Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 08

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                    Хэргийн индекс: 114/2018/0004/З

              Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6 дугаар байрны 20 тоотод оршин суух, Уваши овгийн Б.С- нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн мэдээллийн санд Отгонцагааны Энхдөлгөөнийг Баттөрийн Энхдөлгөөн гэж өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах” шаардлагатай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие Б.С- нь 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Энхдөлгөөнийг төрүүлж, эцэг болох Пунцагдорж овогтой Отгонцагаанаар овоглож төрсний гэрчилгээ авсан юм. Би П.Отгонцагаантай гэр бүл батлуулаагүй, хамтран амьдраагүй. Ингээд 2007 онд Пүрэв овогтой Баттөртэй гэр бүлж гэрлэлт батлуулсан тул охин Энхдөлгөөнийг Баттөрөөр овоглох хүсэлтийг тухайн үед оршин сууж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын улсын бүртгэлийн албанд нөхөр П.Баттөрийн хамт гаргасан юм. Үүний дагуу 258/10 дугаарт бүртгэгдсэн Баттөрийн Энхдөлгөөн гэсэн төрсний гэрчилгээ, мөн овог нэр өөрчилсөн тухай 10 дугаартай гэрчилгээ зэрэг бичиг баримтыг холбогдох газраас гаргаж өгсөн тул охин Энхдөлгөөнийг Баттөрөөр овоглож сургуулийн бичиг, баримт, банкны хадагламж, бусад бичиг баримтанд ашиглаж ирсэн. Охин Б.Энхдөлгөөн 2016 онд 16 нас хүрч иргэний үнэмлэх авахаар тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад мэдээллийн нэгдсэн сангийн төрсний бүртгэлд Отгонцагааны Энхдөлгөөн гэж бүртгэгдсэн тул энэ зөрчлийг шийдвэрлээгүй байхад иргэний үнэмлэх олгох боломжгүй гэсэн болно. Ингээд миний бие тус хэлтэст хувийн өргөдөл гаргаж асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан боловч хүсэлтийн дагуу охиныг төрсний гэрчилгээний дагуу Баттөр гэсэн овгоор иргэний үнэмлэх олгогдохгүй  учир нь овог нэр өөрчилсөн бүртгэлд /журнал/-д эхийн нэрээр овоглосон гэж бичсэн байхад Баттөрийн Энхдөлгөөн гэсэн гэрчилгээ олгосон, мөн холбогдох  маягтыг зохих газар хүргүүлж мэдүүлээгүй, энэ талаар нотлох баримт хангалттай биш байх тул хуулийн байгууллагад хандана уу гэсэн хариу өгсөн.

Энэ байдал нь иргэн миний буруу биш, харин улсын бүртгэлийн ажилтнаар ажиллаж байсан С.Гэрэлбаярын хариуцлагагүйгээс болж иргэний үнэмлэх олгогдохгүй болоод байна.

Өнгөрсөн хугацаанд 258/10 тоот төрсний гэрчилгээг бид хууль ёсоор олгогдсон баримт бичиг гэж үзэж хэрэглэж ирснийг нотлох бичгийн нотлох баримтууд, мөн анх овог нэр өөрчлөх талаар гаргаж байсан Б.С- миний болон нөхөр П.Баттөрийн хүсэлтүүд, 258/10 тоот төрсний гэрчилгээ, 10 тоот овог нэр өөрчилсөн тухай гэрчилгээ зэрэг баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд Отгонцагааны Энхдөлгөөн гэж бүртгэгдсэн бүртгэлийг Баттөрийн Энхдөлгөөн болгож өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

                                                                                             

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- Баттөрийн Энхдөлгөөн /ТБ00262709/-ны мэдээллийг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд шалгахад Отгонцагааны Энхдөлгөөн /ТБ00262709/ гэсэн овог, нэр, ТБ00262709 регистрийн дугаараар төрсний бүртгэл бүртгэгдсэн байх бөгөөд 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдөр овог, нэр өөрчлөлтийн бүртгэл хөтлөн Баттөрийн Энхдөлгөөн /ТБ00262709/ гэсэн төрсний гэрчилгээ бичиж олгосон боловч овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэл хөтлөх дэвтрийн 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлд бүртгэж бичилт хийхдээ Энхдөлгөөний эх болох Батчулууны С- /ПЮ76111429/-аар бүртгэсэн нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний баримтын архивын 2008 оны овог, эцгийн нэр, нэр өөрчилсний дэвтрээс харагдаж байна. Тухайн үед нэхэмжлэл гаргагч маань охиныхоо овог нэрийг нөхөр болох П.Баттөрөөр өөрчлүүлэн бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэл хөтлөн төрсний гэрчилгээ болон овог нэр өөрчилсний гэрчилгээ тус тус бичиж олгосон боловч Б.С-аар бүртгэж дэвтэрт бичилт хийсэн. Мөн цахим мэдээллийн санд өөрчлөлтийг тусгаагүй нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэний бүртгэл хариуцсан ажилтны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18.1, 18.9 дэх заалтуудын зөрчин бүртгэл хийсэн буруутай үйл ажиллагаа байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн мэдээллийн санд Отгонцагааны Энхдөлгөөнийг Баттөрийн Энхдөлгөөн гэж өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах” шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 310 тоот итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээ нь Отгонцагааны Энхдөлгөөнийг Баттөрийн Энхдөлгөөнөөр бүртгэж овгийг өөрчлөхдөө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэний бүртгэл хариуцсан ажилтан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18.1, 18.9 дэх заалтуудыг зөрчин цахим мэдээллийн санд өөрчлөлтийг тусгаагүй бүртгэл хийсэн буруутай үйл ажиллагаа байх ба ...нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд ирүүлжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” гэж тус тус заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-аас гаргасан нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн мэдээллийн санд Отгонцагааны Энхдөлгөөнийг Баттөрийн Энхдөлгөөн гэж өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах” шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.С-ад  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

                                   

ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА