Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0605

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх тендерт сонгон шалгарч, Үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан боловч манай компанид “мэдэгдэл” хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах, Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болон 10-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлийг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/-ын тендерийг үнэлэх үеийн хурлын тэмдэглэлийг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Дахин хуралдсан” хурлын тэмдэглэлийг, Захиалагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д, гүйцэтгэгч “Х б” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга болон БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга 240 суудал барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... “Х” ХХК барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2005 оноос үйл ажиллагаа явуулж байна. Манай “Х” ХХК нь улсын бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавсралт болон гэрээний хамт, нийгмийн даатгалын шимтэл төлсөн тодорхойлолт /2018 оны бүтэн жил, 2019 оны эхний улирлын ногдуулалт орсон байдлаар тооцооны хуудас, барилгын инженер, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер, сантехникийн инженер, цахилгааны инженер, мэргэжилтэй 10-аас доошгүй ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тооцооны хуудас, ажлын байдлын тодорхойлолт татварын өрийн тодорхойлолт, харьяалагдах шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт, хариуцагчийн банкны мэдээлэл, өмнө хийж гүйцэтгэсэн ажлын захиалагч байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудыг хуулийн дагуу цуглуулж тендер сонгон шалгаруулалтад оролцсон.

Тендер сонгон шалгаруулалтад нийт 7 компани оролцсон. “Х” ХХК барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2005 оноос үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны 05 дугаар сард Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерт оролцсон. Тендер шалгаруулалт өгөгдлийн дагуу захиалагчаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар нь нээлттэй тендер шалгаруулалт зарласан. Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийхээр, гүйцэтгэж дуусах хугацаа 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгахаар, санхүүжилт нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь 1,850,000,000 төгрөгийн санхүүжилттэй тендер сонгон шалгаруулсан.

“Х” ХХК нь тендерт сонгон шалгарсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 буюу шаардлагад нийцсэн сайн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгох тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан.

Гэтэл Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 334 дүгээр албан бичгээр дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн гэж хариу ирүүлсэн. Дээрх хариу мэдэгдэх хуудсыг аваад Сангийн яам болон Авилгатай тэмцэх газар гомдол гаргасан. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар нэгэнт хуралдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг өөрчлөх хуульд заасан эрх хэмжээ байхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасны дагуу энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү...” гэх мэдэгдэл ирээгүй. Ховд аймгийн Засаг дарга, орлогч дарга нарт гэрээ байгуулах тухай хүсэлт, гомдлыг удаа дараа гаргасан боловч хариу өгөөгүй тул нэхэмжлэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 178 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэслэн шийдвэрлэх хүртэл захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгуулахаар хүсэлт гаргасан, хүсэлтийг хангахаас татгалзаж гомдол гаргах эрхгүй шүүгчийн захирамж гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд “... Тендерт оролцсон компаниудыг тендерт шалгараагүй, дахин тендер авлигатай тэмцэх газраас шалгаж, Ховд аймгийн Цагдаагийн газар руу шилжүүлсэн. Тиймээс уг хэргийг шалгаж дууссаны дараа захиргааны хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул захиргааны хэргийг түдгэлзүүлэх, захиргааны хэргийг нэгтгэх тухай хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан.

Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шүүгчээс татгалзах, тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүгээс шүүгч Г.Я болон Ховд аймгийн Захиргааны эргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж хүсэлтүүдээ удаа дараа гаргаж байсан боловч Ерөнхий шүүгч болон Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж байсан.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь тус шүүхэд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан болов шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй захирамжууд гаргаж байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг хуулиар тогтоосон богино хугацаанд хянан шийдвэрлэдэг, шуурхай шийдвэрлэх нь төсвийн тогтвортой байдал, хариуцлагатай байх зарчмыг баталгаажуулсан, худалдан авах үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй болох зэрэг олон эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой байдаг. Гэтэл уг тендертэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэтэрхий удаашралтай явагдсанаас шалтгаалж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнд гомдолтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчилсан. “Х” ХХК-ийн зүгээс Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 05-ны 6-1/5211 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гардан авсан тул хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж “Х б” ХХК-г гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

Гэтэл дээрх 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэний улмаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал гарч 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №03 дугаартай сургуулийн барилга, 240 суудал ажлын тендерийг үнэлэх үеийн хурлын тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №04 дугаартай “Дахин хуралдсан” хурлын тэмдэглэл үйлдсэн байна. Улмаар захиалагч Аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч “Х б” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр БСШУСЯ/202001240 дугаартай барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар 47.7-д үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4.1-д үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана. 4.2-т Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно. 4.1-т хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно.

Гэтэл Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэгчээр “Х” ХХК нь шалгарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхээс үл хамаарч цаг хугацааны хувьд бодит нөхцөл байдал, мөн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хувьд нэхэмжлэлийн шаардлагаг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан БСШУСЯ/202001240 дугаар “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/-ын ажлын тендер шалгаруулалтын материалыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авч нээхэд нэхэмжлэгч “Х” ХХК болон  “Х ш а” ХХК, “Б б” ХХК, “Д” ХХК, “Х у к” ХХК, “Д х” ХХК, “Б э” ХХК-иуд тендерт оролцохоор материалаа ирүүлжээ.  

Тендерийн үнэлгээний хороо 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Хуралд оролцсон үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн санал авч чадаагүй тул дахин хуралдахаар”, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Хуралд оролцсон Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн санал авч чадаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар шаардлага хангасан нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж дахин хуралдахаар” тус тус шийдвэрлэсэн талаар тусгасан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас дээрх шийдвэрт холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/5211 дүгээр албан бичигт захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Уг шийдвэрийн дагуу дахин тендер зарлагдаж, гуравдагч этгээд “Х б” ХХК шалгарсан бөгөөд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 444 дүгээр албан бичигт дурдсанаар барилга угсралтын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх “... Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барих барилгын ажлын гүйцэтгэгчээр “Х” ХХК нь шалгарсан болох нь тогтоогдох боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхээс үл хамааран цаг хугацааны хувьд бодит нөхцөл байдал, мөн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгч нь “хамгийн сайн тендер” ирүүлсэн байхад маргаан бүхий актуудаар дахин тендер зарлаж, өөр этгээдийг шалгаруулж, гэрээ байгуулсны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан тул шүүх энэ талаар дүгнэж шийдвэрлэх учиртай. Энэ талаар давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ шалтгаанаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2[1], хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ ажлын тендерийн баримт бичиг, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-ийн в-д “Инженерүүд компанийн үндсэн ажилтан байх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2019 оны бүтэн төлөлт, мөн 2020 оны 1,2,3,4,5,6,7 саруудын төлөлтийг ирүүлэх”, 5.3 б-д “... дуусаагүй ажлын гүйцэтгэл 95 хувь байх шаардлагатай мөн дуусаагүй ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолтыг заавал ирүүлнэ” гэж тус тус заасныг нэхэмжлэгч хангаагүй учраас эсрэг санал өгсөн, энэ утгаар бүх тендер шаардлага хангаагүй учраас дахин тендер зарлаж явуулсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн “Х” ХХК-ийн тендерийн материалд үзлэг хийсэн тэмдэглэлд “Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2/2080 дугаар албан бичигт ““Х” ХХК нь сургуулийн спорт заалны барилга /Ховд, Булган сум, 1 дүгээр сургууль/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан БСШУСЯ/201902109 дугаартай гэрээний дагуу өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 70 хувьтай хэвийн үргэлжилж байна” гэж, холбоо дохиоллын инженер Г.Б нь үндсэн ажилтан биш, нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, ерөнхий инженер А.Т-ийн 2019 оны 1,2,3,4 дүгээр саруудын нийгмийн даатгалын төлөлт байхгүй” зэргээс үзвэл нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагуудыг хангасан материалыг бүрдүүлэн өгөөгүй нь тогтоогдож байна.

Иймд “Х” ХХК-г хамгийн сайн тендер ирүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй байх тул Үнэлгээний хороо, захиалагчаас гаргасан шийдвэрүүд, дахин тендер зарласантай холбоотой шийдвэр, гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт, нотлох баримт гаргуулах, шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т “Энэ хуулийн 112.1.3, 112.4-т заасан маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй” гэж заасан тул анхан шатны шүүхийн шүүгч захирамжид “гомдол гарах эрхгүй” байхаар заасан нь үндэслэлтэй байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, үүнээс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид гомдол гаргасан зэргээр хуульд заасан шаардлагатай ажиллагааг хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

[1]Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”