| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0073/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 76
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Г.Ч,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ч-д холбогдох 2028000920065 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг Баяндалай сум Баян багт малчин, урьд Өмнөговь аймаг дахь сум шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан,
Шүүгдэгч Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Ар ямаан ус гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Т.М-той маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эхнэртэйгээ таарамжгүй байдлаас болж би өөрийн буруугаас энхэртээ уурлаж ташиж унагаан толгойд нь гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Г.Ч гэх хүнтэй 2003 онд гэр бүл болж 4 хүүхдийн эцэг эх болсон юм. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай хөдөө гэр байх Ар ямаан Ус гэх газар Ч нь намайг газар унагааж ам руу шороо чихэж, миний үснээс зулгааж, багалзуурдаж толгой руу зодсон. Би тухайн үед ухаан алдсан байсан. Тэгээд гэртээ хэвтэж эм ууж байгаад Даланзадгад суманд ирж эмнэлэгт үзүүлсэн...2006 оноос нэг гэрт амьдарч байгаа юм гэрлэлтээ батлуулсан” гэжээ. /хх-8-9/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны орой 17 цаг өнгөрч байх үед хөдөө Ар ямаан-Ус гэх газарт манай саахалт айл Нямхүүгийн гэрт Чадраабал бид 2 очоод байж байгаад хэрэлдэж муудалцсан. Ч жаахан архи уучхаад ирсэн байсан. Манай 2 дүүг хэл амаар доромжлоод байсан асуудлаас болоод бид 2 муудалцсан. Манай 2 дүү бол тэр үед байгаагүй. Би гэр рүүгээ харилаа гээд гарахад араас гарч ирээд мөрнөөс татаад явуулахгүй байсан. Тэр айлын гадаа Ч намайг зуураад байхаар нь би Ч-ын нүүр рүү хэд хэдэн удаа цохиж гарыг нь тавиулаад тал руу алхаад явсан. Араас Ч хүрч ирээд миний хоёр хөлийг хөлөөрөө ташаад намайг газарт ар дагзаар унгаасан. Намайг дээш хараад хэвтэж байхад Ч миний дээр гараад 2 гарыг тэлж бариад хэвтсэн. Миний бие өвдөөд амьсгаа авч болохгүй байсан. Хэсэг хугацаанд намайг дарж байгаад миний дээрээс боссон. Би босоод доошоо харж хэвтээд ёо гээд хагарсан чинь Ч чи хүнд мэдэгдэх гэлээ гээд миний нуруун дээр сууж байгаад ам руу шороо хийсэн. Тэгээд би хэсэг хугацаанд ухаангүй байсан. Нэг сэрсэн би их даарсан хэвтэж байсан. Харанхуй болсон байсан. Хажууд Чадраабал сууж байсан тэгээд Ч гэртээ очъё гээд намайг мотоцикль дээрээ сундалж яваад гэртээ ирсэн юм.” гэжээ. /хх-10-12/,
Гэрч О.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Баяндалай сумын Баян багийн нутаг Ар ямаан Ус гэх газарт Г.Ч, Т.М нарт малаа маллуулдаг юм. Би малаа хариулах гээд хөдөө гэрт нь очсон байсан юм. 2019 оны 10 дугаар сарын сүүл үед байх өдрийг нь санахгүй байна. Г.Ч Өмнөговь аймагт явж байгаад ирлээ гээд гэртээ ирсэн, Т.М Баяндалай сумаас хөдөө гэртээ ирсэн юм. Тэгсэн тэр хоёр гэртээ байж байгаад хэрэлдэж маргалдаад байсан. Орой 19 цагийн үед Г.Чадраабал, Мөнхцолмон нар хэрэлдэж байгаад гадаа гараад Ч гараараа Т.М толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохиод авсан. Би очоод салгасан чинь Ч танд ямар хамаатай юм. Та гэр лүү орж бай гэсэн. Тэгэхээр нь би одоо та 2 зодолдохгүй шүү гэж хэлчихээд гэр рүү орсон. Удалгүй М ёо гээд хашгирсан би гараад очсон /гадаа харанхуй болж байсан/ Ч М газарт унагаад дээр нь гарсан хоолойг нь шахаж байсан. Тэгээд би очиод салгасан. Би одоо боль харанхуй шөнө хэрүүл хийлээ гээд гэрт нь оруулсан...” гэжээ. /хх-17-18/,
Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манайх Баяндалай сумын Баян багийн нутаг Булагийн уулзвар гэх газар байдаг юм. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Ч, М нар манайд ирсэн юм. Гэрт хоол идчихээд гэрээс гараад явсан. Манай хүүхэд гэрийн гадаа манайд ирсэн нөгөө 2 хүн хэрэлдээд байна гэж гэрт орж ирэхээр нь би гараад харсан М, Ч нар гэрийн баруун талд нэг нэгнийгээ заамдаад авсан зогсож байсан. Би очоод тэр хоёрыг салгасан М нь Ч-лын нүүр нь тус газар нь гараараа 2 удаа цохиж авсан, Тэгээд би М-г бариад зогсож байхад Ч нь харъя гээд байсан. М нь явахгүй, намайг ээжийнд хүргээд өг гээд байсан тэгэж байгаад М нь гэрээс зүүн тийш ээжийнхээ гэр рүү алхаад явсан...” гэжээ /хх-22-23/
Шүүгдэгч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2020 оны 03 дугаар сарын 07-ны өглөө Баяндалай сумын Баян багийн нутаг Ар ямаан Ус гэх газарт байх гэртээ байж байгаад өглөө 11 цагийн үед айлд очиж март тэмдэглэх талаар ярилцах гээд эхнэр М бид 2 мотоцикльтой явсан. Тэгээд Ганбат гэх айлд очоод март тэмдэглэх талаар ярилцаж байсан манай эхнэр тэр айлд март тэмдэглэнэ гээд байхаар нь би дургүйцсэн. Тэгээд би гэртээ март тэмдэглэхээр болоод тэр айлаас яваад хадам ээж Тунгалаг гэдэг айлд очоод жаахан байж байгаад Нямхүүгийн гэх айлд 18 цагийн үед эхнэр бид 2 мотоцикльтой сундлаад очсон. Би Нямхүүтэй юм яриад сууж байсан эхнэр уурлаад гараад явсан. Би араас нь гараад очоод М-гийн хувцаснаас нь татсан чинь намайг гартаа чулуу атгаж байгаад нүүр рүү 2 удаа цохиж авсан. Тэгээд Нямхүү гарч ирээд хорьсон дахиад миний нүүр рүү гараараа цохиод миний хамраас цус гарсан. Тэгээд М тэр айлаас хойд зүгт алхаад явсан. Би араас нь очоод хамт явах уу гэсэн уурлаад алхаад байхаар нь би ээжид нь хэлье гээд яваад М-ийн ээж Тунгалаг гэж хүний гэрт нь очоод хэлсэн чинь өөрсдөө учраа олоо манайд хүн ирэх гээд байна гэж хэлсэн. Тэгээд буцаад эхнэр М дээр ирээд харъяа гээд хэлсэн чинь чамтай явахгүй гээд шороо, чулуу шидээд байсан. Тэхээр нь урдаас нь тэврээд ташаад газарт унгаасан. Тэгээд тайвшруулах гээд дээрээс нь дараад сууж байсан 2 гараараа газар саваад байхаар нь 2 гарын бариад дараад хэвтэж байхад Мөнхцолмон толгойны ар дагзаараа газар саваад байсан. Би хэсэг дарж байгаад босгоод явах гэхээр уурлаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад М унтаад өгсөн. Би хажууд нь байсан. Тэгээд М-г сэрэхээр нь босоод би мотоцикль дээрээ сундлаад гэртээ очсон. Гэртээ очиход 23 цаг болж байсан. Маргааш нь буюу 3 дугаар сарын 08-ны өглөө манай том охин аавыг яагаад чулуугаар цохисон юм. Хэрүүл зодоон хийгээд гэж хэлсэн чинь эхнэр Мөнхцолмон уурлаад гэрт миний үснээс зулгаагаад, цохиж аваад байсан. Манай охин Амин-Эрдэнэ ээжийгээ боль гэсэн чинь ээж нь охиноо цохиод авсан чинь охин гараад гүйгээд явсан. Би араас явж охиноо олж гэрт оруулаад ирсэн. Тэгээд гэрт хүмүүс ирээд март тэмдэглэсэн өөр юм болоогүй гэжээ. /хх-51-52/,
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тунгалаг овогтой Т.М-гийн биед тархины доргилт үүссэн гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтэл нь цаашил хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-37/,
2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Ч-ын биед хамар, зүүн хацар, дээд уруул, 2 талын завж дахь жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Уг гэмтэл хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-41/,
2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.М-гийн биед тархины доргилт, баруун гарын IҮ хурууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины доргилт гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шинжээч эмч Б.Пүрэвжавын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 198 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Үзлэгийн явцад баруун гарын 1Ү хурууны цус хуралт гэмтэл дурьдагдсан боловч, дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байна. Уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 198 тоот дүгнэлтээс: толгой эргэнэ, дотор муухайрна, шилэн хүзүү хөшиж өвдөнө, хэл ам ээдэрнэ гэсэн зовиур, үзлэгт: нүд чичигнэлттэй, дагзны булчин бага зэрэг хөшингө, гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд: тархины эдийн ялгарал буурсан зэрэг шинжүүд нь тархи доргилт оношийн үндэслэл болно. Тархи доргилт гэмтэл нь бүтцийн буюу голомтот, эзлэхүүнт өөрчлөлт биш бөгөөд үйл ажиллагааны өөрчлөлт юм. Ийм учир гэмтэл үлдэцгүй эдгэрнэ гэжээ. /хх-74-75/,
Аюулын зэргийн үнэлгээ “Эрсдэлийн түвшин дунд” гэх /хх-53-54/,
Өвчний түүх /хх-57-68/,
Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-106-114/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-117/,
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт /хх-118/,
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-119/,
Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-121-124/,
Иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-127/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-133/,
Хохирол төлбөр төлсөн талаарх хүсэлт /хх-153/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Чадраабалын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ч-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч Г.Ч-ын хүний эрүүл мэндэд халдсан, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гарган, хуульд заасан үндэслэл журамтай танилцаж 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Г.Ч-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Ар ямаан ус гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Т.М-той маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.М-гийн мэдүүлгүүд /хх-8-9, 10-12/, гэрч О.Шүрцэцэгийн мэдүүлэг /хх-17-18/, гэрч О.Нямхүүгийн мэдүүлэг /хх-22-23/, шүүгдэгч Г.Чадраабалын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-51-52/, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн “Тунгалаг овогтой Т.Мөнхцолмонгийн биед тархины доргилт үүссэн гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтэл нь цаашил хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-37/, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн “ Т.Мөнхцолмонгийн биед тархины доргилт, баруун гарын IҮ хурууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины доргилт гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шинжээч эмч Б.Пүрэвжавын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 198 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Үзлэгийн явцад баруун гарын 1Ү хурууны цус хуралт гэмтэл дурьдагдсан боловч, дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байна. Уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 198 тоот дүгнэлтээс: толгой эргэнэ, дотор муухайрна, шилэн хүзүү хөшиж өвдөнө, хэл ам ээдэрнэ гэсэн зовиур, үзлэгт: нүд чичигнэлттэй, дагзны булчин бага зэрэг хөшингө, гавал тархины тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнд: тархины эдийн ялгарал буурсан зэрэг шинжүүд нь тархи доргилт оношийн үндэслэл болно. Тархи доргилт гэмтэл нь бүтцийн буюу голомтот, эзлэхүүнт өөрчлөлт биш бөгөөд үйл ажиллагааны өөрчлөлт юм. Ийм учир гэмтэл үлдэцгүй эдгэрнэ /хх-74-75/ гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Г.Чадраабал миний бие өөрийн гэм буруугаа буюу эхнэр Т.М-ийн бие эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...дахин ийм үйлдэл гаргахгүй...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-159/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ч нь ялын саналтай танилцан зөвшөөрч гарсан үсэг зурсан болох нь яллах дүгнэлт болон хавсралтаар тогтоогдож байх тул прокуророос сонсгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Мөнхцолмонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогч Т.М-гийн хохирол төлбөр авсан талаарх хүсэлт /хх-153/-ээр шүүгдэгч Г.Ч-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Г.Ч-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Г.Ч нь эхнэр болох Т.М-той гэр бүлийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ч нь 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг Баяндалай сум Баян багт малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Баяндалай сум Баян баг Ар ямаан ус гэх газарт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /хх-117/, Өмнөговь аймаг Баяндалай сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт /хх-118/, Өмнөговь аймаг Баяндалай сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-119/, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-121-124/, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-127/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-133/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-144-146/, малын А дансны хуулга /хх-147-148/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Г.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Г.Ч-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Ч нь 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Г.Ч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д 550 / таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Ч оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ч хохирогч Т.М-д эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Г.Ч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж шүүгдэгч Г.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ