Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 393

 

 

     2020         04            21                                        2020/ШЦТ/393

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Б ,

            улсын яллагч Н.М,

            хохирогч Ж.С,

            гэрч Д.Б,

   шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Б, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтчинь овогт Т-гийн Т-д холбогдох эрүүгийн 1805055350000 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт задгай 2 дугаар буудалд оршин сууж байгаа гэх, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр 151 тоотод оршин суух бүртгэлтэй /хх-ийн 82-р хуудас/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:/хо0000000/, Алтчинь овогт Т-гийн Т.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Т нь 2015 оны 07 дугаар 07-ны өдөр “машиныг чинь 15.000.000 төгрөгөөр худалдан авъя, ББСБ-д машиныг тавьж мөнгөө авч өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “Тоёота Аллион” маркийн улсын дугааргүй, цагаан өнгөтэй автомашиныг нь авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автотээврийн үндэсний төвийн салбарт дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Т.Т нь 2015 оны 07 дугаар 07-ны өдөр “машиныг чинь 15.000.000 төгрөгөөр худалдан авъя, ББСБ-д машиныг тавьж мөнгөө авч өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “Тоёота Аллион” маркийн улсын дугааргүй, цагаан өнгөтэй автомашиныг нь авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автотээврийн үндэсний төвийн салбарт дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “….Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй…” гэх мэдүүлэг, 

 

 Хохирогч Ж.-С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 7 дугаар сард манай найз Батжаргалтай Түвшинжаргал холбогдоод миний нэр дээр байсан машиныг Түвшинжаргалын нэр дээр шилжүүлж өгсөн. Маргааш нь банк бусад тавиад мөнгийг нь өгнө гэж тохиролцсон. Тэрнээс хойш Түвшинжаргалтай холбогдож чадаагүй. Утсаар ярих гэхээр утсаа тасдаад байдаг байсан. Би бодит хохирол болох 15.000.000 төгрөгөө нэхэмжилж байна …” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т “…найз нь нэг машинтай болмоор байна..” гэж хэлж байсан учраас С-тэй холбож өгсөн. Тэгээд машины мөнгийг нь маргааш өгнө гэж хэлж байсан. Би маргааш нь Япон улс руу явсан. Түвшинжаргал машины мөнгийг одоо хийлээ, маргааш хийнэ гэх зэргээр хэлж байсан..” гэх мэдүүлэг,  

 

Хохирогч Ж.-Снийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2014 оноос хойш Япон улсаас найз Батжаргалтай хамт япон машин болон япон машины сэлбэг Монголд оруулж ирж худалдаалдаг юм. 2016 онд Манай найз Батжаргал Япон улсад байж байхдаа над руу мессенжер чатаар яриад Найзынх нь таньдаг хүн байгаа найз нь тэр хүнтэй яриад тохирсон байгаа наад хүний нэр дээр нь машинаа шилжүүлж өгөөд банк бусад буцаж тавиад мөнгийг нь өгье гэж ярьсан. Тэгээд би найз Батжаргалын ярьсан хүнтэй 2015 оны 7 дугаар сарын үеэр Уулзаад өөрийнхөө нэр дээр байсан цагаан өнгийн Тоёота аллион маркийн машинаа нөгөө машин авсан хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Манай найз Батжаргалын найз Түвшинжаргал гээд залуу 7 хоногийн дотор миний зарсан машины мөнгийг өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөхгүй худлаа яриад мессеж бичээд яваад байгаа. Би цагдаагийн байгууллагад хандах болсон. Би бол Батжаргалын найзыг сайн танихгүй ээ. 2015 оны 7 сард өөрийнхөө нэр дээр орж ирсэн дугаар аваагүй цагаан өнгийн Тоёота Аллион маркийн автомашинаа зарахад л зүс харсан юм. Би цагаан өнгийн Тоёота Аллион маркийн автомашинаа 15.000.000 төгрөгийн үнэтэй зарсан. Түвшинжаргал гэж залуу ирээд Тоёота Аллион автомашиныг авч явсан авч явахдаа маргааш мөнгийг нь банк бусад тавиад өгье гэж хэлсэн. Маргаашнаас нь мөнгөө өгөхгүй алга болсон. Түвшинжаргал нь их худалч, утсаар ярихаар банкин дээр явж байна одоохон мөнгийг чинь хийлээ, удахгүй зээл бүтнэ гээд маш олон жил худлаа ярьсан. Автомашиныг өөрөө унана одоо машин барихгүй бол их хэцүү байна гэж ярьж байгаад авсан. Өөрийн өгсөн машины мөнгөө түргэн шуурхай авмаар байна. Их олон жил болж байна. Би тухайн үед автомашинаа 15.000.000 төгрөгөнд бодож өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

            Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын сүүлээр билүү эхээр санагдаж байна. Намайг Япон улс явахаас өмнө Түвшинжаргал надтай уулзаад Содхон-Эрдэнийн нэрээр Монгол улсад импортлогдсон, зарах гэж байсан цагаан өнгийн Тоёота Аллион маркийн автомашиныг үзсэн юм. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа намайг Япон улс явсан хойгуур Түвшинжаргал над руу холбогдсон билүү, Содхон-Эрдэнээр дамжуулан холбогдсон билүү сайн санахгүй байна, ямар ч байсан найз нь машиныг чинь авъя, өөрийнхөө нэр дээр машинаа авчихаад ББСБ-аас зээл авч мөнгийг нь өгчихье гэж хэлэхээр нь энэ талаар Содхон-Эрдэнэд хэлж машиныг өгч явуулсан. Би түүнийг цагдаагийн байгууллагад ажилладаг, найз нөхдийн шугамаар дамжуулж таньдаг юм чинь арай ч алга болохгүй байх гэж итгээд өгөөд явуулчих гэж Содхон-Эрдэнэд хэлснээс болоод Содхон-Эрдэнэтэй хүртэл маргалдчихаад байна. Түвшинжаргалд зарсан автомашин нь 2015 оны 3 дугаар сард Япон улсаас оруулж ирсэн Содхон-Эрдэнийн машин байсан юм. Түүнд 15.000.00 төгрөгөөр худалдсан. Гэтэл 1 сар өнгөрөнгүүт би түүний утас руу залгахад утсаа огт аваагүй. Намайг залгангуут утсаа таслаад өөдөөс янз бүрийн шалтаг шалтгаан заасан мессеж бичдэг байсан. Би түүний бичиж байсан мессежнүүдийг утсан дээрээ хадгалчихсан байгаа, гаргаж өгнө. Тэрээр худалдаж авсан машиныг дүүдээ зарчихсан гэж бичсэн байгаа. Би түүнд их итгэж машинаа өгсөн, цагдаад ажилладаг хүн чинь яавал гэж алга болохгүй байх гэж бодож байсан чинь одоог хүртэл машины мөнгийг өгөхгүй алга болчихсон. Хуучны танил Түвшинжаргал нь 2015 оны 6 дугаар сарын орчимд ирж уулзаад найз нэг машинтай болмоор байна машин өгөөч би машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад буцаагаад барьцаанд тавиад 1 хоногийн дараа мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Содхон-Эрдэнэ гэх залууд манай найзад Тоёота Аллион автомашин өгчихөө мөнгийг нь удахгүй өгнө гэж байна гэж хэлээд автомашиныг өгч явуулсан. Би гомдолтой байна. Түүнд худалдсан автомашин нь дөнгөж Монгол улсад орж ирсэн, улсын дугаар аваагүй автомашин байсан. Монгол улсад Содхон-Эрдэнийн нэрээр импортлогдсон гэдгийг батлах гаалийн мэдүүлгийн хуудастай байсан. Содхон-Эрдэнэ бид хоёрын дунд худлаа яриад найз нөхдийн хооронд холбоо их хэцүү болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

Т.Таас машины мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах талаар бичсэн баталгаа гэх хуулбар баримт /хх-ийн 12 тал/,

           

Т.Таас Д.Бтай харилцсан мессеж чатны хуулбар /хх-ийн 13-29 тал,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...16.000.000 төгрөгөөр үнэлэв...” тайлан /хх-ийн 72 тал/,

 

 Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 272 дугаартай: “...ZRT2603045550 арлын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Т.Т 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Бичил Глобус ХХК-д шилжүүлсэн...” лавлагаа /хх-ийн 88-89 тал/,

 

Шүүгдэгч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би таньдаг найз Батжаргалаас автомашин уная гээд машин зээлээр авсан. Зээлээр аваад мөнгөний хэрэг гараад миний орон сууц зээлэнд хураагдах гээд байхаар нь Батжаргалаас авсан машинаа 11.000.000 орчим төгрөгөнд зараад мөнгийг нь байрныхаа зээлэнд төлсөн. Анх авахдаа бол машинаа аваад банк бусад барьцаанд тавиад мөнгийг нь буцаагаад өгье гэж тохиролцсон. Би анх мөнгийг нь өгье гэж бодож байсан боловч байр хураагдана гээд мөнгийг нь зээлэнд өгсөн. Хохирлыг хурдан хугацаанд бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Т.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 тал/, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн лавлагаа /хх-ийн 79 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж байна гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьнаас оролцож, өмгөөлөгч Г.Баас шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Т.Т нь 2015 оны 7 дугаар сард хохирогчоос машиныг өөртөө шилжүүлэн авсан атлаа, машины үнэ болох 15.000.000 төгрөгийг банкны зээл бүтэхээр төлнө гэж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч, хохирогчид 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Т нь 2015 оны 7 дугаар 07-ны өдөр “машиныг чинь 15.000.000 төгрөгөөр худалдан авъя, ББСБ-д машиныг тавьж мөнгөө авч өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч “Тоёота Аллион” маркийн улсын дугааргүй, цагаан өнгөтэй автомашиныг нь авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автотээврийн үндэсний төвийн салбарт дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, Т.Тыг “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан” буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ж.Сд гэмт хэргийн улмаас 15.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Таас 15.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч Т.Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна…” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “…Хохирогч С, Б хоёроос уучлалт гуйж байна. Маш их харамсаж байна. Хохирлоо бүрэн төлнө. Улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж өгнө үү…” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б нь “… гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул ял хариуцлага оногдуулах боломжгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б “…Шүүгдэгч Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү… “ гэв.

 

2020 оны 01 сарын 10-ны өдөр батлагдаж 2020 оны 02 сарын 13-ны өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж 2020 оны 02 сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хууль, уг хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр заасан хууль буцаан хэрэглэхгүй зохицуулалт үйлчлэхгүй ” гэсэн байх бөгөөд Т.Тд холбогдох эрүүгийн хэрэг дээрх нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаанаас өмнө буюу 2020 оны 02 сарын 21-ны өдөр шүүхэд шилжиж ирсэн байна.

 

Иймд өмгөөлөгч Д.Бын гаргасан хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх заалт болон 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг хэрэглэх нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Т.Тд холбогдох гэмт хэрэг нь 6 сараас 3 жил хүртэл хорих ялын зохицуулалттай байх тул энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тоолох нь зүйтэй.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Т нь 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

       

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч А овогт Т-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 238 /хоёр зуун гучин найман/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Тд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Таас 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Сд олгосугай. 

 

6. Шүүгдэгч Т.Таас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.Э