Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 273

 

Л.Гансүхийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Л.Гансүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Батжаргал нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 344 дүгээр магадлалтай, Л.Гансүхийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Л.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Лхам-Осор овогтой Гансүх миний бие 2002 оны хавар буюу 4 сард уг амьдарч байгаа газар болох Баянзүрх дүүргийн 12-р хороо, А.О.С-ын Чулуутын З-46 тоотод оршин суух болсон юм. Ийнхүү амьдарч эхэлснээс хойш Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчилж авахаар хөөцөлдөж байсан боловч энэ хүсэлтийг маань хүлээн авдаггүй байсан билээ. Миний бие Баянзүрх дүүргийн 12-р хороо, А.О.С-ын Чулуутын 3-46 тоот хаягт байрлах газрыг тухайн үед Газрын албанд ажиллаж байсан Төрбатын Болорцэцэгт өмчлүүлж, эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл, гомдол гаргасан боловч нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн зүгээс 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр миний гомдлыг "Баянзүрх дүүргийн Засаг дарга Пүрэвдаваад шалгаж хуулийн хүрээнд шийдэж иргэнд хариу өгөх" гэсэн цохолт хийж, Баянзүрх дүүрэгт хүргүүлснийг дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/266 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирсний дагуу ийнхүү шүүхэд хандаж байна.

Газар эзэмших хүсэлтээ 2002 онд тус хорооны дарга байсан н.Жүгдэрнамжил даргаар уламжлуулан газраа өмчлөх хүсэлтээ Баянзүрх дүүргийн газрын алба болон дарга Батжаргал, байцаагч Ганбат нарт хүсэлт гаргаж байсан юм. Харамсалтай нь тэд миний хүсэлтийг хүлээж авч цохолт хийж өгөөгүй юм. Мөн тус хорооны Намраа, Жүгдэрнамжил, Оюунцэцэг, Мөнхтуяа гэсэн дарга нарт хандаж тодорхойлолт гаргаж газрын албанд хандаж ирсэн. Мөн 2005 онд дүүргийн Засаг дарга Мөнх-Очирт өөрийн биөэр очиж энэ байдлаа тайлбарлаж танилцуулж байсан. Энэ асуудлыг шийднэ хэмээн тодорхой хариуг өгдөггүй байлаа. Дээрх миний нэр дурдсан хүмүүсээс одоо газрын албанд ажиллахаа больсон байна. Би уг газартаа 10 гаруй жил амьдарч байна. Энэ хугацаанд манай газрыг өөр хүнд өмчлүүлсэн гэж огт мэдээгүй бөгөөд 2014 оны 8 дугаар сард л өөр хүнд өмчлүүлснийг нь мэдсэн билээ.

Ийнхүү олон жил амьдарсан газраа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст булаалгаж байгаадаа туйлын гомдолтой байна. Ийнхүү тухайн үед гаргаж байсан хүсэлт баримтууд маань одоогоор нотлох баримт болох зүйл байхгүй байна. Энэ бүхний эцэст 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хуулийн дагуу эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргаар уламжлуулан газрын албанд өргөдөл гаргаж өргөдөлдөө хорооны Засаг даргаар цохолт хийлгүүлсэн юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Өмч, газрын харилцааны алба нь хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, зөвхөн иргэн Т.Болорцэцэгийн ирүүлсэн баримтанд үндэслэн түүнд тухайн газрыг эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэнд одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор, дүүргийн кадастрын бүртгэлтэй, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулж тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох зорилго нь биелээгүй уг газарт өөр хүн болон хүсэлт гаргасан иргэн үнэхээр тухайн газраа эзэмшиж, ашиглаж байсан эсэх, тус газрыг үнэхээр тодорхой шалтгааны улмаас газар эзэмших гэрчилгээгээ авч чадаагүй байсан зэрэг үйл баримтыг хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, түүнийг шалгаж, тогтоолгүйгээр Т.Болорцэцэгт газар эзэмшүүлсэнд нь гомдолтой байна. Уг захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах", 31 дүгээр зүйлийн 31.3-т "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/43 дугаар захирамжуудын Төрбатын Болорцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... иргэн Төрбатын Болорцэцэг тус газрын байршилд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 173 тоот захирамжаар 5 жилийн хугацаатайгаар амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/43 дугаар захирамжаар өмчилсөн байна.

“Газар эзэмших хүсэлтээ 2002 онд тус хорооны дарга байсан Жүгдэрнамжилаар уламжлуулан газраа өмчлөх хүсэлтээ Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж хүсэлт гаргаж байсан” гэх тухайд:

Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өргөдөл, гомдлын дэвтрүүд болох 2002-2013 он хүртэлх нийт 11 боть дэвтрийг шүүж үзэхэд иргэн Лхам-Осорын Гансүх нь Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлтээ ирүүлж байгаагүй байна.

“2005 онд Э.Мөнх-Очир даргад өөрийн биеэр хандаж энэ байдлаа тайлбарлаж танилцуулж байсан” гэх тухайд:

Дүүргийн Засаг даргатай биечлэн уулзаж өргөдөл, хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг Тамгын газар албан ёсоор өргөдөл гомдлын дэвтэрт бүртгэдэг. Дүүргийн Засаг даргаар Э.Мөнх-Очир 2004 оны 12 дугаар сараас 2007 оны 12 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байсан бөгөөд 2004-2008 оны Тамгын газрын өргөдөл гомдлын нийт 5 боть дэвтрийг шүүж үзэхэд иргэн Л.Гансүх дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлтээ ирүүлж байгаагүй байна.

Харин иргэн Л.Гансүх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 онд газар эзэмших хүсэлтээ ирүүлж байсан бөгөөд Өмч, газрын харилцааны алба түүний өргөдлийг хүлээн авч танилцаад, “таны эзэмших эрх авахаар хүсэлт гаргасан газарт нийслэлийн Засаг даргын 2012 оны А/43 дугаар захирамжийн дагуу иргэн Т.Болорцэцэг өмчилсөн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчиж байна. Иймээс таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг иргэн Л.Гансүхэд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1168 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

“Т.Болорцэцэгт эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, газар эзэмших ашиглахад шударга тэгш байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөн” гэх тухайд:

Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 11 боть дэвтэр, Тамгын газрын 5 боть дэвтэр, нийт 16 боть дэвтэр шүүж үзэхэд Л.Гансүхээс дүүргийн Өмч, газрын харилцааны алба болон дүүргийн Засаг дарга нарт газар эзэмших хүсэлтээ ирүүлж байгаагүй байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.

“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан "хүсэлт гаргасан газартай бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчсөн гэх тухайд:

Л.Гансүх бусдын эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт "хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэснийг зөрчиж, бусдын эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овоот хороолол 6-13 тоот хашааны нэгж талбарын 18647310825288 дугаар бүхий 498 м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар захирамжаар иргэн Төрбатын Болорцэцэгт эзэмшүүлж, Т.Болорцэцэгээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан бичиг баримтыг хавсарган Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасан өргөдлийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаар захирамжаар эзэмшлийн 498 м2 газрыг нь иргэн Т.Болорцэцэгт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Газар өмчлүүлэх шийдвэр гаргах үед газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэг маргаан, зөрчил гараагүй, нэхэмжлэгч уг газрыг эзэмших, өмчлөх талаар хүсэлт гаргаагүй бөгөөд нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар уг газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг эрхийн гэрчилгээг үндэслэн тогтоосны үндсэн дээр эзэмшиж байсан газрыг нь иргэн Т.Болорцэцэгт өмчлүүлсэн байна. Иргэн Т.Болорцэцэгт газар өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаар захирамжийн иргэн Т.Болорцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Төрбат овогтой Болорцэцэг миний бие нь 2000-2002 онд Улаанбаатар хотын Газрын албанд өргөдөл гаргаж Баянзүрх дүүргийн Top of Form

12-р хороонд шинээр иргэдэд газар эзэмшүүлэх ажлыг тухайн үед Баянзүрх дүүргийн Газрын албанаас зохион байгуулж гудамж замыг цэгцэлж зөвшөөрөлгүй зарим айлыг албадан нүүлгэж, хашаа хороог цэгцлэх нөр их ажил хийгдсэн юм. Энэ үед өргөдөл хүсэлтээ Улаанбаатар хотын Газрын албанд гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн албаны захирамж гарч, газар эзэмших тухай гэрээ хийсний үндсэн дээр 12-р хорооны А.О.С-ын чулуутын 6-13 тоот газар заалган авч цэг тавиулсан билээ. Тухайн үед Ганбат гэх байцаагч том ватум цаасан дээр зураг гаргачихсан иргэдэд үзүүлж кадастрын зураг хийлгэх өргөдлийн маягт өгсөн. Түүний дагуу кадастрын зураг хийлгэсэн юм.

Түүнээс хойш дахин шинэчилсэн кадастрын зураг гаргуулах шаардлагыг Газрын албанаас гаргасны дагуу дахин кадастрын зураг хийлгүүлж байсан. Үүнийг үндэслэн 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 173 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно. Анх 2002 онд тус газрыг заалган авахад ямар ч хүн эзэмшээгүй хашаа босгоогүй байсан. Хэсэг хугацаа өнгөрөхөд нэг айл буусан байсан нь Лхам-Осорынх гэх айл байсан. Тухайн үед тэр айлын эмгэн өвгөн хоёр газартай болтлоо танай газар дээр хэсэг амьдарч байя гэж гуйж байсан юм. Үүнээс хойш 2004-2005 оны үед 3 гэр барьчихсан байсан.

Газар чөлөөлж өгөхийг хүсэхэд олон эрэгтэй согтуү хүмүүс гарч ирж, намайг элдвээр хэлж, доромжилж хөөсөн. Үүний дараа Газрын албанд хандаж мэдэгдэх хуудас бичүүлэн аваачиж өгөхөд тэд урж хаян намайг зодохыг завдсан. Мөн дараа нь дахин Газрын албанд очиж мэдэгдэхэд Лхам-Осор гэдэг хүнд Чулуутын 1-64 /миний санахад/ тоот газрыг хуваарилан олгосон байдгийг мэдээд өвгөн, эмгэн хоёр нас өндөр, учраа мэдэхгүй байгаа юм болов уу гээд Ганбат байцаагчаас кадастрын зураг хийлгэх өргөдлийг авч, Лхам-осор гуайд аваачиж өгсөн. Тэгэхэд хэдэн залуус байсан нь Гансүх байх аа. Түүнээс хойш Газрын албанд хоёр ч удаа газар чөлөөлүүлэх өргөдлийг өгсөн.

Ингээд Алтанхундага байцаагч дээр /байцаагч нь тухай үед солигдсон/ Гансүхтэй хамт дуудагдаж очсон. Алтанхундага байцаагч: “чи хүний газар чөлөөлж өг” гэж учир байдлыг тайлбарлаад гаргаж байсан. Газрын албаныхныг удаа дараа очиж албадан нүүлгэх гэтэл Лхам-Осор бид энэ газрыг харж буй манаач нь байна гэж хэлж буцаасан байдаг. Би арга ядан өөрийн төрсөн дүү Т.Агчмааг хажуу айл болох Батсүхийнхээс гэр түрээслүүлэн авч, 2007 онд Лхам-Осорынхонтой нэг хашаанд зуны 3 сар амьдарсан. Энэ хугацаанд хэрүүл шуугиан зодоон нүдээн тасраагүй. Би ч тэссэнгүй өөрийн дүүгээ зодуулж гэмтэж болзошгүй гэж сэтгэл зовнин, түрээсийн гэрээ буцааж нүүсэн. Миний газрыг чөлөөлж өгөхгүй олон жил суурьшиж байгаад, дараа нь шүүхэд хандан өөрсдийн мэдэлд авах санаатай байсан юм байна.

Иргэн Болорцэцэг миний хувьд энэ газрыг хуулийн дагуу, олгогдсон эрхийнхээ дагуу төлбөрөө төлж бичиг, баримт бүрдүүлж явсаар, газраа өмчилж авсан болно. Миний бие нь Газрын албанд ажиллаж байгаагүй. Энэ хүмүүс миний газрыг чөлөөлж өгөөгүйн улмаас би тухайн газар хувийн орон сууц барих зорилгоо биелүүлж чадахгүй хохирсоор улмаар Улаанбаатар хотын дахин төлөвлөлттэй залгаж, тухайн компанитай гэрээ хэлэлцээр байгуулсан болно. Гансүхийн нэхэмжлэлээс үзэхэд намайг Газрын албанд ажиллаж байсан гэсэн нь ор үндэслэлгүй, тухайн үед энэ газар нь Гансүх гэх хүнтэй ямар ч холбоогүй Лхам-Осор гэх өвгөн эмгэн 2 байсан. Намайг анх газар эзэмшихэд тухайн газрын хаяг нь Баянзүрх 12-р хороо Чулуутын А.О.С 6-р гудамж 13 тоот байсан. Гансүхийн нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн 12-р хороо А.О.С Чулуутын 3-46 тоот гэжээ.

Би ийм хэрэг болно гэж тухайн үеийн баримт бичгийг өөртөө үлдээж байсангүй, гэхдээ Бянзүрх дүүргийн Газрын албанд бүх баримт бичиг байх ёстой. 2007 онд гарсан захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ авахад бүрдүүлсэн материал дотор 2001-2002 оны Улаанбаатар хотын захирагчийн албаны захирамж бүхий холбогдох бичиг баримтыг тодруулж өгнө үү, ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.   Bottom of Form

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-т заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/43 дугаар захирамжуудын Төрбатын Болорцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий Л.Гансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 344 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... 1. Анхан шатны шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Нэхэмжлэгч Л.Гансүх нь 2002 оноос 2016 он хүртэл 14 жил тасралтгүй Баянзүрх дүүргийн 12-р хороо, А.О.С-ны чулуутын 3-46 тоотод амьдарч байгаатай хэн ч маргаагүй. 2002 оноос хойш 14 жил тасралтгүй амьдарч байх үед хууль ёсоор газар эзэмшсэн, өмчилсөн гэх этгээд Иргэний хуулийн 106 дуаар зүйлд заагдсанаар нэхэмжлэл гаргаж байсангүй.

Монгол улсад 2002 оны Газрын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө 1994 оны Газрын тухай хуулийг бүх нийтээр дагаж мөрдөж байсан. 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргах, хүлээн авах журмыг тодорхой заасан байх бөгөөд захиргааны шүүхэд нотлох баримтаар Т.Болорцэцэгийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, А.О.С-ны чулуутын 3-46 тоотыг эзэмших, ашиглах хүсэлт гаргасан талаарх баримт гарч ирээгүй.

Гэтэл шүүх газар эзэмших хүсэлт гаргаж буй иргэн хорооны даргын цохолтоор дамжуулж газар эзэмших хүсэлтийг газрын алба хүлээн авах журамтай байтал хэн нэг этгээд газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад мэдэгдэл гэдэг зүйлээр шууд газар эзэмших эрх олж авч болно гэж үзсэн нь хуулийг буруугаар тайлбарласан ноцтой зөрчил гэж үзэж байна. Нэгэнт газар эзэмших талаар хүсэлт ирээгүй учир Т.Болорцэцэгт холбогдуулж Засаг даргаас газар олгохоор шийдвэрлэсэн ямар нэгэн захирамж гараагүй. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 361 тоот захирамжаар Т.Болорцэцэгт газар эзэмших эрх олгогдсон гэж үзсэнд гомдолтой байна. Энэ нь 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 31 дүгээр зүйлд захирамж хэрхэн гаргах талаар дурдсан байгааг шүүх анхаарсангүй.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 361 тоот захирамж иргэдэд газар эзэмшүүлэх захирамж биш учир хууль бус, нөхөж хийсэн 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдлээр газар эзэмших эрх үүсжээ гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал нь илт үндэслэл муутай, хуулийг буруугаар гуравдагч этгээд Т.Болорцэцэгт ашигтайгаар тайлбарласан гэж үзэж байна. 1994 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заагдсанаар Т.Болорцэцэгтэй эрх бүхий этгээд газар эзэмших гэрээ байгуулаагүй болох нь шүүхэд тодорхой болсон.

Гэтэл шүүх 2001 онд Т.Болорцэцэг нь уг газрыг эзэмшихээр эрх бүхий этгээдээс мэдэгдэл авч байсан, үүний үндсэн дээр 2007 оны 03 дуаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаж Баянзүрх дүүргийн Засаг даргаас 173 тоот захирамж гаргасан нь хууль ёсны гэж үзсэн нь илт үндэслэл муутай юм. Өөрөөр хэлбэл 2001 оноос хойш 6 жилийн дараа Т.Болорцэцэг газар эзэмших хүсэлт гаргах нь хэр хуульд нийцдэг болохыг шүүх анхаарна уу. Яагаад 2001 оноос хойш 6 жилийн турш газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг эрх бүхий этгээд болох нийслэлийн Засаг даргаас шаардаагүй байж хил хязгаараа татаж, хашаа хатгаж 14 жилийн турш амьдарч байгаа Гансүхийн газар дээр хуулиас давсан мэдэгдэл гэгчийг үндэслэн 6 жилийн дараа буюу 2007 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн нь хуульд хэр нийцэх вэ гэдэгт эргэлзэж байна.

1994 оны Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлд заагдсанаар гуравдагч этгээд Т.Болорцэцэг нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалахаар тухайн шатны Засаг дарга болон шүүхэд хандаж маргаж байгаагүй нь ар, өврийн хаалгаар өөрийн нэрийг шургуулж Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Цэлмэгээс 2001 онд мэдэгдэл гэгчийг бичүүлж авсан гэж хардаж байна. Өөрөөр хэлбэл нууцаар нэрээ шургуулуулсан учраас газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгуулахыг нийслэлийн Засаг даргаас шаардаж чадахгүй явсаар 2007 он хүрсэн гэж үзэж байна.

Бүхэл бүтэн 6 жилийн дараа 2001 оны мэдэгдлийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Илт үндэслэл муутай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 173 тоот захирамжыг үндэслэсэн нийслэлийн Засаг даргын А/43 тоот газар өмчлүүлэх захирамж мөн хууль журамд нийцээгүй гэж үзэж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлж чадаагүй. Учир нь нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 316 тоот захирамж нь хэн нэг этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамж биш бөгөөд энэ захирамжаар Т.Болорцэцэг газар эзэмших эрх үүсээгүй байна гэж үзээд нэхэмжлэгч Л.Гансүх түүний төлөөлөгч нарын нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан. Хүлээн авахаас татгалзсан захирамж үндэслэлтэй байсан тул захирамжинд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх 361 тоот захирамжаар Т.Болорцэцэг газар эзэмших эрх үүссэн гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ. Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Цэлмэгийн 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдлээр газар эзэмших эрх олгосныг хэр үндэстэй болохыг шүүх нотолж чадсангүй.

З. Үндсэн хуулинд иргэн хүн шударгаар өмчлөх эрх олж авах ёстой болохыг хуульчилсан. Гэтэл 2001 оны мэдэгдлээр 2007 онд газар эзэмших хүсэлт гаргаж улмаар өмчилж авсан байгаа нь шударга зүйл биш юм. Хэрэв Т.Болорцэцэг нь 2007 онд газар эзэмших эрх олж авчихаад иргэний шүүхэд Л.Гансүхийг нүүлгэн гаргах нэхэмжлэл гаргасан бол 2007 онд хэн газар эззмших эрхтэй болох нь тогтоогдож улмаар маргаантай газар өмчлөгдөхгүй байсан болно. Гэтэл гуравдагч этгээд Т.Болорцэцэг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 173 тоот газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш шүүхэд хандаж газар чөлөөлүүлэхээр гомдол гаргаагүй байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заагдсан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэхийг шүүх анхаарахыг хүсэж байна.

Иймд хуулиар хүлээсэн нотлох баримт цуглуулаагүй, бүрдэл дутуу нотлох баримтыг буруу үнэлж газар хүссэн өргөдөлгүйгээр дээд албан тушаалтан Цэлмэг гэгч Улаанбаатар хотын ерөнхий архитектор албан тушаалтнаас хувийн зорилгоор Т.Болорцэцэгт бичиж өгсөн мэдэгдэл гэгчийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 173 тоот захирамж, нийслэлийн Засаг дарга 2012 оны А/43 тоот захирамжууд хуульд нийцсэн гэж илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 344 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овоот хороолол 6-13 тоот, 498 м2 газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 173 тоот захирамжаар гуравдагч этгээд Т.Болорцэцэгт амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон, нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/43 дугаар захирамжаар уг газрыг Т.Болорцэцэгт өмчлүүлсэн, нэхэмжлэгч Л.Гансүх “... миний олон жил амьдарсан газрыг ... Т.Болорцэцэгт эзэмшүүлж, өмчлүүлсэн нь ... хууль бус” гэж, хариуцагч нар “... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 113 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан орчимд амины орон сууцны хороолол барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан, үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2001 оны 361 дүгээр захирамжаар дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг “...Хот байгуулалт газрын харилцааны газар /М.Цэлмэг/-т” даалгасан, тухайн үед маргаан бүхий газарт амины орон сууцны хороолол баригдахаар төлөвлөгдөж, иргэд байгууллагуудад сууц (газар) хуваарилж байсан,  гуравдагч этгээд Т.Болорцэцэг нь уг хуваарилах жагсаалтын 33 дугаарт бичигдсэн, нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цэлмэгээс 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Т.Болорцэцэгт 33 дугаартай мэдэгдэл хүргүүлж, “амины орон сууцны зориулалтаар 0.05 га газар олгосон” болохыг мэдэгдсэн, мөн 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дээрх газарт Т.Болорцэцэгийн “...2-3 давхар, мод тоосгон” амины орон сууцны барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Эдгээр нотлох баримтуудыг үндэслэж, Т.Болорцэцэгийн газар эзэмших  хууль ёсны ашиг сонирхол үүссэн цаг хугацааг “...2001 оноос” гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Л.Гансүх нь маргаан бүхий газарт “… 2002 оноос суурьшсан” гэх боловч уг үйл баримт нь гуравдагч этгээд Т.Болорцэцэгээс түрүүлж газар эзэмших эрх үүссэн гэх үндэслэл болохгүйн зэрэгцээ Л.Гансүх нь 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргад Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу гаргаж байгаагүй нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 173,  нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/43 дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь 2001 онд үүссэн гуравдагч этгээд Т.Болорцэцэгт амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн нь нэхэмжлэгч Л.Гансүхийн газар эзэмших эрх, Үндсэн хуульд заасан “шударгаар өмчлөх эрх олж авах эрх”-ийг зөрчөөгүй, хариуцагч нар маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Л.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...1994 оны Газрын тухай хуулийн /дагуу/ ... 2001 онд ... Т.Болорцэцэг нь газар эзэмших ... хүсэлт гаргасан талаарх баримт байхгүй, ... газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад мэдэгдэл гэдэг зүйлээр шууд газар эзэмших эрх олж авч болно гэж үзсэн нь хуулийг буруугаар тайлбарласан ноцтой зөрчил” гэх боловч маргаан бүхий газарт 2001 онд гуравдагч этгээд Т.Болорцэцэгт газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн үүссэн талаарх  үйл баримтууд нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 173,  нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/43 дугаар захирамж”-д холбогдуулан гаргасан маргаанд хамааралгүй, нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цэлмэгээс 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Т.Болорцэцэгт “газар эзэмшүүлсэн” мэдэгдэл нь тухайн газарт “...2002 оноос амьдарсан” гэх нэхэмжлэгч Л.Гансүхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлгүй тул энэ үндэслэлээр “... шүүх нотлох баримт хангалтгүй цуглуулсан” гэх хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Л.Гансүх нь маргаан бүхий газарт одоо амьдарч байгаа, гуравдагч этгээд Т.Болорцэцэг нь “шүүхэд хандаж газар чөлөөлүүлэхээр гомдол гаргаж байгаагүй” боловч уг газрын эзэмшлийн талаар нэхэмжлэгч (түүний ээж Лхам-Осор)-тэй “анх буусан цагаас” нь олон жилийн турш маргасаар ирсэн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Газар эзэмшигч, өмчлөгч нь “бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаагүй” нь газар эзэмших, өмчлөх эрхээ алдах үндэслэл болохгүйн зэрэгцээ газар эзэмших эрхгүй этгээд бусдын газрыг мэдэлдээ “олон жил” байлгаснаар тухайн газрыг эзэмших, өмчлөх эрх түүнд шууд үүсэхгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “... хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэнд нийцэхгүй гэж үзнэ.

Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 344 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Гансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХТУЯА