| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0061/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 62
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,
Шүүгдэгч Ч.Ү,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ү-т холбогдох 2028000200028 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 1, 100 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Ү нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг, Хүүшийн хөндий гэх газарт 93-13 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 52 настай С.Ц-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хайхрамж болгоомжгүйгээсээ болж ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Би чадахаараа хохирогчийн ар гэрт тус дэм болно гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой би хэргийг сонссон. Би аймгийн төв дээр байсан. Би одоо гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Манай нөхөр хөдөөгүүр явдаг байсан. Хоёр жилийн өмнө манай хоёр дахь охин группэд байдаг. Манай улсад хагалгаа хийх боломж байхгүй. Солонгост тэр хагалгааг хийдэг гэсэн. Хагалгааны зардал маш их байсан. Сүүлийн хоёр жил талийгаач охиныхоо ирээдүйд санаа зовоод маш их мөнгө бэлдэх зорилготой байсан. Тэр мөнгөө бэлдэж ч чадаагүй. Энгийн ажил хийхэд бид нар тэр мөнгийг олно гэж байхгүй. Алтанд хүн бүр явдаг. Алтанд явж байж их хэмжээний мөнгө олох байх гэж горьдсон. Баярын өдөр ч гэртээ байгаагүй. Баяндалай руу 12 дугаар сарын 29-нд явсан. Би бас 28-нд ажлынхантайгаа Манжуур явчихсан байсан. Тэгээд 01 дүгээр сарын 06-нд энэ хэрэг гарсан. Би хүүхдийнхээ хагалгааны мөнгийг олохоос илүү оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлөхөө мэдэхгүй байна. Уул уурхай зогсчихсон байгаа учир би өнөөдрийн байдлаар ажилгүй байгаа. Яг үнэндээ энэ хүн архи уусан байсан. Хэрэв энэ хүн хариуцлагатай байсан бол өнөөдөр би ийм байдалд хүрэхгүй байх байсан. Бүх л бүтэн хүний амьдралыг харанхуй болгосон. Би яах вэ гэхэд миний охин өнөөдөр суугаа болоход би тэр хүүхдэд юу ч хийж өгч чадахгүй. Би энэ хүнийг хүн чанар муутай гэж харж байгаа. Адилхан уугаад явж байсан байж нэгнийгээ ганцааранг нь уусан гэж ярьдаг. Ажил явдал дуусаад бараг 4 сар болж байна. Үнэхээр тэгж санаа зовж байсан бол нэг удаа ч гэсэн манайхаар та нар яаж байна гээд ороод ирэх л байсан байх. Би оюутан хүүхдийн сургалтын төлбөр, ажил явдлын мөнгө нэхэмжилсэн. Хүүхдийн сургалтын төлбөр байрны мөнгөтэй хамт 15.000.000 төгрөг, ажил явдлын мөнгө 11.507.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хүүхдийн хагалгааны төлбөр 2 жилийн өмнө Солонгос улсад 80.000.000-90.000.000 төгрөг гэж байсан. Одоо өөрчлөгдсөн эсэхийг нь мэдэхгүй байна. 2018 оны 11 сарын байдлаар ийм үнэтэй байсан. Сэтгэл санааны хохирол 33.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед манай төрсөн эгч Гантуяа манай ах дүү нар луу манай нөхөр Ц-ыг зам тээврийн осолд ороод эндсэн байна гэдгийг хэлсэн юм байна лээ. Би ээжийнхээ гэрт охины хамт очоод нөхрөө зам тээврийн осолд орсон гэдгийг мэдсэн юм. ...Би нөхрийнхөө амь насыг алдсан..., Би нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Тэрийг нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 47-48 дугаар тал/
Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэд нарыг явах үед талийгаачаас би Баяндалай явлаа. Би машин руугаа явах уу гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн юм. Баяндалай орж эхнэр хүүхдээ аваад өдөр ирсэн юм. Орой би нагац ах Алтайхүүгийн гэрт очоод байж байхад манай эхнэр хажуу айлын хүүтэй хамт мотоциклоор хүрээд ирсэн. Тэгээд хондны хөтөлд осол гарсан байна гэж хэлсэн. Тэгээд бид сандарлаад гарцгаасан. Алтайхүү ах мотоциклио унаад явсан. Араас нь би машинаа асаагаад эхнэрийн хамт яваад хэргийн газарт очиход Алтайхүү ах дуусчихсан юм байна гээд эргээд ирсэн. Бид хоёр очиж өнгийгөөд харахад талийгаачийн толгой, чихнээс цус гаргачихсан байдалтай машины хажууд хэвтэж байсан гэжээ./хх-ийн 52-53 дугаар тал/
Гэрч А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 0 дүгээр саырн 06-ны орой манай гэрт Эрдэнэжав ирчихсэн байж байхад Эрдэнэжавын эхнэр Гантуяа мотоцикльтэй, хүүхэдтэй ирж, машин онхолдож Ц нас барсан юм шиг байна, сая хүн ирж хэллээ гэсэн. Би сандраад өөрийн мотоциклио асаагаад хэргийн газарт очиход Ланд круйзер 80 машин хажуугаараа унасан байдалтай байсан. Талийгаач машины хойд талд газар хэвтэж байсан. Би очоод талийгаачийн хүзүүний чамархайн судсыг гараараа мэдрэхэд ямар юм байгаагүй. Зүрхийг нь чагнахад зүрх нь цохилохгүй байсан. Тэр үед Эрдэнэжав, Гантуяа хоёр ирсэн. Тэр хоёр надаас яасан байна гэж асуухаар нь өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд ер нь цагдаа дуудъя ах дүү нартаа хэл хүргэе гэж хэлсэн. Бид гурав хойд оройд гарч сүлжээнд ороод нааш цааш нь ярьсан. Тэгээд байж байхад Төмөрбат, Ч.Ү хоёр алхаад ирсэн. Тэр хоёр хүнийг танихгүй учраас нээх юм яриагүй гэжээ. /хх-ийн 54 дугаар тал/
Гэрч В.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Би Ч.Ү ахад машиныг өгчхөөд би арагшаа орсон юм. Талийгаач урд архиа уугаад Үнэнбат ах машинаа баримд явсан юм. Би арын суудалд унтаад хэвтээд явсан юм. Зүүрмэглээд явж байхад гэнэт би машинтайгаа өнхөрөөд эхэлсэн, машин дотор зүйлүүдтэй хамт өнгөрөөд байсан, тэгж байгаад зогсоход нь харсан чинь би машин дотор ганцаараа байж байсан. Машинаас буух гэсэн чинь гарах газар байхгүй байсан. Тэгж байхад машины шил онгорхой байхыг хараад зүтгэсээр байгаад урд шилээр гарахад машины гадаа Цогбаяр хэвтчихсэн, Ч.Ү толгойг нь дэрлүүлчихсэн байдалтай нэрийг нь дуудаад байж байсан. Тэгсэн Ч.Ү эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгээд би хүн хайхаар гараад гүйсэн. Тэгээд доошоо явж байхад хүн байхгүй байхаар нь баруун тийшээ явж байхад хүнс идэш аваад буцаж яваа гээд машинтай хүнтэй таарсан. Тэгээд тэр хүнд учраа хэлсэн чинь очъё гээд хамт яваар ирсэн чинь Үнэнбат ах эзгүй, талийгаач машины хажууд хэвтэж байсан. Тэгээд талийгаачийн хажууд нас барчихсан байх шиг байсан. Тэгээд байж байтал Үнэнбат ах хүрээ ирсэн. Ч.Ү дээшээ айлд очоод хэл өгөөд ирлээ гэсэн. ...Талийгаач архи уугаад байсан, Үнэнбат ах уухгүй байсан...Миний хажууд нүдэн дээр архи уусан асуудал байхгүй гэжээ. /хх-ийн 57-59 дүгээр тал/
Гэрч Ц.У мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 03 дугаар сард Ч.Ү гэдэг хүнд 8000000 төгрөгөөр худалдсан юм. Тухайн үед нэрээ шилжүүлж өгөх гэсэн боловч би өөрөө хөдөө байдаг хүн учраас аймагт орж очихгүй байсаар байгаад нэрээ шилжүүлж өгч чадаагүй юм. ...Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй энэ хүн машин авахдаа бэлэн мөнгөө өгөөд наймаагаа хийж байсан юм гэжээ. /хх-ийн 62 дугаар тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцост үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаар дүгнэлтэд: С.Ц-ын цогцост үзлэг шинжилгээгээр баруун чамархайн хуйхны язарсан шарх гавлын хүнхрээ болон суурийн хугарал, баруун чамархай, бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун талын 1-9-р хавирга, зүүн талын 1-6, 8-10-р хавирганы хугарал, сээрний 3-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, нугасны гэмтэл, дух, баруун зулайн хуйх, баруун шанаа, зүүн хацрын язарсан шарх нүүрний баруун хэсэг, зүүн хацар шанаа, зүүн чамархай, дал 2 сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. С.Ц-ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. С.Ц нь оношинд дурдсан олон хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр С.Ц-ын цусанд 2.7 промилийн спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна./хх-64-65/,
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 538 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн С.Ц 52/эр 6-1 Д-Задгад гэсэн хаягтай цусанд 2.7 промилийн спиртийн агууламж илрэв. Цусанд 2.7 промили спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна /хх-67-68/,
2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Ү-ын биед дух хамар баруун шанаа дахь зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-71/,
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 539 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Ч.Үнэнбат 57/эр гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /хх-73-74/,
2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: В.Т-ын биед дух хамар баруун шанаан дахь зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой юм. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-77/,
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 540 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн В.Төмөрбат 46 настай гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй гэжээ. /хх-79-80/,
2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/01 дугаартай Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн дүгнэлтэд: Тухайн тээврийн хэрэгслийн урд кобуд хонхойж зурагдсан, түгжээ нь эвдэрсэн, урд гупр байхгүй, зүүн талын урд дохио хагарсан, урд салхины шил байхгүй, зүүн талын урд кирлон хонхойсон, зурагдсан, зүүн талын гишгүүр хойд хэсгээрээ салсан, зүүн талын тээшний, урд хаалганы шилнүүд байхгүй, баруун талын толь байхгүй, урд хаалга дээд хэсгээрээ гажсан, арын хаалга хонхойж зурагдсан, баруун талын хоёр хаалга тээшний хэсгийн шилнүүд байхгүй, баруун талын урд дугуйны хий байхгүй, дээвэр урд хэсгээрээ урагдаж хонхойж ханзарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслийн явах эд анги, жолооны механизм, тоормосны системд нүдээр үзлэг хийхэд илт салсан унжсан, ажиллах горимыг алдагдуулсан зүйл ажиглагдаагүй ба уг авто машиныг асаах, хөдөлгөх боломжгүй байх тул суурин тоног төхөөрөмжөөр шалгаж туршилт хийх боломжгүй байна. Дурдагдсан эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн гэмтэл гэж үзэж байх тул уг эвдрэлүүд нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. /хх-83/,
2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн 274 дугаартай үнэлгээний тайланд: 93-13 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэлд 4.745.000 төгрөгийн эвдрэл учирчээ гэжээ. /хх-85-86/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тоёота Ланд круйзер 80 маркийн 93-13 өмө улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ү нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, гэсэн заалтыг мөн 3.4б/ дэх хэсэгт заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дүрмийг зөрчсөн. Жолооч Ч.Ү нь нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй. /хх-89/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-24/,
Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-36/,
Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-37/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-38/,
Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-39/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-40/,
Жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-90/,
Ноён сумын засаг даргын тодорхойлолт /хх-102-103/,
Иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-104/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-105/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-108/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-115-117/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Үнэнбатад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Үнэнбатын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Ч.Ү-ын гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Ү нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг Хүүшийн хөндий гэх газарт 93-13 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ц-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаанаар шинжлэн судалсан дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн мэдүүлэг /хх-47-48/, гэрч Д.Эрдэнэжавын мэдүүлэг /хх-ийн 52-53/, гэрч Ч.А-ийн мэдүүлэг /хх-ийн 54/, гэрч В.Т-ын мэдүүлэг /хх-ийн 57-59/, гэрч Ц.Урангоогийн мэдүүлэг /хх-ийн 62/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-24/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан шүүгдэгч Ч.Үнэнбат нь тус хэрэг гарах үед 93-13 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан В, С ангиллын жолооч мөн болох нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 056830 дугаартай жолоочийн үнэмлэх, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Ч.Ү нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг, Хүүшийн хөндий гэх газарт 93-13 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ц-ын амь насыг хохироосон болох нь дараах байдлаар нотлогдож байна.
2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/01 дугаартай Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн “...Тухайн тээврийн хэрэгслийн урд кобуд хонхойж зурагдсан, түгжээ нь эвдэрсэн, урд гупер байхгүй, зүүн талын урд дохио хагарсан, урд салхины шил байхгүй, зүүн талын урд кирлон хонхойсон, зурагдсан, зүүн талын гишгүүр хойд хэсгээрээ салсан, зүүн талын тээшний, урд хаалганы шилнүүд байхгүй, баруун талын толь байхгүй, урд хаалга дээд хэсгээрээ гажсан, арын хаалга хонхойж зурагдсан, баруун талын хоёр хаалга тээшний хэсгийн шилнүүд байхгүй, баруун талын урд дугуйны хий байхгүй, дээвэр урд хэсгээрээ урагдаж хонхойж ханзарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслийн явах эд анги, жолооны механизм, тоормосны системд нүдээр үзлэг хийхэд илт салсан унжсан, ажиллах горимыг алдагдуулсан зүйл ажиглагдаагүй ба уг авто машиныг асаах, хөдөлгөх боломжгүй байх тул суурин тоног төхөөрөмжөөр шалгаж туршилт хийх боломжгүй байна. Дурдагдсан эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн гэмтэл гэж үзэж байх тул уг эвдрэлүүд нь осол гарахад нөлөөлөөгүй.” гэсэн дүгнэлт /хх-83/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн “Тоёота Ланд круйзер 80 маркийн 93-13 өмө улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ү нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, гэсэн заалтыг мөн 3.4б/ дэх хэсэгт заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дүрмийг зөрчсөн. Жолооч Ч.Үнэнбат нь нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй...” гэсэн дүгнэлт /хх-89/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцост үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай: С.Ц-ын цогцост үзлэг шинжилгээгээр баруун чамархайн хуйхны язарсан шарх гавлын хүнхрээ болон суурийн хугарал, баруун чамархай, бага тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун талын 1-9-р хавирга, зүүн талын 1-6, 8-10-р хавирганы хугарал, сээрний 3-р нугалмын их биеийн хөндлөн хугарал, нугасны гэмтэл, дух, баруун зулайн хуйх, баруун шанаа, зүүн хацрын язарсан шарх нүүрний баруун хэсэг, зүүн хацар шанаа, зүүн чамархай, дал 2 сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. С.Ц-ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. С.Цогбаяр нь оношинд дурдсан олон хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр С.Ц-ын цусанд 2.7 промилийн спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-64-65/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, Зам тээврийн газарт үзлэг хий гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-36/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг дуу, дүрсний аргаар бэхжүүлсэн дүрс бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Зам тээврийн осолд онхолдсон 93-13 ӨМҮ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.У гэсэн бүртгэлтэй байх боловч шүүгдэгч Ч.Ү уг тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэй болох нь гэрч Ц.У-ийн “...Би энэ машиныг 2018 оны 03 дугаар сард Ч.Ү гэдэг хүнд 8.000.000 төгрөгөөр худалдсан юм. Тухайн үед нэрээ шилжүүлж өгөх гэсэн боловч би өөрөө хөдөө амьдардаг хүн учраас аймагт орж очихгүй байсаар байгаад нэрээ шилжүүлж чадаагүй юм...Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...энэ хүн машин авахдаа бэлэн мөнгөө өгөөд наймаагаа хийж байсан. Энэ хүний машин юм гэх мэдүүлэг /хх-62/, шүүгдэгч Ч.Ү-ын “Би уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байгаа” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Ч.Ү-ын тээврийн хэрэгсэлд 4.745.000 төгрөгийн техникийн эвдрэл, хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 274 дугаартай автомашин техникиийн үнэлгээний “Автомашинд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт дүн 4.745.000 төгрөг /хх-85-86/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Ч.Ү нь хувийн байдлын хувьд: 53 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 6-37 тоотод оршин суух, урьд 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 1, 100 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэгдсэн болох нь Жолоочийн лавлагаа /хх-90/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/, Ч.Ү-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-104/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-168/ зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...шүүгдэгч Ч.Ү-ын согтуурлыг шалгахад 0.00 байна...” гэх /хх-37/, гэрэл зургийн үзүүлэлтээр 0.00 гэх /хх-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 539 дугаартай шинжээчийн “...Ч.Ү-ын 57/эр гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй гэх дүгнэлт /хх-73-75/ зэргээр шүүгдэгч Ч.Ү-ыг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Ү-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Тус гэмтхэргийн улмаас С.Ц-ын амь нас хохирч арилгах боломжгүй хор уршиг бий болсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”.
Мөн тус хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Үнэнбатаас гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн дүнгээр илэрхийлсэн хор ургийг нэхэмжлэх эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардал, замын зардал, талийгаачийн олох ёстой байсан цалин хөлс, өмгөөллийн зардал, хүүхдийн сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол зэрэг нийт 66.687.314 төгрөгийн нэхэмжлэлийг хавтаст хэргийн 131-154 талд авагдсан нотлох баримтаар,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт группэд байдаг хүүхдээ Солонгос улсад хагалгаа хийлгэхэд 80.000.000 орчим төгрөгийн зардал гарах тул шүүгдэгч Ч.Ү-аас тус тус нэхэмжилж байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж оршуулгын зардал болон буяны ажилд зарцуулсан 11.507.314 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж тогтоон шүүгдэгч Ч.Ү-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ү нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д 600.000 төгрөгийг бэлнээр, 8.400.000 төгрөгийг дансаар, шүүх хуралдаанаас хохирол төлбөр барагдуулахаар завсарлага авч 2.508.000 төгрөг нийт 11.508.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Ү-ын мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-167/, хохирол төлбөр хүлээн авсан талаарх баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс болох 2.500.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан.” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн нэхэмжилсэн хүүхдээ Солонгос улсад эмчлүүлэх зардалд 80.000.000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 15.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 33.000.000 төгрөг, талийгаачийн олох ёстой цалин хөлс 7.680.000 төгрөг нийт 135.680.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хавтаст хэргийн 150 дугаар талд талийгаач С.Ц-ын олох ёстой байсан орлогын тооцоо болон талийгаачийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар үнэлж талийгаачийн олох ёстой байсан цалин хөлсийг тогтоох боломжгүй байна.
Талийгаач С.Ц-ын хүүхэд Ц.Ц нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2 дугаар курсэд суралцдаг гэх талаар хавтаст хэргийн 153 дугаар талд оюутны үнэмлэх авагдаж сургалтын төлбөрт 15.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Ц.Ц-ийн 1 жилийн сургалтын төлбөрт хэдэн төгрөг төлдөг болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь бага охиноо Солонгос улсад эмчлүүлэх зардалд 80.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 33.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Ү-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Ч.Ү-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Ч.Ү-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Ү-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ү-д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүх хэрэглэж болно гэж хуульд заасныг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Ч.Ү тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгчид тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.Ү-ын В, С ангиллын жолоочийн 056830 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ү цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Ү Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ү-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ч.Ү хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н оршуулгын болон буяны ажлын хохирол төлбөрт 11.508.000 / арван нэгэн сая таван зуун найман мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ү тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ү тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ү-д 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
7. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. 3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хүүхдийн сургалтын төлбөр 15.000.000 /арван таван сая/ хүүхдийн эмчилгээтэй холбоотой зардал 80.000.000 / наян сая/, талийгаачийн олох ёстой байсан орлого 7.680.000 /долоон сая зургаан зуун наян мянга/ төгрөг, сэтгэл санааны хохирол 33.000.000 /гучин гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Н нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ч.Ү цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Ү-ын В, С ангиллын жолоочийн 056830 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ч.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ