| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0477/и |
| Дугаар | 73 |
| Огноо | 2017-01-01 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 73
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чулуун хороот сумын 3 дугаар баг, “Цагаан чулуут” гэх газарт оршин суух, /РД:ЖН95020305, утасны дугаар 88622113/ Хүрхүүд овогт Энхцогтын Уран-Ундрахын нэхэмжлэлтэй,
/Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 6-22 тоотод оршин суух, /РД:ЖБ87112576, утасны дугаар 89896928/, Зээрдүүд овогт Доржсүрэнгийн Галтогтох/
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, “Тээвэрчид”-ийн 1-1 тоотод оршин суух, /РД:АЗ93092513, утасны дугаар 95988784/, Дончин овогт Гомбосүрэнгийн Эрдэнэбулганд холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох, хариуцагч Г.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Уран-Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Уран-Ундрах нь Г.Эрдэнэбулгантай 2013 онд танилцаад, нэг гэрт орж хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Ундрах-Эрдэнэ төрсөн. Г.Эрдэнэбулган бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учир охин Ундрах-Эрдэнэ эцэг Эрдэнэбулганы нэрээр бус миний нэрээр овоглосон. Эрдэнэбулган охин бид гурав хамт сайхан амьдарч байсан. Гэвч Эрдэнэбулган нь 2015 оны 9 дүгээр сард Сүхбаатар аймаг дахь гэр рүүгээ яваад, охин бид хоёр дээр буцаж ирээгүй. Тэгж явснаас хойш хэсэг хугацааны дараа над руу утсаар яриад охин бид хоёртой хамт амьдрахгүй сална. Сүхбаатар аймагт ажилд орсон гэж хэлсэн. Түүнээс хойш бид хоёрыг эргэж нэг ч удаа ирээгүй. Би түүнийг охин дээрээ ирэх байх гэж боддог боловч ирсэнгүй. Иймд Г.Эрдэнэбулганыг охин Ундрах-Эрдэнийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, түүнээс охиндоо сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна. Би шүүхийн дуудсан цагт хүрэлцэн очих боломжгүй тул Доржсүрэнгийн Галтогтохыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлага хэвээр, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчийн гаргаж буй хадгаламж нээлгэж хүүхдийн тэтгэлэгийг хадгаламжийн дансанд хийх саналыг зөвшөөрөхгүй. Хүүхдийн тэтгэлэг бол тухайн хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах ёстой тул сар бүр мөнгөн хэлбэрээр авна гэв.
Хариуцагч Г.Эрдэнэбулган шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид хоёр 2013 онд танилцаад 2 жил шахуу хамт Улаанбаатар болон Дорнод аймагт амьдарч байсан. Бидний дундаас 2014 онд охин Ундрах-Эрдэнэ төрж, гэрлэлтээ батлуулаагүй учир ээж Уран-Ундрахаар овоглосон. 2015 оны 9 дүгээр сард ар гэрийн гачигдлын улмаас буюу аавын бие тааруу байсан учир аймагтаа ирж амьдрах болсон. Сарын дараа Уран-Ундрах охинтойгоо ирж бид цугтаа амьдарч ажилд хүртэл оруулсан боловч 2015 оны 12 дугаар сарын 25-нд охиноо аваад сургуульд сурна гээд Дорнод аймаг руу явсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа утсаар холбогдсон боловч өөрөө Сүхбаатар аймагт амьдарч чадахгүй гэсэн учир холбоо тасарсан. Иймд Ундрах-Эрдэнийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч үүрэг хариуцлагынхаа дагуу тэтгэмж төлөхөөс татгалзах шалтгаан байхгүй. Харин ар гэрийн гачигдлын улмаас цалингийн зээл ХААН банкнаас 3 жилийн хугацаатай авч аавынхаа эмчилгээнд зарцуулсан. Тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо амьдралын түвшин болон зээлийн хугацааг харгалзан үзэж тогтоож өгнө үү. Миний хувьд хүүхдийн тэтгэлэгийг төлөхдөө хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээлгэж сар бүр хадгаламжид нь хийх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Уран-Ундрах хариуцагч Г.Эрдэнэбулганд холбогдуулан “ эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Г.Булган-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Уран-Ундрах, хариуцагч Г.Эрдэнэбулган нар нь 2013 онд танилцаж хамтран амьдарсан ба 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тэдний дундаас охин У.Ундрах-Эрдэнэ төрсөн болох нь бүртгэлийн 2140000001 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Дорнод аймгийн Чулуунхороот сумын эрүүл мэндийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Хүрхүүд овогт Уран-Ундрахын Ундрах-Эрдэнийн эцэг нь Дончин овогт Гомбосүрэнгийн Эрдэнэбулган мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг хариуцагч Г.Эрдэнэбулганаас гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Уран-Ундрахын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эрдэнэбулганаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Уран-Ундрахад, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөг /Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн А/106 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 163 700 төгрөг х 12 сар = 1 964 400 төгрөг : 2 = 982 200 төгрөг/-нөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28 122 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Хүрхүүд овогт Уран-Ундрахын Ундрах-Эрдэнийн эцэг нь /РД: АЗ93092513/ Дончин овогт Гомбосүрэнгийн Эрдэнэбулган мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин У.Ундрах-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Дончин овогт Гомбосүрэнгийн Эрдэнэбулганаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Эрдэнэбулганаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Э.Уран-Ундрах, хариуцагч Г.Эрдэнэбулган нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Уран-Ундрахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эрдэнэбулганаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Уран-Ундрахад олгож, мөн хариуцагчаас нэг жилд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 982 200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж тооцож 28 122 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ