Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 0542

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.С ,

            улсын яллагч А.Т,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-ийн Б-т холбогдох эрүүгийн 2008000000543 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хөтөл ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Амины орон сууц ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш  овогт А-ийн Б  /РД:................../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Амины орон сууцны ... тоотод Э.Б-ын эзэмшлийн гар утсыг авч интернет банк ашиглан Худалдаа хөгжлийн банкны ... дугаартай данснаас өөрийн Хаан банкны ... дугаарын данс руу 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч Э.Б-т  1.950.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Э.Б-ын мэдүүлэг /хх-ийн 6х, 8х/, гэрч Б.Б ийн мэдүүлэг /хх-ийн 13х, 15х/, гэрч А.У-ын  мэдүүлэг /хх-ийн 19х/, хохирогч Э.Б-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... дугаарын данснаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 800.000 төгрөг, 1.000.000 төгрөгийн зарлага гарсан гүйлгээний баримт /хх-ийн 46х/, А  овогт Б-гийн  эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансанд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 23:31 минутад 800.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 02:50 минутад 1.000.000 төгрөгийн орлого, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 08:00, 08:01 минутад 500.000 төгрөг, 08:03 минутад 200.000  төгрөг, 09:36 минутад 600.000 төгрөгийн зарлага гарсан тухай баримт /хх-ийн 41х/, шүүгдэгч А.Б-гийн  оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 33х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 38-40х/, шүүгдэгч А.Б-гийн  мэдүүлэг /хх-ийн 26-28х, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн хэлэлцүүлэгт А.Б-гээс гаргаж өгсөн 4 ширхэг баримт   зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Амины орон сууцны ... тоотод байхдаа иргэн Э.Б-ын эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч, түүний Худалдаа хөгжлийн банкны интернет банкийг ашиглан ... дугаартай данснаас өөрийн Хаан банкны ...дугаарын данс руу 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч, Э.Б-т  1.950.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.Б-ын: “...Би У-ын  хамт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутагт байрлах Б-ийнд  авч очсон архиа хувааж уугаад дууссаны дараа би интернет банкаараа У-ын  данс руу 20.000 төгрөг шилжүүлээд дараа нь дахин 50.000 төгрөг шилжүүлээд виза картаас нь мөнгө аваад архи авч уугаад байж байтал У  тасраад унасан. Б  бид хоёр ч нэлээд согтсон байсан. Тэгээд би дахин архи авах гээд У  тасарчхаар нь Б өөс виза карт байгаа юу гэж асуутал байгаа гэхээр нь данс руу нь 10.000 төгрөг шилжүүлээд дахин 20.000 төгрөг шилжүүлээд 1 шил архи аваад ууж байтал миний гар утасны цэнэг дуусаад цэнэглээд гал тогооны цагаан тавилга дээр тавиад нэг харсан чинь миний гар утас алга болсон байхаар нь Б ийн гар утсаар залгаж үзтэл миний гар утасны дууг хаачихсан дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь би хүүхдүүд нь тоглож байгаад нэг газар унагаасан юм байх, маргааш ирээд авъя гэж бодоод дахиж хайгаагүй. 22:30 цагийн үед Б  бид хоёр архиа хувааж ууж дуусаад гэртээ хариад хоносон. Маргааш өглөө нь хүн рүү мөнгө шилжүүлэх гээд эхнэрийн гар утсаар интернет банк руугаа ортол миний дансны гүйлгээнүүд орж ирэхээр нь дансаа шалгатал 1.800.000 төгрөг гарсан байхаар нь шууд Б ийн гэрт очтол Б ийн эхнэр Б  усанд орлоо гээд яваад өгсөн. Би Б өд танай эхнэрийн данс руу 1.800.000 төгрөг шилжсэн байна гэж хэлэхэд ямар сонин юм тийм мэдээлэл ирээгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6х, 8х/,

 

Гэрч Б.Б ийн: “...2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад 16:00 цаг өнгөрөөгөөд гаднаас  Б , У  хоёр халамцуу ирсэн. Манай гэрт 0.75 литрийн 1 шил архи, 1 ундаа, 1 тараг, 3 ширхэг зайрмагтай ирээд нөгөө архиа  Б , У  бид гурав хувааж уугаад сууж байтал У  тасраад унахаар нь би У ыг бос ээж чинь ирлээ нүүрсээ хий гээд босгоод гэрт нь оруулсан. Тухайн үед  Б  гар утсаа цэнэглэчихсэн байсан. Тэгээд Б-тай  архи ууж байгаад тасарсан байсан ба маргааш өглөө нь 08:30 цагийн үед сэрээд байж байтал гаднаас  Б  орж ирээд миний гар утас байна уу гэж асуутал манай 7 настай охин таны гар утас энд байна гээд гаргаж өгсөн.  Б  гар утсаа аваад гараад явсан ба удалгүй буцаж эхнэртэйгээ орж ирээд миний данснаас мөнгө авсан байна гэсэн... ...2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн газар ирэхэд тухайн хэргийг шалгаж байсан байцаагч нь надад манай эхнэр 1.800.000 төгрөг хулгайлж авсныг хэлсэн. Тэгж би анх мэдээд Б-гээс мөнгө хаана байгаа талаар асуухад 1.000.000 төгрөг нь бэлэн байж байсан. Үлдсэн мөнгө нь байхгүй болчихсон байсан. Би мөнгийг нь яасан талаар асуухад ломбардад барьцаанд тавьсан бөгжөө авсан бас ойр зуурын зээлэнд төлчихсөн гэж ярьсан. Бас Увс аймагт манай эхнэрийн аав ээжийнх нь том эгч нь өнгөрсөн болохоор тэдний ажил явдалд мөнгө явуулсан гэж хэлсэн. Тэгээд би 1.000.000 төгрөгийг нь авч  Б ын эхнэрийн данс руу шилжүүлээд уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х, 15х/,

 

Хохирогч Э.Б-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ... дугаарын данснаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 800.000 төгрөг, 1.000.000 төгрөгийн зарлага гарсан гүйлгээний баримт /хх-ийн 48х/,

 

А  овогт Б-гийн  эзэмшлийн Хаан банкны ...дугаарын дансанд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 23:31 минутад 800.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 02:50 минутад 1.000.000 төгрөгийн орлого орж, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 08:00, 08:01 минутад 500.000 төгрөг, 08:03 минутад 200.000  төгрөг, 09:36 минутад 600.000 төгрөгийн зарлага гарсан тухай баримт /хх-ийн 41х/,

 

Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...Гар утас-150.000 төгрөг” /хх-ийн 44-45х/,

 

Шүүгдэгч А.Б-гийн  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б ын утсыг оролдоход кодтой байсан. Би утсыг нь оролдож байгаад кодыг нь аягүй амархан гаргачихсан. Би гар утасных нь мобайл банкийг ашиглаж өөрийн эзэмшлийн хаан банкны ... дугаарын дансруу 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би унтаж байгаад шөнө сэрээд өөрийн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар автобусны буудал орж буудлын ард талын Хаан банкны АТМ-ээс өөрийн картыг ашиглан 500.000 төгрөгийг 2 удаа, 200.000 төгрөгийг, 09 цагийн орчимд дахиж 112-н автобусны буудлын АТМ-ээс 600.000 төгрөгийг данснаасаа авсан... ...Би  Б ын данснаас нийт 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Нууц дугаар нь их амархан байсан, түүний утасны дугаар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч А.Б нь хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан түүний цэнэглэж байсан гар утсыг нь хууль бусаар нууцаар авч, улмаар интернет банк руу нэвтрэн орж бэлэн мөнгө шилжүүлэн авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э. Б  нь“...1.800.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан.Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 8х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б т  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөргүй, бага насны хүүхдүүдтэй байдлыг харгалзан тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн,  учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан,  бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруу дээр маргаагүй, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн түүний хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч А.Б нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Шалбаг овогт А ийн Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад  хамрагдах үүргийг 3 /гурав/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ