Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 518

 

 

 

    2020          05            21                                     2020/ШЦТ/518

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Х хөтлөн,

Улсын яллагч: Б.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш, түүний өмгөөлөгч А.Э,

шинжээч эмч Я.Г,

шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Татаар овогт А-ын З-д холбогдох эрүүгийн 19050478400000 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Соёмбо принтинг” ХХК-д харуул ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 22 дугаар байрны 20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Татаар овогт А-ын З-н, РД: ХБ7000000.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.З нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэмикс” /Remix/ нэртэй караокены гадна иргэн Д.Нгийн биед халдан баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаан, эрүүл мэндэд нь гавал ясанд сагитал заадаснаас урагш титэм заадас даван дух ясны зүүн тал руу хоёр салаалсан шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун тал бөмбөлгийн төвийн бөөмүүдийн түвшин дэх цусархаг нягтрал, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хөхлөг сэртэн, баруун тохойд цус хуралт, баруун бугуй, шуунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч А.З нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэмикс” /Remix/ нэртэй караокены гадна иргэн Д.Нгийн биед халдан баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаан, эрүүл мэндэд нь гавал ясанд сагитал заадаснаас урагш титэм заадас даван дух ясны зүүн тал руу хоёр салаалсан шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун тал бөмбөлгийн төвийн бөөмүүдийн түвшин дэх цусархаг нягтрал, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хөхлөг сэртэн, баруун тохойд цус хуралт, баруун бугуй, шуунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Згийн “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэг өгөхгүй…” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шгийн: “…Нямсүрэн бол миний дээрээсээ 2 дахь хүүхэд. Эд нар бол насанд хүрсэн хүмүүс, хоорондоо маргалдах нь эд нарын хоорондын л асуудал. Гэхдээ би гомдолтой байна. Миний хүү одоо эрүүл мэндээрээ хохирсон. Манай хүүхдийг согтуу байсан гэж ярьж байна. Согтуу байсан нь үнэн. Тухайн болсон үйл явдлыг бичлэгээр харахад Нямсүрэн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй харагдаж байсан. Нилээн муудсан, энэ хүний хүзүүн дээр нь гараа тавьчаад гарын аясаар нь хөдөлж байсан. Тийм үед яагаад цохисон юм бол гэж харамсаж байна. Энэ асуудалд би харамсаж байна. Цаашид манай хүүгийн биеийн байдал хэцүү болсон. Орон гаран болсон байгаа. Байнга бусдын хараа хяналтанд байдаг болсон. Өөрийн дураараа аашилдаг болсон. Нас нь 40 хүрч байгаа хүн дураараа аашилхаараа бид нарт дийлдэхгүй. Ийм байдалтай болсон байгаа. Цаашдаа эмчилгээ яах вэ гэдэг талаар асуумаар байна. Одоо 11 сард тархины ясны цоорхойг нөхөх эмчилгээ хийгдэнэ. Цаашлаад энэ хүн ажил төрөлгүй болсон. 300.000 төгрөгийн групп тогтоолгосон. 300.000 төгрөгийн группийг өөрийнх нь цалингийн зээлэнд суутгаад авдаг юм байна. Мөн машинаа ломбарданд тавьсан байсан. Ломбардны 3.000.000 төгрөгийг би төлж байгаа. Одоогийн байдлаар нийтдээ 2 сая гаруй төгрөг төлсөн байгаа. Цаашид энэ хүний эмчилгээний зардал шаардлагатай болно. Гэхдээ энэ хүн гэм буруугаа ойлгосон байна. Хохирол төлбөрт 4.000.000 төгрөг өгсөн. Цаашид миний хүү эрүүл болчихвол надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...Доржнасан овогтой Нямсүрэн нь миний хоёр дахь төрсөн хүүхэд. Улаанбаатар хотод Нямсүрэнгийн бичиг баримтыг шилжүүлэхдээ манай эхнэр Дорждуламын төрсөн дүү Доржнасангийн нэр дээр иргэний үнэмлэхийн овгийг нь солиулсан... Манай эхнэрийн дүү Доржлхам 2019 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө над руу залгаад хүү Нямсүрэнг Гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Дорждулам, охин Хоролмаа нарын хамт Гэмтлийн эмнэлгийн яаралтай хүлээн авах дээр ирсэн. Тухайн үед хүлээн авахын заал дотор Нямсүрэн орон дээр ухаангүй байдалтай, гар нь савласан, ам орчим нь цус болчихсон байсан. Хажууд нь хамт явж байсан гээд хоёр эрэгтэй, гурван эмэгтэй байсан. Мөн Нямсүрэнгийн найз Мандаа гэх залуу хамт байж байсан. Тухайн үед би юу болсон талаар Мандаагаас асуусан чинь “ажлынхантайгаа бааранд ороод гарч явахдаа хамт явсан хүмүүстээ зодуулсан юм шиг байна” гэж байсан... Тэр үед Нямсүрэн өмдөндөө шээчихсэн байсан ба ачаалалтай байсан тул хүлээж байгаад эмчид нь үзүүлсэн чинь тархиндаа гэмтэл авсан хүн байна, хэвтүүлэх шаардлагатай гээд тухайн эмнэлэгт хэвтээд 3 хоноод тархины хагалгаанд орсон. Хэвтсэнээсээ хойш 7 хоногийн дараа ухаан орохдоо хүн танихгүй, элдэв юм ярьсан байдалтай байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр 11 хоног эмчилгээ хийлгээд гаргаад дахиад Манал оточ хувийн төлбөртэй эмнэлэгт 30 хоног хэвтэн эмчлүүлсэн... Манай хүү одоо байнгын асаргаа сувилгаанд байж байгаа бөгөөд эмчилгээний зардал мөнгө их гарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,

 

           Гэрч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...Нямсүрэн Зулаагийн хамт гарсан ба би араас нь гарсан...Мандаагаас болж Зулаа, Нямсүрэн хоёр хоорондоо маргалдаад байсан ба тэр үед Зулаа Нямсүрэнг нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон чинь Нямсүрэн дагзаараа саваад газар унасан. Тэр үед би буцаж караоке руу ороод Эрдэнэцэцэг, Батцэцэг, Болороо нарт “Зулаа Нямсүрэнг цохичихлоо” гэж хэлээд бүгдээрээ гараад очсон чинь Гурван гал худалдааны төвийн зүүн тал Чансаа дэлгүүрийн баруун хойд буланд газар Нямсүрэн хэвтэж байсан ба Нямсүрэн ухаан алдчихсан, хажууд нь Зулаа зогсож байсан... Зулаа гэдэг нь манай ажилтан Эрдэнэцэцэгийн нөхөр нь бөгөөд бүтэн нэрийг нь Зулхарнаян гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал /,

 

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Төмөрсүх орж ирснээ “Нямсүрэнг Эрдэнэцэцэгийн нөхөр цохичихлоо” гэхээр нь бид нар бүгдээрээ гараад очсон чинь караокены гадаа явган хүний зам дээр дээшээ хараад хэвтчихсэн байсан ба амнаас нь цус гарчихсан, шүд нь зуугдчихсан байсан. Би тэр үед эрүүг нь өргөөд амьсгалыг нь чөлөөлөөд байж байсан ба амьсгалыг нь шалгасан чинь гар нь хөшиж байснаа бие засчихсан. Тэгээд ухаангүй байдалтай, ухаан алдчихсан байсан ба яаралтай түргэн тусламж дуудъя гээд дулаан газар оруулаад байж байя гээд буцаагаад бүгдээрээ өргөөд Ремикс караоке руу оруулаад байлгаж байтал 103-ын түргэн тусламж ирээд Гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Тухайн үед нөгөө хэд Нямсүрэнг ухаангүй байхад “гэр лүү нь Төмөрсүх ахтай явуулчихъя” гээд байхаар нь Нямсүрэн гар нь таталт өгөөд, шүд хэлээ зуучихсан байсан болохоор түргэн яаралтай дуудах хэрэгтэй гээд түргэн дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Б-ын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14306 дугаартай: “...Д.Нгийн биед гавал ясанд сагитал заадаснаас урагш титэм заадас даван дух ясны зүүн тал руу хоёр салаалсан шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун тал бөмбөлгийн төвийн бөөмүүдийн түвшин дэх цусархаг нягтрал, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хөхлөг сэртэн, баруун тохойд цус хуралт, баруун бугуй, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1140 дугаартай: “...Д.Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Н нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Н нь 2019 оны 11 дүгээр 26-нд тархины гэмтэл авсны улмаас Тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл хамт шинж сэтгэцийн эмгэгтэй болсон байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Д.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Д.Н нь хэрэг хариуцах чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-58 тал/,

 

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Иргэн П.Т, Д.Н, А.З нар хоорондоо юм ярьсан байдалтай зогсож байх ба Зулхарнаян Нямсүрэнгийн шилэн хүзүүн дээр гараа тавьж юм ярьж зогсож байв. Цааш бичлэгийг тоглуулахад 23 цаг 00 минутад Зулхарнаян нь Нг нааш нь татаж хоёулаа тусдаа салаад юм ярьж байв. Юм ярьж зогсож байгаад гэнэт А.З нь иргэн Д.Нгийн нүүрэн тус газар нэг удаа баруун гараараа цохиход Д.Н нь чанх хойшоо толгойгоороо газар савж унав. Бичлэгийг цааш тоглуулахад Д.Н газар унаад хөдөлгөөнгүй байх үед Зулхарнаян нь энгэрээс зуурч татаж өндийлгөөд энгэрийг нь ярж, хоёр гарыг нь хөдөлгөж байгаад дээш нь харуулж хэвтүүлээд хацар луу нь алгадаад сэрээх гэж оролдоход иргэн Д.Н сэрэхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 209-216 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор А.Згийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 тал/, Соёмбо Принтинг ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 70 тал/, боловсролын талаарх баримт /хх-ийн 72 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч  А.Зг  “…Шүүгдэгч А.З нь 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэмикс” нэртэй караокены гадна иргэн Д.Нгийн биед халдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн баримтаар гаргаж өгсөн хохирлоос 4 сая төгрөгийн хохирол төлөгдсөн байна. 1.158.019 төгрөгний хохирол төлөгдөөгүй. 1.158.019 төгрөгийг А.Згаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна…” гэж гэм буруутайд тооцуулахаар”

 

Шүүгдэгч А.З  “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А “…Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Үлдсэн хохирол болох 1.158.013 төгрөгийг ойрын хугацаанд төлнө. Хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлттэй байна…” гэж

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шгийн өмгөөлөгч А.Э  “…Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн гаргасан хуулийн зүйл ангитай маргах зүйлгүй. Шүүгдэгч А.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Нгийн биед хүнд гэмтэл учруулсан. Өөрөөр хэлбэл түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч А.З өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Энэ хүн цалингаараа амьдардаг. Цаашид мэс засалд орох шаардлагатай байгаа. Байнгын хүний гарын асаргаанд орсон. Учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байна. Цаашид гарах цалин, эмчилгээ, хагалгааны бусад зардал зэргийг нэхэмжилнэ…” гэж

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ш нь “…Өмгөөлөгчтэйгээ санал нийлж байна. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. 12 сард дахин хагалгаанд орно. Би хүүхдээ эрүүл саруул болгож авах нь чухал байна. Цаашид энэ хүн эрүүл болох эсэх нь тодорхойгүй байна. Хааяа уурлах уцаарлах гэх зэргээр янз бүрийн араншин гаргадаг. 4 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулан авсан. Одоо 1.158.019 төгрөгийг хохирол нэхэмжилж байна. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ…” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн  шууд үр дагавар  болох хүний эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг санаатай учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч А.Зд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт  дүгнэлт хийхэд шүүгдэгч А.З нь харилцан үл ойлголцол, бие биеэ үл хүндэтгэсэн байдал, хоорондын харилцааны тааламжгүй байдлын улмаас хохирогч болох Д.Нтэй маргалдан улмаар;

Шүүгдэгч А.З нь хохирогч Д.Нг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “гавал ясанд сагитал заадаснаас урагш титэм заадас даван дух ясны зүүн тал руу хоёр салаалсан шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун тал бөмбөлгийн төвийн бөөмүүдийн түвшин дэх цусархаг нягтрал, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хөхлөг сэртэн, баруун тохойд цус хуралт, баруун бугуй, шуунд зулгаралт” гэмтэл учирсан нь хэргийн 40-41 талд авагдсан шинжээч эмчийн 14306 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

 

Шүүгдэгч А.З гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.З  бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих  эрх зүйн чадамжтай этгээд байх ба учирч болох хохирол хор уршгийг хүсээгүй боловч хууль бус үйлдлээрээ  хохирол, хор уршигт хүргэсэн болох нь шүүгдэгчийг гэмт хэргийг болгоомжгүйгээр, субьектив санаагүйгээр үйлдсэн гэх үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.З  хууль бус үйлдлээрээ учирч болох хохирол, хор уршгийг хүсээгүй боловч хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч А.Зг 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэмикс” /Remix/ нэртэй караокены гадна иргэн Д.Нгийн биед халдан баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаан, эрүүл мэндэд нь гавал ясанд сагитал заадаснаас урагш титэм заадас даван дух ясны зүүн тал руу хоёр салаалсан шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун тал бөмбөлгийн төвийн бөөмүүдийн түвшин дэх цусархаг нягтрал, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хөхлөг сэртэн, баруун тохойд цус хуралт, баруун бугуй, шуунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.З болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар  маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохиролд тооцуулахаар хэргийн материалд хавсаргасан 5.153.000 /таван сая нэг зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирлын баримтыг хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн дүнг төлж барагдуулсныг, гэмт хэргийн улмаас бий болсон нөхцөл байдалд харамсаж буйгаа илэрхийлснийг  дурдаж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцуулахаар 5.153.000 /таван сая нэг зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирлын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирүүлсэн ба шүүгдэгч нь дээрх хохирлыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг хэргийг хянан шийдвэрлэх үед хохирогчид баримтаар төлөх төлбөргүй  харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.З болон түүний өмгөөлөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцуулахаар 5.153.000 /таван сая нэг зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирлын баримтын талаар маргаагүй тул шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудад дүгнэлт хийхгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.З нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна…”  гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “ ...Хохирол төлбөр төлөгдсөн, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ, энэ хүн 4 хүүхэдтэй юм байна лээ, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү…” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “….Хор уршиг бүрэн арилаагүй байгаа. Зохих журмын дагуу хорих ял эдлүүлнэ гэсэн прокурорын саналыг дэмжиж байна. Цаашид гарах хохирлоо нэхэмжилнэ…” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Надад нэг ах байдаг. Ах маань хөгжлийн бэрхшээлтэй сохор. Намайг ял аваад явчихвал биеэ даагаад амьдарч чадахгүй. Надад хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмнөөс хохирогчийн гэр бүлээс нь уучлал хүсье. Намайг шүүгдэгчийн гэрт очиход 4 хүүхэд нь байж байсан. Эхнэр нь ирээгүй байсан. Хүүхдүүд нь уучлалт гуйгаарай гэсэн. Миний аав тийм муу хүн биш. Уучлаарай гэж дамжуулсан байгаа. Гэтэл прокурорын зүгээс нээлттэй, хорих байгууллагад 3 жил хорино гэж санал гаргаж байна. Энэ айлын 4 хүүхдийн хувь заяаг бодох хэрэгтэй. Хүн алдаж болно. Алдаан дээрээ засч залруулах ёстой гэж бодож байна. Энэ А.Згийн үйлдсэн хэрэг дээр торгуулийн ял оногдуулах боломж хангалттай байгаа. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлоо төлсөн, өөрийгөө илчилсэн гэх зэргээр хөнгөрүүлэх нөхцөл хангалттай байна. Энэ хүн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй. Өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлэхдээ 4 хүүхэдтэй айл байгаа юм. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлж өгөөч гэж хүссэн. Алдаа гаргахгүй хүн гэж байхгүй.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.Зд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хохирогчид анхны тусламж үзүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “…цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулна, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү  гэж, шүүгдэгч нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэх нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгчид хорих ял оногдуулснаар энэ боломж хязгаарлагдах тул шүүгдэгч А.З нь ажил хөдөлмөр эрхлэн хэвийн амьдралыг үргэлжлүүлснээр цаашид гарч болох эмчилгээний зардлыг төлж гэмт хэргийн улмаас гарах хор уршгийг арилгах  боломжийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгч нь бага болон өсвөр насны 4 хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг,  хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийг арилгахад  туслах болно гэсэн түүний мэдүүлгийг харгалзаж үзээд шүүхээс шүүгдэгч А.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох  ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  А.З  нь 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Зы нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ 11 дүгээр гудамжны 1124 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн Г-2203010736 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон болохыг тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Татаар овогт А-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зг 10.000 нэгж буюу 10.000.000  /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Згийн  цагдан хоригдсон 12 / арван хоёр / хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялын хэмжээг  9820 / есөн мянга найман зуун хорин / нэгж буюу 9.820.000 / есөн сая найман зуун хорь/ төгрөгөөр тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нь шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000  /арван сая/ төгрөгийн торгох  ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.З нь 5.153.000 /таван сая нэг зуун тавин гурван мянга / төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Шд төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хавсаргаж, А.Зы нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ 11 дүгээр гудамжны 1124 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн Г-2203000000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Зд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.Э