Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 426

 

 

 

 

 

       2020         04           28                                       2020/ШЦТ/426

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Х хөтлөн,

Улсын яллагч: Д.Ү,

Шүүгдэгч, хохирогч Д.Э,

Шүүгдэгч, хохирогч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Довчинмахбалын Дугар, Хар дэл овогт Даваажавын Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн 1905023720724  дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 49 дүгээр байрны 15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Д-ын Д. /РД:ЧТ0000000/

 

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун Алтайн Өлгий 36-567 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хар дэлт овогт Д-ын Э. /РД:СЯ0000000/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын орчим иргэн Д.Этай машинаар шахлаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан;

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын орчим иргэн Д.Дтай машинаар шахлаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын орчим иргэн Д.Этай машинаар шахлаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан;

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын орчим иргэн Д.Дтай машинаар шахлаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э “Дугар машинаасаа бууж ирээд намайг зодсон. Би зодуулсандаа гомдолтой байна. Би энэ хүнд гар хүрээгүй, зодоогүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д: “Эрдэнэбат Машинаасаа буугаагүй гэж байна. Машинаараа шахаад дохио өгөөд байхаар нь оруулаагүй. Энэ хүн над руу салаавч гаргаад юм үзээгүй лаларын банди гээд байсан. Машинаас буусан шалтгаан энэ хүнээс болсон. Д.Э машинаасаа буугаад хүнтэй утсаар яриад байсан. Би энэ хүнийг түлхээд баруун гараараа зүүн гарыг нь боож байгаад нүүр рүү нь 2 удаа цохисон. Тухайн үед миний шанаа хэсэгт хавдсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эрдэнэбат утасныхаа дугаарыг нууцалж байгаад над руу утасдаж лаларын банди гэж элдвээр харааж зүхсэн. Би Д.Дын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э: “Би Дугарт зодуулсандаа гомдолтой байна. Би хохирол төлбөр нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д: “Эрдэнэбат миний зүүн хацар руу 2 удаа цохисон. Би хохирол төлбөр нэхэмжлээгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 29-ний оройн 18 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний соёлын ордны зам дээр өөрийн 04-23 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн Porter машинтай зүүн тийшээ чиглэлтэй Цайз орох гээд явж байсан чинь баруун 4 зам Бөмбөгөр худалдааны төвийн чиг явж байсан. Би 1 дүгээр эгнээнд орох гэхэд оруулахгүй байхаар нь чигээрээ хөдлөөд явсан. Гэтэл араас нэг хүн хөөе гэж дугарсан. Би гэрлэн дохио дээр очоод зогстол үгийн зөрүүгүй ирээд зүүн чих рүү гараараа нэг удаа цохисон ба гарыг нь бариад автал зүүн гарыг арагш нь дараад хоолой боох гээд байсан. Чи яагаад хүн цохиж байгаа юм гэтэл дохио өгөөд явж чаддаггүй юм уу гээд дахиад гараараа нүүр рүү цохиод авсан. Би шүд уначихлаа ш дээ гэж хэлсэн  чинь эргээд яваад өгсөн. Ингээд би зогсож байгаад 102 дугаарын утас руу цагдаа дуудсан. Цагдаа дээр очоод уг хүний машины дугаарыг хараадах гэсэн. Би очоод машины дугаарыг нь хартал муу бандиа чи цагдаад өгөөд юу олж долоодог юм гэж хэлсэн. Би уг машины дугаарыг цагдаад хэлсэн. Гэрлэн дохио асаад хажуугаар зөрөхдөө салаавч гаргаад юм хэлээд хөдлөөд явсан. Цагдаа утсаар залгаад та ойрхон байгаа бол хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөөд шинжээч томилуулаад шүүх эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан. Зүүн чих рүү гараараа нэг удаа мөн дээд шүд рүү цохиж хөдөлгөсөн.Мөн зүүн гар гэмтээсэн хөдөлж чадахгүй байгаа. Би машиныхаа рулийн ард сууж байсан болохоор тухайн хүнд гар хүрч зодож цохисон зүйл байхгүй. 2 хоног бариулсан. Зураг авхуулсан 24.000 төгрөгийн баримт байгаа. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

 

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 29-ний оройн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрчний эвлэлийн арын зам дээр машин бариад явж байхад миний баруун гар талаас цагаан өнгийн портер загварын ачааны машин дохио өгөлгүй хоёр удаа дайрсан, яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд лалрын юм үзээгүй пизда бэ гэж хэлсэн. Мөн хэд хэдэн удаа энэ үгийг хэлсэн. Би өөдөөс нь юу гээд байгаа юм бэ гэхэд цонхоороо гараа гаргаж салавч гаргасан. Ингэхээр нь би машинаас буугаад очоод яаж яваад байгаа юм гэхэд өөдөөс дайраад зуурсан. Би цааш нь түлхэх гэтэл зүүн талын цамцнаас зуураад толгой руу гараараа 2 удаа цохисон. Би зүүн гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Өөр зодоон цохион болоогүй, би машиндаа суугаад явсан. Тэр хүн мөн машинтайгаа цааш явсан. Цагдаад хэн дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна. Тухайн маргалдсан хүн өргөдөл өгсөн юм шиг байна. Эгнээгээ зөв эзлэхгүй улмаас маргалдаж хэл амаар доромжилсон. Би 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эрүүл мэндийн 7 дугаар төвд хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6741 дугаартай:

1. Д.Д-н биед тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 19 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн №6675 дугаартай

1. Д.Э-н биед уруулын няцарсан шарх, шүд суларсан, мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 тал/,

 

            Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрчний эвлэлийн арын зам дээр машин бариад явж байхад миний баруун гар талаас цагаан өнгийн портер загварын ачааны машин дохио өгөлгүй хоёр удаа дайрсан, яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд лалрын юм үзээгүй пизда бэ гэж хэлсэн. Мөн хэд хэдэн удаа хэлсэн. Би өөдөөс нь юу гээд байгаа юм гэхэд цонхоороо гараа гаргаж салаавч гаргасан. Ингэхээр нь би машинаас буугаад очоод яаж яваад байгаа юм гэхэд өөдөөс дайраад зуурсан, би цааш нь түлхэх гэтэл зүүн талын цамцнаас зуураад толгой руу гараараа 2 удаа цохисон. Би зүүн гараараа мөн нүүр рүү нь нэг цохисон. Маргаан гарах үед Эрдэнэбат машинаасаа буугаагүй, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

 

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 29-ний орой 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрчний эвлэлийн Соёлын ордны зам дээр өөрийн 04-23 УНЗ улсын дугаартай цагаан өнгийн портер машинтай зүүн тийшээ чиглэлтэй Цайз зах орох гээд явж байсан чинь баруун дөрвөн зам Бөмбөгөр худалдааны төвийн чигт явж байсан би нэгдүгээр эгнээд саарал өнгийн Ист загварын машин оруулахгүй байхаар нь чигээрээ хөдлөөд явсан. Гэтэл араас нэг хүн хөөе гэж дугарсан. Би гэрлэн дохио дээр очоод зогстол үгийн зөрүүгүй ирээд зүүн чих рүү гараараа нэг удаа цохисон ба гарыг нь бариад авахад зүүн гарыг арагш нь дараад хоолой боох гээд байсан. чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гэхэд дохио өгөөд явж чаддаггүй юм уу гээд дахиад гараараа нүүр үү цохиод авсан. Би шүд уначихлаа ш дээ гэж хэлээд амаа дарахад уг хүн эргээд явсан. Ингээд би зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн. Намайг цагдаад өгөөд юу олж долоодог юм гэж хэлээд хөдлөөд явахдаа салаавч гаргаад явсан. Тэгээд Баянгол дүүргийн 1-р хэлтэс дээр очсон. Би Д.Дт гар хүрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 тал/,

 

Шүүгдэгч Д.Эын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Д, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

 

Шүүгдэгч Д.Д нь “Би Э-д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэж,

Шүүгдэгч Д.Э нь: “Намайг Д зодсон. Би энэ хүнд гар хүрээгүй, зодоогүй” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Д.Д, Д.Э нарын холбогдох хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын үйлдэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь харилцан үл ойлголцол, бие биеэ үл хүндэтгэсэн байдал, хоорондын харилцааны тааламжгүй байдлын улмаас маргалдан улмаар

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Д.Эыг зүүн чих рүү нь гараараа 1 удаа, гарыг нь арагш нь дарж нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “биед уруулын няцарсан шарх, шүд суларсан, мөрний зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан болох нь хэргийн 18 дахь талд авагдсан шинжээч эмчийн 6675 дугаартай дүгнэлтээр,

 

Шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.Дын толгой руу нь 2 удаа, мөр рүү нь 1 удаа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх” гэмтэл учруулсан болох нь хэргийн 19 дэх талд авагдсан шинжээч эмчийн 6741 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч нар нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээдүүд байх ба учирч болох хохирол хор уршгийг хүсээгүй боловч хууль бус үйлдлээрээ хохирол, хор уршигт хүргэсэн болох нь шүүгдэгч нарыг гэмт хэргийг болгоомжгүйгээр, субьектив санаагүйгээр үйлдсэн гэх үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь хууль бус үйлдлээрээ учирч болох хохирол, хор уршгийг хүсээгүй боловч зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн талаар маргаагүй харин шүүгдэгч Д.Э нь гэм буруугүй шүүгдэгч Д.Дын биед гэмтэл учруулаагүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 6741 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.Дын тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо гэсэн бөгөөд хавтаст хэргийн 12-13 дугаар хуудаст авагдсан хохирогч Д.Дын мэдүүлэг, хэрэг болсон цаг хугацаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэргийн хоорондын уялдаа холбоог нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Д.Дын биед учирсан тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх гэмтлийг шүүгдэгч Д.Э учруулаагүй гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...түлхсэн, гэтэл зүүн талын цамцнаас зуураад толгой руу гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлгийг шүүгдэгч Д.Э нь үгүйсгэсэн хэдий ч энэ талаар үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Д.Э энэ үйл баримтыг няцааж чадаагүй болохыг, гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Э өдөөн хатгаж турхирсан үг, үйлдлийг гаргасан зэрэг хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд  шүүгдэгч Д.Эыг гэм буруугүй гэж үзэх нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ тэрээр шүүгдэгч Д.Дыг “…огт цохиогүй…” гэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын тухай ойлголтыг шүүгдэгч Д.Дын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбон тайлбарлах боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч Д.Дын  2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын орчимд машинаараа шахлаа гэх шалтгаанаар иргэн Д.Этай маргалдаж зүүн чих рүү нь гараараа 1 удаа, гарыг нь арагш нь дарж нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж биед нь уруулын няцарсан шарх, шүд суларсан, мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг;

 

Шүүгдэгч Д.Эын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын орчимд машинаараа шахлаа гэх шалтгаанаар иргэн Д.Дыг толгой руу нь 2 удаа, мөр рүү нь 1 удаа цохиж биед нь тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг;  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Д, Д.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Д.Э, Д.Д нар нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Д, Д.Э нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Д, Д.Э нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дт 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгч Д.Эад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын үйлдэл, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн харилцааны хандлага, учруулсан гэмтэл хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэмт хэрэг гарахад гаргасан үйлдэл оролцоо, бие биедээ учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д, Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялаас торгох ялыг сонгож, шүүгдэгч Д.Эад /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шүүгдэгч Д.Дт 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэж мэдүүлсэн нь тэдэнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зохимжтой байсан хэдий ч шүүгдэгч Д.Дын эрүүл мэндийн байдал, шүүгдэгч Д.Эын хөдөө орон нутагт мал маллаж байгаа гэх тайлбарыг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Д.Э нарт тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Э нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт  Д-ын Д, Хар дэл овогт Д-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 4 / дөрөв / хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хасаж торгох ялын хэмжээг 440 /дөрвөн зуун дөч/ нэгж буюу 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.Э нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Д, Д.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.Э