Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 114/2018/0010/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн 10 дугаар баг 1б байрны 47 тоотод оршин суух С.Н- нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Гуравдагч этгээд Г.Туяа

 

Нэхэмжлэлийн “иргэн Г.Туяад олгосон орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2003015489 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож,  С.Нармандах миний орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгах”  шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                              С.Нармандах

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                      Д.Пүрэвдорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                 Ш.Цэндсүрэн  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч С.Нармандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Энэ байрны маргаанаар шүүхээр 8 жил явсан, иргэн Дугар, Энхтуяа нартай маргалдаж 2016 онд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Миний хувьд Г.Туяагаас 7.500000 төгрөг зээлсэн юм. Гэтэл нэг өдөр Г.Туяа над руу залгаад манай нөхөр танд мөнгө өгөөд, эргүүлж аваагүй байна гээд намайг зодоод байна. Та хүрээд ирээч нөхөрт маань үзүүлэх юмтай болгоод өгөөч, та шүүхээр яваад байраа авна, байрны асуудал таны талд шийдэгдэх юм чинь нөхөртөө үзүүлэх юмтай больё гээд намайг дагуулаад н.Энхтүвшин нотариатч дээр дагуулж очсон. Би миний авсан мөнгөн дүн дээрээ бичиг хийлгэх гэж байгаа юм уу  гэж асуухад та дуугүй сууж бай надад тус бол байрны эцсийн шийдвэр гарвал, хоёулаа цуг байж байгаад байраа зараад би авах мөнгөө аваад та үлдсэн мөнгөө аваарай гэж хэлсэн. Ямар гэрээ хийснийг мэдэхгүй, намайг энэ бичиг дээр гарын үсэг зур гэхэд нь би гарын үсэг зурсан. Г.Туяаг нөхөр нь үнэхээр аймаар болгосон хамартаа хөвөн чихсэн толгой нь хавдсан байсан тул хүнээс мөнгө авсан би мөнгөө төлж чадаагүй болохоор их айсан. Тэр баримтыг үндэслэн Г.Туяа байрыг өөртөө бүртгүүлж авсан байна. Энэ тухай мэдээд би Г.Туяаг цагдаагийн байгууллагаар шалгуулахад гэрээн дээр та өөрөө гарын үсэг зурсан байна гээд авч хэлэлцээгүй. Г.Туяа бас намайг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан. Мөн энэ байрыг Хонгорзул гэдэг хүнд зарах гээд явж байна, зарах байсан бол бидэнд зарахгүй яасан юм гээд Р.Энхтуяа, Д.Дугар нар хэлснээр би байр Г.Туяагийн нэр дээр шилжсэнийг мэдэж асуухад 2.0 сая төгрөг хэрэг болоод байрны нэрийг шилжүүлсэн гэж хэлж байсан.

Бүх шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн аймгийн Орон сууц хувьчлах товчооноос 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг надад олгосон. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст татвар хураамжаа төлөөд материалаа бүрдүүлж өгөхөд одоо хүртэл бүртгэж өгөхгүй байна. Аймгийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга Ц.Бат-Эрдэнэ, улсын бүртгэгч Цэндсүрэн нар нь урьдын шүүх хурлуудад оролцож байсан, энэ байр маргаантай гэдгийг мэдсээр байж 2011 оны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 06 дугаар магадлалаар хүчингүй болсон гэрчилгээг ашиглан Г.Туяад гэрчилгээ бичсэн, бүртгэсэн зэрэг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

Иймд Гүрдорж овогтой Туяад Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хороолол 1-Б байрны 47 тоот өмчлөх эрхийн улсын  000339171 тоот гэрчилгээ, Улсын бүртгэлийн Ү-2003015489-т бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, иргэн С.Нармандах миний орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэндсүрэнгээс шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хороолол 1б байрын 47 тоот 1 өрөө орон сууцыг Аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор иргэн Р.Энхтуяа, Д.Дугар, Д.Одгэрэл, Д.Батбаатар нарт хувьчилж, 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2003002552 дугаарт бүртгэгдсэнийг 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 295  дугаар магадлал, 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 30 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэснээр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолоор уг орон сууцыг иргэн С.Нармандахад хувьчилсны дагуу 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагад мэдүүлэг гарган өмчлөх эрхээ баталгаажуулахаар С.Нармандах хүсэлт гаргаснаар эрхийн улсын бүртгэлийн Y22003015439 дугаарт бүртгэж баталгаажуулсан. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 52 дугаартай тойргийн нотариатч Ш.Алтанцэцэгийн гэрчилсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Гүрдоржийн Туяад шилжүүлэн бүртгүүлснээр иргэн С.Н- өмчлөх эрх дуусгавар болгосон.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.1-д заасны дагуу иргэн С.Н- өмчлөх эрхийг дахин улсын бүртгэлд бүртгэх боломжгүй.

Иргэн С.Нармандах нь Аймгийн Засаг даргад хандан уг орон сууцыг дахин хувьчилж авахаар өргөдөл гаргасны дагуу ба уг орон сууцыг бүртгэлтэй эсэх талаар хариу өг гэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-нд 02/159 тоот албан бичгээр манай байгууллага иргэн С.Нармандахад хариу өгсөн. Гэтэл аймгийн Орон сууц хувьчлалын товчооноос дахин хувьчилж 0117455 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгож дахин баталгаажуулахаар С.Нармандахад хандсаныг хүлээн авахаас татгалзсан. Дараа нь Г.Туяа нь Хонгорзул гэдэг иргэнтэй худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр манай байгууллагад хандахад манайх бүртгэх боломжгүй гэж буцаасан.

Нэхэмжлэгч нь юунд гарын үсэг зурснаа мэдэхгүй гэж байна, гэтэл насанд хүрсэн, өөрийгөө бүрэн хариуцах чадвартай хүн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нотариатын газар очиж гарын үсгээ зурснаа хүлээн зөвшөөрдөг. Бид хуульд заасан журмын дагуу ажлаа хийсэн. С.Нармандах нь 01174457 дугаар эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад бид бүртгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Г.Туяагаас шүүхэд гаргасан тайлбартаа:- 2010 оны 06 дугаар сард С.Нармандах гуай анх надтай танилцаад Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хорооллын 1/б байрны 47 тоотын байраа барьцаалж зээл авах гэсэн юм. Энэ байранд нь охин хүргэн нь амьдардаг. Одоо Архангай аймаг явсан байгаа гэх зэргээр ярьж энэ байраа зээлийн барьцаанд тавьж надаас 5 сая төгрөг зээлж авсан. Зээлээ хугацаандаа төлөхгүй надтай уулзахгүй утсаа ч авахгүй алга болсон тул би барьцаанд авсан байрныхаа хаягаар очиход тэр байранд нь Д.Дугар,Р.Энхтуяа гэдэг хүмүүс амьдарч байсан бөгөөд энэ хүмүүс нь түүний охин, хүргэн биш харин ч бүр энэ байрны өмчлөлийн асуудлаар түүнтэй шүүхээр маргалдаж байгаа С.Нармандах гуай энэ бүгдийг надаас нууж худлаа ярьж зээл авсан болохыг нь би мэдсэн.

Ингээд С.Нармандах гуайг хайж олоод уулзахад “шүүхийн асуудал дуусахаар зээлээ төлнө, хүлээж байгаач” гээд гуйгаад байхаар нь би ч аргагүй байдалд орж, маргаан нь дуусахыг хүлээж байтал 2010 оны намар С.Нармандах гуай над руу ярьж “шүүх хурал болох гээд байна байрны гэрчилгээ эх хувиараа хэрэг боллоо авчирч өгөөч, хуралд орчхоод буцаагаад өгье” гэхээр нь би байрных нь ягаан гэрчилгээг шүүх дээр аваачиж өгөөд хурал дуусахыг нь хүлээж, хурлын дараа барьцаалсан байрныхаа гэрчилгээг авах гэтэл С.Нармандах гуайн өмгөөлөгч Д.Пүрэвдорж гэдэг хүн “шүүх хураагаад авчихлаа бүх зүйл дууссаны дараа буцаагаад шүүхээс аваад өгнө” гэж хэлсэн. Би ч өмгөөлөгчийнх нь үгэнд нь итгээд маргаан нь эцэслэн шийдвэрлэгдтэл хүлээхээс өөр аргагүй болсон.

2011 оны 08 дугаар сарын 07-нд С.Нармандах гуай над руу яриад шүүхийн асуудлаас болоод эгч нь их цаг хугацаа зарж байна. Дахиад бага зэрэг мөнгө зээлээч гэхээр нь түүнд 200.000 төгрөгийн зээлийг бэлнээр өгсөн. 2011 оны 08 дугаар сарын 11-нд С.Нармандах гуай “өмгөөлөгч Д.Пүрэвдоржийн өрөөнд байна хүрээд ирээч” гэхэд нь би очсон. Тэд С.Нармандах гуай уйлчихсан, өмгөөлөгч Д.Пүрэвдорж гуй надад “чиний барьцаалсан байрны гэрчилгээг чинь наад Нармандах чинь  надаас хулгайлж аваад Дарханбаатар гэдэг залууд зээлийн барьцаанд тавьж 7.500.000 төгрөг зээлээд мөнгөө төлөөгүй Дарханбаатар нь өөрийг нь залилаж мөнгө авсан гээд цагдаад гомдол гаргаж одоо С.Нармандахад эрүүгийн хэрэг үүсгэх гээд байна би уулзаад ирлээ. Дарханбаатарын мөнгийг яаралтай төлөх хэрэгтэй байна. Чи туслаач гэсэн”. Тэгэхээр нь би та хоёр чинь байрны гэрчилгээг шүүх хураасан гэж надад хэлсэн, тэр чинь худлаа байсан юм уу гэхэд тиймээ би С.Нармандахаас өмгөөллийн хөлсөө автал өөртөө хадгалж байя гэж бодоод тэгж худлаа хэлсэн юм” гэсэн. Тэгтэл С.Нармандах гуай “ Туяа чи л энэ байрыг худалдаж ав, би чамаас авсан өмнөх зээлээ ч төлж чадахгүй юм байна, одоо энэ Дарханбаатарын мөнгийг яаралтай төлөх хэрэгтэй байна, шүүх ямар шатандаа явж байгааг чи сайн мэдэж байгаа, тэртэй тэргүй өмчлөл нь миний нэр дээр л гарна, тиймээс энэ байрны нийт үнийг нь 20,000,000 төгрөгөөр тооцоод, өмнөх авсан зээлэн дээрээ нэмээд чи надад 7,500,000 төгрөгийг одоо өгчих, одоо Дарханбаатарын өрийг өгч, эрүүгийн хэргээ хаалгамаар байна” гэж надаас өмгөөлөгчтэйгээ нийлээд гуйсан. Би ч С.Нармандах гуайн аргагүй байдлыг ойлгож, өмнөх зээлдүүлсэн мөнгөн дээрээ нэмж 7,500,000 төгрөгийг өгч түүний өрийг нь дараад, мөн С.Н- өмгөөлөгч Д.Пүрэвдоржид 20,000,000 төгрөг тооцон худалдан авах, С.Нармандах гуай байрны өмчлөлийг надад шилжүүлэх үед үлдэгдэл мөнгөө авахаар харилцан тохирч, Дарханбаатарт 7,500,000 төгрөгийг бэлнээр өгч С.Н- холбогдсон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон.

Ийнхүү тохирсноос хойш С.Нармандах нь үлдэгдэл мөнгөнөөсөө авч байя гээд надаас 2011 оны 11 дүгээр сард 50,000 төгрөгийг Хаан банкны 5675171880 дансаар авсан, мөн дараа нь хэд хэдэн удаа энэ дансаараа мөнгө авч байсан бөгөөд энэ авсан мөнгө нь нийтдээ 360,000 төгрөг болсон. Мөн охин нь Дарханы Техникийн Их Сургууль төгсөх гээд компьютер хэрэгтэй байна гэхээр нь би 1,000,000 төгрөгийн үнэтэй компьютерээ үлдэгдэл мөнгөндөө тооцож С.Нармандахад өгсөн. Ингээд 2012 оны 3 дугаар сард С.Нармандах нь өөрийн нэр дээр өмчлөлөө Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн гээд надтай 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015439 байрны 47 тоот байрны өмчлөлийг надад шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээ хийж, би ч түүнд үлдэгдэл мөнгөө өгсөн. Гэтэл С.Нармандах гуай хүн амын орлогын албан татвар төлөх ямар ч мөнгө байхгүй гээд татвараа төлөхгүй байсан учир энэ гэрээг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байсан учир гэрээний үнийг нь багасгаж 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ дахин хийж, энэ гэрээгээ Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Г.Туяа миний бие Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 1б байрны 47 тоот байрны хууль ёсны өмчлөгч нь болсон.

Тиймээс С.Н- гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн “иргэн Г.Туяад олгосон орон сууц өмчлөх улсын бүртгэл, орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2003015489 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож,  С.Нармандах миний орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгах”  шаардлагын тухайд:

Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор эзэмшиж байгаа орон сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдөл, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1/б байрны 47 тоот 18м2 талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Самдан овогтой Нармандахад хувьчлан  орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээ олгожээ.

Дээрх тогтоолоос өмнө Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолоор С.Нармандахад маргааны объект болох 1 өрөө орон сууцыг хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн 114804 тоот гэрчилгээг олгосон боловч иргэн Д.Дугар, Р.Энхтуяа нар нь маргаан үүсгэн Аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолын С.Нармандахад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган 3 шатны шүүхээр хянагдан Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо орон сууцны эзэмшилтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлсний дараа уг асуудлыг шийдвэрлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосноор Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 60 дугаар тогтоолын С.Нармандахад холбогдох хэсгийн үр дагавар дуусгавар болж, уг орон сууцны эзэмшил төрийн мэдэлд шилжсэн байна.

Иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нар нь Дархан сумын 10 дугаар баг,  1/б байрны 47 тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Р.Энхтуяа, Д.Дугар нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 509 дүгээр тогтоолоор хэвээр баталсан байна.

    Нэхэмжлэгч С.Нармандах нь 1 өрөө байрнаас Р.Энхтуяа, Д.Дугар нарыг нүүлгэн гаргаж, байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхэд гаргаж, Сум дундын 7 дугаар шүүх 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр Дархан сумын 10 дугаар баг,  1/б байрны 47 тоот 1 өрөө орон сууцнаас иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нарыг нүүлгэн гаргаж, орон сууцыг чөлөөлүүлж, эзэмшигч С.Нармандахад олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн  бөгөөд харин Дархан сумын 10 дугаар баг,  1/б байрны 47 тоот 1 өрөө орон сууц нь хувьчлагдаагүй болохыг дурдсан байна.

Дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч С.Нармандахад Дархан сумын 10 дугаар баг,  1/б байрны 47 тоот 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо 2016 оны 80 дугаар тогтоолоор хувьчилж гэрчилгээ олгосныг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус байна гэж үзлээ. Учир нь дээрх маргааны объект болох орон сууц нь 2009 оноос эхлэн иргэний болон захиргааны хэргийн шүүхээр маргаан үүсгэн хянан хэлэлцэгдэж байгааг хариуцагч мэдэж байгаа бөгөөд гуравдагч этгээд Г.Туяад үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгэх үед уг орон сууц нь хувьчлагдаагүй төрийн өмчийн мэдэлд байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоол, Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/65 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь орон сууцны маргаан дуусаагүй, хувьчлагдаагүй байх үед С.Нармандах, Г.Туяа нарын хооронд байгуулсан гэх 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Дархан сумын 10 дугаар баг,  1/б байрны 47 тоот 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг Г.Туяад шилжүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчим, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Иймд  гуравдагч этгээд Г.Туяагийн нэр дээр  бүртгэсэн Дархан сумын 10 дугаар баг,  1/б байрны 47 тоот 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцны Ү-2003015439 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож,  С.Нармандахад олгосон орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул С.Нармандахад олгосон орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  даалгах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Туяагийн нэр дээр бүртгэсэн  Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг,  1/б байрны 47 тоот 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцны Ү-2003015439 дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Нармандахад олгосон орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА