| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 133/2017/0000/э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 20
Ц-д холбогдох хэргийн талаар
Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч Ж.Баттогтох, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд :
Прокурор Д.Ариунжаргал
Шүүгдэгч Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Хохирогч Д
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлоор Ц-д холбогдох 201707000023 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, халх, 1972 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЭ72071814 регистрийн дугаартай, Ц нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны 3-1 тоот хашаанд иргэн А-ийн гэрт иргэн Д-тэй маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 201707000023 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д-ын гаргасан шүүгдэгч Ц-ээс хохирол гаргуулах тухай 20.860.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Ц нь өөрт учирсан болон бусад эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдаж, Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц-ын иргэний цахим үнэмлэхийг буцаан олгохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг танилцуулснаар хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдол тайлбартаа: Эрүүгийн хэргийн хохирогч Д-ын өмгөөлөгч Ж.Дорждэрэм миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын байна гэсэн атлаа Ц нь хохирогч Д-ыг түлхэн унагаж гэмтэл учруулсан нь нотлох баримтууд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэлийг оногдуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Прокурор Д.Ариунжаргал эсэргүүцэлдээ: Ц нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хорооны ... тоот хашаанд иргэн А-ийн гэрт иргэн Д-тай маргалдан зодолдож, улмаар Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д-ын биед гэмтэл учирсан гэж үзэхэд 2-р хавтаст хэргийн 3-р хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч А-ийн өгсөн "...модон сандал нилээд наана байсан..." /1-р хх-ийн 221/ гэх мэдүүлэг, "...байшингийн гадна хаалганаас зуух хүртэл хэмжихэд Зм20см байв..." хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 1/ зэргээс харахад хохирогч хавиргаараа сандал дээр унаад улмаар зуух мөргөж гэмтэл авсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хохирогч Д "Ц-тэй ойр зуурын ярианаас болж муудалцсан ...Зодоон болоход Ч байхгүй байсан... Эргэж хараад мөрөө тавиулах гэхэд цохисон..." гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бөгөөд 2-р хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургуудаас харахад мөргөсөн гэх зуух нь цохисон чиглэлийн дагуу бус эсрэг талд байгаа тул улсын яллагчийн яллах дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй байна. Гэрч А, хохирогч Д, гэрч С нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "...зүүн чих нь түлэгдсэн цэврүүтсэн байсан..." гэх боловч гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...баруун чихний хонхорхойд нь цус тогтож хатсан, баруун чихний ар тал нь цэврүү үсрээд түлэгдсэн, баруун шанаа нь юмаар зүсүүлсэн юм шиг харагдаж байсан..." /2-р хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг мөн анх эмнэлгийн байгууллага хүлээн аваад нээсэн өвчтөний түүхэнд дээрх түлэгдэл болон зүсэгдсэн шархны талаар дурьдагдаагүй. 2017 оны 05-р сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д нь мэдүүлэхдээ "...Ч гуай байсан, ширээний хажууд замилаад суучихсан, юу болж байгааг мэдэхээргүй байсан... намайг унаснаас хойш хүргэж өгсөн байх..." /1-р хх-ийн 200/ гэж мэдүүлсэн боловч 2017 оны 09 сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт "...Ч гуай байхгүй байсан. А, Ц бид гурвуулаа байсан..." гэж үйл явдал болох үед байсан гэх гэрчийн талаар өөр өөрөөр мэдүүлсэн. Гэрч Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 03 дугаар сарын 16-нд А-ийн гэрт очиход А, Ц, Б гурав байж байсан. Би нэг шил архи авч очсоныг хувааж уугаад байж байтал гаднаас Д, С нар согтуу орж ирсэн. Тэгээд А, Д-д хандан чи архи уухаараа гай болдог шүү гээд хөөгөөд гаргасан. Тэгээд намайг байх хугацаанд тэр 2 дахиж орж ирээгүй. Удалгүй би Ц-р хүргүүлэн гэртээ харьсан. Харин намайг явснаас хойш тухайн газар юу болсон талаар мэдэхгүй байна... намайг гэрт байхад Д, Ц нар муудалцсан асуудал байхгүй Д, А-д хөөгдөөд гарч явсан..." /2-р хх-ийн 28-29/ гэх мэдүүлэг. Тухайн үйл явдлыг нүдээр үзсэн гэх гэрч А "...Цэндбазар Д-ыг түлхэж унагаасан..." гэж, хохирогч Д "...Ц намайг баруун шанаанд цохиж унагасан..." гэх зэргээр болсон үйл явдлыг зөрүүтэй байдлаар мэдүүлсэн. Хохирогч Д нь "...сандал дээр унаад хавиргаа гэмтээсэн...", "...хэрэг гарах үед Ч нь байхгүй байсан..." гэж хэргийн нөхцөл байдалд тохируулан мэдүүлгээ өөрчилж байгаа тул түүний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэпчид ашигтайгаар шийдвэрлэх гэсэн үндэслэлээр Ц-ыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
- Хохирогч Д-ын "...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би Сутайн хороо 3-1 тоот хашаанд хуурай ах болох А-ийн гэрт очсон юм. Тухайн хашаанд миний ажлын байр мужааны цех байдаг юм. Тухайн үед би Адилаа ахын гэрт яваад ороход Ц согтуу сууж байсан юм. Тухайн үед би айлд очиж нэг шил архи хувааж уучхаад тэнд очсон. Би согтоогүй болсон зүйлсээ бүгдийг санаж байгаа юм. Харин ухаан алдаж унаснаасаа хойш санахгүй байгаа юм. Тэгээд тухайн айлд яваад ороход хүмүүс мэнд ус мэдээд тухайн гэрт А, Ц нар сууж байсан юм. Тэгээд орсны дараа намайг тоглоом хийгээд байгаа юм уу гэмээр янз янзын юм яриад Балбар занги юу байна гэх мэт зүйл яриад байхаар нь би нэртэй хүнийг нэрээр нь дуудаарай гэх мэт зүйл яриад маргалдсан. Тэгсэн А ах та 2 гарч маргалдаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 гадаа гараад бага зэрэг маргалдчихаад би чамтай юу ч ярихгүй гээд А ахын гэрт эргээд ороод үүдний хэсэгт зогсож байтал араас орж ирээд баруун шанаа руу гараараа цохисон юм. Би цохиулахдаа зүүн шанаагаараа гал түлсэн байсан пийшин лүү унаад ухаан алдаж унасан байсан. Тэгээд нэг мэдсэн гэртээ ирсэн ухаан орсон бараг өглөө үүрээр сэрсэн юм. Тэгээд би эхнэрээсээ яаж гэртээ ирсэн талаар асуусан чинь А ах чамайг хүргэж ирчхээд явсан гэж хэлсэн. Тэгээд би 2 хоног гэртээ хэвтэж байгаад гар хөл татаад байхаар нь эмнэлэгт очоод үзүүлтэл яаралтай хагалгаанд орохоор болсон. Тэгээд хагалгаанд ороод зүрхний хэмнэл алдагдаад хагалгааг зогсоогоод 2 хоногийн дараа бас дахин хагалгаанд орсон юм. Тэгээд 10 гаран хоногийн дараа бас дахин хагалгаанд орж толгойныхоо зүүн шанааны цөмөрсөн ясыг түүлгэж авахуулсан. Тухайн зодуулснаас болж тархи толгойдоо гэмтэл авсан юм. Тэгээд тухайн хүнийг ирж уулзаад эм тарианы тусламж узүүлчих болов уу гэж нэлээн хугацаанд харж явсан юм. Тэгээд ирэхгүй болохоор нь би очиж уулзахад эхэндээ мөнгө төгрөг өгөх талаар ярьж байсан боловч сүүлдээби цохиж зодоогүй шүүх цагдаад өгч шалгуул гэдэг болсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм..." гэх мэдүүлэг/хх-н 23-14-рт/,
- Хохирогч Д-н "...Тухайн үед Ц бид 2 гадаа маргалдаад би чамтай маргалдмааргүй байна гээд гэрт ороход яг араас орж ирээд миний араас татаж зуурахад би тэр үед эргэж харсан юм. Тэгсэн чинь шууд баруун шанаа руу гараараа цохисон юм. Тэгээд би шууд газар дээрээ унаад зуух мөргөөд ухаан алдаад унасан юм..." гэх 2 дахь удаа өгсөн мэдүүлэг/хх-ийн 16-17-рт/,
- Хохирогч Д-ын "...Би урьд өмнө нь А-ийн хашаанд банз буулгаж байгаад машины чиргүүл дээрээс хий гишгэж унаад хавирга хөндүүр болоод хугалчихлаа гэж бодож байсан. Тэгээд тухайн үед ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй гэрээр байж байгаад өвчин нь зүгээр болж эдгэж байсан. Тэгээд 2016 оны 03 сарын 16-ны өдөр А ахын гэрт унахдаа тухайн хуучин хавиргаа гэмтээчихлээ гэж бодоод өнгөрсөн. Тухайн үед тархиндаа гэмтэл аваад хавирганы гэмтлийг тоогоогүй тухайн үед хавирга хөндүүр болоод байхаар нь эмчээр наалт наалгаж байсан. Одоо бодоход тархиндаа гэмтэл авахдаа тухайн 4-р хавирга хугарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-н 8-9-рт/,
- Гэрч Д.Адилаагийн "... Тухайн өдөр Ц манайд ирсэн юм. Тэгээд Ц бид 2 эхлээд цэргийн баяр болох гэж байгаа гээд нэг шил архи хувааж уугаад сууж байсан чинь Д гаднаас орж ирэхэд Ц, Д-д хандан Балбар занги гуай юу байна гэж мэндэлж байсан юм. Тухайн үедээ тэр 2 хоорондоо ямар нэгэн юм яриагүй. Тэгээд нөгөө архи дуусаад Д мотоциклийг Ц унаж яваад тэр 2 хамт нэг шил архи авч ирсэн. Тэгээд авч ирсэн нэг шил архийг хувааж ууж дуусаад Д, Ц нар хоорондоо маргалдаад байсан яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна одоо мартчихсан байна. Тэгээд тухайн үед би гарч хэрэлдэж маргалд гэж хэлээд гэрээсээ гаргасан юм. Тэгээд нэг их удалгүй тэр 2 ороод ирсэн орж ирэхэд заамдалцан орж ирсэн юм. Тэгээд Ц заамдалцсан чигээрээ гэрийн үүдээр орж ирээд Д-ыг түлхсэн чинь Д унахдаа гэрийн зуух руу унасан. Тэгээд би босож ирээд Д-ыг татаад босгож суулгасан чинь Д-ын зүүн шанаа чихний орчим халуун зууханд түлэгдээд цус гарсан байсан тэгээд байж байгаад нэг их удалгүй Цяваад өгсөн юм. Д-ыг би гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч унаа байхгүй байсан юм. Тэгээд би орон дээр хэвтүүлсэн чинь орон дээрээс бууж 4 хөллөж уруугаа харж хэвтээд байсан. Д манай гэрт уруугаа хараад хэвтэж байхад Ц эргэж орж ирчхээд ямар нэгэн зүйл ярилгүй буцаад гараад явсан. Тэр үед Д босдоггүй гээд хэлсэн. Тэгээд байж байгаад манай дүү Б-г ирэхээр нь 19 цагийн үед гэрт нь хүргүүлсэн юм. Эхнэрт нь хэлэхдээ Ц, Д нар согтуу тэврэлдээд давхралдаад уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед Ц-г түлхэж унагаасныг хэлээгүй. Тэгээд 2 хоноод байж байтал Д-ын эхнэр яриад толгой өвдөөд байна гэж хэлж байсан тэгээд эмнэлэгт үзүүлээдэхмээр байна гэсэн тэгэхээр нь би гэрт нь очоод эхнэртэй нь цуг Д-г дагуулаад эмнэлэгт очиж зургийг нь авахуулсан чинь тухайн өдөр амралтын өдөр байсан санагдаж байна зургийг нь эмчид үзүүлсэн чинь сайн мэдэгдэхгүй байна нэг дэх өдөр компьютерт харуул гэж байсан. Тэгээд эмнэлэгт хэвтүүлээд явсан. Тэгээд дараа нь юу болсон талаар мэдэхэд шанааны яс цөмөрсөн байна гэж хэлж байсан тэгээд хагалгаанд орсон байсан..." гэх мэдүүлэг хх-н19-20-рт/,
- Гэрч Ц-н "...тухайн үед би А ах, С эгч 2-н нэгэнтэй нь Д-ыг миний машинаар хүргэж өгч байсан яг хэнтэй нь цуг хүргэж өгснөөодоо сайн санахгүй байна. Тэгээд би Д-г гэрт хүргэж өгөөд буцсан өөр зүйл болоогүй. Дараа нь гэртээ ирээд байж байхад Адилаа ах надад хэлэх дээ Ц, Д зодолдсон гэж хэлж байсан..." /хх-н23-24-рт/,
- Гэрч С-н "... 2016 оны 03 сарын 16-ны өдөр үдээс хойш гэртээ байж байгаад өөрийнхөө А-ийн хашаанд байх ажлын байран дээр очоод ирье гээд явсан юм. Тэгээд ирэхгүй нэлээн удаж байгаад 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхгүй болохоор нь утсаар ярьсан чинь архи уусан бололтой утсаа авч байсан. Тэгээд хаана байгааг нь асуусан чинь хэлэхгүй байсан тэгэхээр нь би ахиж утсаар залгаагүй. Тэгээд байж байтал нэлээн орой Ц, А 2 гэрт машинаар хүргэж ирээд эхлээд надад хэлэхдээ мотоциклоос унасан гэж хэлээд явсан. Тэгээд би тухайн үед архи уусан болохоор нь газраар ор засаж өгөөд нэг их ойшоолгүй унтуулчихсан юм. Тэгээд өглөө үүрээр Д толгой хагарах гээд байна гээд эм уусан. Тэгээд би А ахтай утсаар яриад хавирга нь хугарсан юм шиг байна хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн чинь А ах наалт эм авчирч өгсөн юм. Тэгээд би гадуур явж байгаад орой гэртээ ирсэн чинь манай нөхөр Дашбалбар толгой өвдөөд байна гээд эм байнга уугаад байж байсан. Тэгээд маргааш нь би дүүтэйгээ эмнэлгээр явж байгаад үдээс хойш ирсэн чинь бүр тархиар нь хатгаад орилоод хэвтэж байсан. Тэгээд А ах руу яриад унаа авчруулаад эмнэлэг рүү авч явсан. Тэгээд үзүүлсэн чинь тухайн өдөр амралтын өдөр байсан тул 2 хоног байж байгаад 1 дэх өдөр нь компьютерт харуулахад толгойны яс нь чамархайн хэсэгтээ цөмөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд 2 дахь өдөр хагалгаанд орсон боловч зүрх нь болохгүй байна гээд хагалгааг зогсоогоод гарч ирсэн. Тэгээд 2 хоног байлгаж байгаад дахиад хагалгаанд орсон юм. Тэгээд хэд хоногийн дараа оёдол нь задраад дахин хагалгаанд орсон юм. Анх гэртээ ирсэн шөнө надад ухаан ороод хэлэхдээ Ц, А ахын гэрт байж байгаад намайг цохиод унагаасан би зуух руу нь унасан юу болсныг санахгүй байна сая гэртээ байгаагаа мэдлээ гэж хэлж байсан. Тэгээд би Ц-г нь маргааш өглөө хайгаад явсан боловч гэртээ байхгүй байсан. Харзат багт хамтран амьдардаг Б гэх хүнийх нь гэрт очоод болсон зүйлсийг ярьсан чинь Б надад хэлэх дээ Ц шөнө ирчхээд би Д, А ахын зуух руу цохиод унагаачихлаа гэж үглэж байгаад унтаад өгсөн тэгээд өглөө эрт босоод гараад явсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-н 25-27-рт/,
- Гэрч С-ийн "... Тухайн өдөр 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн чинь Д манай гэр орны өмнө 4 хөллөөд доошоо хараад хэвтэж байсан юм. Манай нөхөр А Д 2 байсан өөр хүн байгаагүй. Хүүе Д яасан юм гээд асуусан чинь А надад хэлэхдээ Ц, Д 2 маргалдаж хэрэлдэж орж ирээд Ц түлхсэн чинь Д унахдаа халуун зуух руу унасан юм гэж хэлж байсан. Тэгээд би Д-с гэр оронд чинь хүргээд өгөх үү яаж байна гэж асуусан чинь жоохон байж байгаад явъя гээд байсан тэгээд орон дээр гараад хэвт гэж хэлсэн чинь яах юм ингээд жоохон байя гээд газарт түрүүлгээ хараад хэвтээд байсан. Тэгээд нэлээн байж байгаад харанхуй болсон байсан учир А дүү Ц-тэй Д-ыг хүргэж өгсөн юм" гэх мэдүүлэг /хх-н 30-31-рт/,
- Гэрч Б-ийн "...2016 оны 03 сарын 16-ны 20 цагийн үед би Говь-Алтай аймгийн төвд Харзат багийн ... тоотод байж байхад Д-ыг А, Ц нар гэх залуучууд Д-ыг мотоциклоос уначихсан юм шиг байна гэж хэлж оруулж ирчхээд явсан. Би тэр залууг гэрээс нь явсны дараа Д-ын эхнэрт энэ хүнд зодуулчихсан юм шиг байна мотоциклоос унасан хүн ийм байхгүй гэхэд Д-ын эхнэр болох С нь нээрээ зодуулчихсан юм шиг байна гэсэн. А гэх залуугийн утас руу нь залгахад утас холбогдохгүй, Ц-ын гарутас руу нь холбогдож байхаар нь ярихад Ц, А ах унтаж байна маргааш өглөө танайд яваад очъё гээд утсаа тасалсан. 2017 оны 03 сарын 17 ны өглөө 08 цагийн үед А гэх залуу манай хүргэн ахынд ирээд Д, Ц гэх залуутай муудалцаад байсан би яг цохиж зодолдсоныг мэдээгүй гэхдээ өнөө өглөө босоход манай гэрт байсан хүмүүс Ц гэх залуу Д-ыг зуух руу цохиод унагасан гэж ярьж байсан гэж хэлээд Д-ын биеийг асуугаад наалт авчирч наагаад явсан. Тэгээд 2017 оны 03 сарын 18-ны өлөө би Д-ын эхнэр С-тэй цуг Д-ыг Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвд очиж рентген зураг авахуулахад баруун шанааны яс бяцарсан байна гэж хэлээд яаралтай мэс засалд оруулсан..." гэх мэдүүлэг/хх-н 26-27-рт/,
- Шинжээч эмч Д.Даваахүүгийн "...Үзлэгт зовиур толгой өвдөнө, юм мартана дүлийрнэ, нулимс гоожно. Хэсэг газрын үзлэгт зүүн чамархайд тах хэлбэрийн цайвар ягаан өнгийн хагалгааны сорвитой, зүүн зовхи доош бага зэрэг буусан. Эмнэлгийн бичиг баримтад номер 1335 тоот өвчний түүхэнд хэвтэх үеийн онош тархины няцралт, доргилт, зүүн талын хавирганы хугарал, рентген зураг КТГ-р зүүн чамархайн яс цөмөрсөн хугарал, зүүн 4-р хавирганы хугарал, мэс засал хийсэн тэмдэглэлд ерөнхий унтуулгын доор хагалгааны талбай болон гарыг зохих ёсоор ариутгаж хуучин хагалгааны шархны доор бор шаргал өнгийн шингэн хуралдсан байсныг угааж шалгахад чамархайн доор доод үзүүр хэсэгт 2 ширхэг сул ясны сэлтэрхий байсныг авч угааж тогтоон шалгахад хатуу хальснаас бага зэрэг цус шүүрч байгаа тул цус тогтоон гуурс тавьж үечлэн оёж хаалаа гэсэн байсныг үндэслэн дүгнэлт гаргахад иргэн Д-ын чамархайн ясны хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн чамархайн тах хэлбэрийн хагалгааны сорив зүүн талын дээд зовхины буулт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /хх-н 78-79-рт/, мөн Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Д.Даваахүүгийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн №5 дугаартай дүгнэлт, 2017 оны 07 сарын №217 дугаартай дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдож байна.
Мөн гэрч А-ийн мэдүүлэгт "...Ц, Д-ыг түлхэж унагаасан..." гэж, хохирогч Д-ын мэдүүлэгт "...Ц намайг баруун шанаанд цохиж унагасан..." гэж болсон үйл явдлыг зөрүүтэй байдлаар мэдүүлсэн гэж шүүх дүгнэсэн боловч хохирогч Д-ын "...Тухайн үед Ц бид 2 гадаа маргалдаад би чамтай маргалдмааргүй байна гээд гэрт ороход яг араас орж ирээд миний араас татаж зуурахад би тэр үед эргэж харсан юм. Тэгсэн чинь шууд баруун шанаа руу гараараа цохисон юм. Тэгээд би шууд газар дээрээ унаад зуух мөргөөд ухаан алдаад унасан юм..." гэх мэдүүлгийг үнэлээгүй орхигдуулсан бөгөөд түлхэж унагасан эсвэл цохиж унагасан ч аль аль нь шүүгдэгч Ц-ын идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Д-ын биед гэмтэл учирсан болох нь хангалттай нотлогдож байна гэж үзэж байна.
Шүүх цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг баримталсан мөртлөө мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан зэрэг нь үндэслэлгүй байна.
Иймд Ц-д холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар порокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Анхан шатны шүүх 2-р хавтаст хэргийн 3-р хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А-ийн мэдүүлэг зэргээр хохирогч хавиргаараа сандал дээр унаад зуух мөргөж гэмтэл авах боломжгүй гэж дүгнэжээ. Гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл нь 2017 оны 08 дугаар сарын 04-нд хийгдсэн буюу хэрэг үйлдэгдсэн гэх 2016 оны 03 дугаар сарын 16-наас хойно нөхөн бэхжүүлсэн байна.
Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хохирогч Д-г цохисон чиглэлийн дагуу бус эсрэг чиглэлд зуух байсан гэх байдал нь хохирогч эргэж хараад мөрөө тавиулах гэхэд цохисон гэх мэдүүлгээр, гэрч Ч хэрэг учрал гарахад байсан эсхүл харьсан байдал нь хэрэгт шууд нотлох ач холбогдолгүй бөгөөд Ч намайг байхад тэр 2 дахиж орж ирээгүй, намайг явсанаас хойш юу болсоныг мэдэхгүй гэж мэдүүлсэн.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын үндэслэлээ нотлох баримтад тулгуурлан, тодорхой үндэслэл бүхий дүгнээгүй, хууль сануулж байцаасан гэрч А, хохирогч Д, гэрч С, С нарын мэдүүлэгийг хэрхэн үнэлж үгүйсгэж байгаа зэрэг нь ойлгомжгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Ш.БАТТОГТОХ