Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 42

 

Ж.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0138/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  П.Шижиртуяа

           Шүүгдэгч                                                   Ж.Б

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Г.Эрдэнэчимэг, А.Мөнхтулга,    

                                                                             М.Мэндсүрэн

            Хохирогч                                                   Т.Г                                  

           Нарийн бичгийн дарга                             Н.Батзаяа нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Б.т холбогдох 201706000176 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Т овогт Ж.ийн Б.

 

   Шүүгдэгч Ж.Б нь 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Асгат” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 129м3  /88396м3+40,6м3=128.996м3/ шинэс мод бэлтгэж байгаль экологид 21.802.713.6 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор:

           Т овогт Ж.ийн Б.ыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ж.Б.ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ж.Бщ нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4.д зааснаар шүүгдэгч Ж.Б.ын гэмт хэрэг үйлдэж олсон малын саравчтай хашаа 5х8 хэмжээтэй 30м2 14.700.000 төгрөг, дутуу барьсан хөх өнгийн дээвэртэй 7х5х4 хэмжээтэй 40м2 дүнзэн байшин,  10.572.745.47 төгрөг, гадуураа улаан өнгийн тоосгоор өнгөлсөн хөх өнгийн дээвэртэй 8х10 хэмжээтэй 80м2 байшин,  67.339.336.78 төгрөг, Хятад улсын “дружба” хөрөө,  212.500 төгрөг, нийт 96.746.082.2 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хураан авч, хохиролд 21.802.713.6 төгрөгийг тооцож, үлдэх 74.943.368.6 төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн өдрийн прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор биүүмжилсэн модоо бэлтгэхдээ ашигласан гэх цагаан өнгийн тракторийг  эзэмшигчид нь буцаан олгож,

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо:

…Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг заасан байдаг ба мөн зүйлийн 1.8.д хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухайг зааж өгсөн байдаг.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4.д зааснаар шүүгдэгч Ж.Б.ын гэмт хэрэг үйлдэж олсон малын саравчтай хашаа 5х8 хэмжээтэй 30м2 14.700.000 төгрөг, дутуу барьсан хөх өнгийн дээвэртэй 7х5х4 хэмжээтэй 40м2 дүнзэн байшин,  10.572.745.47 төгрөг, гадуураа улаан өнгийн тоосгоор өнгөлсөн хөх өнгийн дээвэртэй 8х10 хэмжээтэй 80м2 байшин, 67.339.336.78 төгрөг, Хятад улсын “дружба” хөрөө 1 ширхэг 212500 төгрөг нийт 96.746.082.2 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хураан авч, хохиролд 21.802.713.6 төгрөгийг тооцож, үлдэх 74.943.368.6 төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Ж.Б нь мод бэлтгэх эрхийн бичгийг ном журмын дагуу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Асгат Улаан” гэх газраас хэрэглээний мод хийхээр авсан. Байгаль хамгаалагч Г мод хийх газрыг зааж өгөөгүйг шүүхэд мэдүүлдэг ба экологи эдийн засгийн үнэлгээгээр ойролцоогоор 100 орчим модыг үнэлэн 21.802.713.6 төгрөгөөр хохирол тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэхгүй гэж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлдэг.

Мод хийсэн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин модоороо байшин, малын саравч барьж бүтээн байгуулалт хийсэн зарлага, орлого нь Ж.Б.ын өөрийн эд хөрөнгө тул улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй ... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын Ж.Б.ын эд хөрөнгийг битүүмжилж улсын орлого болгон шийдвэрлэснийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү  гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ:

… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна…гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл :

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Ж.Б.ыг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “Асгат” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 129м3 шинэс мод бэлтгэж, байгаль экологид 21.802.713 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Ж.Б.т холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, түүнд ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ хаана үйлдсэн нь тодорхой тогтоогдоогүй, тухайлбал :

-хохирогч Т.Г … мод бэлтгэсэн газар нь “Асгат” гэх газар бөгөөд миний гоожин бичиж өгсөн газар нь тэр газрынхаа ур хэсэг уулын хоёр тал бөгөөд үргэлжилсэн том нуруу байгаа юм…” гэсэн  /хх 123/,

гэрч О.М.ын …Б гэх хүн “Их Асгат” гэх газраас модоо бэлтгэж байшин барьсан байсан…гэсэн /хх 39-40/,

гэрч Б.Ж.ийн  …Б.ын мод бэлтгэсэн газар нь “Асгат-Улаан” гэдэг газар боловч талбай тусгаарлалт хийгдээгүй газар байсан…” гэсэн мэдүүлэг зэргээс үзвэл  /хх 44/ хууль бусаар мод бэлтгэсэн гэх газрын нэрийг тус тус зөрүүтэй мэдүүлснээс гадна тухайн газрын албан ёсны нэршлийн талаар баримт хэрэгт авагдаагүй.

- Мөн Ж.Б нь 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар сард хууль бусаар мод бэлтгэсэн гэх боловч дээрх цаг хугацаануудад тус бүр хэдий хэмжээний мод бэлтгэж, байгаль экологид хэдэн төгрөгний хохирол учруулсан нь нарийвчлан тогтоогдоогүйгээс гадна модонд үзлэг хийсэн тэмдэглэлээр байшингийн баруун талд 100 м орчим зайд хураасан 37 ширхэг мод /хх 9/-ыг хэрхсэн нь тодорхойгүй бөгөөд … зөвшөөрөлд зааснаас илүү хэмжээгээр бэлтгэсэн… гэх модны үнэлгээ, хохирлын хэмжээг нарийвчилж тогтоолгох шаардлагатай байна.

Мөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай Т.Г.ыг хохирогчоор тогтоосон нь хууль зөрчөөгүй боловч тухайн байгууллагаас Т.Г.ыг хохирогчоор оролцуулах тухай баримт буюу итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 53 ширхэг модыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан, “…Ж.Б.ын … үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул …” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байхаас гадна шүүгдэгчийн үйлдлийг эрүүгийн хуульд заасан нэг бүлгийн шинжийг агуулсан мэтээр дүгнэлт хийсэн нь буруу байна.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон 11 дугаартай дүгнэлтийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр /хх 55/, 15 дугаартай дүгнэлтийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр /хх 59/ тус тус шинжээч Б.Ж гаргасан байх бөгөөд түүнээс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр /хх 43/ гэрчээр мэдүүлэг авсан нь цаг хугацааны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1.д заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлыг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг  дурьдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН                                    

 

       ШҮҮГЧИД                                                     Ц.ТУЯА     

     

                                                                                       С.УРАНЧИМЭГ