Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 70

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ш,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх ,  

Шүүгдэгч: Н.Т,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Наранцэцэгийн Тогосоод холбогдох 2028000370030 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй,

Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 46-78 УБЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Цоглог дэлгүүрийн зүүн урд талын засмал замын явган хүний гарцан дээр явган зорчигч 86 настай Ц.С-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Т-ийн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулсан, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзаж үзээд тэнсэх ял оногдуулж өгнө үү.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Талийгаач нь манай ээжийн ээж буюу миний эмээ байсан. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эмээ зээгийндээ хоночихоод гэр рүүгээ явж байх замд нь энэ хүн мөргөсөн байсан. Бид нарыг осол болсон газарт ирэхэд энэ хүн түргэн дуудаагүй, цагдаа дуудсан байсан. Эмээг аваад түргэн дээр очиж үзүүлэхэд ар дагзандаа нэлээн том язралт өгөөд, хавдартай, цус алдчихсан байсан. Түргэний эмч шууд томографийн зураг аваад харахад нэлээн их цус хуралттай байсан. Өөрөө их бөөлжсөн учир тэгж их цус хурсан, цаг алдсан байна гэсэн. Хагалгааг бол амжилттай давсан, дараа нь их хүнд гэж эмч хэлж байсан. Үнэхээр хагалгааны дараах хүндрэлийг даагаагүй. 86 настай хүн байсан. Гэхдээ хүнийхээ хувьд эрүүл саруул, ач, зээ нарынхаа хүүхдүүдийг харж өгдөг, эрүүл саруул, урт удаан наслах буянтай хүн маань одоо байхгүй болчихсон. Ямар ч байсан хүнээ алдсан хүмүүс гомдолтой байх нь аргагүй. Гэхдээ хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг шоронд ороосой гэж хүсэхгүй байна. Үлдэгдэл хохирлоо төлнө гэсэн. Бид нар ч хүлээж байгаа. Тэр тал дээр асуудал гарахгүй байх гэж бодож байна. Тухайн өдрөөс хойш гарсан эм тариа, хагалгаанд ороход хотоос багаж авчруулсан, эмнэлгээс гарснаас хойш хоёр ч удаа эмчилгээ заалгасан бүх эмчилгээний зардал, оршуулгын зардал нийт 15.900.000 төгрөг нэхэмжилж байгаа. Яг хэдэн төгрөг гэдгийг нь сайн санахгүй байна. Одоогийн байдлаар Тогосоо 11.000.000 төгрөг өгсөн байгаа. Манай гэр бүлийнхэн ярилцаад энэ хүнийг хоригдохгүй байгаасай гэж хүсч байгаа. Бид нар өөрсдөө хагацал үзчихээд дахин нэг хүнд амьдын хагацал үзүүлмээргүй байна. Шүүгдэгч Н.Т сая шүүх хурлын завсарлагаанаар  хохирлоо барагдуулаад дуусчихсан, гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эх гэсэн хувийн байдлыг нь харгалзан хорих ялаас нь чөлөөлж өгнө үү гэж хүсч байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө би ээжийг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад 10 цаг 40 минутын орчимд манай ээжийн дугаар луу нэг хүн залгаад танай ээжийг би 3 дугаар сургуулийн хажууд шүргээд унагачихлаа. Ирэх боломжтой байна уу гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр шууд яваад ирэхэд эмнэлэг, цагдаа дуудаагүй, эмээг машиндаа суулгачихсан байсан. 3 дугаар сургуулийн уулзвар дээр байсан. Манай эмээ их бөөлжсөн байсан. Тэгээд түргэн дуудсан уу гэхэд нөгөө эмээг мөргөсөн гэх эмэгтэй эмнэлэг дуудаагүй гэж хэлсэн. Тэгээд шууд эмээгээ аваад түргэн рүү явсан юм. Түргэн дээр очоод биеийг нь үзүүлээд байж байхад эмээгийн толгойн ар хэсэгт их том хагарсан, цус их алдсан байдалтай байсан. Тэгээд сандраад томографикт харуулахад толгойн зүүн тал нь тэр чигтээ цус хуралттай байна гэж хэлсэн. Тэгээд яаралтай сэхээнд оруулаад хагалгаанд оруулна гэсэн. Тэгээд эмнэлэгт эмчлүүлж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө хагалгаанд орсон хагалгаа амжилттай болсон тэгээд нас өндөр болсон учраас одоогийн байдлаар сайн сэргэхгүй байгаа гэж эмч хэлсэн юм.  Манай эмээ Ц.С нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр машинд мөргүүлээд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаад эмнэлгээс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарч, гэрээр асруулж байгаад 2020 оны 02 дугаар сарын 21-ний орой нас барсан юм. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна. /хх-ийн 41-43-р хуудас/  

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.С-ын биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, хуйхны дагз хэсэг дэх язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 49-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.С-ын цогцост үзлэг шинжилгээгээр их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсэг дэх цус харвалт, эдийн няцрал гэмтлийн үлдэц тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Ц.С-ын цогцост шинжилгээгээр зүрхний ишемит өвчин, зүүн бөөрний уйланхай, элэгний хатуурал зэрэг өвчин тогтоогдлоо. Уг өвчнүүд нь үхлийн шалтгаантай хамааралгүй болно. Ц.С нь тархины гэмтлийн үлдэцийн улмаас нас баржээ. /хх-ийн 55-56-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Toyota prius 20 маркийн 46-78 убэ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “...жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч Н.Т нь Монгол улсын замын хөдөлгөөнний дүрмийн 10.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон. Зам тээврийн осол гаргахад зам, замын байгууламж нөлөөлөхгүй /хх-ийн 51-р хуудас/ гэснээр болон

Шүүгдэгч  Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө ажил дээрээ очоод ажлаа хийж байтал толгой өвдөөд байсан учир эмнэлэг орж дусал хийлгэх гээд сургуулиас гараад өөрийн машинаа унаад гуравдугаар сургуулийн баруун уулзвараар урагшаа эргэх гэж байгаад уулзвар дээр явсан эмээг мөргөсөн юм. Тэгээд би машинаасаа буугаад ирэхэд миний машины зүүн талд газар хэвтэж байсан би сандраад эмээг ганцаараа өргөх гэхэд дийлэхгүй байсан. Тэгсэн нэг машинтай эгч хажууд ирээд тэр эмээг надтай хамт өргөлцөөд миний машинд оруулсан. Тэгсэн эмээ машинд суугаад бөөлжөөд байсан тэгээд би цагдаа, түргэн дуудах гэсэн чинь эмээ яахын бэ намайг гэрт хүргээд өг гээд байсан тэгээд эмээгийн барьж явсан цүнхэн дотроос гар утсыг нь гаргаад үзэхэд том охин гэсэн дугаар байхаар нь залгаад би танай ээжийг мөргөчихлөө гэж хэлсэн тэгсэн хүрээд ирье гэсэн би өөрөө цагдаа дуудсан юм. Тэгээд байж байхад эмээгийн хүүхэд нь ирсэн мөн цагдаа ч ирсэн тэгээд хүүхдүүд нь ирээд эмнэлэг рүү аваад явсан. Би цагдааг ажлаа дууссан дараагаар нь эмнэлэг рүү очиход эмээ хүлээн авахын өрөөнд хэвтэж байсан түүний дараагаар цагдаа дээр ирж  мэдүүлэг өгсөн юм. Ийм зүйл болсон юм. 2018 оны 11 дүгээр сард “Очир-Ундраа” Банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн гэрээ байгуулан уг машиныг авсан. Уг машиныг авахад намайг орон нутгийн харьяалалтай байна гээд надад зээл гаргаж өгөхгүй байхаар нь манай үеэл дүүгийн нөхөр Х.Лхагвасүрэнгийн нэрээр зээлээ гаргуулан авсан юм. Би одоо 2 жил төлж байгаа юм. Одоо зээлийн үлдэгдэл 2 сая гаруй төгрөг байгаа сард 422000 төгрөг төлдөг. /хх-ийн 63-64-р хуудас/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Очир-Ундраа” Банк бус санхүүгийн байгууллагат хуулийн зөвлөх ажилтай. 46-78 УБЭ улсын дугаартай автомашинг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 7300000 төгрөгийг барьцаанд тавигдсан ба одоо зээлийн үлдэгдэл нь 2819000 төгрөг байгаа эзэмшигч нь Х.Л гэж хүн байдаг. 46-78 УБЭ улсын дугаартай автомашины зээлийн төлөлт хэвийн төлөгдөж байгаа. Уг тээврийн хэрэгслийн өмчлөлийн үндсэн дээр хураалгаж битүүмжлэн хуулийн дагуу хууль ёсны өмчлөгч буюу “Очир-Ундраа” банк бус санхүүгийн байгууллага хуулийн дагуу хүлээлгэн өгч шийдвэрлүүлэхийг хүсч байна. /хх-ийн 46-р хуудас/  

Гэрч Х.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр Э.Баярчимэгийн үеэл эгч Н.Тогосоо нь 2018 оны 11 дүгээр сард 46-78 УБЭ улсын дугаартай приус-20 маркийн машиныг худалдаж авахаар болоод Банк бус санхүүгийн зээл авах гэтэл өөрийнх нь паспортын хаяг орон нутгийн хаягтай байсан ба хотын хаягтай хүн байх шаардлагатай байсан тул нэр дээр “Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч гэрээ хийсэн ба уг 46-78 УБЭ улсын дугаартай машин нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. “Очир-Ундраа” Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Тэгээд 11 дүгээр сараас эхэлж  уг машиныг үеэл эгч Н.Т нь унаж байгаа. Банк бус санхүүгийн зээлийг Н.Т нь төлж байгаа юм. Өчигдөр Н.Т нь надтай холбогдож машинтай явж байгаад хүн дайрсан тухай хэлсэн. 46-78 УБЭ улсын дугаартай приус-20 маркийн машиныг манай эхнэрийн үеэл болох Н.Тогосоо нь Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч худалдан авах гэтэл Улаанбаатар хотын хаягтай хүнд Банк бус санхүүгийн байгууллагын зээл өгнө гэсэн учраас миний  нэр дээр зээл авсан юм. Тухайн машины зээлийн төлөлт нь дуусаагүй болохоор одоогоор миний нэр дээр байгаа. Н.Т нь 2018 оны 11 дүгээр сард уг машиныг аваад Өмнөговь аймаг руу явсан юм. Одоо Өмнөговь аймагт Н.Тогосоо  уг машиныг унадаг. Уг машин нь миний нэр дээр  боловч Н.Т нь худалдаж авсан. /хх-ийн 47-р хуудас/                          

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10-р хуудас/

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-28-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /93-126-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 69-89-р хуудас/ зэргийг  шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 46-78 УБЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Цоглог дэлгүүрийн зүүн урд талын засмал замын явган хүний гарцан дээр явган зорчигч 86 настай Ц.С-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөн болох нь: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэд: Toyota prius 20 маркийн авто машины жолооч Н.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “...жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.С-ын амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Ц.С-ын цогцост үзлэг шинжилгээгээр их тархины 2 тал бөмбөлгийн дух хэсэг дэх цус харвалт, эдийн няцрал гэмтлийн үлдэц тогтоогдлоо. Ц.С-ын цогцост шинжилгээгээр зүрхний ишемит өвчин, зүүн бөөрний уйланхай, элэгний хатуурал зэрэг өвчин тогтоогдлоо. Уг өвчнүүд нь үхлийн шалтгаантай хамааралгүй болно. Ц.С нь тархины гэмтлийн үлдэцийн улмаас нас баржээ./хх-ийн 55-56-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.                  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт эм тариа, эмчилгээний болон оршуулгын зардалд шүүгдэгчээс 15.900.000 төгрөг нэхэмжилсэн, үүнээс 11.000.000 төгрөгийн гэм хорын хохирол төлбөрийг шүүгдэгч төлсөн тул үлдэж буй 4.900.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг өгсөн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.15 дугаар зүйлд заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасны үндсэн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 3.853.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 3.853.000 төгрөгний үнийн дүн бүхий шашны зан үйл бусад эд зүйлд гарсан зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох бичгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хавтаст хэргийн 121-р хуудсанд авагдсан 14 нэр төрлийн эд зүйл болон зан үйлтэй холбоотой нэхэмжлэл үүнд хамаарч байгаа болно.  

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 15.900.000 төгрөгийн нэхэмжлэлээс 3.853.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч 11.000.000 төгрөгийн гэм хорын хохирол төлсөн болохыг дурдаж, үлдэх 1.047.000 төгрөгийг шүүгдэгч Н.Т-с гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шинэтуяад олгохоор шийдвэрлэв.  

Шүүх хуралдааны гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч 10 минутын завсарлага авч, шүүхийн шийдвэрээр төлөхөөр тогтоосон 1.047.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-д төлж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэл бүрдэв.

Шүүгдэгч Н.Т нь хувийн байдлын хувьд 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор /хх-ийн 76-р хуудас/, ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/-аар, Наранцэцэгийн Тогосоогийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 71-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Тоёота Приус 20 маркийн 46-78 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нь Х.Лхагвасүрэн гэсэн бүртгэлтэй байх боловч шүүгдэгч Н.Т нь уг тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэй болох нь гэрч Д.Мөнхсайхан, Х.Лхагвасүрэн нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Т-ийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Н.Тогосоо  өөрийнх нь эзэмшлийнх болох нь  тогтоогдож байна.

Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мөн дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Н.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-73-р хуудас/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн утсаар түүний гэр бүлийнхэнд мэдэгдэж, улмаар эмнэлгийн тусламж авсан, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын төлбөрийг төлсөн байдал нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.   

Шүүгдэгч Н.Т-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Прокурор шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр барагдуулсан болон шүүгдэгч нь хувийн байдлын хувьд өрх толгойлсон эмэгтэй, дээд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар 13 жил ажиллаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой. Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүх шүүгдэгч Н.Т-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн  хуулийн  тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.   

Шүүгдэгч Н.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэсүд овгийн Н.Т-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Т-ийн В ангиллын жолоочийн 716434 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт  хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ш-ийн 15.900.000 төгрөгийн нэхэмжлэлээс 3.853.000 /гурван сая найман зуун тавин гурван мянган/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-оос 1.047.000 /нэг сая дөчин долоон мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-д олгох шүүхийн шийдвэрийг шүүгдэгч биелүүлж, шүүгдэгч Н.Тогосоо нь 12.047.000 /арван хоёр сая дөчин долоон мянган/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Шинэтуяад төлж хохирол төлбөр барагдуулсан болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Н.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА