Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 19

 

Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай.

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний гаргасан давж заалдах гомдлоор Г-д холбогдох 201707000044 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДП65122314 регистрийн дугаартай, Тайж овогт Баянтөгсийн Г нь  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайн хорооны нутаг дэвсгэрт 16-17 ГАҮ улсын дугаартай аксент маркийн авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хязаалан насны морь унаж явсан 11 настай Н-ыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

            Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Г-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Г-д холбогдох 201707000044 дугаарын хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Шүүгдэгч Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ээс 439.950 төгрөг гаргуулж 18 насанд хүрээгүй хохирогч Н-д, 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Б-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан DVD бичлэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн эзэмшлийн аксент маркийн 16-17 ГАҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолийг хэвээр үлдээж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г-ын №860568 дугаартай жолоочийн үнэмлэх, №000920844 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгож,  Шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 30.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах  гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч ямар нэгэн эмнэлэгт хэвтэн эмчүүлээгүй, эмчийн заавраар ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй эмчилгээндээ 439.950 төгрөгийг зарцуулсан болох нь тогтоогдохгүй байхад 439.950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр 2 талын хоёулангийнх нь буруутай үйлдлээс осол гарсан талаар дүгнэсэн байхад энэхүү хэргийн нийт хохиролыг Г-ээр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчийн болоод асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйлдэл байсаар байхад ийнхүү морьны үнийг Г-ээр дангаар нь төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болно.

Мөн хавтаст хэрэгт морьны эзэн Б-г иргэний нэхэмжлэгчээр оролцуулах байтал хохирогчоор тооцож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүх хурал явуулж байгаа нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд 2017 оны 09-р сарын 29-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.     

Мөрдөн байцаалтад шалгагдаж байх үед шүүгдэгч нь хохирогчид 250.000 төгрөг өгсөн байдаг. Гэтэл тухайн 250.000 төгрөгийг баримттай гаргаж өгсөн мөнгөнөөс хасалгүйгээр нийтэд нь 439.950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. 250.000 төгрөг төлснийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдаагүй. Мөн нийт хохирлыг Г-ээр гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэргийн тухайд насанд хүрээгүй этгээд татагдах үндэслэлгүй ч  Иргэний хуулийн 503 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар эцэг эх нь оролцох боломжтой байсан.  Гэтэл морио унуулж байсан хүнийг хариуцагчаар татсан. Анхан шатны шүүх тухайн хүнийг хариуцагчаар татсан нь буруу гэсэн шийдвэр гаргасан. Үнэхээр эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэх боломжгүй байсан бол үүнийг жич үлдээгээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байсан. Дан ганц Г-ын буруутай үйлдэл биш хоёр талын буруутай үйлдэл байгаа. Иймээс хохирлыг харилцан хувааж хохирлын тал хувийг насанд хүрээгүй хүүхдийн эцэг эхээс гаргуулах нь зүйтэй байх. Ингээд одоогийн байдлаар шүүгдэгч нь 189950 төгрөг төлөх үндэслэлтэй байна гэв    

 Прокурор Х.Гүнжидмаа тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч 250.000 төгрөг өгсөн байхад шүүх 439.950 төгрөгөөс хасаагүй гаргасан гэдэг нь үндэслэлгүй үүнийг шүүх дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх. Шүүхийн хэлэлцүүлэг дээр 250.000 төгрөг бэлнээр өгсөн гэж шүүгдэгч тал болон хохирогч тал аль аль нь мэдүүлж байсан. Шинжээчийн дүгнэлтийн хувьд бага насны хүүхдийн асран хамгаалагч харгалзан дэмжигчээр морины зардлыг гаргуулж өгнө үү гэж байна. Энэ нь тухайн өдөр морь тарлаад явж байхдаа хүүхдийг авчирсан Б “Чи энэ замаар ингэж яваад гэртээ очоорой” гэдэг байдлаар хэлж өгөөгүй гэдэг нь хавтаст хэргийн материалаас харагдаж байгаа. Гэртээ очдог зам нь  засмал замаар гараад хашааруугаа ордог зам байгаа. Тухайн хүүхэд гэртээ харих замд морь авч давхиж тухайн хэрэг гарсан байгаа. Тэгэхээр шүүх дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх. Өөр шүүгдэгчийн гэм буруу ял шийтгэлтэй холбоотой зүйл гомдолд тусгаагүй учир өөр хэлэх зүйл алга байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ.

            Г нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайн хорооны нутаг дэвсгэрт 16-17 ГАҮ улсын дугаартай аксент маркийн авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хязаалан насны морь унаж явсан 11 настай Н-ыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Насанд хүрээгүй хохирогч Н-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:  “2017 оны 03 сарын 07-ны өдөр 13 цаг өнгөрч байхад би Б-ын хүрэн халзан үрээг, Өсөхөө сартай халтар морь, Г хүрэн зүсмийн морийг унаад хадаасан гэх газар хүртэл хөлс аваад буцаад хашааруугаа Сутай хорооны доод засмал замаар явж байтал Ө, Г нарын морь хазаар дараад аваад давхихад миний унасан халзан үрээ араас нь таваргасан. Гэнэт урдаас цагаан өнгийн машин гарч ирээд миний унаж явсан морийг дайрч унагасан. Тэгээд миний баруун хөлний  шилбэ орчим хоёр цуурч, шагай орчимд хөл хугарсан. ... Ямар нэгэн замын хөдөлгөөнд оролцоорой гэж хэлээгүй. Гэрлүүгээ явах замд замын хөвөөгөөр явж байгаад хөндлөн гараад хашааруугаа ордог юм” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй  гэрч  Г-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ө, Н бид гурав Хадаасан гэх газарт морь хөлслөөд буцаад хашааруугаа явж байтал Ө-ын унаж явсан сартай хүрэн морь гэнэт давхсан. Өмнөөс жижиг цагаан машин гарч ирэхэд миний унаж явсан морь зүүн талаар Ө-ын унаж явсан морь баруун талаар нь гарахад ард явсан Н-ын морийг мөргөх шиг болсон. Тэгээд би морио эргүүлээд ирэхэд Н-ын унаж явсан морь газар дээр хэвтээд Н машины зүүн талд нь байсан юм.” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ө-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Өмнөөс цагаан өнгийн жижиг машин гарч ирэхэд Г-ийн унаж явсан морь зүүн талаар миний унаж явсан морь баруун талаар нь гарахад ард явсан Н-ын унаж явсан морийг машин мөргөх шиг болсон. Тэгээд би морио эргүүлээд ирэхэд Н-ын хүрэн халзан морь газар дээр хэвтээд, Н машины зүүн талд байсан.” гэсэн мэдүүлэг,

  Иргэний  хариуцагч   Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2017  оны  03  сарын  07-ны  өдөр өөрийн хоёр морийг хөлслөхөөр 2 хүүхэд мордуулаад явуулах гэхэд би энэ морийг чинь унаад цуг явчихаад ирье гээд Б-ын морийг унаад  явсан юм. Н нь жил болгон ирж миний хурдан морийг унаж өгдөг хүүхэд байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын сүүлээр Н-ыг аав ээжид нь хэлээд аймагт морь унуулахаар авч ирүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг,

            Шүүгдэгч Г-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 03 дугаар сарын 07-ны нэгдсэн эмнэлгийн зүүн талын замаар хойшоо явж байтал Сутай хорооны зүүн талын зам дээр 3 морьтой хүүхэд давхиж байсан. Нэг нь миний баруун гар талаар гарчихаар явж байсан болохоор би зам голлоод гарчихья гэж бодоод явж байтал нөгөө хүүхэд морьныхоо амийг хүчирэхгүй миний машины урд тал руу орчихсон. Би 20 км цагийн хурдтай явж байсан болохоор зөрөөд өнгөрчихнө гэж бодоод явж байсан. Нөгөө хүүхэд ч хажуугаар өнгөрөөд явах гэж байсан болохоор зогсоох арга хэмжээ авах гэж оролдоогүй гэнэт тулаад ороод ирсэн болохоор мөргөөд зогссон. Би буруугаа ухаарч хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би эмчилгээний болон бодит зардлыг төлнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөгч А-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Б морио унуулна гээд Тонхил сумаас манай хүү Н-ыг 2017 оны 02 дугаар сарын сүүлээр аймагруу авч явсан юм. Гэхдээ Б нь Б гэдэг хүний морийг уядаг байсан юм байна лээ тэгээд тухайн осол болдог өдөр Б-ын морийг хөлслүүлэхээр унуулсан байсан. Хоёр гурван сар хичээл завсардсан” гэх мэдүүлэг,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “1. Н-ын биед баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн 103 дугаар дүгнэлт,

  Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Хавтаст хэрэгт авагдсан материал, камерийн бичлэг зэргээс үндэслэн хийсэн “Аксент маркийн 16-17 ГАҮ улсын дугаартай автомашины жолооч Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлийн Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэсэн 324 дугаар  дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдэж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээа. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н-ын унаж явсан хязаалан насны морь үхэж Б-д 1 500 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Итгэлт-Эстимейт хөрөнгийн үнэлгээний компаны шинжээчдийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22/17 дугаар шинжээчийн: “Статистикийн мэдээ мэдээлэл, зах зээл

 

5

 

дээр худалдаалагдаж байгаа хязаалан насны адууны үнийг дундажаар 1 500 000 төгрөгийн үнээр тогтоов.” гэх дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд уг хэрэгт Б-ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч Г-ын аксент маркийн авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хязаалан насны морь унаж явсан 11 настай Н-ыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

            Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Насанд хүрээгүй хохирогч Н нь ердийн хөсгийг 14 наснаас дээш насны хүн жолоодохыг зөвшөөрсөн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан замаар ердийн хөсөг болох морь унаж замын хөдөлгөөнд оролцсон, эцэг, эх, асран хамгаалагч хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар тэдэнд хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. 

            Гэвч эдгээр нь шүүгдэгч Г-г Монгол Улсын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн 2-р бүлгийн 7-р зүйлийн 3-т заасан “Жолооч нь замын хөдөлгөөний эмзэг оролцогч болох явганаар болон ундаг дугуйгаар зорчигч, ялангуяа хүүхэд өндөр настан, тахир дутуу хүмүүст илүү сонор сэрэмж, анхаарал, болгоомжлол тавих ёстой” гэсэн заалт болон  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтад тусгагдсан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Тиймээс тухайн хэргийг прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хэргийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож Г-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.         

            Харин шүүгдэгчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч эмчилгээндээ 439950 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдохгүй байхад 439950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж, прокурор Х.Гүнжидмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нар шүүгдэгч нь хохирогчид

 

6

250 000 төгрөг өгсөн гэдгийг шүүгдэгч хохирогч нар хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байх боловч хохирогч 439.950 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн, 250000 төгрөг авсан талаар хохирогч мэдүүлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн 439.950 төгрөгөөс дээрх 250.000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.

            Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохиролтой холбоотой дээрх  өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын:

“...шүүгдэгч Г-ээс 439 950 төгрөг гаргуулж...” гэснийг

“...шүүгдэгч Г-ээс 189 950 төгрөг гаргуулж...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

      

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Ш.БАТТОГТОХ

 

      ШҮҮГЧИД                                    Ж.БАТТОГТОХ

 

                                                    Ч.ЭНХТӨР