Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 18

 

Н-д холбогдох хэргийн талаар

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэйхийсэн шүүх хуралдаанд :

Прокурор Д.Ариунжаргал

Өсвөр насны шүүгдэгч Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б, өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлоор Н-д холбогдох 201707000095 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч.Ерөнхий шүүгч Ш.Баттогтох илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах дүү  нарын хамт амьдардаг улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Дбие эрүүл, ухаан бүрэн, Урианхай овогт Э.Н нь 17 нас 02 сар 12 хоногтой байхдаа 2017 оны 06 сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 7-24 тоот хашаанд байсан монгол гэрийн цоожийг эвдэлж ороод гэрт байсан хөөрөг болон бусад эд зүйлсийг нууцаар хулгайлан авч, иргэнД-д 3.530.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Н-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н-ыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Э.Наранбаатарт оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Н-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 88 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 11 хоногийн хорих ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг 1 жил 2 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Ялтан Н-ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол хэсгээр муруйсан төмөр нэг ширхэг, хос хар гутлыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдол тайлбартаа: Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүээр сарын 29-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Н-ыг гэм буруутайд тооцож, гэм хэрэг хийсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хорих хугацаа нь 2-8 жил байхаар хуульчилж өгсөн.

Иймд өсвөр насны шүүгдэгч Н-д тухайн гэмт хэргийн хорих санкцийн доод хэмжээ болох 2 жилээр хорих ял оногдуулж, тухайн оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жил болгож оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, өсвөр насны шүүгдэгч Н-д ял шийтгэл оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор: Шүүх өсвөр насны шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн 17.1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ял оногдуулаад Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийг журамлан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг багасган биеэр эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, хорих ялаас чөлөөлөх гэж ярьж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн гэж байгаа хэдий ч тухайн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Н нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1.1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял байхаар шийтгэгдэж хугацаандаа хот руу яваад ялаа тасалдуулж алга болсон. Үүн дээр эдлээгүй үлдсэн ялыг нэмж тооцоод шүүх тухайн шүүгдэгчид хорих ялыг 2 дахин багасгаж оногдуулсан байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, гэм буруугаа хүлээн

 

зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэлт хийж шийдвэрлэснийг хуульзүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоон хорих ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн гаргасан "...Ял хасаж хөнгөрүүлж өгнө үү" гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр  сарын  29-ний  өдрийн  66 дугаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Н-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

З.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.ЭНХТӨР

ШҮҮГЧИД                                     Ж.БАТТОГТОХ

                                                     Ш.БАТТОГТОХ