| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0423/Э |
| Дугаар | 0463 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 0463
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.С ,
улсын яллагч А.Т /томилолт/,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн Г-ад холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл-2, ээжийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо Одонтын ... тоотод оршин суух, урьд нь
Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас заримыг нь буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 298 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаартай захирамжаар 01 жил 02 cap 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүнд ялд хөнгөн ялыг багтааж нийт 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 50а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 04 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүнд ялд хөнгөн ялыг багтааж нийт 04 жилийн тогтоож, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Б-гийн Г /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр согтуурсан байх үедээ Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо Тоосгоны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух Ч.Д-гийн эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч 620.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11х/, Хохирогч Ч.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 19х/, гэрч Н.М-ын мэдүүлэг /хх-ийн 23х/, Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35х/, шүүгдэгч Б.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 102-151х/, шүүгдэгч Б.Г ын мэдүүлэг /хх-ийн 64х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан байх үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо Тоосгоны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух Ч.Д-гийн эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч, 620.000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдсан болох нь:
Хохирогч Ч.Д-гийн : “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тоосгоны ... дүгээр гудамжны ... тоот хашаанд байдаг байшиндаа эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд манай хүүхдүүд шөнө 04 цагийн орчимд ажлаасаа тараад ирдэг учир хаалгаа онгорхой унтдаг юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой болоод хүүхдүүд ирээгүй тул байшингийнхаа хаалгыг хаагаад, түгжилгүй орхиод би байшингийн том өрөөний хойд талд байх орон дээр, манай эхнэр байшингийн том өрөөний голд байх ширээний зүүн талд унтсан юм. Тэгтэл шөнө 04 цагийн орчим гэрт чимээ гарахаар нь сэрээд хартал манай том өрөөний баруун талд байх зурагтын тавиурын хажууд нэг эрэгтэй хүн зогсчихсон манай зурагтыг тэвэрчихсэн авч гарах гээд байж байсан. Тэгэхээр нь би босоод тэр хүнийг барьж аваад орон дээр дараад суулгасан чинь тэр хүний өврөөс нь манай үсний индүү унасан. Тэгтэл эхнэр тэр хүнээс “чи миний гар утсыг авсан уу” гэхэд тэр хүн манай эхнэрийн самсунг эс6 маркийн шар өнгийн гар утсыг гаргаж ирээд өгсөн. Тэгээд цагдаа ирээд бид хоёр гар утас, үсний индүү, зурагтаа буцаагаад авчихсан байсан учир тэр хүнийг аваад явсан. ...Уг хүн хулгай хийх гэж байснаас болж би 10.000 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн. Тэгэхээр би уг 10.000 төгрөгөө нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
Гэрч Н.М-ын: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой хүүхдүүд ирээгүй байсан учир нөхөр Д бид хоёр хүүхдүүдийг шөнө ирнэ гээд хаалгаа онгорхой унтсан юм. Гэтэл шөнө 04 цагийн орчимд гэрт чимээ гарахаар нь сэрээд хартал манай том зурагтыг тэвэрчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь цочоод юу болж байгаа юм бэ гээд босоод иртэл манай нөхөр Д тэр хүнийг барьж аваад орон дээр дараад суулгасан чинь тэр хүний өврөөс нь үсний индүү унасан. Тэгээд шууд цагдаа дуудах гэхэд тэр эрэгтэй хүн “битгий цагдаа дуудаач, хоорондоо ярилцаад тохиръё” гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ цагдаа дуудна гээд утсаар залгах гээд утсаа хайгаад олохгүй болохоор нь тэр хүнээс “чи миний гар утсыг авсан уу” гэж асуусан чинь тэр хүн халааснаасаа миний гар утсыг гаргаж ирээд надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...нийт дүн 620.000 төгрөг” /хх-ийн 34-35х/,
Шүүгдэгч Б.Г ын: “...Би таньдаг айлындаа очих гэж явж байгаад андуураад орчихсон байсан. Нэг ухаан орсон чинь нэг айлд зурагтын залгуурыг салгаад зогсож байсан. Тэгээд тэр айлын эмээ нь намайг “чи яаж байгаа юм чи” гэж хэлээд цохиж авч байх шиг байсан. Тэр айлаас би зурагт, гар утас, үсний индүүг нь авах гэж байгаад баригдсан байсан. ...Би уг айлд баригдсан учир уг айлын эд зүйлсийг нь бүгдийг нь хүмүүст нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ч.Д-гийн орон байр болох байшин руу шөнийн цагаар, унтаж амарч байх үед нь хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авахыг завдсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд Б.Г нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан эд зүйлсийг 620.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь эд зүйлсийг газар дээр нь буцаан өгсөн, хохирогч Ч.Д шууд бус зардал болох үнэлгээ хийлгэсний төлбөр 10.000 төгрөгийг нэхэмжлэнэ гэх тул шүүгдэгч Б.Г аас гаргуулж түүнд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэхийг завдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан байна.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн түүний хувийн байдал /өмнө 7 удаа ял шийтгэгдэж байсан, мөн архины эмчилгээнд явж, ажилд орж өөрийн хөдөлмөрөөр мөнгө олж байгаа буюу нийгэмших гэж оролдож байгаа нөхцөл байдал зэргийг аль алиныг нь/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн тус зүйл анги нь хорих ялаас өөр ялын санкцгүй тул шүүгдэгч Б.Г-ын хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-гийн Г-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г аас 10.000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Д-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ