| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0077/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 81
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Г.Э,
Өмгөөлөгч: Э.Дөлгөөн,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Г-ын Эод холбогдох 2028001140075 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ........................................ төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ах, дүү, нарын хамт ................................. тоотод оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны ........ дугаар сарын 02-ны өдрийн ................ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ............ дугаар зүйлийн ........... зааснаар .................... ял шийтгүүлж байсан, ................. овгийн Г-ын Э, регистрийн дугаар .............................,
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрт 14 настай Э.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Эыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг болдог өдрийн өмнөх өдөр нь А-ийн аав Ө гэж хүн худаг дээр өвөл үхсэн байсан малыг мөснөөс нь салгаад ир гээд А бид хоёрыг мотоцикльтой явуулсан. Бид хоёр тэрнийг нь салгачихаад явж байснаа би өглөө цайгаа уугаагүй явж байсан болохоор доод айлд очиж хоёулаа цай ууя гэхэд Ш за тэгье гээд хоёулаа очсон. А миний дээх нь талд хажууд суугаад байж байхад Ц гэж хүүхэд мах гаргаж өгсөн. Тэгээд мах өшиглөөд идээд сууж байхад А тэр хоёр маргалдаад байсан. А болохоор чи усан дээр яаж томорлоо гээд хутгатай гараараа зааж яриад байсан. Тэгэхээр нь би боль гээд холдуулсан. Тэгээд байж байснаа ахын дүү нэг аймгийн хүмүүс байж яах гэж ингэдэг юм бэ гэхэд Ц гэх хүүхэд надтай огт юм дугараагүй. Тэгэхээр нь Ц ахын дүү намайг үл тоогоод байна уу даа гэхэд над руу нэг муухай харангуутаа цаашаа амандаа нэг юм шивнээд өнгөрсөн. Ц хажуу тийшээ хараад орон дээр хэвтэж байсан болохоор би мөр рүү нь цохих гэж байгаад санаандгүй цохичихсон. Тэгээд юу ч хэлэхгүй гараад явсан. Мотоциклио эргүүлэх гээд байж байхад 30 минутын дараа А араас гараад ирсэн. Тэгээд бид хоёр мотоциклиороо явсан.
Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Булган сумын Хавцгайт багийн нутаг Муруй хавцгайт гэдэг газар Өлзийт гээд эгчийнх намайг гуйгаад ямааны тарз самнаад өгөөч гэсэн. Тэгээд би тэднийд 12 цагийн үед очоод ямааны тарз самнаад байж байхад А, Э гээд хоёр ах ирсэн. Тэгээд Өлгийт эгчийг цай хийж өгөөрэй гэсэн чинь цай дуусчихсан гэсэн. Тэгэхээр нь мах чанасан байсан чинь тэр хоёр түмпэнтэй мах ширээний хажууд байсан аваад идэх гэхэд нь хутга байгаагүй. Тэгэхээр нь би хутга аваад өгсөн. Тэр хоёр мах идэнгээ юм ярьж сууж байснаа А ах манай энэ залуу шоронд 1 жил 6 сар яваад ирсэн гээд яриад байсан. А ах над руу хутгаар заагаад яриад байсан. Тэгсэн Э гэдэг ах гэнэт хажуунаас орж ирээд намайг чи шазуураа зуугаад байгаа юм уу гэснээ нүд рүү цохисон. Тэгснээ Э гэдэг ах гэрээс гараад явсан. А ах зүгээр үү? уучлаарай ээждээ битгий хэлээрэй гэчихээд гэрээс гараад явсан... Сумын төвийн эмийн сангаас 40.000 төгрөгийн эм, аймгийн төвд очоод эмийн сангаас 12.100 төгрөгийн эм авсан. Замын зардал гээд аймгийн төв рүү 1 хүн 10.000 төгрөгөөр ирэх очихын 40.000 төгрөг, хөдөөнөөс хүний машинд бензин 20 литр мөнгө 35.000 төгрөг, нийт 97.100 төгрөгийн хохирол учирсан. Ахиж зодож цохихгүй байгаасай л гэж бодож байна, бусдаар гомдол санал байхгүй. /хх-ийн 21-р хуудас/
Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 сарын 05-ны өдөр 13 цагийн үед байсан байх А Эн /Э/ хоёр мотоцикльтой ирсэн. Яах гэж ирснийг нь мэдээгүй. Гэрт ороод ирэхээр нь Н хүмүүст цай хийж өг гээд Н цай хийж өгөөд урьд өдөр тэмээний мах чанасан байсан, түмпэнтэй мах авч өгөөд тэр хоёр мах идээд сууж байсан. А, Э /Э/ Ц тэр гурав цэргийн тухай л яриад байцгаасан. Тэгсэн Э нь хутга барьж байснаа хүнийг хутганы үзүүрээр 2 см шаахад үхдэг юм гээд яриад байсан. Би хүн хутгалаад 3 жил авч байсан, тэгээд 1 жил 5 сар яваад ирсэн гээд тэр хоёрт яриад байсан. Тэгээд А Н руу хүүхэд тэгж томордоггүй юм би хэзээ ч ганцаардахгүй, хийвэл бүү ай, айвал бүү хий гээл томроод л байх шиг харагдсан. Тэгсэн А хутгатай чигээрээ босож очоод Н руу томроод надад чамайг дүрсэн байхад харамсах юм байхгүй, бодох санах юм байхгүй гээл томроод байсан. Харин Н-г А цохиж зодоогүй наадах Э /Э/ гэдэг нь босож очоод Аг хориод хойшоогоо гэж хэлснээ Нямбууг хойд орон дээр сууж байхад нүд рүү нь цохисноо гэрээс гараад яваад өгсөн. Гэрийн гадаа удаагүй А гарсан. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. /хх-ийн 26-27-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Цгийн биед тархины доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед хөдөө Булган сумын Хавцгайт багийн нутагт байдаг ахындаа очоод хоёр хоносон. Тэгээд 2020 оны 04 сарын 05-ны өглөө А бид хоёрыг Ө ах худаг дээр өвөл үхсэн байсан. Малыг мөснөөс нь гаргаадах гэхээр бид хоёр яваад худаг дээр очоод нөгөө малыг нь гаргачихаад доод айл болох Өлгийт гэдэг айл руу очсон. Тэднийд очиход Ө гуай бас нэг хүүхэд байсан. Тэгээд тэр айл түмпэнтэй мах тавьж өгсөн. Тэр махнаас идээд цай уугаад сууж байтал А мах идэж байснаа хутгатай гараараа тэр Н гэдэг хүүхэд рүү заагаад хоёулаа гарчих уу? үзчих үү? гээд байсан. Тэгэхээр нь би босож очоод Аг боль гээд хутгыг нь аваад цааш нь тавьчихаад яриаг нь сонсоод сууж байтал А тэр хүүхэд хоёр юу юугүй зодолдох гээд байх шиг шинжтэй болсон. Тэгэхээр нь Аг явъя гэж хэлээд А-ийн хажуугаар нь гараад хойд орон дээр сууж байгаа Н гэдэг хүүхэд дээр очоод та нар нэг нутгийн хүмүүс байж яах гэж тэгж байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн тэр Н гэдэг хүүхэд юм дуугараагүй А руу Ш ах яах гэж ингэж хэлж байдаг юм гээд байсан. Тэгээд Нямбуу руу чи ахыгаа нээх тоохгүй байна уу гэж хэлсэн чинь над руу нээх муухай харсан. Тэгэхээр нь би мөр хэсэг рүү цохъё гэж бодоод цохисон чинь баруун нүдэнд нь цохичихсон. Тэгээд өөр юм хэлээгүй гэрээс гараад мотоциклио асаагаад Аг дуудсан чинь А гэрээс гарч ирээд явъя гээд бид хоёр гэр рүүгээ харьсан. /хх-ийн 47-48-р хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 07-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/
Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаартай тодорхойлолт /хх-ийн 72-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 76-77-р хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /хх-ийн 78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрт 14 настай Э.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Цгийн биед тархины доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 30-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Г.Э нь өөрийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан гэм хорыг арилгахыг насанд хүрээгүй хохирогч шаардах эрхтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн төлбөрт 97.100 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчийн хувьд 97.100 төгрөгийг төлнө гэх тайлбар гаргаж байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн төлбөрт шүүгдэгч Г.Эоос 97.100 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Хуульд зааснаар бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгох ба хохирогч Э.Ц нь 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр 14 нас, 5 сар, 24 хоногтой буюу 18 насанд хүрээгүй байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд .................................. зэрэг хувийн байдлыг нь тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан хуульд заасан хамгийн бага хэмжээ буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч Г.Эод ял оногдуулахдаа улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал болон эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүний хүмүүжилд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажил болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны харьяанд нийтийн эзэмшлийн зам гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа арчилгааг хийлгэж, шүүхээс оногдуулсан ялыг эдлүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн Г-ын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эод 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажил болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны харьяанд нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа арчилгаа хийлгэж эдлүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эоос 97.100 /ерэн долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Энхтуул /...........................х/ нарт тус тус олгохоор тогтсугай.
6. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА