| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0443/Э |
| Дугаар | 0468 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 0468
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.С ,
улсын яллагч Д.Н ,
шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Д овогт Д-гийн У-д холбогдох 2008016020614 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Сити багед нэртэй цехэд ажилладаг, ам бүл-5, дүү, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны ... тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д овогт Д-гийн У /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Д.У нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны гадаа такси дотор “манай нөхөр М 2 хоног гэртээ ирээгүй чи дагуулж явсан байна” гэх шалтгаанаар Б.Ч-г нөхөр Д.М-тэй хардаж толгойг нь үстэж, нүүрийг хумсаараа маажиж Б.Ч-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: гэмт хэргийн шинжтэй дуудлагын лавлагаа /хх-ийн 3х/, иргэн Б.Ч-гийн өргөдөл /хх-ийн 5х/, хохирогч Б.Ч-гийн мэдүүлэг /хх-ийн 13х, 15х/, гэрч М.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 17х/, гэрч Д.М-ийн мэдүүлэг /хх-ийн 19х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4592 дугаартай шинжилгээний дүгнэлт /хх-ийн 21-22х/, эмийн сангийн баримтууд /хх-ийн 44х/, хохирогч Б.Ч , яллагдагч Д.У нарын хүсэлт /хх-ийн 52-53х/, Д.У-гийн банкны дансны хуулга /хх-ийн 54х/, шүүгдэгч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.У нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны гадаа такси дотор “манай нөхөр М 2 хоног гэртээ ирээгүй чи дагуулж явсан байна” гэх шалтгаанаар Б.Ч-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Ч-гийн : “...Би хөдөө Хэнтий аймагт хувиараа арван хоног ямаа санаж байгаад М гэдэг залуутай танилцсан, М бид хоёр ямаа самнаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хотод хамт ирээд салсан. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 дугаар хороололд явж байгаад Мтэй таараад юм яриад зогсож байхад М гэртээ хариад эхнэртээ гэрийн түлхүүрээ өгчхөөд ирье гээд бид хоёр 10-р хорооллоос хамт такси бариад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны гадна ирээд М түлхүүрээ өгөөд ирье гээд машинаас буугаад явсан. Тэгээд би машин дотор сууж байхад Мийн эхнэр нь Мтэй маргалдаад цагдаад дуудлага өгчихсөн байсан. Тэгээд цагдаа хүрээд ирэхээр нь би очоод зүгээр байгаа хүнийг яагаад барьж байгаа юм бэ гэхэд эхнэр над руу уурлаад манай нөхөр хоёр хоног ирээгүй, чи муу авч явсан байна гэхээр нь би гайхаад буцаад машиндаа суугаад хөдлөөд явах гэтэл нөгөө эмэгтэй хаалга онгойлгоод орж ирээд учир зүггүй миний үснээс зулгаагаад нүүр маажиж, гэдэс рүү хөлөөрөө 1 удаа өшиглөөд намайг янхан гичийгээр хараахад таксины жолооч залуу салгаад намайг аваад явсан. Би тэр эмэгтэйд огт гар хүрээгүй. Би Мийг цагдаа бариад авахад нь учрыг нь олохгүй очоод эхнэрт нь хардуулж зодуулсан юм... ...Би Д.У гаас хохирлын 100.000 төгрөг хүлээн авсан тул цаашид надад нэхэмжлэх эд зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13х, 15х/,
Гэрч М.Б-ийн : “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай приус 30 маркийн автомашинаар зорчиж үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөхөөр такси үйлчилгээ үзүүлэх гээд суулгасан. Уг хоёр хүн хархорины арын автобусны буудлын ар талын байранд эрэгтэй нь буухдаа эмэгтэйгээ хойно суугаад хүлээж байгаарай гэсэн. Тэгээд хүлээж байтал 4-5 минутын дараа хойно суусан эмэгтэй гэрийнх нь тийшээ хоёулаа буугаад очъё цагдаа нар барих гээд байна гэсэн. Би очихгүй гэж хэлтэл хамт очъё гээд байсан. Хамт очтол нөгөө залуугийн эхнэр нь гэх эмэгтэй над руу “юун хүн бэ” гэж дайрахаар би таксины жолооч байна гэж хэлтэл хамт таксигаар явсан эмэгтэйг “чи юун хүн бэ” гэтэл нөгөө эмэгтэй хамт ажилладаг хүн байна гэсэн. Миний машинд зорчсон эмэгтэй хамт явъя гээд машин дотор ороод суугаад хөдөлж байтал эхнэр нь гэх эмэгтэй цонх руу цохиод ар талын хаалга онгойлгоод суусан. Хоорондоо хэрэлдээд байхаар та хоёр хоёулаа буу би явлаа гэсэн чинь эхнэр гэх эмэгтэй нөгөө эмэгтэйг алгадаад авахаар би салгах гээд гарнаас татах гэтэл дийлэхгүй, машинаас буулгаж чадаагүй. Нөгөө эмэгтэйг бас буу гэж хэлтэл хамт явна гээд буухгүй байсан. Эхнэр гэх эмэгтэй үстээд зулгаагаад зодоод байсан. Машин араас сигналдаад түгжрэл үүсгээд эхнэр гэх эмэгтэйг буулгаад, нөгөө эмэгтэйг нь 32-н автобусны буудал дээр буулгасан. Буулгаж байхад цагдаа руу дуудлага өгөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
Гэрч Д.М-гийн : “...Би хөдөө Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд очиж 10 хоног ямаа самнаж байгаад 2020 оны 04 дугаар сарын 07-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны 71 тоот гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ирэхэд эхнэр У унтаж байсан ба намайг унтаж байхад өглөө ажилдаа явчихсан байсан би өдөр 11 цагийн үед сэрээд дэлгүүр гараад нэг жижиг 0.33 граммын архи аваад уугаад сууж байхад эхнэр залгаад эхнэр архи дарс уулаа гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би гэртээ байж байхад надтай хамт цуг явж ямаа санасан З гэдэг залуу залгаад бид хоёр 10 дугаар хороололд өдрийн 13 цагийн үед уулзаад архи уусан. Тэр хооронд эхнэр над руу залгаад байхаар нь би гар утсаа унтраачихсан, тэгээд би тэр өдөр Згийн гэрт хоносон юм. Тэгээд маргааш нь би шууд 10 дугаар хорооллоос 7 буудалд байдаг ээжийнхээ гэрт очоод хоносон. Тэгээд маргааш нь ...автобусны буудал дээр зогсож байгаад Ч-тэй таараад юм яриад зогсож байхад эхнэр У над руу залгаад намайг загнаад гэрийн түлхүүр авч ир гээд эхнэр бид хоёр гар утсаар хоорондоо маргалдаж байгаад би 10 дугаар хорооллоос Ч-тэй хамт такси бариад манай гэрийг үүдэнд ирээд таксинаас буугаад орцны үүдэнд ирэхэд эхнэр зогсож байсан. Тэгээд би түлхүүр өгөөд буцаад явах гэтэл цагдаа хүрч ирээд намайг бариад машиндаа суулгаад аваад явсан тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Цагдаа ирээд намайг аваад явсны дараа тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад манай эхнэр нүүрийг нь маажсан гэсэн гэхдээ хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4592 дугаартай шинжээчийн: “...Б.Ч-гийн биед баруун хацар, баруун хөмсөг, баруун дээд зовхи, хамар, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22х/,
Шүүгдэгч Д.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Чимэдсүрэнг машинд суухаар нь араас нь очиж суугаад чи Мтэй ямар хамаатай юм гээд зургийг нь дарах гэтэл миний утсыг шүүгч аваад бид 2 маргалдаад үснээсээ зулгаалцаад байж байхдаа би гараараа нүүрийг нь маажсан. Цохиж зодоогүй. Үснээс нь зулгааж байгаад нүүрийг нь маажсан юм. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.У нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Д.У г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ч-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Би Д.У гаас хохирлын 100.000 төгрөг хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 15х/, хүсэлт /хх-ийн 67х/ зэргийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат нь Д.У д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Д.У д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул дээрх байдлыг харгалзан шүүгдэгч Д.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.У д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Д-гийн У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ