Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 77

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,                                                                 

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,                                                                                            

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,                                                                                   

Шүүгдэгч: У.Б,                                                                                                         

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Б-д холбогдох 2028000000074 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 29 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай,

Шүүгдэгч У.Б  нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Б сумын Х багийн нутаг Ам бөөр гэх газарт гэртээ эхнэр Д.Х-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч У.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.                                                                            

Шүүгдэгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ноолуур хулгай хийгээд, архи уугаад байхаар нь би уурласан. Банкны зээл өртэй байхад архи авч  ноолуур өгөөд байхаар нь миний уур хүрсэн. Гар хүрсэн нь миний буруу.

Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт баг, сумаас баруун хойш 60 километрт нутагладаг. Ам бөөр гэх газарт байдаг, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сумын төв рүү саахалт айлын Намбар ахаар машинаа унуулаад хүүхдийн шалгалт өгүүлэх гээд ирчихээд хүүхдийн шалгалт өгүүлчихээд буцаад хөдөө гэрлүүгээ 19 цагийн үед гэртээ харьсан.  Намбар ахыг У.Б гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн. Би хоёр ямаа алга байна гэсэн чинь У.Б танай хүүхэд хонь мал харж чадаагүй байна гэх зэргээр хэлээд маргаан болсон, тоогоогүй амарцгаасан. Маргааш нь бага зэргийн маргаан болоод л байсан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө У.Б, Намбар ахын хүүхдийг Хүрлээ гэдэг айл руу хүргэж өгөх гээд явсан, хойгуур нь би машинаа унаад сумын төв рүү 19 цагийн үед орж ирээд Ариунаа гэдэг найзындаа очсон. Тэндээ 1 шил архи 1 пиво бид хоёр хувааж уучихаад амарсан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө босоод дэлгүүр ороод нэг шил архи аваад уугаад сууж байтал Бат-Очир хөдөө гэрээс ирээд намайг аваад хөдөө гэр лүү буцсан, гэрт очиход 16 цаг болж байсан. У.Б бид хоёр архи пиво ууж байгаад маргалдаад хэрүүл болсон, У.Б нүүр рүү алгадаж, хамар хавьд гараараа нэг удаа цохиж аваад үснээс зулгаагаад зүүн гуя руу өшиглөсөн, нуруу хавьд 2 удаа өшиглөсөн,  арай хийж мултраад гэрээс гараад зугтаасан чинь араас барьж үснээс зулгааж гэрийн гадаа байсан машиныг толгойгоор мөргүүлсэн, тэр үед ухаан балартсан байсан байх нэг мэдсэн би гэрт орж ирсэн байсан. У.Б надаас уучлалт гуйгаад байсан, удаагүй мал ирсэн би гэрээс гараад ишиг малаа тавьсан. У.Б тэгэхэд архи уучихсан байсан, бас л бага зэргийн маргаан болоод би унтаж амрахгүй гэсэн чинь л зуухны ширэм аваад шидээд уруул язалж байсан. Тухайн үед гаднаас хүн байгаагүй. Дараа нь би хүмүүст ярихдаа уруулаа яасан юм бэ гэхэд нь төмрөнд цохичихсон гээд хэлж байсан. Надад гомдол санал байхгүй, надад нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 06-07-р хуудас/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би У.Б хойд эцэг Өмнөговь аймаг дээр амьдардаг, хавар болохоор хөдөө Намбарынд ирж ямаа самнадаг юм. Намбарынх У.Б-ын гэрээс ойрхон байдаг. Энэ хоёрын талаар огт юм сонсоогүй, надад тийм зүйл болсон гэж хэлээгүй. У.Б гайгүй л хүүхэд байгаа юм. Хааяадаа архи уугаад байдаг л сурагтай л байдаг, эхнэр Хулангоо нь бөө болсон гээд архи авч уугаад байдаг болсон юм шиг байгаа юм, хааяа хэрэлдлээ маргалдлаа гээд сураг гараад байдаг байсан. Нэгнийгээ зодлоо гэсэн юм дуулаагүй. /хх-ийн 10-р хуудас/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үдээс хойш Д.Х нь 3 хүүхдэдтэйгээ машинтайгаа манай гэрт ирээд маргааш нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр У.Б ирээд аваад явсан. У.Б Намбарын хүүхдийг Хүрлээ ахынд хүргэж өгөх гээд явсан хойгуур нь гараад ирлээ гэж байсан яах гэж ирснийг нь мэдээгүй, маргалдсан гэж юм яриагүй. Ирсэн өдрөө уугаагүй, маргааш өглөө нь нөхөр нь ирж авах үед өглөө босоод архи аваад уучихсан байсан, нөхөр нь авах гээд ирэхдээ архи уусан байна гээд уурлаад байсан. /хх-ийн 13-р хуудас/

Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  Мэдэхгүй тэр хоёр ерөнхийдөө хоорондын харьцаа нь байдаг гэж санагддаг, олон жоохон хүүхэдтэй л залуухан гэр бүл байдаг. Би ч бараг очихгүй юм хаад нэг очдог, мэдэхгүй ер нь дуулдаагүй, эхнэр нь жаахан архи уух гээд байдаг, надад эхнэртэйгээ маргалдлаа гэж огт хэлж байгаагүй.  /хх-ийн 14-15-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Х-гийн биед тархины доргилт, духны зулгаралт, дух, хамрын зөөлөн няцрал, 2 нүдний зовхи, зүүн хөх, гуяны цус хуралт гэмтэлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/

Шүүгдэгч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр саахалт айлын Намбар ахын хүүхдийг Хүрлээ ахынд хүргэж өгчихөөд гэрт ирсэн чинь Д.Х машин унаад явсан байсан явахдаа гэрт байсан ууттай ноолуур аваад явсан байсан.  Маргааш  өглөө 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сумын төв явж Д.Х авах гээд сум орсон. Д.Х  Ариунаа гэдэг айлд халамцуухан байсан. Д.Х аваад явах гэсэн чинь өмнөөс янз бүрийн юм яриад тэр мал чинь миний мал, миний ууж идэх чамд ямар хамаатай юм чи зайл гэх зэргээр хэлээд байсан. Би хэдэн хүүхдээ аваад машинаа унаад явлаа гээд гэрээс гараад явж байгаад буцаад тэр айлд ирсэн чинь  айлдаа алга байсан. Эргээд явж байтал Худалдааны төвийн зүүн талд сандал дээр сууж байсан. Хажууд нь хайрцагтай юм байхаар нь хараагүй машинд хийчихээд Хулангоог аваад суулгаад хөдөө гэр лүү явсан. Гэрт хайрцагтай юм  машинаас буулгасан чинь хайрцаган дотор 2 шил архи 1 том 2.5 литрийн пиво байсан. Архи пивоо Д.Х бид хоёр хувааж уусан, ууж байхдаа би Д.Х хэлсэн чи ноолуур аваад явсан байна. Банкны өр төлбөртэй байхад гэж хэлсэн. Д.Х миний юм би малаа зараад өрөө төлчинө гэх зэргээр хэлсэн. Түүнээс болоод би Хулангоогийн нүүр рүү лав цохисноо мэдэж байгаа юм, бусдыг нь харин санахгүй байгаа юм. Байнгын хэрүүл маргаан байхгүй, эхнэр Д.Х архи уух гээд байдаг. Д.Х архинаас гаргах эмчилгээг 2019 оны 06 дугаар сард Орос руу явж кодлуулж байсан. Тухайн асуудал болох үед би бас архи уусан байсан. Маргаан болоод Д.Х-ийн биед халдаж биед нь гэмтэл учруулсан нь үнэн, Д.Х архи уучих гээд байдаг болохоор би битгий архи уугаад бай гэж хэлдэг, зодож цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргааш нь Хулангоо чи намайг зодсон нүүр рүү цохиж, хөл рүү өшиглөж үсдэж байгаад машин мөргүүлсэн гэж хэлсэн, би тухайн үед согтсон байсан  ямар ч байсан нүүрэнд нь цохиж байгаагаа санаад байгаа юм бусдыг нь сайн санахгүй байна. /хх-ийн 22-23-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/

Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр  сарын 27-ны өдрийн 155 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг Ам бөөр гэх газарт гэртээ эхнэр Д.Х-той маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Х-ийн биед тархины доргилт, духны зулгаралт, дух, хамрын зөөлөн няцрал, 2 нүдний зовхи, зүүн хөх, гуяны цус хуралт гэмтэлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.         Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч Д.Х “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч У.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч У.Б нь хувийн байдал нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 29-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Булган Хавцгайт багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 155 дугаартай тодорхойлолтод: “Өмнөговь аймгийн Булган сумын 3 дугаар баг Ам бөөр гэх газарт, У.Б, регистрийн дугаар /КВ91031416/ ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов.” /хх-ийн 26-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт У.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн шийдвэр гаргана гэсэн хуулийн зохицуулалтай. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь улсын яллагчийн санал болгосноор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийн оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч У.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.                                                                                              Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Шүүгдэгч У.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч У.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         
  5. Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА