Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 0546

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.С ,

            улсын яллагч Д.Г ,

            хохирогч С.Э ,

шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт О-ийн Л-д холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6 эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Баянгол дүүргийн 07 дугаар хороо 3 дугаар хорооллын 33 дугаар байрны 99 тоотод оршин суух хаягтай, Урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжаар 4 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх, Х  овогт О-ийн Л  /РД:..................

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Л нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн Драгон төв дэх гар утасны лангуунд 2019 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа иргэн С.Э ы итгэмжлэн хариуцуулсан Самсунг галакси эс-8 пласс, Элжи жи-5, Айфоне-6, Самсунг галакси эс-7 маркийн гар утаснууд, гар утасны зөрүү мөнгө 90.000 төгрөгийг завшиж бусдад 1.370.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч С.Э ы мэдүүлэг /хх-ийн 17х, 18-19х/, гэрч Г.Ү-гийн  мэдүүлэг /хх-ийн 25-26х/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38х/, шүүгдэгч О.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53х, 58-71х/, шүүгдэгч О.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 101-103х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Л нь 2019 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн Драгон төв дэх иргэн С.Э ы эзэмшлийн гар утасны лангууны худалдагчаар ажиллаж байхдаа түүний итгэмжлэн хариуцуулсан гар утаснуудаас Самсунг галакси эс-8 пласс, Элжи жи-5, Айфоне-6, Самсунг галакси эс-7 маркийн гар утаснуудыг болон гар утасны зөрүү мөнгө 90.000 төгрөгийг завшиж, бусдад 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Э-ы: “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилэн Драгон төвийн 2 давхарт гар утасны лангуу ажиллуулдаг юм. 2019 оны 4 дүгээр сард Драгон төвд хамт ажилладаг Нансалмаа нь надад “манай дүүгийн найз хүүхэд байгаа юм, чи тэр хүүхдийг лангуун дээрээ суулгачхаач, гайгүй хүүхэд юм шиг байна лээ” гэхээр нь би Л  гэх хүүхдийг гар утасныхаа лангуун дээр худалдагчаар ажиллуулсан юм. Тэгээд Л  манай лангуу дээр 2019 оны 4-6 дугаар саруудад ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ажил хийхгүй, алга болоод байхаар нь болъё гэж бодоод ...нэг өдөр гар утаснуудаа тулгаж тооцоо хийж үзтэл 1.300.000 төгрөгийн гар утас дутчихсан юм. Мөн Л  нь зарагдаж байсан гар утас барьж байгаад шилийг нь хагалсан бөгөөд тухайн үедээ би өөрөө энэ гар утсыг авчихъя, цалингаас суутгачих гэхээр нь дараа сарынх нь цалингаас суутгая гэж бодоод тэр сарынх нь цалинг бүтнээр нь өгсөн. Тэрнээс хойш өгнө төлнө гэж явсаар өдийг хүрсэн бөгөөд залгахаар гар утсаа авахаа больсон. Гар утаснууд нь бүгд холбогдохгүй байгаа... ...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр О.Л ажиллаж байх үедээ Самсунг галакси эс 8 плас гар утсыг надад хэлэхгүйгээр, лангуунаас дур мэдэн авч ашигласан,  Элжи жи-5 гар утас, Ай-фоне 6 маркийн гар утас, Самсунг галакси эс7 маркийн гар утас зэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ноос 8-ны өдөр аваад явсан байсан. Мөн зөрүү 90.000 төгрөг өгөх ёстой байгаа. Хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17х, 18-19х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч Г.Ү-гийн : “...О.Л бол миний нөхөр, бид хоёр манай гэрт хамтран амьдардаг. Манай нөхөр О.Л 2019 оны 6 дугаар сард Самсунг эс7 маркийн гар утас бэлэглэсэн. Би тус бэлэглэсэн утсыг нь хэсэг барьж байгаад унагаад эвдэлчихсэн. Тус утсыг эвдэлчхээд засуулж чадахгүй байж байгаад хаячихсан. Энэ үед би барих утасгүй байсан ба намайг утасгүй гээд манай нөхөр надад утас бэлэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung galaxy s8 plus-500.000 төгрөг, LG 5 гар утас-150.000 төгрөг, iphone 6 гар утас-380.000 төгрөг, Samsung galaxy s7 гар утас-250.000 төгрөг, нийт 1,280,000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 27-28х/,

 

Шүүгдэгч О.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Үжин Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шилэн Драгон төвд гар утасны дагалдах хэрэгслийг зардаг байсан. Тэгээд би тухайн газар Э гэх эгчийн гар утасны худалдааны лангуун дээр худалдагчаар ажилд орсон. Тэгээд би Э эгчээс Самсунг эс-8 плас маркийн гар утсыг нь Э эгчтэй тохирч 550.000 төгрөгөөр худалдан авахаар болж цалин дээрээс бага багаар мөнгийг нь өгөхөөр болж худалдан авсан юм. Тухайн худалдан авсан утасныхаа мөнгөнөөс нэг ч төгрөг эргүүлэн төлж чадаагүй. Дараа нь LG брэндийн жи-5 маркийн гар утсыг нь лангуун дээрээс хулгайд алдсан. Мөн тухайн лангуун дээр ажиллаж байх хугацаандаа Айфоне-6 маркийн гар утас, Самсунг эс-7 маркийн гар утсыг Э эгчид хэлэлгүй аваад зарах гэж байгаад амжилгүй Айфоне-6 маркийн гар утсыг нь шатан дээр унаган эвдэлсэн. Нөгөө Самсунг эс-7 маркийн гар утсыг нь би өөрөө хэсэг барьж байгаад найз охиндоо өгсөн. Манай найз охин Үжин хэсэг тэр Самсунг эс-7 маркийн гар утсыг барьж байгаад эвдээд хаясан. Тэгээд би удалгүй 2019 оны 6 дугаар сарын дундуур тухайн ажлаас гарсан. Намайг ажлаас гарах үед Э эгч тооллого хийхэд дээрх миний авсан 4 ширхэг утас дутсаныг мэдэхээр нь би удахгүй эргүүлээд төлнө, би дээрх 4 ширхэг утаснуудыг авчихсан юм гэж үнэнээ хэлсэн. ...Би Э эгчид нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулснаа мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.Л нь хохирогч С.Э-ы эзэмшлийн гар утасны лангуунд худалдагчаар ажиллахдаа шууд санаатай, шунахай сэдэлтийн улмаас түүний итгэмжлэн хариуцуулсан гар утаснуудаас 4 ширхэг гар утсыг завшиж, хохирогчид 1.280.000 төгрөгийн хохирол, мөн зарж байсан утсыг нь зарах ёстой үнээс нь хямд зарснаас үүссэн зөрүү мөнгө болох 90.000 төгрөгийг завшиж, нийт 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

 

Иймд шүүгдэгч О.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч О.Л-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Э д 1.370.000 төгрөгийн хохирол учирснаас 500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 870,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч О.Л оос 870,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л ид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...Прокурорын ялын санал дээр хэлэх зүйл байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч О.Л-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ч ахин үйлдсэнөмг түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л ид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч О.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

            1. Хатигин овогт Одгэрэлийн Л-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-ид 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-оос 870.000 /найман зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Э д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Л-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г. АЛТАНЦЭЦЭГ