Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0577

 

 

 

 

 

 

 

Г.Дын гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Увс аймгийн Татварын улсын байцаагч Н.Нийн давж заалдах гомдлоор, Г.Дын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр:

“...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 57 дугаар зүйлийн 57.2.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн үйлдсэн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0176479 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагч Увс аймгийн Татварын улсын байцаагч Н.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Г.Д нь 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуульд Ховд сумын Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18 тоот албан бичгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаарх мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар Татварын албанд ирүүлсэн.

Дээрх мэдээллийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Г.Дд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж бүртгүүлээгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “...нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийг тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ...талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн.

Гэтэл шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Энэхүү маргааны хувьд хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээгүй.

Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тус тусдаа үйл баримтын ялгааг зөв тодорхойлоогүй.

“Увс финанс аудит” ХХК-иар сонгуулийн зардлын дансанд нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын дансанд орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй /зориулалт бусаар зарцуулсан эсэх/ гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх “...зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа Увс аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам гэж үзэж Г.Дыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлт өөрөө хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав. 

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, …торгоно” гэснийг Улсын Дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолд “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх”, “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах” гэсэн хоёр үйлдлийг таслалаар зааглан өөр өөр төрлийн эхлэл, төгсгөлтэй бие даасан тусдаа зөрчил болохыг тодорхойлсон, …аль нэг шинж нь хангагдаагүй бол зөрчилд тооцохгүй гэж тайлбарлах боломжгүй…” гэж дүгнэжээ. 

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх, бүртгүүлэх, зардлын дансны тайлан гаргах ажиллагаа, түүний үр дүн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн болон Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “…сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын зорилго, агуулгад нийцсэн байхыг шаардана, нэр дэвшигч Г.Дын хувьд сонгуулийн зардалд ашиглахаар нээлгэсэн дансаа холбогдох байгууллагад бүртгүүлээгүй боловч уг дансаараа ямар нэг гүйлгээ хийгээгүй, бусдаас хандив аваагүй байх бөгөөд энэ талаараа Увс аймаг дахь Төрийн аудитын газарт өргөдөл гаргасныг хүлээн авсан байдлаас үзэхэд Г.Дыг холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй…” гэж дүгнэснийг хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд тооцно.

Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэлийн хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”-аар заасан ч, хуулийн дээрх зохицуулалт нь өөр хоорондоо харилцан хамааралгүй, нийлмэл бус тус тусдаа зөрчилд тооцогдох харилцаа болохыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоолоор нэгэнт дүгнэсэн энэ тохиолдолд зардлын дансаа бүртгүүлээгүй зөрчлийг уг дансны тайланг гаргаж аймгийн Төрийн аудитын газарт өгсөн үйлдлээр зөвтгөх байдлаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй. 

Иймд Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл ногдуулна” гэсний дагуу Г.Дыг Увс аймгийн Ховд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихдээ нээлгэсэн сонгуулийн зардлын дансаа хуульд заасан хугацаанд аймгийн Төрийн аудитын газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчилд 10 сая төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв. 

Харин Увс аймгийн Ардчилсан нам нэгдсэн журмаар хүргүүлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансны талаарх мэдээллийг хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлээгүйгээс дээрх хариуцлагыг хүлээх үр дагаварт хүргэсэн гэж үзвэл буруутай этгээдээс зохих журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г.Дын “Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Нийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0176479 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн давж заалдах гомдлыг хангасугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН