Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00104

 

Хэргийн индекс 135/2016/00021/И
                                                                                                                                                                                                                                                                                                                                     
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, ТЭМ 103 дугаар байр, 07 тоотод оршин суух, Бэрсүүд овогт Нэргүйн Энхбаясгалан /регистрийн дугаар УП88090168, утас 88144440, 99224575/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 3 дугаар байр, 15 тоотод оршин суух, Борлууд овогт Балжиннямын Баттөр /регистрийн дугаар ОЭ84021512, утас 99066160/-д холбогдох 

“Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Энхбаясгалан, хариуцагч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхбаясгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие нөхөр Б.Баттөртэй 2004 онд танилцаж, 2007 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Б.Тэлмүүнжаргал төрсөн. Б.Баттөр нь танилцсан анхны жилээсээ үе үе архи уудаг, 2-3 хоног дараалан архидан алга болдог, агсам тавьдаг өөр эмэгтэйчүүдтэй нэр холбогдож байсан. Дараа нь нэг гэрт цугтаа амьдрах болсон цагаас ч урдын ааш зан нь өөрчлөгдөөгүй улам даамжирч архи хэд хоногоор ууж, агсам тавьж айлган сүрдүүлж байсан. 2010 оны 05 дугаар сарын 08-ны өдөр архи ууж, хүчирхийлэл гарган намайг болон миний ээж Уранбилэгийг ална гэж заналхийлсэн. Хүү маань төрөөд удаагүй байсан учир айж цочирдон биеийн байдал нь муудсан. Тухайн үедээ асуудлыг гэр бүлийн хүрээнд шийдсэн. 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэн гэртээ архи ууж, агсам тавьж, зодож хүү маань толгойгоо цохиулж хүүгийн бие муудаж эмчилгээ хийлгэсэн. 2011 оны 08 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд мөн архи ууж, намайг элдвээр хэлж зодож гэмтээсэн. Ийм асуудал олон удаа гарч давтагдаж байсан учир миний бие байнга сэтгэл зүйн дарамтанд орж айдас түгшүүртэй байдаг болсон. 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөн миний биед гар хүрч зодож байсны улмаас гэрээсээ явсан. Түүнээс хойш 3 жил гаран болж нэг ч удаа хамтран амьдраагүй. Одоо Б.Баттөр нь эхнэртэй болсон тул гэрлэлт цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна” гэв.


Хариуцагч Б.Баттөр нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Н.Энхбаясгалангийн ярьж байгаа зүйл үнэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр асуудал үүсгэдэг байсан учраас бид хоёрын салах шалтгаан болсон байх. Би архи дарс хэрэглэх нь ер нь буруу юм байна гэж бодоод 2012 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больсон байгаа. Н.Энхбаясгаланг найз нөхөдтэйгээ уулзаад явахад нь залгахаар утсаа авдаггүй. Н.Энхбаясгаланд ямар ч гэр бүлээ гэсэн сэтгэл байдаггүй. Би Н.Энхбаясгаланд энэ талаар хэлэхээр “миний асуудал чамд хамаагүй” гэх зэргээр над руу уурладаг байсан. Би хүүхдээ эцэггүй өсгөмөөр байна. Яагаад гэвэл би өөрөө эцэггүй өссөн, манай хүн ч бас эцэггүй өссөн. Хүүхэд эцэггүй өснө гэдэг маш хэцүү байдаг. Би Н.Энхбаясгалантай эвлэрэх талаар маш их ярилцсан. Гэтэл Н.Энхбаясгалан нь би чамаас байнгын сална л гэж хэлдэг. Салснаасаа хойш жил гаруй хугацаанд холбоогүй байж байгаад тэрнээс хойш би хүүхэдтэй байнгын холбоо барьж уулзаж байгаа. Тэгээд би Н.Энхбаясгаланд хоёулаа цаашдынхаа амьдралыг бодоод бүх зүйлийг шинээр эхэлье гэж хүртэл хэлж байсан. Миний саналыг нэг ч удаа хүлээж аваагүй, байнгын сална гэж ярьдаг. Одоо надтай Н.Энхбаясгалан нь хамт амьдрах бодолгүй болсон учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхбаясгалан нь хариуцагч Б.Баттөрд холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Гэрлэгчид болох Н.Энхбаясгалан, Б.Баттөр нар нь 2004 онд танилцан, 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Тэлмүүнжаргалыг төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, Г-22 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

    Гэрлэгчид нь 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй, бусадтай гэр бүлийн харилцаатай болсон, гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Тэлмүүнжаргалыг эх Н.Энхбаясгалангийн асрамжинд үлдээж, эцэг Б.Баттөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
    
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Баттөр, Н.Энхбаясгалан нар нь хүүхэд болох Б.Тэлмүүнжаргалыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Талуудын хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бэрсүүд овогт Нэргүйн Энхбаясгалан, Борлууд овогт Балжиннямын Баттөр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Тэлмүүнжаргалыг эх Н.Энхбаясгалангийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Тэлмүүнжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг Б.Баттөрөөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Энхбаясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхбаясгаланд олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамж 28,022 төгрөгийг хариуцагч Б.Баттөрөөс гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА