайн бүртгэл болон гэрчилгээний 50 хувьд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
  8. Мөн уг шийдвэртэй холбоотой 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэл гэрчилгээ бүхэлдээ хүчингүй болох үндэслэлгүй тул мөн хуулийн 107.5-д зааснаар шийдвэрийг гүйцэтгүүлэх арга, журмыг тухайн эд хөрөнгийн бүртгэлийн харилцааг зохицуулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ” гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, улмаар тухайн хөрөнгийн 50 хувийг дундаа өмчлөх эрх бүхий этгээдийн мэдүүлэг, холбогдох баримтыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан шинэ акт гаргах замаар биелүүлэхийг даалгасан заалтыг шийдвэрт нэмж, оруулах нь зүйтэй гэж үзэв.
  9. Харин мөн хуулийн 30.9-д “Тусгай тэмдэглэлийг энэ хуулийн 30.1-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийн хүрээнд хийх бөгөөд ийнхүү тусгай тэмдэглэл хийсэн нь өмчлөгч уг хөрөнгөтэй холбоотой тусгай тэмдэглэлээр хориг тавигдсанаас бусад эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой бүртгэл хийлгэхэд саад болохгүй” гэж зааснаар тухайн хөрөнгийн өөрт хамаарах 50 хувийг өмчлөх, барьцаалах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0395 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг

“1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан  “...Ү-2205051575 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ц.Э-г С.О-ын хамт бүртгэхийг даалгах” шаардлага бүхий Ц.Э-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.7-д зааснаар , Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 10 дугаар зүйлийн 10.4, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Ц.Э-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай, 52,06 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр С.О-ыг бүртгэсэн  Ү-2205051575 дугаар бүртгэл, 00282332 дугаар гэрчилгээний 50 хувьд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн “мөн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн,

“3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7,  30.8-д зааснаар “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын 6-5 тоот үйлчилгээний зориулалттай, 52,06 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр С.О-ыг бүртгэсэн  Ү-2205051575 дугаар бүртгэлд тус шүүхийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэл хийж, 50 хувийг өмчлөх эрх бүхий этгээдийн мэдүүлэг, холбогдох баримтыг үндэслэн тухайн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан шинэ акт гарган, энэхүү шийдвэрийг биелүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.” гэж нэмж, “2” дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд С.О, гуравдагч этгээд Боловсролын зээлийн сангаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ