Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 527

 

 

    2020          05               22                                     2020/ШЦТ/527

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Э  хөтлөн,

Улсын яллагч: Г.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б, түүний өмгөөлөгч Э.Б,

Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Н.Б, Д.Б,

Гэрч  Б.Н, Ш.О нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Хулд овогт А-ын Г-д холбогдох эрүүгийн 1805034500000 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын воохор мэргэжилтэй, “Хишиг Арвин” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 6-237 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хулд овогт А-ын Г, /РД:ДИ00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Г нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, итгэмжлэн хариуцаж байсан иргэдээс ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35.265.400 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “А.Г нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, итгэмжлэн хариуцаж байсан иргэдээс ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35.265.400 төгрөгийг авч завшсан ” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Гийн  “...Гандантэгчэнлин хийдэд ажиллаж байх хугацаандаа мөнгө дутаасан нь миний буруу хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Бын  “…А.Г гэгч лам нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 10-ны хооронд ном бичүүлсэн орлого болох 34.808.700 төгрөгийг хувьдаа завшиж манай хийдийг хохироосон. Тэгээд энэ талаар өөрт нь хэлэхэд өөрөө хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч удахгүй төлнө битгий цагдаад өгөөч гэж гуйгаад бичгээр хүсэлт гаргаж байсан. А.Г нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Ямар нэгэн гомдол саналгүй…” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн хуулийн зөвлөхөөр ажилдаг юм. Манай Гандангийн номын бичээчээр ажиллаж байсан А.Г гэгч лам нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 10-ны хооронд ном бичүүлсэн орлого болох 34.808.700 төгрөгийг хувьдаа завшиж манай хийдийг хохироосон. Тэгээд энэ талаар өөрт нь хэлэхэд өөрөө хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч удахгүй төлнө битгий цагдаад өгөөч гэж гуйгаад бичгээр хүсэлт гаргаж байсан. А.Г нь энэ хугацаандаа 14.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 20.308.700 төгрөгийг буцааж өгөх дутуу байгаа. Би энэ мөнгийг гаргаж өгүүлэх талаар удаа дараа утас руу нь залгахад удахгүй өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Манай санхүүгийн программд шинэчлэл хийгээд мөнгө дутсаныг олж тогтоосон. Мөнгө дутсаныг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол манай Ерөнхий нягтлан бодогч Отгонбаатар гэж хүн шалгаж илрүүлсэн. Мөн орой болгон кассын орлого хурааж авах эрх бүхий хүн Няндуучамба гэж лам сайн мэдэж байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дахин “…Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. 34.808.700 төгрөгийн залилуулсан гэх тооцоог манай Гандантэгчилэн хийдийн санхүүгийн албанаас тооцож тогтоосон. Энэ нь ерөнхийдөө хүмүүсийн бичсэн айлтгал нь үнийн дүнгээрээ цахим системд бичигдэн үлдсэн Гансэлэмийн санхүүд тушаагаагүй мөнгөний тоо юм. Танай байгууллага ашгийн төлөө байгууллага биш, татвар төлдөггүй. Манай байгууллагад албан ёсны тавих тушаал байхгүй байсан. Үүнийг би ажилд орсноос хойш шинэчлэн гаргаж ирсэн. Үүгээр Гансэлэм нь тус хийдэд хурлын ламаар ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын журмаар айлтгалын бичээчээр ажиллуулж байгаад 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс албан ёсоор ажиллуулж эхэлсэн юм. Ямар нэгэн албан ёсны шаардлага байдаггүй байсан. Гансэлэм нь хүмүүсийн айлтгал бичүүлэхээр өгсөн мөнгөнүүдийг ажлын цаг дуусмагц кассын няравт албан ёсоор хүлээлгэн өгч баримт үйлдэлгүй өөртөө хувьдаа аваад яваад байсан. Манай байгууллага айлтгалын хэдэн бичээчтэйг сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 15 орчим бичээч байдаг. Эдгээр хүмүүс нь 7 хоногийн 7 өдөр үдээс өмнө болон орой гэсэн хуваарьтайгаар ажилладаг байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр өглөө бичээч хийсэн хүн маргааш орой нь гарах жишээтэйгээр ажлаа хийдэг. Манай байгууллагад алдагдал учирсан гэдгийг Ерөнхий нягтлан Отгонбаатар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн гэж надал хэлсэн. Би тус байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллаж эхэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн захиргааны шийдвэр /хх-ийн 25 тал/,

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн орлогын тайлан мэдээ, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 26-27 тал/,

 

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийдэд кассын нярваар  ажиллаж байна. 2017 онд манай хийдэд Гансэлэм гэх залуу кассын бичээчээр ажилд орсон бөгөөд 2017 оны 6 сар хүртэл ажиллаж байсан. ажиллаж байх хугацаандаа кассын мөнгийг тушаалгүй явж байгаад нийт 34.800.000 төгрөгийг тушаагаагүй болохыг би одоо сайн хэлж мэдэхгүй байна. Мөнгөний талаар манай байгууллагаас гаргаж өгсөн хуулган дээр тусгасан байгаа. Энэ хэрэгт А.Гийн эхийнхэн оролцоо байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

 

Гэрч Б.Н дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гансэлэм манай Гандантэгчэнлин хийдийн хурлын лас бөгөөд 2017 онд манай айлтгалын бичээчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд кассын орлого болох 34 808 700 төгрөгийг надад тушаах ёстой байсныг тушаалгүй худал хэлж алга болсон. Тухайн үеийн орлогыг программаар хянадаг байсан. Яг тодорхой хянадаг хүн байгаагүй. Тэр үед манайх программаа шинэчилсэн юм. Тухайн үед кассын орлого гэж нэг өдөрт дунджаар 1 сая төгрөг ордог байсан…” /хх-ийн 44-45 тал/,

 

Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Гансэлэм нь манай Гандантэгчэнлин хийдэд бичээчээр ажиллаж байсан юм. Яг он сарыг нь сайн санахгүй байна. 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх кассын орлогоос 34 808 700 төгрөгийг кассын нярав Няндуучамбаад тушаах ёстой байсныг тушаагүй байсан. Тухайн үедээ Гансэлэм нь маргааш нөгөөдрөөс тушаана гэж худал хэлсээр байгаад өдийг хүртэл тушаагаагүй болно. Бид нар Гансэлэмийг бичээчийг нь хийлгэхийг нь болиулаад мөнгөө тушаахыг шаардсан. Тухайн үед ээжийг нь дуудаад уулзахад ээж нь бид нар мөнгийг нь төлнө манай хүүхэд мөнгөө тушаахгүй явж байгаад алга болгосон гэж хэлсэн. Мөн Гансэлэм нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дансаар Гандантэгчэнлин хийдийн Худалдаа хөгжлийн банкны 499008397 тоот дансанд 10 000 000 төгрөгийг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4 500 000 төгрөгийг тус тус тушаасан. Үүнээс хойш үлдэгдлийг нь удахгүй хийнэ гэж хэлээд одоог хүртэл тушаагаагүй. Манай байгууллага Татварын ерөнхий газарт татвар төлдөг. Манайх байгууллагын кассын бичээч хийж байгаа хүн өнөөдрийн орлого орлоо гэхэд оройдоо кассын няравтаа тушаадаг буюу тэр өдөртөө тушаадаг юм. Гансэлэмээс кассын нярав Няндуучамба авдаг байсан. Гансэлэм тухайн үед ажиллаж байхдаа үндсэн ажилтнаар ажилладаг байсан. Тухайн үед манай байгууллага шинэ программ ашиглаж байхад ийм асуудал гарсан…” /хх-ийн 42-43 тал/,

 

Мишээл Од Аудит ХХК-ний дүгнэлт: “…Айлтгалын бичээч А.Г нь Монголын бурхан шашинтын төв Гандантэгчэнлин хийдэд хурлын бичээчийн ажлыг 2017 оны 02 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл гүйцэтгэж байх хугацаандаа 138 647 300 төгрөгийн орлогыг иргэдээс хурааж 103 381 900 төгрөгийг тушааж 35 265 400 төгрөгийг тушаагаагүй байсан байна. Дутуу тушаасан 35 265 400 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4 500 000 төгрөгийг тус тус Гандантэгчэнлин хийдийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499008397 дугаарын дансанд тушааж 20 765 400 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй байна…” гэх акт /хх-ийн 58-70 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 190 дугаартай дүгнэлт: “…Шинжилгээгээр 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 35 265 405 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд үүнээс 14 500 000 төгрөгийг төлсөн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар А.Г нь 20 765 405 төгрөгийг төлж барагдуулахаар байна…” гэх дүгнэлт /хх-ийн 48-53 тал/,

 

Сэжигтэн А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2017 оны 6 дугаар сард Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн ном бичээч ламаар ажилд орсон. Хамгийн анх 6 өдрийн орлого тушаасан чинь 2 өдрийнх нь байхгүй байна гэж надад манай мөнгө хурааж авдаг лам Нямдуучамба гэж лам хэлсэн би тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ би бүх мөнгийг таньд  өгсөн та хяналтын камер шүүгээд үз гэж хэлсэн чинь одоо хяналтын камерын бичлэг устаад байхгүй байгаа чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд өнгөрсөн энэ үед надад Няндуучамба ах за яах вэ би энийг чинь орлогыг чинь шахаад нөхөөд хийчий харин би чамайг бичээчээр жинхлээд өгий гэж хэлсэн. Намайг ажилд ороод 10 орчим хонож байхад намайг жинхэлж тушаал гарсан. Би энэ өдрөөс хойш ямар нэг хэл ам гаргаагүй ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 30-наас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ямар нэг орлогын мөнгө тушаагаагүй юм аа яагаад гэвэл өглөө оройны ээлж зөрөөд байсан учраас би мөнгө тушааж чадаагүй энэ мөнгийг машиндаа авч явж байгаад  алдсан. Тэгээд энэ асуудал үүссэн юм. Би нийт энэ бичээчээр ажиллаж байхдаа 15 800 000 төгрөг авсан. Өөр мөнгө авсан зүйл байхгүй. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хөлөө хугалаад 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирэхэд мөнгө хүлээж авдаг хүн байхгүй байсан. Тэгээд сарын дараа хөл эдгэрээд ажил дээрээ ирсэн чинь миний өр 34 сая төгрөг болсон байсан би гайхаад Няндуучамба ахаас хуулга гаргаад өг гэж хэлэхэд надад гаргаж өгсөн. Тэгэхэд 34 сая төгрөгийн хохирол гарч ирсэн тэр үед миний орлого бичсэн баримт дээр 2-3 сая төгрөг бичсэн байсан. Уг нь 7 дугаар сард хүний хөдөлгөөн бага байсан дээр нь би хөдөө гадаа их явсан учраас өдөр 2 цаг орчим суугаад явдаг байсан. Би өдөрт 2-3 сая төгрөгийн ном бичсэн зүйл байхгүй. Би 15 800 000 төгрөгийг өөрөө авч байгаад алдсан. Би 34 сая төгрөгийг аваагүй, буцаагаад 15 сая төгрөгийг төлсөн одоо надад ямар нэгэн өрний асуудал байхгүй…” /хх-ийн 81 тал/,

 

Яллагдагч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Гандантэгчэнлин хийдэд 2013 онд ороод ажиллаж байгаад 2014 оноос 2016 оныг хүртэл Энэтхэг улсад суралцаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Гандантэгчэнлин хийдийн хурлын ламаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сараас эхлээд туслах кассчинаар ажиллаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр намайг албан ёсоор кассчинаар жинхэлсэн. Тушаал гарсан байгаа гэж мөнгөний нярваас сонсоод 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хөл хугараад түүнээс хойш очоогүй. Тус хийдэд ажиллаж байхдаа орлого тушаагаагүй өдөр гэх зүйл байхгүй. Би иргэдийн өгсөн мөнгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй, бүгдийг нь бүрэн хүлээлгэж өгсөн. Намайг ажиллаж байх хугацаанд программд шинэчлэл хийсэн гэж ярьж байсан. Би Мишээлт-Од аудит ХХК-ийн аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Няндуучамба шагнал аваад 10 хоног ажилдаа ирээгүй, тэгээд би орлогоо тушааж чадаагүй орлогоо машиндаа авч явж байгаад алдсан. Мөнгө алдчихаад тухайн үед цагдаад хандаагүй, хэзээ, хэрхэн мөнгө алдсанаа мэдэхгүй учраас цагдаад хандаагүй. Эдийн засгийн шинжээчийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би программ руу нярвын анх хэлж өгсөн кодоор нэвтэрдэг байсан. “Ganselem” гэж нэвтрэх нэр дээр нь бичээд код нь “Ganselem0806” байсан юм. Би тушаалтайгаа танилцаж байгаагүй, нэг өдөрт 6 бичээч ээлж авахаар хүрэлцэн ирдэг бөгөөд дараа нь ээлж авахад хэн ирэх нь тодорхой хуваарь байдаггүй байсан …” /хх-ийн 98-102 тал/,

 

Гэрч Ш.О дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…А.Г нь хурлын лам хийж байгаад түр хугацаанд дадлага хийх зорилгоор түүнийг айлтгалын бичээчээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсан. Тухайн үед А.Г нь орлого нөхөн тушаадаг байсан боловч сайн, ажиллаж байсан тул түүнийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс үндсэн бичээчээр томилсон. Манай хийдэд нийт 12 бичээч, 6,6-аар 2 ээлжээр ажилладаг юм. Бичээс тус бүр программд нэвтрэх өөр өөрийн кодтой бөгөөд тухайн кодоо бичээчээр ажиллаж байгаа бичээч нь программд нэвтрэх эрхтэй, мөн нууц үгээ солих боломжтой. Тухайн бичээч нь программд нэвтрээд сүсэгтнүүдийн бичүүлсэн номыг бүртгэхэд тухайн хүний бичүүлсэн ном нь мөнгөн дүнтэйгээ программд хадгалагдаж үлдээд баримтыг сүсэгтэнд өгөөд мөнгийг нь тухайн бичээч бэлнээр аваад мөнгөө тухайн өдрөө юм уу маргааш өдөр нь тушааж өгдөг. А.Гийн хувьд тухайн өдөр нь мөнгөө тушаахгүй 7 хоног, 1 сараар хойшлуулаад бэлнээр авсан мөнгөө хувьдаа зарцуулснаас болж л ийм асуудалд орсон. Тэрнээс бол тухайн орлого өдөрт нь  юм уу маргааш нь тушаагаад өөрийн авах ажилдаа сэтгэл  гаргаж ажилласан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тухайн программд бүртгэгдсэн сүсэгтний бичүүлсэн номын нэр болон мөнгөн дүнг ямар ч тухайн бичээч болон эрх бүхий албан  тушаалтан устгах боломжгүй. А.Г нь өөрөө ажилдаа ирж тухайн программд нэвтэрч бичих боломжтой өмнөөс нь хэн нэгэн хүн орох эрх байхгүй. Хамгийн гол нь бичээч нар нь ном бичсэнээрээ цалин авдаг. Мэдээж А.Г нь ямар нэгэн шалтгааны улмаас ирээгүй өдөр байх юм бол тухайн өдөр А.Гийн орлого нь программд орлогогүй 00 харагдах болно. Энэ нь аудит болон шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдах болно…/хх-ийн 105-106 тал/,

 

Гэрч Б.Н дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Гандантэгчэлин хийдэд кассын нярав ажилтай. Миний ажлын үндсэн зарчим бол бичээч нарын гар дээр авсан мөнгийг тоо ёсоор шалгаж авдаг юм. Гандантэгчэлин хийдэд надаас өөр нярав байхгүй. Би ажлаа ганцаараа хийдэг. Манай хийдэд нийт 12 бичээч 6, 6-аар 2 ээлжээр ажилладаг юм. Бичээч тус бүр программд нэвтрэх өөр өөрийн нэр кодтой, бичээч нь программд нэвтрээд сүсэгтнүүдийн бичүүлсэн айлтгалын номыг бүртгэхэд тухайн хүний бичүүлсэн ном нь мөнгөн дүнтэйгээ программд хадгалагдаад нэг хувь баримтыг нь ном бичүүлсэн хүн нь өгөөд мөнгийг нь тухайн бичээч нь өөрөө бэлнээр аваад мөнгөө тухайн өдрөө юм уу маргааш нь өдөр нь надад тушааж өгдөг. Би тухайн орлогоо авахдаа программтай тулгаж авдаг. А.Г нь надад мөнгөө тушаахдаа ихэнхдээ маргааш, нөгөөдөр өгье гэх мэтчилэн хойшлуулж байсан. Одоо бодоод байхад надад дандаа зарим өдрийнхөө орлогыг хувьдаа ашиглаад маргааш, нөгөөдрийнхөө орлогоос өмнөх өдрийнхөө орлогын нөхөж тушаагаад яваад байсан юм байна лээ. Тийм учраас тухайн үед мэдээгүй өнгөрөөд байсан байна. А.Г нь хурлын лам хийж байгаад түр хугацаанд дадлагажих зорилгоор түүнийг айлтгалын бичээчээр 2017 оны 3 дугаар 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж байгаад 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс үндсэн айлтгалын бичээчээр томилж шийдвэрлэсэн. Тухайн программыг хянах эрх бүхий албан тушаал хүмүүс нь миний бие байгаа юм. Мөн надаас гадна манай хийдийн ерөнхий нягтлан Ш.О хянадаг. Программд бүртгэгдсэн сүсэгтэн буюу иргэний бичүүлсэн номын нэр болон мөнгөн дүнг хэн ч засах, устгах боломжгүй хадгалагдаж үлдэх болно. А.Г нь өөрөө ажилдаа ирж өөрийнхөө эрхээр тухайн программд нэвтэрч номоо бичих боломжтой. Өмнөөс нь хэн нэгэн хүн орно гэж байхгүй. Хамгийн гол нь бичээч нар нь ном бичсэнээрээ цалингаа авдаг. А.Г ажилдаа ирээгүй өдөр байх юм бол тухайн программ дээр орлого нь 00 харагдах болно. А.Г нь тухайн орлого өдөрт нь юм уу маргааш нь тушаагаад өөрийн хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж ажиллаж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Энэ бүх асуудал А.Гээс өөрөөс нь болсон байгаа юм гэж хэлмээр байна…” /хх-ийн 107-108 тал/,

 

Гэрч В.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Айлтгалын бичээч нь тухайн өдрийг орлогыг тухайн өдөртөө заавал тушаах ёстой байдаг. Тус хийдэд нийт 12 айлтгалын бичээч байдаг. Үүнээс гадна туслах бичээч нарыг үндсэн хүмүүс амралтаа авсан эсхүл ачаалал ихтэй үеэр  нэмж ажиллуулдаг. Айлтгалын бичээч нарыг нярав, ээлжийн ахлах гэх хүмүүс ерөнхийдөө өөрөө хянадаг. Ээлжийн ахлах тухайн үед ажилласан айлтгалын бичээч лам нарыг нийт бичсэн номын тоо даатгуулж байгаа хүмүүсийн нэр ус зэргийг хурлын гэсгүй ламд гаргаж авах мөн бичээч нарыг хянах зэрэг ажлыг хийдэг. Мөнгөний нярав мөнгөө хүлээлгэж өгөөд баримт авдаг зүйл байхгүй. Амралтын өдрүүдэд сүсэгтэн нарын ном бичүүлсэн мөнгийг байлгаж байгаад ажлын өдөр хүлээлгэж өгөх тохиолдол байдаг. Цагаан сар, дүйчин өдрүүдэд 1 айлтгалын бичээч бол ерөнхийдөө 1.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн бичилт хийдэг юм. Мөнгөний нярав бичилт хийсэн үнийн дүнгээр мөнгийг хүлээж авдаг. Тус программ бол хүн болгон тус тусдаа хувийн нэвтрэх нэр, кодоор элсэн одог бөгөөд түүн дээр хийсэн бичилтийг ямар нэгэн байдлаар өөрчлөх боломжгүй байдаг. Айлтгалын бичээч нар бичсэн номын үнийн дүнгийн 2 хувиар нэмэлт цалинждаг. Айлтгалын бичээч нар дотоод журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг…” гэх мэдүүлэг  /хх-ийн 110-111 тал/,

 

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Айлтгалын бичээч нь ерөнхийдөө өглөө болгон өдөр гэсэн ерөнхийдөө ээлжтэй байдаг бөгөөд өглөө ээлжид ажилласан лам нар нь тухайн өдөртөө багтааж мөнгөний няравт мөнгийг хүлээлгэн өгөх ёстой байдаг. Мөнгөний няравт мөнгө хүлээлгэж өгсөн бол ямар нэгэн баримт авдаггүй. Нярав программ дээр бичсэн үнийн дүнгээр мөнгийг хүлээж авдаг. Тус программд хүн болгон өөрийн хувийн нэвтрэх нэр, нууц кодоор нэвтэрч ордог бөгөөд тус код, нэвтрэх кодыг өөр хэн нэгэнд мэдэх асуудал бол огт байхгүй. Программ нэвтрэх эрхээрээ нэвтэрч хяналт тавьдаг. Харин бид нарын бичсэн бичилтийг ямар нэгэн байдлаар өөрчлөх огт боломжгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 113 тал/,

 

Гэрч Б.Н дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тус айлтгалын ном бичдэг программ дээр шууд нэвтрэлт хийж бусдын кодыг миний зүгээс бол солих боломжгүй. Харин бүүр шаардлагатай тохиолдолд тухайн хэрэглэгч хүсэлт гаргаснаар программын кодыг санхүүгийн албаны нягтлан болон миний бие хариуцаж кодыг сольж өгдөг. Гансэлэм хүсэлт гаргаж байгаагүй учраас ямар нэгэн байдлаар код сольж байгаагүй. А.Гийн нэвтрэх кодыг бусдад хэлж дамжуулсан удаа байхгүй. Тухайн программ дээр хэрэглэгчийн кодыг сольдог. Гэхдээ админы эрхээр хэн нэгний өмнөөс бичилт хийж болохгүй. А.Гийн нэвтрэх нэр, нууц кодоор хэн нэгэн орж ном бичих асуудал байхгүй. Энэ хүн зөвхөн өөрийнхөө кодоор нэвтэрч ордог учир нь тухайн хүн нь надаас код аваад тэрийгээ өөрсдөө заавал сольдог. Мөн энэ талаар бас хардлага гаргахгүйн улмаас зааварчилгаа өгч кодыг солиулдаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 115 тал/,

 

А.Гийн ажилд томилсон тушаал /хх-ийн 152 тал/,

 

Гандантэгчэлин хийдийн зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны дүрэм /хх-ийн 154-158 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн А.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121, 27 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 141 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 142 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 143 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 170-171 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчаас шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж “хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч А.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч гэмшиж  буйгаа илэрхийлж хохирол төлбөрт  нийт 38.400.000 /гучин найман сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болохоо илэрхийлж,

 

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Д.Б, Н.Б нар нь шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтайгаар мэтгэлцэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтайгаар  тус тус шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т албан тушаалын байдлаа ашиглаж “хөрөнгө завших”  гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ  томилогдсон албан тушаалыг  ямар нэгэн байдлаар дахин ашиглаж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөд хууль бус захиран зарцуулалт хийх буюу завшсан байхыг шаардана.  

 

Шүүгдэгч А.Г нь хохирогч болох Гандантэгчэлин хийдийн хөрөнгө болох 35.265.400 төгрөгийг завших цаг хугацаанд хохирогч байгууллагад эрхэлж байсан кассын бичээчийн ажлыг эрхэлж байсан ба гэмт хэрэг үйлдэхдээ тухайн албан тушаалыг буюу кассын бичээчийн ажлыг  хэрхэн ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байгаа нь түүний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  “ албан тушаалын байдлаа ашиглаж  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэсэн хүндрүүлсэн зүйлчлэлтэй гэмт хэргийн шинжийг хангаагүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч нь  энэ гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа хэрхэн ашигласан нь тогтоогдохгүй  зөвхөн сүсэгтэн олноос хурааж авсан хөрөнгө түүний эзэмшилд байсныг далимдуулж кассын няравт өгөхгүйгээр өөртөө завшсан байхад  завших гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд буй шинжийг дахин хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд үл нийцнэ.

 

Иймд шүүгдэгч  А. Г-г  Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх   хэсгийн 1.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж шүүгдэгч А. Гансэлэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх   нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд хохирогч болох Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон бусад баримт, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Гийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд  ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээгүй, ажил үүргийн нарийвчилсан хуваарьтай байгаагүй талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдаж байна.

 

Мөн түүнчлэн, гэмт хэрэг гарах болох шалтгаан нөхцөлийг хохирогч байгууллага болох  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн санхүүгийн хяналт сул байдал, сүсэгтэн олноос өргөсөн кассын орлогод тавих хараа хяналт хангалгүй, хариуцсан албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал зэрэг нь бүрдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол төлбөрийн  талаар:

Шүүгдэгч  А.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч , хохирол болох 35.265.400 төгрөгийг аудитын дүгнэлтийн төлбөр болох 3.500.000 төгрөгийн хамт хохирогчид төлж барагдуулсан тул шүүгдэгчийг хэргийг хянан шийдвэрлэх үед хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан зардал болох Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийн төлбөр болох  1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга / төгрөгийг шүүгдэгч А.Гээс гаргуулж Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дансанд төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч А.Г нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч А. Гансэлэм нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  5000 /таван мянга/ нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч А.Г: “…Торгуулийн ял оногдуулж өгнө үү…” гэв.

 

          Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Д.Б эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ  “…Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ гэмт хэрэг бол хорих болон торгох санкцтай. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Тиймээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү…” гэв.

 

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Н.Б эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ  “…Шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Учир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Д.Б  өмгөөлөгчтэй санал нэг байна…” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ  “…Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү…” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох  ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч А.Гд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг  тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Хулд овогт А-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр сарын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар А.Гийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг  1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 / нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 38.400.000 /гучин найман сая дөрвөн зуу/ төгрөгийг   хохирогч  болох Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд төлсөн болохыг, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг  дурдсугай.  

 

6. Шүүгдэгч А.Гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд  гарсан 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Төрийн сан банкин  дахь 100900000000 тоот харилцах дансанд олгосугай.

 

7. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЭРДЭНЭЧИМЭГ