Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/0000862

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/03150 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00388 дүгээр магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б , А.Ц  нарт холбогдох,

79.392.469 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б  нь банкны салбарт ажилладаг байсан тул банкны хөнгөлөлттэй нөхцлийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр жилийн 6 хувь, сарын 0.5 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай 81.000.000 төгрөгийг орон сууцны зориулалттай зээлж ЗГ/ОЗ/21 тоот гэрээг байгуулсан. Хамтран зээлдэгчээр түүний нөхөр А.Ц  оролцсон. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2203032650 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 41б байрны 29 тоотод байрлах 45.77 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Т нь зээлийн гэрээний дагуу 81.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Зээлдэгч 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 249.179 төгрөгийн төлбөр хийснээс хойш огт төлөлт хийгээгүй тул гэрээг нэг талын санаачлагаар цуцлах үндэслэл бүрдсэн. Зээлдэгч нь энэ хугацаанд үндсэн зээлээс 5.559.723 төгрөг, хүү 7.687.041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280 төгрөг, нийт 13.247.044 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Б.Б , хамтран зээлдэгч А.Ц  нар үндсэн зээл 75.440.276 төгрөг, үндсэн хүү 3.933.974 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.218 төгрөг нийт 79.392.469 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Анх гэрээ байгуулахад Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 74-29 тоот орон сууцыг барьцаалсан нь үнэн. Гэхдээ энэ нь зээлийн төлөлт 30 хувь хүртэл үргэлжлэх түр барьцаа. Банкны зүгээс уг барьцааг суллаж өгөх бөгөөд уг хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй, харин зээлийн мөнгөөр худалдан авсан орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардана. Иймд 79.392.469 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б , А.Ц  нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ттай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 81.000.000 төгрөгийг нэг жилийн 6 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээл олгосноос хойш зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу нэг сард 684.300 төгрөгийг 1 жил 9 сарын хугацаанд төлсөн. Зээлд нийт 14.364.000 төгрөгийг төлөөд байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айл гудамж 41б байрны 29 тоотод байрлах 45.77 мкв 2 өрөө орон сууцыг анх худалдан авах үнийг 90.000.000 төгрөг байхаар худалдагч Ариун-Очир ХХК-тай тохиролцож тус компанид урьдчилгаа 10 хувийн төлбөр 9.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 81.000.000 төгрөгийг банкнаас зээлсэн. Үндсэндээ тус орон сууцанд урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө болон зээл, хүүд 23.364.000 төгрөгийг зарцуулсан. Энэ мөнгө бидний хөдөлмөрийн хөлснөөс төлөгдсөн. 2016 оны 9 сараас эхлэн миний бие ажлаасаа гарч санхүүгийн хувьд хүнд байдалд орсны улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Бидний энэ байдлыг харгалзаж зээл төлөх хугацаа хойшлуулах, эсхүл төлбөрийн нөхцөлийг багасгах боломж банкинд байсан. Бидний тухайд орон сууцаа худалдаж авснаас хойш засаж тохижуулсан, урсгал засвар хийсэн, тавилга эд хогшил шинээр худалдаж авсан зэрэг хөрөнгө оруулалтыг өөрсдийн хэмжээнд хийсэн. Мөн тус орон сууцанд 23.364.000 төгрөгийг төлчхөөд орон сууцнаасаа чөлөөлөгдөх гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/03150 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б , А.Ц  нараас 79.392.469 /далан есөн сая гурван зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун жаран есөн/ төгрөг гаргуулж Тинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032650 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 41Б байрны 29 тоот үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 625.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 625.112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00388 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2017/03150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Б , А.Цогтсайхан нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/03150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00388 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч уг хугацаанд үүргийг гүйцэтгэх бодит боломж бүрдээгүй ажлаасаа гарч төлбөр төлөх боломжгүй болсон, гэрээ цуцлах санал аман хэлбэрээр нэхэмжлэгч талд хүргүүлсэн нь 2017 оны 4 дүгээр сард талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байхад нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх /4 сар/ хүү нэмж тооцон 1.810.566 төгрөгийг хариуцагч нараас илүү гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/03150 дугаар шийдвэрээс 1.870.566 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Т” ХХК  нь хариуцагч Б.Б , А.Ц  нарт холбогдуулан зээлийн төлбөрт 79.392.469 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...худалдан авсан орон сууцанд засвар тохижилт хийсэн, шинээр эд хогшил худалдан авсан” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчийн хооронд 2015 оны 01  дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 81.000.000 төгрөгийг сарын 0.5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаагаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 41Б байрны 29 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалжээ /хэргийн 9-10, 16-18 дугаар тал/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөөгүй болохоо хариуцагч  үгүйсгээгүй байна.

Зээлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлэх боломжгүй нөхцөл байдал буюу гэрээ цуцлах үндэслэл бий болсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хариуцагч зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгөтэй ижил төрөл, тоо, хэмжээний мөнгийг буцаан өгөх үүрэгтэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангасан нь \Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 175 дугаар зүйлийн 175.1-т нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх магадлалд хариуцагч А.Ц ы нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй.

Зээлийн гэрээ 2017 оны 4 дүгээр сард цуцлагдсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч энэ талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “4 сарын хүү 1.810.566 төгрөгийг хасуулах” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00388 дүгээр магадлалын удиртгал, үндэслэх болон тогтоох хэсгийн 2 дах заалтад заасан “А.Цогтсайхан” гэснийг “А.Ц ” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 43.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ