Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 63

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Ц.Д,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Д-д холбогдох 2028000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутагт мал малладаг, урьд Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн  хугацаагаар хойшлуулж байсан,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Их-Уулын 21-08 тоот хашаанд төрсөн ах Ц.Т маргалдан, зүүн хөлөнд нь хутгаар хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ пиво уугаад сууж байсан. Гаднаас Ц.Т ах орж ирсэн. Ах намайг өшиглөхөөр нь би тэгээд гэрээс гарж яваад эргэж орж ирж хутга аваад ахынхаа араас хутгалсан. Тэгтэл ах хашаанаас гараад зугтаачихсан.  Удалгүй Эрдэнэчимэг гэрт орж ирээд Ц.Т ах цус алдаад байна гэж хэлсэн. Тэгээд би гарч ахыгаа аваад түргэн дуудсан гэв.

Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Би энэ хэрэгт өөрийн төрсөн дүү Ц.Д-ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэжээ.../хх-20/,

Гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Т Ц.Д 2 хэрэлдээд байсан. Тэгээд зодолдох юм болоод гарсан гадаа пижигнэсэн тэгэхэд Мөнхбат, Отгонжаргал нар араас нь гарсан. Манай нөхөр Д орж ирээд хоолны шкафнаас хутга аваад гарсан. Би араас нь гарах гээд хувцсаа өмсөж байтал Д ороод ирсэн. Цустай хутга барьж байснаа шкафны хажууд хаясан. Би гарахад Тбайхгүй байсан...Гэрэл тусгаад очсон чинь өмд нь нил цус болчихсон байсан. Манай нөхөр очоод агаа уучлаарай гээд тэврэлдээд байсан...Тархи уусан гэхдээ согтоогүй байсан байх. Д бол нилээн согтуу байсан гэжээ. /хх-21-22/

Гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Т Д муудалцаад зодолдох гээд байхаар нь гадагш нь гаргасан. Би 00 руу орж бие засчихаад гараад ирсэн чинь Эрдэнэчимэг гараад ирчихсэн Төр-Очироос цус гараад байна, хамт явж хайж ольё гэсэн. Тнь гараад алга болчихсон байсан гэжээ. /хх-23-24/

Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би согтсон байсан. Тирчихээд дүүтэйгээ маргалдаад байх шиг байсан гэжээ. /хх-25-26/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 225 дугаартай дүгнэлтэд:  Ц.Т-н биед зүүн өгцөг, гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ.  Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-34/

Шүүгдэгч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ах Т ирээд чи хэдэн төгрөг авах юм гээд мөнгө гаргаад өөдөөс үзүүлээд байсан. Би эхнэр буюу Чимгээг төрөхөөр нь мөнгө өгөөрэй гэсэн чинь чи тэр байтугай мөнгө авдаггүй юу гээд баруун талын гуя руу хоёр удаа өшиглөж авсан. Тэгээд чи ахынхаа хажууд пиво уудаг болчихсон юм уу гээд гэрээс чирээд гарсан. Гэрээс гараад зууралдаж байгаад би шороо самардаж хөөчөөд гэртээ орж ирээд байж байхад ах Тгэрт орж ирээд униар намайг араас цохиод гараад ир гээд гарсан. Араас нь би хутга авч гараад очиход ах гэрийн үүдэнд зогсож байхаар нь араас нь хутгаа далайсан тэгсэн ах яа яа гээд хашааны үүд рүү гүйхээр нь би араас дагаад гүйхэд ах эргэж ирээд надтай зууралдаад хэн хэнийгээ боогоод байж байхад манай эхнэр гэрээс гарч ирээд хөөе больцгоо гэсэн манай ах намайг цохиж унагаачаад хашаанаас гараад гүйчихсэн манай эхнэр ирээд хөөе бос гээд алгадаад намайг сэрээсэн тэгээд эхнэртэйгээ гэртээ ороод унтах гээд хэвтэж байхад дээд гудамжинд хүн хашгирлаа гэж Мөнхбат хэлсэн. Тэгээд Отгонжаргал Мөнхбат хоёр хашаанаас гараад ахыг хайгаад явсан би хашаан дотор ахыг хайж байгаад гэртээ ороод байж байхад манай эхнэр ахыг баруун гэрийн үүдэнд хэвтэж байна гэсэн би ах дээр очиход ах нь үхэх гээд байна халуун цай өгөөч гэсэн би гэр рүү ороод цай аваачиж өгчөөд түргэн дуудсан, түргэн ирээд цагдаа дуудаад эхнэр Эрдэнэчимэгийн хамт ахыг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд би гэртээ байж байхад цагдаа нар ирж аваад намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан гэжээ. /хх-39-40/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-12/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-18/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-42/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-43/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/

Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-51/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-52/,

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-53-54/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-55-56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Д-гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Ц.Д-гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг,  Их-Уулын 21-08 тоот хашаанд төрсөн ах Ц.Т-той маргалдан, зүүн хөлөнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-21-22/, гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-25-26/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 225 дугаартай:  Ц.Т-н биед зүүн өгцөг, гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ.  Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-34/ яаралтай тусламжийн хуудас /хх-55-56/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Эрүүгийн хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж тайлбарласан.

Эд мөрийн баримтаар тооцогдсон ажлын хэсэг 18 сантиметр, өргөн 3.5 сантиметр хутга нь ахуйн хэрэглээнд ашиглах зориулалттай боловч шүүгдэгч Ц.Д нь хохирогч Ц.Т-н эрүүл мэндэд хохирол учруулахдаа хутгыг ашигласнаар хүйтэн зэвсэг гэж үзэхээр байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Ц.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь гэрч У.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тархи уусан байсан. Гэхдээ их согтоогүй байсан байх, Д бол нэлээд согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-21-22/, гэрч Ч.Отгонжаргалын мөрдөн байцаалтн шатанд өгсөн “Төр-Очир, Д нар хэн хэн нь согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-26/, согтолтын зэрэг 0,63 хувь гэх эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-52/ зэргээр тогтоогдож байх бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, болсон үйл явдлыг санахгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ  төрсөн ах Ц.Т-той маргалдан  хувийн таарамжгүй  харилцааны улмаас маргалдснаас болсон байна гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Ц.Д нь 22 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг дэвсгэрт малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Их-Уулын 21-08 тоотод оршин суудаг, урьд Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн  хугацаагаар хойшлуулж байсан болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-42/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-43/,  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, Сум дундын 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-51/ зэргээр тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлыг хохирогчид төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-54/, хохирогч Ц.Т-н “Миний эрүүл мэндийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг дүү Ц.Д төлж барагдуулсан. Одоогийн байдлаар 546.900 төгрөгийн хохирол авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх тайлбар /хх-68/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Д-гийн хохирогч Ц.Т-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Ц.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Ц.Д-гийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын  ялын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Д нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Ц.Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, энгэр хэсэг нь урагдсан цус мэтээр бохирлогдсон цагаан өнгийн фудволк, эрэгтэй хүний цэнхэр өнгийн дотуур өмд /турсинк/, урагдсан оймс 2 ширхэг, уранхай, цус мэтээр бохирлогдсон цэнхэр өнгийн даавуун өмд зэргийг оролцогч нараас буцаан авах талаар санал хүсэлт ирүүлээгүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Д 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Д хохирогч Ц.Т-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 546.900 /таван зуун дөчин зургаан мянга есөн зуу/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, энгэр хэсэг нь урагдсан цус мэтээр бохирлогдсон цагаан өнгийн фудволк, эрэгтэй хүний цэнхэр өнгийн дотуур өмд /турсинк/, урагдсан оймс 2 ширхэг, уранхай, цус мэтээр бохирлогдсон цэнхэр өнгийн даавуун өмд зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ц.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ