| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0078/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 82
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч З.М,
Шүүгдэгч: А.П,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.П-т холбогдох 2028001200077 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “Ёл Ази” ХХК-нд экскаваторын оператор ажилтай, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан,
Шүүгдэгч А.П нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы 04-25 тоотод гэртээ эхнэр З.М-н хүзүүн тус газарт заазуураар зүсэж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.П-ийн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч А.П шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй.
Хохирогч З.М шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч З.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Пүрэвтэй 2016 оноос эхлэн хамт амьдарч байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа нэг хүүхэд, дагавар нэг хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ амьдардаг. П уурхайд оператораар ажилладаг. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ байгаад П ус зөөж ирчихээд дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн хараа архи, 2.5 литрийн пиво зэргийг аваад өдөр 12 цагийн үед гэртээ бид хоёр хувааж ууж байхдаа П найз Баттөрийг дуудсан. Баттөр нь 16 цагийн үед ирсэн. Тэр хоёр хагас шил архиа хувааж уугаад сууж байхад би Пүрэвийн хуучин эхнэрийг нь яриад тэр хүүхэн манайд ирсэн гэсэн яах гэж ирсэн юм. Чи очоод байдаг юм уу гэж асуухад П уурлаад хэрэлдэхэд Баттөр гараад явчихсан. П хөргөгч онгойлгоод дотор нь байсан ногоон иштэй заазуурыг аваад миний хүзүүний хажууд зүсчихээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь дахиад заазуураар миний хамар дээр зүсчихсэн. Би боссон чинь миний бөгс рүү өшиглөсөн. П гараад зугатаачихсан. Би ахынхаа охин Анужин руу утсаар яриад нөхөр намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Анужин манай охиныг аваад ирсэн. П-ийн ээж нь бас ирээд эмнэлэг дуудаад цагдаа нар ч ирсэн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гэртээ байхад манай аавын төрсөн дүү М эгч 17 цаг 30 минутын үед над руу утсаар яриад манай нөхөр А.П намайг хутгалчихлаа хүрээд ирээч гэж дуудахаар нь эгчтэйгээ хамт Гурвансайханы 4-25 тоот гэрт нь очиход З.М эгч гэртээ хүзүүнийхээ хэсэгт хамар дээр нь зүсэгдсэн шархтай хүүхэд нь цусыг нь тогтоох гээд байж байсан. Гэрт нь нөхрийн ээж нь ирчихсэн байсан. Би цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 24-р хуудас/
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр гэртээ байхад 13 цаг өнгөрч байхад манай найз Пүрэв над руу утсаар яриад манай гэрт хүрээд ир гэхээр нь би ганцаараа яваад Гурвансайханы 4-25 тоот гэрт нь очсон. А.П эхнэр З.М болон бага хүүхэдтэйгээ байсан. Тухайн үед тэр хоёр хагас шил 0.5 гр архи уучихсан, хажууд нь 2.5 литрийн савлагаатай пиво уучихсан сууж байсан. Надад архи, пивоноосоо өгсөн, ярилцаад сууцгааж байсан чинь А.П эхнэртэйгээ муудалцаад эхнэрийгээ харааж загнаад байсан. Би гэрээс нь гараад явчихсан, намайг тэднийхээс гарч явахад 16 цаг нилээд өнгөрчихсөн байсан. Би эргэж очоогүй. /хх-ийн 25-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №288 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
А. З.М-ын хүзүү болон хамарт зүсэгдсэн шарх, зүүн өгзөгөнд үүссэн гэмтэл учирсан байна.
Б. З.М-ын хүзүү болон хамарт учирсан гэмтлүүд нь иртэй зүйлээр, зүүн өгзөгөнд учирсан гэмтэл нь мохоо зүйлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
В. Учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Г. З.М-ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/
Шүүгдэгч А.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай эхнэр З.М бид хоёр гэртээ байхдаа 1 шил архи, 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво хувааж ууж байхдаа би найз Баттөрийг дуудсан. Үдээс хойш Баттөр ирсэн бид нар архи хувааж ууж байхад эхнэр намайг миний өмнөх эхнэртэй хардаад элдвээр хэлж доромжлоод байхаар нь би уурандаа заазуур бариад эхнэрийнхээ хүзүүний хажуу талд зүсчихсэн. Эхнэр миний гарнаас заазуур булаацалдаж байхдаа өөрийнхөө хамар дээр зүссэн тэгээд эхнэрийн хүзүүнээс цус гараад байхаар нь би цусыг тогтоосон. Ээжийгээ дуудсан намайг гэрийн гадаа ээжтэй утсаар ярихад эхнэр гэрт хүнтэй утсаар яриад дуудаад байсан. Удалгүй манай ээж ирсэн бас эхнэрийн эгчийнх нь хүүхэд ч ирсэн. /хх-ийн 37-38-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-34-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаартай тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/
“Ёл Ази” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/20/09 дугаартай ажлын байрны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.П нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы 04-25 тоотод гэртээ эхнэр З.М хүзүүн тус газарт заазуураар зүсэж, өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №288 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.М-ын хүзүү болон хамарт зүсэгдсэн шарх, зүүн өгзөгөнд үүссэн гэмтэл учирсан байна. З.Мөнхзулын хүзүү болон хамарт учирсан гэмтлүүд нь иртэй зүйлээр, зүүн өгзөгөнд учирсан гэмтэл нь мохоо зүйлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байна. З.М-ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.П нь хохирогч З.М-тай 4 жил хамт амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч А.П нь эхнэр З.М-ыг заазуураар хүзүүний баруун тал болон хамрыг нь зүсэж, өгзөг рүү нь өшиглөж хөхрүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.П-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Мөнхзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би А.П-тэй эвлэрсэн, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст бүртгэгдсэн” /хх-ийн 40-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6-р багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 501 дугаартай тодорхойлолтод: “Ажирахгүй овогтой Пүрэв, КЮ82101214, тоот регистрийн дугаар дугаартай ам бүл 4-үүл амьдардаг. Тус багийн өрх хүн амын бүртгэлд байгаа нь үнэн болохыг тодорхойлов.” /хх-ийн 47-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч А.П нь шүүхээс оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пүрэв нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шил 1 ширхэг, заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.П-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-т 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.П нь шүүхээс оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шил 1 ширхэг, заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хохирогч З.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА