Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 1

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 112-01 тоотод оршин суух Чонос овогт Дагдандоржийн Бямбадолгорын нэхэмжлэлтэй Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай аймаг дахь салбарын даргад холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгч Д.Бямбадолгор, хариуцагч Б.Дэмбэрэлсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бямбадолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай салбарт данс хөтлөгч, оператор, байцаагч-монтёроор ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай салбарын даргаар Б.Дэмбэрэлсайхан томилогдон ажилласан. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өрөөндөө дуудаж байна гэсний дагуу очиж уулзахад авлага ихтэй байна бууруул гэсэн үүрэг өгсөн. Гэтэл гэнэт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халах тухай тушаал гаргасан байсан. Мөн мэргэжлийн шалгалтанд тэнцээгүй нь ажлаас шууд халах үндэслэл биш мэргэжлийн зэрэг бууруулах арга хэмжээ авах ёстой байсан боловч ямар нэгэн арга хэмжээг авалгүйгээр шууд ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мэргэжлийн шалгалт авахдаа 14 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх ёстой. Энэ тухай надад мэдэгдээгүй. Мөн шалгалтыг 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс авах ёстой. Гэтэл бүрэлдэхүүнтэйгээр шалгалтыг аваагүй. Иймд намайг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай салбарын байцаагч-монтёрын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай аймаг дахь салбарын дарга Б.Дэмбэрэлсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын хөдөлмөрийн гэрээнд 2 үндсэн шалгуурыг тусгаж өгсөн байдаг. Байгууллагын өр авлагыг бууруулж байгууллагад ашигтай ажиллах, байгууллагын ажилчдаас улиралд нэг удаа аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийн шалгалт авдаг. Тухайн шалгалтанд хангалттай дүн үзүүлсэн ажилчдыг ажиллуулна гэж зааж өгсөн байдаг. Гэтэл Д.Бямбадолгор нь эхний авсан шалгалтандаа хангалтгүй дүн үзүүлсэн. Давтан шалгалт авахаар болж шалгалт өгөхийг мэдэгдсэн боловч шалгалтандаа ирээгүй. Эрчим хүчний ажилтаны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмэнд зааснаар мэдлэгийн шалгалтанд тэнцээгүй ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг хориглодог. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/87 дугаартай ажлаас халах тушаал гаргаж Д.Бямбадолгорыг ажлаас чөлөөлсөн. Ажлаас халсан тушаал үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бямбадолгор нь Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай аймаг дахь салбарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Бямбадолгорын Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай аймаг дахь салбарт холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийншаардлага үндэслэлтэй байна.

Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай аймаг дахь салбарын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/87 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч Д.Бямбадолгорыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, борлуулалтын авлагыг 2 сар дараалан өсгөж ажилдаа хариуцлагагүй хандсан, борлуулалтын өр авлага ихэсгэсэн, аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Бямбадолгорыг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай аймаг дахь салбарын байцаагч монтёрын ажилд эгүүлэн тогтоож нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын хуулбар зэргийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор буюу 2981334төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Чонос овогт Дагдандоржийн Бямбадолгорыг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай аймаг дахь салбарын байцаагч монтёрын ажилд эгүүлэнтогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 2981334 төгрөгийг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчин хувьцаат компаний Өвөрхангай аймаг дахь салбараас гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбадолгорт олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбадолгор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпаний Өвөрхангай аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд 132851 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА