Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 0531

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.А  даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Ө ,

           улсын яллагч Н.У ,

            шүүгдэгч Т.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Я  овогт Т-ийн З-т холбогдох 2008013680538 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын задгай ... тоотод оршин суух, Урьд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Я  овогт Т-ийн З  /РД:............../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын задгай ... тоотод “Эхнэрийг өмөөрсөн” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Ж-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, түүний баруун гарын бугалган тус газар хутгалж эрүүл мэндэд нь баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Б.Ж-ны мэдүүлэг /хх-ийн 19-21х/, гэрч А.Н-гийн  мэдүүлэг /хх-ийн 48-49х/, гэрч Г.О-ын мэдүүлэг /хх-ийн 50-53х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3462 дугаартай дүгнэлт /хх-ийн 23х/, шүүгдэгч Т.З ын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 56х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 57х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 58х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 60х/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63х/, хохирогч Б.Ж-ны хүсэлт /хх-ийн 83х/, шүүгдэгч Т.З ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын задгай ... тоотод “Эхнэрийг нь өмөөрсөн” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Ж-ны баруун гарын бугалган тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Ж-ны : “...Манай төрсөн ээж Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Тахилтын задгай ... тоотод З  гэх айлтай нэг хашаанд амьдардаг. Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ ээжийндээ очоод хоол хийх гээд сууж байтал 20 цагийн үед манай хажуу айлаас эмэгтэй хүн орилоод байсан. Ээж тухайн залуугийн эхнэрийнх нь ээжийг таньдаг байсан ба охиныг чинь зодоод байх шиг байна гэж хэлж утсаар залгасан. Тэгтэл удалгүй хажуу айлын эмэгтэй нүцгэн орж ирээд манай хүүхдийг гэрээс аваад гаргаад өгөөч гээд уйлаад байсан. Дүү тэднийх рүү ороод хүүхдийг нь аваад гараад ирсэн. Тэгтэл З  араас орж ирээд эхнэрээ чирч гаргах гээд байсан ба манай ээж чи болиоч гэтэл манай ээжийг гараараа түлхэхээр нь би гэрээс гаргах санаатай түлхсэн чинь З  нь гартаа жижиг хутга барьчихсан, миний баруун гарны бугалганы доогуур жирс гээд явчихсан чинь хутгаар хатгачихсан байсан. Тэгэхээр нь би чирч гаргаад 2 удаа цохиод хутгыг булааж авсан. Тэгтэл З  гэр рүүгээ буцаад гүйгээд орчихсон. Бид хэд гэртээ ороод байж байтал гаднаас сүх барьчихсан орж ирж харагдахаар нь манай ээж гэрийнхээ хаалгыг түгжсэн. Гэтэл хаалга гаднаас сүхээрээ хэд хэдэн удаа цохиод хаалга эвдэлчихсэн. 103-ын эмч ирээд бугалганд 1 оёдол тавиулсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр эмнэлгийн байгууллагаар үзүүлээгүй. Эмийн сангаар 9.000 төгрөгийн эм авсан. Баримтыг нь аваагүй. Гомдолтой байна. Хаалга нөхөн төлүүлнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21х/,

 

Гэрч А.Н-гийн : “...гаднаас З ын эхнэр чармай шалдан гүйгээд ороод ирсэн. Намайг аллаа ш дээ гэж хэлээд миний хүүхдийг аваад өгөөч гээд байхаар нь манай бага охин гэр рүү нь орж авч өгсөн. Тэгтэл араас З  гэрт орж ирчхээд авгай руугаа дайраад байхаар нь би салгаад үүд рүү түлхтэл намайг гараараа түлхсэн. Тэгтэл манай хүү Б.Ж  босож ирээд “Чи яагаад байгаа юм, гараач” гэж хэлээд түлхтэл тэр баруун гарын бугалганы доор хэсэгт нь хутгаар хатгачихсан. Тэгээд манай хүү хутгыг нь булааж авах гээд ноцолдоод хоёр удаа цохичихсон. Тэгээд хутгыг нь авсан. Тэгээд удалгүй сүх барьчхаад манайх руу ирж байгаа харагдсан ба З ын эхнэр манай гэрийн хаалгыг түгжсэн. Тэгтэл гаднаас сүхээрээ гэрийн хаалгыг олон удаа цавчиж эвдэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49х/,

 

 

Гэрч Г.О-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо одоо салаад ... дугаар хороо Тахилтын задгай тоотод нөхөр З  хүүхдийн хамт амьдардаг. Тухайн газарт Н  эгч хүүхэдтэйгээ манай хажууд амьдардаг. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ охин Гоомаралын хамт байж байхад нөхөр З  19 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн ба орж ирчхээд галын өмнө суугаад гал түлээд сууж байсан. З  гэнэт “Танайхан удмаараа янхан” гэж хэл амаар доромжлоод агсам тавиад байхаар нь би хүүхдээ хувцаслаад “Ээжийнхрүүгээ явлаа” гэж хэлээд гарсан чинь З  араас ирээд намайг гэр лүү татаад оруулсан. Ороод агсам тавиад өөрийгөө боомилно гээд мөн миний хоолойг боогоод гэрийн хаалга дотроос нь түгжээд намайг гаргахгүй байсан. Би З ыг гал тогоо хэсэг рүү явах хооронд би араас нь зугтаагаад хаалга онгойлгоод гүйгээд хажуу айл Н  эгчийнд орсон. Н  эгч хүү нь эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Би ороод хүүхэд манай гэрээс аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд миний араас З  орж ирэхэд нь Н  эгчийн хүү нь хаалгаар түлхэж гаргасан. Гэнэт Н  эгчийн хүү “Энэ чинь хутгатай байна ш дээ намайг зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд бид бүгдээрээ Н  эгчийн гэрт нь байхад З  гэр лүүгээ ороод мод хагалдаг сүхээ барьж ирж байсан би дотроос нь хаалгыг нь түгжихэд З  нь Н  эгчийн гэрийн хаалгыг сүхээр 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3462 дугаартай: “...Б.Ж-д баруун бугалганд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23х/,

 

Шүүгдэгч Т.З ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Ж-д  буцаж ороод хэрүүл маргаан үүсгэн, баруун талын бугалга хэсгийг ганц удаа зүссэн, Б.Ж  бид хоёр хутгатай гартай жалга дотор зодолдоод байсан гэж эхнэр тайлбарласан. Б.Ж ы гарыг би хутгаар зүссэн, гаргасан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

                  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Т.З нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

                  Иймд шүүгдэгч Т.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хохирогч Б.Ж  нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.У нь Т.З т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Т.З т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Т.З т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Т.З нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.З т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

            1. Я овогт Т-ийн З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г. АЛТАНЦЭЦЭГ