Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр  сарын 15-ны өдрийн 151/ШШ2016/01139 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Отгонсүрэнд холбогдох

“2.225.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 онд 3.270.000 төгрөг иргэн Ш.Отгонсүрэн зээлсэн. 2010 онд шүүхээр орж 1039 тоот захирамжаар төлбөрөө авахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр 50.000-100.000 төгрөгөөр бага багаар төлж байсан ч төлбөр барагдахгүй удсан тул 2014 оны 5 дугаар сарын 26-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ганбат гэдэг хүн ирж уулзаачээ, эвлэрэх боломж байна уу гэсэн. Энэ үед иргэн Ш.Отгонсүрэн ажил хийх боломжгүй байна маш их дарамтад байна манай эгч 800.000 төгрөгийг төлье гэсэн та хүлээн зөвшөөрөөч гэж гуйсан. Би адилхан эмэгтэй хүн байна гээд чи ядахдаа сард 40.000 төгрөг өгч байгаад дуусгачих гээд тохиролцож, зөвшөөрч, үлдэгдэл 1.500.000 төгрөг дээр нь төлбөр барагдуулах гэрээ хийж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож гарын үсэг зурсан. 2014 оны 5 дугаар сарын 16 өдрөөс хойш 800.000 төгрөг аваад үлдэгдэл 1.340.000 төгрөг дээр ирж, очих зардал 160.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг сар бүр 40.000 төгрөг төлж байхаар тохиролцож, гэрээний хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 21 нд зээлээ төлж дуусгахаар тохиролцож гэрээ хийсэн.

 Зээлийн төлбөрөө хугацаандаа хийгээгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож. Төлбөр барагдуулагүй 3 сар хэтэрвэл шүүхэд хандана гэж тохиролцож энэ гэрээг хийсэн. Нэг ч төлбөр төлөөгүй болохоор шүүхэд хандаж одоо гэрээний үндсэн зээл 1.500.000 төгрөг алданги 750.000 төгрөг нийт 2.300.000 төгрөг иргэн Ш.Отгонсүрэнгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төлье гэж тохиролцсон ч тохиролцоонд хүрээгүй. Эвлэрье гэхээр үгүй гээд байгаа юм чинь төлөх боломжгүй. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2 үндэслэлээр дуусгавар болгодог. Нэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, хоёрт төлбөр авагч бүр мөсөн татан авсан гэх 2 үндэслэлээр дуусгавар болгодог. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан болохоор та хохирлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэх ёстой учраас төлөх боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Отгонсүрэнгээс 1 280 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 970 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Отгонсүрэнгээс 35.270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг шүүх хуралдаанд оролцсон талд мэдэгдэж,

 Шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн 151/ШШ2016/01139 тоот шийдвэрийн алданги тооцсон 120.000 төгрөгөнд гомдолтой байна. Төлбөр барагдуулах гэрээнд гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0,5%-иар бодож алданги тооцно гэж байгаа. Гэтэл шүүгч зөвхөн 6 сарын дотор төлөх ёстой үнийн дүнгээс 50 %-иар бодож алдангийг тооцоолсон нь хуульд нийцэхгүй байна. Иймээс төлөх ёстой үнийн дүн 1500.000 төгрөгнөөс алданги бодож /хуулийн дагуу/ 750.000 төгрөгнөөс 120.000 төгрөгний алдангийг төл гэж шийдвэр гарсан тул үлдэгдэл 630.000 төгрөгийг хариуцагч Отгонсүрэнгээс гаргуулж өгөхийг нэхэмжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг зөрчсөн, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Отгонбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2008 онд үүссэн 3.270.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн маргааныг 2010 онд шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаар  тайлбарлажээ.

Хариуцагч тал дээрх үйл баримтын талаар шүүхэд тодорхой тайлбар гаргаагүй байна.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд зохигчдын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах” нэртэй гэрээг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн заримыг, зардалд нэхэмжилсэн 160.000 төгрөг, алдангийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэх болсон шийдвэрийнхээ хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн заалтад нийцээгүй байна.

Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарласнаар зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар эрх зүйн харилцааг дуусгавар болгосон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч төлж  барагдуулаагүй үлдсэн төлбөр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын нийт дүнгээс алданги тооцож хариуцлага тооцохоор хийсэн тохиролцоог эрх зүйн хувьд хуульд нийцүүлэн үнэлж дүгнэх, хууль зүйн хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт дуусгавар болсон эрх зүйн харилцаанаас шинээр эрх зүйн харилцаа үүсгэх боломжтой эсэхэд эрх зүйн үнэлэлт өгөх  шаардлагатай.

Хэрэгт өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, дуусгавар болсон тухай баримтууд авагдаагүйгээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, алдангийг бүрэн хэмжээгээр гаргуулахаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийн талаар  давж заалдах шатны шүүхээс үнэлэлт өгөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

              Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2016/01139 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонбаярын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ТӨМӨРБААТАР

               ШҮҮГЧИД                                              Д.ЦОГТСАЙХАН

Ц.ӨРНӨНДЭЛГЭР