Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00883

 

К-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02836 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00436 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч К- /Kim Hyo Jin/-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч П- /Baek Won Pil/-д холбогдох,

Зээлийн гэрээгээр шилжүүлсэн 123 000 000 төгрөг, орон сууцны үнэ 62 628 470 төгрөг, нийт 185 628 470 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн автомашины үлдэгдэл 80 371 530 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

К-, П- бид хоёр 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр П-ийн өмчлөлийн 9 ширхэг автомашиныг 330 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, үнийн дүнд 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 123 000 000 төгрөг мөн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 44 дүгээр байрны 84 тоот орон сууцыг 62 628 470 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 144 371 530 төгрөгийг бэлнээр төлөхөөр тус тус тохиролцсон.

Гэвч П- “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д 7 автомашиныг зарсан ба уг маргаан Улсын дээд шүүхийн 2017 оны 001/ХТ2017/00139 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж байсан боловч надад өгөхөөс өмнө “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д давхардуулан зарснаас зээл 123 000 000 төгрөг, орон сууцны үнэ 62 628 470 төгрөгийн хохирол учирсан.

Иймд хариуцагчаас нийт 185 628 470 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

П- 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн 9 ширхэг миксер автомашиныг 330 000 000 төгрөгөөр К-д худалдахаар тохиролцож аман хэлцэл хийсэн бөгөөд энэхүү хэлцлээ 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор бичгийн хэлбэрт оруулсан. Энэ өдөр хийсэн гэрээндээ машины төлбөрийн үнийн дүнд нэхэмжлэгчээс өмнө авсан байсан 123 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 44 дүгээр байрны 84 тоот орон сууцыг 62 628 470 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 144 371 530 төгрөгийг К- 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Бидний дунд худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэвч бодит байдал дээрээ 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ хэрэгжээгүй, харин миний 9 ширхэг автомашиныг өөртэйгээ хамтран ажиллаж байсан “Төгс зуурмаг” ХХК-ийн захирал Д.Дэлгэрийн “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д 7 автомашины нэг бүрийг 30 000 000 төгрөгөөр, нийт 210 000 000 төгрөгөөр, 2 автомашиныг Б.Мөнхбилгүүнд 70 000 000 төгрөгөөр нийт 280 000 000 төгрөгөөр зарахаар болж дээрх хуулийн этгээд, хувь хүнээс төлсөн машины төлбөрөөс зээлдүүлсэн 123 000 000 төгрөг, орон сууцны үнэ 62 628 470 төгрөгийг хасч надад 94 371 530 төгрөгийг өгөхөөр болсон юм.

К- 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг дуудаж 9 ширхэг миксер автомашинуудыг “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д зарахаар болчихлоо, чи нотариат дээр ирээд гэрээ байгуулаад гарын үсгээ зураадах гэсний дагуу очиход өөрийн “Эм Си Эйч Эс” ХХК-ийн ажилтан М.Эрдэнэтуяатай хамт нотариат руу явуулсан. Тэнд Б.Мөнхбилгүүн гэж хүнд 02-62 УБИ, 79-29 УБИ улсын дугаартай автомашиныг нэг бүрийг 35 000 000 төгрөг, нийт 70 000 000 төгрөгөөр, мөн төлбөр тооцоог дууссан гэсэн худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулахаар бэлдсэн байсан. Ингэж нэхэмжлэгч К- миний 9 ширхэг автомашиныг худалдан авсан хувь хүн, хуулийн этгээдтэй холбож өгснөөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч нараас хийсэн төлбөрүүдийг К-  хүлээн аваад надад зээлдүүлсэн гэх төлбөр мөнгөө суутган авч, үлдэгдлийг надад өгөх байсан боловч өгөөгүй, ямар ч тооцоо хийгээгүй. Энэ хугацаанд тооцоо хийхийг К-ээс шаардсан боловч тэрээр “Төгс зуурмаг” ХХК болон “Шилдэг шинэ эхлэл” ХХК-тай 9 ширхэг автамашины төлбөрийн асуудлаар зарга үүсгэсэн, шийдвэр гараагүй. “Шилдэг шинэ эхлэл” ХХК, худалдан авсан автомашиныхаа үнийг төлж, хууль ёсны өмчлөгч болохыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/05064 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 1960 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 001/ХТ2017/00139 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

К-ий үндсэн нэхэмжлэлд тайлбар гаргасантай холбогдуулан нийт 123 000 000 төгрөг зээлүүлсэн нь худлаа болох нь тогтоогдсон бөгөөд үүний 70 000 000 төгрөгийг бэлнээр Д.Дэлгэрийн “Төгс зуурмаг” ХХК-иас “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн худалдан авсан автомашины төлбөр байсан. 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 9 ширхэг автомашин худалдах худалдан авах гэрээгээр машины төлбөрт К-, П-ийн бусад зээл болох Орчлон хорооллын 62 628 470 төгрөгийн үнэтэй орон сууцыг машины төлбөрт оруулан тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Д.Дэлгэрийн автомашины төлбөрт надад урьдчилан өгсөн мөнгө байсан. Мөн “Төгс зуурмаг” болон “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн захирал Д.Дэлгэрээс 7 ширхэг автомашины төлбөрт 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 63 371 530 төгрөгийн үнэтэй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 68 тоот 2 өрөө орон сууцыг автомашины үнэд тооцон авсан ба “Шилдэг шинэ эхлэл” ХХК машины үлдэх төлбөрт миний татварт төлөх ёстой 14 000 000 төгрөгийг төлсөн байна. Ийнхүү “Шилдэг шинэ эхлэл” ХХК нь К-ээр дамжуулан 7 автомашины үнэнд бэлнээр 70 000 000 төгрөг, татварт 14 000 000 төгрөг, орон сууцаар 62 628 470 төгрөг, 63 371 530 төгрөг, нийт 210 000 000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Надад 123 000 000 төгрөгийг зээлдүүлээгүй. Дээрх үнийн дүнг хасахаар 53 000 000 төгрөг зээлдүүлсэн гэсэн ба 62 628 470 төгрөгийн орон сууцыг надад зээлээгүй, харин 7 автомашиныг худалдсан “Шилдэг шинэ эхлэл” ХХК-иас машины үнэд тооцуулан авсан. К- миний өмчлөлийн 9 автомашиныг 280 000 000 төгрөгөөр зарж, Б.Мөнхбилгүүний 70 000 000 төгрөг, “Төгс зуурмаг” ХХК, “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн захирал Д.Дэлгэрээс машины үнэд тооцуулан шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 44-68 тоот 2 өрөө орон сууцны үнэ 63 671 531 төгрөг, нийт  133 371 530 төгрөг, эд хөрөнгийг өгөх ёстой ч өөрөө авсан. К- миний машиныг бусдад зуучлаад надад машины үлдэгдэл, эд хөрөнгийг төлөөгүй тул 133 371 530 төгрөгөөс түүний зээлүүлсэн гэх 53 000 000 төгрөгийг харилцан тооцож, үлдэх 80 371 530 төгрөгийг К-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч К- Б.Мөнхбилгүүнд 2 ширхэг автомашин зарсан, 7 автомашинаас тусдаа яригдаж байгаа 70 000 000 төгрөг энэ  хэрэгт хамааралгүй, 63 671 531 төгрөгийн орон сууцны үнийг  “Шилдэг шинэ эхлэл” ХХК-иас төлсөн гэж үзэж байгаа боловч Улсын дээд шүүхийн тогтоол, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд “Орчлон констракшн” ХХК болон К- нарын хооронд байгуулагдсан гэрээ байдаг. Гэрээгээр “Орчлон констракшн” ХХК-иас авч байгаа орон сууцыг юунд тооцуулах гээд байгаа талаар баримтгүй. Энд үүсээд байгаа харилцаа хэрвээ “Шилдэг шинэ эхлэл” ХХК-иас К-д өгсөн бол “Шилдэг шинэ эхлэл” ХХК-аас К-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд П-д хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, хэргийн оролцогч нарт хамааралгүй гэж үзэж байна. “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Машбаяр болон “Эм Си Эйч Эс” ХХК-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2017  оны  02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолд автомашинууд “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн өмч болсон,  П-д  автомашинуудын үнийг ямар журмаар яаж өгсөн үйл баримтууд дурдагдсан байдаг. Хариуцагч П- нь М.Эрдэнэтуяатай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, автомашинууд “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д шилжсэн гэж Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан байна. Сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд “Шилдэг шинэ эхлэл” ХХК, “Төгс зуурмаг” ХХК, Б.Мөнхбилгүүн нар хариуцагч байхаар байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02836 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П-ээс 53 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ким Хью Жинд олгож, нэхэмжлэгч Ким Хью Жинээс 63 671 531 төгрөг гаргуулан хариуцагч П-д олгож, үндсэн  нэхэмжлэлээс 132 628 000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс 17 740 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 086 100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П-ээс 422 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч К-ээс  474 507 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 210/МА2018/00436 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/2836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 139 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа буюу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн нэр дээрх Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, 21 хороолол, Орчлон хороолол 44 байр 84 тоот орон сууц, эд хөрөнгө, мөнгөн хөрөнгүүдийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр анхан шатны шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох ажиллагааг хийлгүй шүүх хуралдааныг явуулсан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, зээлийн төлбөрийг хэрхэн барагдуулах харилцан тохиролцсон атал шүүхээс нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь заалтуудыг баримталж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г БНСУ-ын иргэн К- болон БНСУ-ын иргэн П- хоёрын хооронд байгуулагдсан гэрээ болохыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгч К- нь “Төгс зуурмаг” ХХК-тай тооцоотой байсан ба түүний дагуу “Орчлон констракшн” ХХК-иас авсан 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн нэг байрыг П-д өгсөн байдаг ба хариуцагчид өгөгдсөн үл хөдлөх хөрөнгийг сөрөг нэхэмжлэлд оруулан хангаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зээлсэн мөнгөний баримт, жагсаалт нь П-д өөр компани буюу хуулийн этгээдээс өгсөн огноо болон мөнгөн дүн нь таарсан үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа нь эргэлзээтэй төдийгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

...Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/XT2017/00139 дүгээр тогтоолд “Шилдэг шинэ эхлэл” ХХК-иас П- рүү мөнгө шилжүүлсэн, К-д өгөөгүй талаар тодорхой дурдагдаж дээд шатны шүүхээс дүгнэгдсэн байтал анхан шатны шүүх К- зуучилж зарсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. П- нь “Шилдэг шинэ эхлэл” ХХК-д автомашинаа борлуулснаар автомашин худалдах худалдан авах гэрээний үүрэг биелээгүй тул К-ээс авсан мөнгө, орон сууцны үнийг төлөх ёстой байсныг дүгнэсэнгүй. Хөөн хэлэлцэх хугацаа, түүний үр дагаврын талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа боловч талуудын гаргасан тайлбар болон бусад нотлох баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа ба 9 ширхэг автомашины маргаан 2012 оны 09 дүгээр сард эхэлж 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд үндсэн нэхэмжлэлийн хувьд 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу байгуулсан гэрээ нэгэнт биелээгүй тул Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасны дагуу хариуцагчид зээл хэлбэрээр олгосон 123 000 000 төгрөг, орон сууцны үнэ болох 62 628 470 төгрөг, нийт 185 628 470 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн хувьд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Харин шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг баримтлаагүй нь алдаатай болсон байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч К- нь хариуцагч П-ийг худалдах-худалдан авах гэрээгээр эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний зүйлийг өөр этгээдэд худалдсан гэж үзэж, түүнээс нийт 185 628 470 төгрөг шаардсан нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хариуцагч П- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээнд зуучилж, 133 371 530 төгрөгийг үндэслэлгүйгээр өөртөө авсан тул түүний зээлүүлсэн 53 000 000 төгрөгийг төлбөрт тооцон хасч, 80 371 530 төгрөгийг К-ээс шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Зохигчийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 9ш миксер машин худалдах-худалдан авах гэрээний нөхцөл, төлбөр хийх талуудын тохиролцоо зэргийг шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д заасан журмын дагуу зөв тайлбарлан, гэрээний агуулгыг тодорхойлсон байна.

Хоёр шатны шүүх нь “Шилдэг шинэ эхлэл” ХХК, “Эм Си Эйч Эс” ХХК, Б.Машбаяр нарын хооронд үүссэн эрх зүйн маргаан, мөн зохигчийн хоорондох маргааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр төлөгдсөн байдал зэрэг энэ хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд нийцсэн дүгнэлт хийжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102\ШШ2016\05064 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1960 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001\ХТ2017\00139 дүгээр тогтоолоор “Шилдэг шинэ эхлэл” ХХК 7 ш автомашины өмчлөгч мөн болох нь, нэхэмжлэгч К- эдгээр автомашины үнэд авсан төлбөрийн 70 000 000 төгрөгийг хариуцагч П--д шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба эдгээр үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон учир дахин нотлогдохгүй юм.

Харин шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний харилцаанаас эрх зүйн маргаан үүссэн байхад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтыг шийдвэр, магадлалын үндэслэл болгоогүй нь учир дутагдалтай болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна. Харин  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00436 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/02836 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., 189 дүгээр зүйлийн 189.5. дахь хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 139 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН