Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2017/03029/И |
Дугаар | 001/ХТ2018/00614 |
Огноо | 2018-04-17 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2018/00614
Д.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03128 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дүгээр магадлалтай,
Д.Б-ын нэхэмжлэлтэй,
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох
Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б-1-147 тоот тушаалаар Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгын захирлаар томилогдон 2 жил гаруй хугацаанд ажиллаж, Төмөр замын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Аялал жуулчлалын товчооны Соёлын ордон болгох, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн зохион байгуулах Б-1-26 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр уг ажилд эгүүлэн тогтоогдсон. Ажлаа 1 жил гаруй хугацаанд гүйцэтгэж байтал Хүний нөөцийн албаны дарга Б.Оюунчимэг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас өгүүлсэн. Улаанбаатар төмөр замын Соёлын ордны даргаар ажиллаж байсны хувьд Д.Жигжиднямаа даргатай биечлэн уулзах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч уулзаагүй. Би Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. Аялал жуулчлалын төвийн Соёлын ордныг Барилга үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордон гэж өөрчлөн даргын орон тоог хасагдсан гэх боловч миний орон тоонд Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд Т.Аминаг томилон ажиллуулах болсон. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн даргын Б-1-376 тоот тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан. Иймд Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-226 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалын 1 дүгээр заалтаар Аялал жуулчлалын товчоог татан буулгасан бөгөөд 3 дугаар заалтаар Соёлын ордны ажилтнуудыг Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангид орон тоогоор нь тус тус шилжүүлж орон тооны давхцалд зохицуулалт хийхийг үүрэг болгосны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Соёлын ордны даргын ажлын байр өөрчлөгдсөн байна. УБТЗ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-226 тоот тушаалыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-376 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарсан ба А-226 тоот тушаалыг гарахад нэхэмжлэгч ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “даргын орон тоо хасагдсан гэх боловч миний орон тоонд Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд Т.Аминаг томилсон нь миний эрхийг зөрчин үндэслэлгүйгээр орон тоо хасагдсан нэрийдлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд тогтоолгуулна” гэжээ. УБТЗ-ын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 бөгөөд нэхэмжлэгчийг салбар нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж, 2 сарын тэтгэмж олгосон гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03128 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ыг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 84,536 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03128 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-т хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,349,124 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгасугай” гэсэн заалт нэмж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарын “2” гэснийг “3”, “3” гэснийг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.05-ны өдрийн 124 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нь 2017.06.02-ны өдрийн А-226 тоот тушаалын агуулгыг үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна, харин салбар нэгж өөрчлөн байгуулагдсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх А-226 тоот тушаалаар Аялал жуулчлалын товчоог татан буулгаж өөр салбар нэгжийг байгуулсан нь тухайн салбар нэгжид ажиллаж байсан ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон бөгөөд нэгэнт шинээр байгуулагдсан салбар нэгжийг удирдах чадвартай ажилтантай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Шүүх хариуцагчаас гаргасан нотлох баримтуудыг мөн буруу үнэлж шийдвэрээ гаргасан байна. Нэхэмжлэгч Д.Б-ын ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолт, одоо Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байрны зорилт, зорилго, ажлын байранд тавигдах шаардлага зэрэг өөрчлөгдсөн байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. Аялал жуулчлалын товчооны Соёлын ордны дарга, төмөр замчдад соёл урлагийн олон талт үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх, соёлын үнэт зүйлийг өвлүүлэх, төмөр замчдын уран сайхны боловсрол, нийтийн соёлыг дээшлүүлэх зорилготой байсан байхад, Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн соёлын ордны эрхлэгч нь МУ-ын ЗГ-ын болон Нийслэлийн ЗД-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан соёл урлагийн талаарх зорилт, Соёлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, төмөр замчдын хэмжээнд соёл урлагийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж биелэлтийг тайлагнах зорилготой байна. Мөн ажлын байранд тавигдах шаардлага зөрүүтэй байгаад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй шийдвэрээ гаргасан байна. Ийнхүү нотлох баримтыг буруу унэлж, хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй гаргасан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.21-ний өдрийн 102/ШШ2017/03128 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.05-ны өдрийн 124 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.Б- “Улаанбаатар төмөр зам” Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан тус нийгэмлэгийн харьяа Барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн Соёлын ордны эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Соёлын ордны даргын ажлын байр өөрчлөгдсөн, ажилтны хөдөлмөрийн гэрээг салбар нэгж татан буугдсан үндэслэлээр цуцалсан нь хуульд нийцсэн гэж маргажээ.
Ажилтан Д.Б-ыг Аялал жуулчлалын товчооны Соёлын ордны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14, Улаанбаатар төмөр замын 2017 оны А-226 тоот тушаалыг үндэслэл болгож, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-376 дугаар тушаал гарсан байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Зохион байгуулалт бүтцийг боловсронгуй болгох тухай” А-226 тоот тушаалаар Аялал жуулчлалын товчоог 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс шинээр Аялал жуулчлалын төвийг байгуулж, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан татан буугдсан Соёлын ордны ажилтнуудыг Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангид орон тоогоор шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ үйл баримтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэж үзэхгүй.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалд заасан “салбар нэгж татан буугдсан” бус харин хариуцагч байгууллагын салбар нэгж өөрчлөн байгуулагдсан нөхцөл тогтоогдож байх тул ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-ын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй талаар дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.
Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлсэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 124 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 84,536 /наян дөрвөн мянга, таван зуун гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН