| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0883/Э |
| Дугаар | 1079 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1079
2020 06 09 2020/ШЦТ/1079
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч Э.Лнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамба овогт Энхбатын Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 2006 00000 0861 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн “”Тариалан” суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 120 анги гэрээт харуул ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1210 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.Лнь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1210 тоотод оршин суух хохирогч Д.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг түлхүүрээр онгойлгон нэвтэрч улмаар авдар нь дээр нь байсан хар өнгийн 46 инчийн “ЭлСиДи” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, 399,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Шүүгдэгч Э.Э.Лийн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Лнь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1210 тоотод оршин суух хохирогч Д.Ганболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг түлхүүрээр онгойлгон нэвтэрч улмаар авдар нь дээр нь байсан хар өнгийн 46 инчийн “ЭлСиДи” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, 399,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Лгэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э.Лийн өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1]
2. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],
3. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Дамно” ХХК-ний Эд зүйлийн үнэлгээний тайлан: “...үнэлгээний нийт дүн 399,000 төгрөг гэх дүгнэлт[3],
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №02/387 дугаартай дүгнэлт”[4],
5. Хохирогч Д.Ганболдын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Дарь-Эхийн 3-1210 тоотод байрлах гэрээсээ 06 цагт гарсан. Манай дүү гэртээ унтаж байгаад 8 цагийн орчим гарсан гэж хэлсэн. Ингээд 16 цаг 30 минутын орчим ирэхэд гэрийн өрх хойш татсан байхаар нь гэрт хүн орсон байна гэж бодоод хаалганы цоожийг онгойлгоод үзэхэд авдар дээр байсан 46 инчийн хар өнгийн “ЭлЖи” зурагт алга болсон байсан. Би дүү Э.Э.Лийн хамт “Заан” нэртэй ломбарднаас зурагтаа авсан” гэх мэдүүлэг[5],
6. Шүүгдэгч Э.Э.Лийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчим гэртээ ирээд 14 цагийн орчим ээж Цэцэнхүүгийн дүү Ганболд ахын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1210б тоот гэрийн хажууд нэг хашаанд байдаг ахындаа очин үүдэнд нь байдаг блокон дотор байсан түлхүүрийг нь авч, цоожийг нь онгойлгон хойморт нь байсан “ЭлЖи” маркийн 46 инчийн хар өнгийн зурагт байхаар нь өргөөд аваад гарсан. Гэрийнх нь хаалгыг түгжээд түлхүүрийг байсан газарт нь тавиад зурагтыг шинэ буудлын ойр байрлах “Заан” нэртэй ломбарданд 230,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 150,000 төгрөгийг аавд өгсөн. Үлдсэн 180,000 төгрөгийг өөрийн Хаан банкны зээлээ төлсөн”гэх мэдүүлэг[6], 6. Э.Э.Лийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], иргэний үнэмлэхний лавлагаа[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Э.Э.Лийн гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр хуульчилсан.
Иймд шүүгдэгч Э.Лнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Э.Лнь хохирогч Д.Ганболдод гэмт хэргийн улмаас 399,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн 46 инчийн “ЭлСиДи” брендийн зурагтыг ломбарднаас буцаан өгсөн болох нь хохирогч Д.Ганболдын “...Би дүү Э.Э.Лийн хамт “Заан” нэртэй ломбарднаас зурагтаа авсан” гэсэн мэдүүлэг[9]-ээр нотлогддог. Иймд шүүгдэгч Э.Лнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.Лхагвасүрэнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан байх тул удирдлага болгон шүүгдэгч Э.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Лнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Э.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Э.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Л оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Лнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Э.Лийн эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 3-8 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 24 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 18-24 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 13 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 28 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 31 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 13 дугаар тал