Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 0465

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.С,

            улсын яллагч Х.О ,

            хохирогч О.Т,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Т /ҮД-2571/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Г-гийн Б-д холбогдох эрүүгийн 1908058300525 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн машины ашиглалт, инженер мэргэжилтэй, “Toп ган дриллинг” ХХК-д машины засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Галуут сумын ... дугаар баг, Баянхошуу, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Г-гийн Б /РД:................../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн О.Т гээс  “...Батлан хамгаалахын их сургуульд дүүг чинь найдвартай оруулж өгнө, 3 сая төгрөг шаардлагатай...” хэмээн өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн хуурч, өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар 1.500.000 төгрөг, 500.000 төгрөг, 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч О.Т-ий мэдүүлэг /хх-ийн 16х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Н.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 22х/, шүүгдэгч Г.Бийн эзэмшлийн Хаан банкны ...дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 33-39х/, хохирогч О.Т гийн эзэмшлийн ... дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-49х/, гэрч П.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 56х/, Монгол улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бакалаврын болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрт элсүүлэх элсэлтийн журам /хх-ийн 60-62х/, Монгол улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/320 дугаартай албан бичиг /хх-ийн 66х/, гэрч Б.Эий мэдүүлэг /хх-ийн 75х/, гэрч С.Лгийн мэдүүлэг /хх-ийн 78х/, Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 83х/, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 87х/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90х/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 89х, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2 ширхэг баримт/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн О.Т гээс “Батлан хамгаалахын их сургуульд  дүүг чинь найдвартай оруулж өгнө, 3 сая төгрөг өгөх шаардлагатай” хэмээн худал хэлэн хуурч, өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансаар нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч О.Т ий: “...2019 оны 08 дугаар сарын дундуур манай эхнэрийн талын дүү Ё надтай уулзаад “би энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, одоо Батлан хамгаалах их сургуульд ормоор байна танд таньж мэддэг хүн байна уу” гэж асуухаар нь өөрийн хамаатны дүү Батлан хамгаалах их сургуулийг төгссөн Баатархуяг руу залгаад асуухад цааш асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа над руу залгаад манай онжав найз оруулж өгч чадна гэж байна гээд Б гэж хүнтэй холбож өгсөн. Би Б-тэй утсаар ярихад бичиг баримтыг нь аваад хүрээд ир гээд хорооллын эцэст уулзсан. Б Батлан хамгаалах их сургуульд оруулж өгөхөд 3 сая төгрөг болно гэж хэлэхээр нь би дүү Ё-гийн бичиг баримтыг өгөөд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... гэх Хаан банкны данс руу 1.500.000 төгрөг шилжүүлж, утга дээр нь “Тэмүүжин сургалтын төлбөр”, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлж утга дээр нь “Ё төлбөр”, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлж, утга дээр нь “Т-с” гэж бичиж, нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл холбоотой байсан. Надад Батлан хамгаалах их сургуульд аудитын шалгалт ирсэн, арын хаалганы хүүхдүүдийг оруулах боломжгүй байна, түр хүлээж байгаарай, удахгүй бүтнэ гэх зэргээр шалтаг хэлээд байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар cap гараад утас нь холбогдохгүй болсон. ...Би мөнгөө Хаан банкны Интернет банк ашиглаж шилжүүлсэн. Одоо би хохирлоо авсан, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч Н.Б-гийн : “...Би 2012 онд Батлан хамгаалах их сургуульд элсэн орж Б-тэй 1 ангид хамт 4 жил суралцаж төгсөөд Б 014 дүгээр ангид томилогдож, би 340 дүгээр ангид томилогдсон. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 08 дугаар сард над руу залгаад Баянхонгор аймгийн нүүрсний уурхайд том тэрэгний жолооч хийж байгаа, буцаад ажилдаа орно гэж ярьж байсан. Тэгээд Батлан хамгаалах их сургуульд оруулах хүн байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэрнээс 1-2 хоногийн дараа манай хамаатан Тэмүүжин залгаад Батлан хамгаалах их сургуульд хүүхэд оруулаад өгөх хүн байна уу гэж асуухаар нь найз Б-ний дугаарыг өгчхөөд энэ залуутай утсаар ярьчих гэж хэлж таслаад Б рүү залгаад чам руу хүн залгана шүү, та хоёр өөрсдөө учраа олоорой гэж хэлсэн. 2019 оны 11 сарын дундуур Дорноговь аймгийн Мандах суманд ажиллаж байхад Цагдаагийн газраас залгаад Б-ний талаар ярихаар нь мөнгө аваад алга болсныг нь мэдсэн. Тэгээд Б рүү залгахад утас нь холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

Шүүгдэгч Г.Бийн эзэмшлийн Хаан банкны ...дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга:  “......тоот данснаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг шилжиж орлого болж орсон” /хх-ийн 33-39х/,

 

Хохирогч О.Т гийн эзэмшлийн ...дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-49х/,

 

Гэрч П.Д-ийн: “...ҮБХИС-д боловсролын яамнаас тогтоож өгсөн босго онооны дагуу элсэлт авдаг. Манай сургуульд орох гэж байгаа хүүхэд ямар ангид орох гэж байгаагаасаа шалтгаалаад 480 онооноос дээш оноо авдаг. Хоёрдугаар шалгалтын оноо нь 400 онооноос дээш байж тухайн хөтөлбөрт элсэн орох боломж нь бүрддэг юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хэрнээ оноо нь хүрэхгүй байгаа тохиолдолд дээд боловсролын мэдээллийн системд бүртгэгдэж авдаггүй болохоор болохгүй. Ганзоригийн Б гэх хүн манай сургуульд хүүхэд оруулах гэж байсан болон оруулж байсан удаа байхгүй. Ер нь манай сургуульд элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноондоо тэнцээгүй бол ямар ч орох боломжгүй байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56х/,

 

Шүүгдэгч Г.Б-ний өгсөн: “...би урьд өмнө нь Батлан хамгаалахын их сургуульд хүн элсүүлж байсан асуудал байхгүй. ...би тухайн 3 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээ, ойр зуурт зарцуулаад дуусгачихсан...”  мэдүүлэг /хх-ийн 71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б  нь хохирогч О.Т д Батлан хамгаалах Их сургуульд мөнгө өгөөд орж болдог, дүүг чинь оруулж өгч чадна хэмээн худал хэлж, бусдыг итгүүлж, тэднээс үнэ төлбөргүй мөнгө төгрөгийг өөртөө шилжүүлэн авч гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Б-ний дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч Г.Б-нийг  бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Г.Б нь хохирогч О.Т-д нийт 3 сая төгрөг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Б-ний өмгөөлөгч нь “...Шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгч Г.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготой эсэхийг илэрхийлсэн баримттай зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд торгох ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

            1. Ж овогт Г-гийн Б-нийг бусдыг хуурч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.    

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г. АЛТАНЦЭЦЭГ