Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 114/2017/0053/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.С-  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын “2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Г.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                                      Г.С-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                        Д.Чагнаадорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч              Б.Содболд нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Г.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0174 дүгээр магадлалаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газрын даргаар эгүүлэн томилсон ба  2017 оны Дархан-Уул аймгийн Засаг даргын Б/41 тоот захирамжаар уг албан тушаалд эгүүлэн томилж мөн оны Б/42 тоот захирамжаар чөлөөлсөн. УИХ-ийн 2003  оны 13 дугаар тогтоолын хавсралтад заасан сонгон шалгаруулалтад заасан шаардлага хангасан  болоод намайг ажилд авсан гэж ойлгож байгаа. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3-т заасан эрх нь Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн асуудал. Гэтэл энэ хуулиар хэрэгжүүлж болох эрхээ Засаг дарга эдлэлгүй захирамж гаргаснаас болоод төрийн албанд 19 жил ажилласан би яагаад хохирох ёстой юм бэ. Засаг даргын Тамгын газарт хууль зүйн хэлтэс гэж байдаг, тэр хэлтэс чинь ажлын байрын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй захирамж нь хууль зөрчсөн байна гэдэг байдлаар захирамж хууль зүйн шаардлага хангасан эсэхийг хянаж шалгаж болоогүй юм бэ.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтын 14 заалтад тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд уг  ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах  захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөл буюу  Салбар зөвлөлд ирүүлнэ. Мөн түүнчлэн 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулна гэж заасан байдаг. Дархан-Уул аймгийн Засаг дарга та бол төрийн албаны туршлага, төрд олон жил ажилласан тул газартай холбоотой ажлыг цэгцлээд өгөөч гэж санал тавьсан юм. Иймдээ ч би энэ ажлыг хийе гэж бодож Төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажилдаа томилогдсон юм. Энэ талаар ярих шаардлага байхгүй байх гэж бодож байна. Өмнө гарсан шүүхийн магадлал, тогтоолд тодорхой дурдсан байгаа. Намайг ажилд эгүүлэн томилохдоо шүүхийн шийдвэрээр томилсон мөртлөө, үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн юм байна гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд надад янз бүрийн ажил санал болгож байна гэж үзэж байна. Төрийн албан хаагчийн ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг үндэслэл болгох ёстой. Энэ  талаар хариуцагчийн өмгөөлөгч сайн мэдэж байгаа гэж бодож байна.

 Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч аймгийн Засаг даргын 2017 оны Б/42 дугаар захирамж үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн тул Дархан-Уул аймгийн Засаг даргын  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чангаадорж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “... аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчаас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэж заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус тодорхойлолтод зааснаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байранд “Газар зохион байгуулагч инженер, барилгын инженер мэргэжилтэй, геодезийн хэмжил зураглал кадастр, газар зохион байгуулалтын төлөвлөлт, зураг төслөөр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, асуудал дэвшүүлэх, журам, заавар, аргачлалыг боловсруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах, удирдан зохион байгуулах, компьютерийн хэрэглээний болон газар зүйн мэдээллийн системийн программ хангамжийн эзэмшсэн байх” гэсэн шаардлагыг  Г.С- нь хангахгүй байна гэсэн дүгнэлтийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь хэсэгт заасны дагуу Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1534 тоот албан бичгээр ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.  Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “ Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан шаардлагыг хангахгүй байгаа нь тус дүгнэлтээр болон тухайн ажлын байрны тодорхойлолт, эзэмшсэн мэргэжлээр тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “ Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөн, 17.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 10.1-т заасан ерөнхий болон 33.5-т заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж хуульчилсан гэтэл тухайн сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулаагүй, хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон нь хууль бус юм.

    Иймд иргэн Г.С-ыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон тул Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа юм байна. Энэ шүүх хуралдаан дээр эрх ашгийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа Засаг даргын Б/42 дугаар захирамжтай холбоотойгоор тайлбар өгөх ёстой гэж үзэж байна.

Төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23-25 дугаар зүйлийг баримтлах ёстой. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3 дугаар зүйлийг захирамжлах хэсэг дээр зааж өгсөн байгаа. Энэ заалт үндэслэлтэй эсэх талаар ярих ёстой.

С- нь ГХБХБГ-ны даргаар ажиллах хуулийн болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Яг энэ асуудлаар шийдвэр гаргахаар бол Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар захирамж гаргах ёстой. Өмнөх шүүхийн шийдвэрийн талаар энд ярих шаардлага байхгүй. С- нь ГХБХБГ-ын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна. Газрын чиглэлээр нарийвчилсан мэргэжилтэй байхыг шаардсан байхад нэхэмжлэгч нь эрх зүйч мэргэжилтэй байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3 дахь заалтыг дурдсан байгаа зүйтэй байна. Газрын тухай хуулийн 20.2.8-т зааснаар ГХБХБГ-ын даргыг Аймаг нийслэлийн Засаг дарга Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргатай зөвшилцөж ажилд томилох ёстой байдаг. Засаг дарга Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга нь Г.С-ыг Газрын тухай хууль болон ажлын байрын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байна гэсэн албан тоот явуулсан байна.

Дээд шатны байгууллагаас С-ыг ажлын байрын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. ГХБХБГ-ын даргын 2017 оны ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Манай талаас нэхэмжлэгч талд эвлэрэх саналыг өгөөд байгаа, өөрийн мэргэжлийн дагуу ажлын байрыг санал болгож байгаа, шүүх хуралдаан завсарлах хүртэл  эвлэрэх санал хүчинтэй байгаа гэдгийн дурдах нь зүйтэй байна.

 

Гуравдагч этгээд Д.Ганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганбаяр миний бие Дархан-Уул аймгийн “ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар”-ын даргын 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар тушаалаар “газар зохион байгуулалтын инженер”- ээр тус албанд анх ажилд томилогдоод өнөөдрийг хүртэл тус албандаа ажиллаж байна. Миний бие холбогдох хууль, журмын дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/81 дүгээр захирамжаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр захирамжаар Г.С-ыг ажилд эгүүлэн томилогдох болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Холбогдох хууль, журам, аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа болно. Д.Ганбаяр миний бие Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд тавигдах хуулийн шаардлага, ажлын байрын тодорхойлолтод заасан шаардлагуудыг тус тус хангаж байгаа болно. Мөн Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар “Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт”-ыг баталсан бөгөөд тус тодорхойлолтын“ тавигдах шаардлага хэсэгт мэргэжил- газар зохион байгуулагч инженер, барилгын инженер гэх шаардлагыг тавьсан байна. Нэхэмжлэгч Г.С- хувьд эрх зүйч мэргэжилтэй бөгөөд дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй юм. Г.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байна.

Иймд шүүх Г.С- гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн “Г.С-ыг ажилд томилох тухай” Б/41 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0174 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн шүүх хуралдааны 203 дугаар тогтоолоор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар Г.С- эгүүлэн томилогдсон гэх үндэслэлээр гаргасан атлаа, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргад “Г.С- тухай” зөвшилцөх саналыг 1/1723 тоот албан бичгээр хүргүүлэн, улмаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1534 тоот албан бичгийг үндэслэн  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  Б/42 дугаар захирамжаар Г.С-ыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3-т заасныг баримталжээ.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч  Захиргааны  ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн Дархан Уул аймгийн салбар зөвлөлд хандсан байх ба нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 117 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байх тул  урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч ажлаас халах болсон үндэслэлээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэж   заасны дагуу Засаг дарга нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөхөд Г.С-ыг Газрын тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан  шаардлагыг хангахгүй байна гэсэн 1/1534 тоот албан бичиг ирүүлсэн нь  Г.С-ыг ажлаас  чөлөөлөх үндэслэл болж улмаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3-т заасныг баримтлан Г.С-ыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь Г.С- нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтад  орж тэнцэн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажил, албан тушаалд томилогдсон болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 14 дүгээр тогтоол, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаар захирамж,   шүүхийн  магадлал, шүүхийн тогтоолоор тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт”-ыг 2015 оны 06 дугаар сарын 24-өдөр баталсан Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Г.С-ыг ажилд томилох тухай”  Б/33 дугаар захирамж гарах үед тус газрын даргаар ажиллаж байсан бөгөөд энэхүү шийдвэрт татгалзаагүй харин ч  Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.С-тай ”Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааг орон нутагт төлөөлөн ажиллах тухай 2016 оны үр дүнгийн гэрээ” байгуулан ажиллаж байснаас үзэхэд Засаг дарга нь Г.С-ыг уг албан тушаалд анх томилохдоо  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д заасныг зөрчөөгүй  томилсон байхад  дахин 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр  Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргад 1/1723 албан бичгээр “Зөвшилцөх санал” явуулах шаардлагагүй байжээ.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж зааснаар захиргааны байгууллага нь гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээх үүрэгтэй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 “...сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 24.1.1.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 24.1.2.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 24.1.3 өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албанаас чөлөөлөхөөр  зохицуулсан байхад Дархан-Уул аймгийн Засаг дарга  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  Б/42 дугаар захирамжаар Г.С-ыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 20.3-т заасныг баримталсан нь дээрх хуулийн заалттай  нийцээгүй, нэхэмжлэгчийн төрийн алба эрхлэх эрхийг зөрчсөн байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6-д заасан журмын дагуу   сонсох ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй байна. Учир нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн  “Г.С-ыг ажилд томилох тухай” Б/41 дүгээр захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Г.С-ыг ажлаас чөлөөлөх” тухай” Б/42 захирамжуудыг нэхэмжлэгчид 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 55 минутад гардуулан өгөхдөө дараа сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлжээ.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс, чөлөөлсөн 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэгт ажилд ажиллуулаагүй болох нь Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 тоот албан бичиг, цалингийн тооцооны хүснэгт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар  тогтоогдож байна.

Иймд маргаан бүхий акт болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.С-ыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн болон нэмэгдэл цалинг 1.166.685 төгрөгөөр тооцож, ажлаас чөлөөлсөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх нийт ажлын 93 хоногийн цалин хөлстэй тэнцэх 5.046.552 төгрөгийн /1.166.685:21,5 хоног=54.264 х ажлын 93 хоног=5.046.552/ олговрыг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2, 24.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Г.С-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.С-ыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилсугай.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн  тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.С-т 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 5.046.552 /таван сая дөчин зургаан мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад тус тус даалгасугай.

  

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

    

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ