Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 0377

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Х овогт М.Б од холбогдох 2008002220350 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган ... дүгээр баг Бор толгойт ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар гудамж 503 тоотод оршин суух, урьд

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Х овогт М.Б  /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч М.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 04-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хангайн ... тоотод оршин суух иргэн Б.Ч-ээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, жолооны эрх сэргээж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч залилан 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 16-17х/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 6х/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 27-30х, 59-78х/, шүүгдэгч М.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36-37х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 56х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х/, шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-43х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч М.Б  нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тус шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориуд бий болгож хуурч залилсан” гэсэн шинжүүдээр зүйлчилж ирүүлсэн хэргээс “зохиомол байдлыг зориуд бий болгох” гэсэн шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм. 

Шинжлэн судалсан хэргийн үйл баримтаар, шүүгдэгч М.Б нь хохирогч М.Ч-ийн үеэл дүү болох Б.Б-той хамт ... ХХК-д ажилладаг байхдаа танилцаж улмаар өмнө нь замын цагдаад ажилладаг байсан, жолооны эрх сэргээнэ, жолооны ангилал ахиулж өгч чадна, хүн амьтанд хэлээрэй, холбогдуулаарай гэж худал хэлснийг Б.Б нь үнэмшин цааш хохирогч М.Ч-т дамжуулан хэлж, холбож өгсөн байх бөгөөд Б.Ч нь тухайн асуудлыг нягтлахгүйгээр М.Б-ын худал хэлсэн үгэнд итгэн хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн ажээ. Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч М.Б ын үйлдлийн арга нь өөрийн хийж чадахгүй зүйлээ чаддаг мэтээр худал хэлж, итгүүлэн бусдыг хуурч байгаа хэлбэр болохоос бус хохирогчийн эд хөрөнгийг авахын тулд зохиомол байдлыг зориуд бий болгосон ямар нэгэн  үйлдэл тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 04-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хангайн ... тоотод оршин суух иргэн Б.Ч-т “жолооны үнэмлэх гаргаж өгнө, жолооны эрх сэргээж өгнө” гэж худал хэлэн хуурч, 1.190.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Б.Ч-ийн: “...Манай үеэл дүү болох Б  гэх залуутай 2019 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна уулзан ярилцаж байхад “манай нэг цагдаа ах байгаа, жолооны эрх сэргээнэ, жолооны ангилал ахиулж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд надад дугаарыг нь өгөөд би Б-той ... гэсэн дугаар руу нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр утсаар яриад өөрийн дүү Тулгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулсан, та сэргээж чадах уу гэж хэлэхэд Б- гэх залуу жолооны эрх сэргээж чадна гэж хэлээд Б надад ... гэсэн дансны дугаар өгөөд энэ данс руу мөнгө хий гэхэд нь би өөрийн ...  гэсэн данснаас нийт 11 удаагийн гүйлгээгээр нийт 1.190.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоог хүртэл утсаа авахгүй надаас зугтаад байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. ... Б- гэх залуу нь жолооны үнэмлэхийг нь 1 сарын хугацаанд гаргаж өгч чадна гэж хэлсэн. Б- нь өөрийгөө цагдаа гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16х, 17х/,

Гэрч Б.Б-ын: “...Би 2019 оны 02 дугаар сарын дундуур ... ХХК-нд ажилладаг байхад М овогтой Б гэх ахтай уг ХХК-нд ажиллаж байгаад танилцсан, тэрбээр өөрийгөө өмнө Замын цагдаад ажиллаж байсан, жолооны үнэмлэх хэвлэж гаргаж өгнө, жолооны ангилал ахиулж даруулж өгнө, жолоонд суугаагүй байсан ч гаргаж өгч чадна шүү, авах хүмүүс байвал хэлээрэй надтай холбогдуулаарай гэхэд нь би хүргэн ах Чт дугаарыг нь өгөөд тэр хоёрыг би холбож өгсөн. Манай ах Ч Б-той холбогдоод жолооны үнэмлэх гаргаж өг, мөн ангилал ахиулаад өг гээд бичиг баримтууд өгсөн байсан. 2019 оны 08 дугаар сарын эхээр манай хүргэн ах Ч над руу залгаад энэ Б чинь мөнгө авчхаад хүмүүсийн бичиг баримт гаргаж өгөхгүй байна, ямар учиртай  юм бэ гэхэд би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би шууд Б руу ... гэсэн дугаар руу залгахад удалгүй гаргаж өгнө гэж хэлээд аргалаад байсан. Одоо залгахаар утсаа авахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6х/,

Хаан банкны дансны хуулга: “Б.Ч-ийн ...  дугаарын данснаас М.Б ын ... дугаарын данс руу 11 удаагийн үйлдлээр нийт 1.190.000 төгрөг шилжүүлсэн” тухай /хх-ийн 27-30х, 59-78х/,

Шүүгдэгч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын дундуур зүс таних, хуучин хамт ажиллаж байсан Б  гэх залуу над руу яриад танд жолооны үнэмлэхийн ангилал ахиулж өгдөг таньдаг, мэддэг хүн байна уу гэхээр нь би “надад таньдаг хүн байгаа” гээд тасалчихсан. Удалгүй миний дугаар руу нэг эрэгтэй хүн залгаад Б оос сая дугаарыг чинь авлаа, намайг Ч гэдэг. Би жолооны үнэмлэхийн ангилал ахиулах гэсэн юм, хэдэн төгрөг болох бэ, хэдий хэр хугацаанд гарах бэ, гэж асуухаар нь би ангилал ахиулж болно, нэг сар орчмын дотор гарна, нэг хүний нэг ангилал ахиулахад 160.000 төгрөг болно гэсэн чинь Ч надад ангилал ахиулах дөрвөн хүн байна, эхний ээлжинд 250.000 төгрөг шилжүүлчихье гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд Ч өөрийн Хаан банкны ...  дугаарын данснаасаа миний эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данс руу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг 17 минутаас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цаг 57 минутын хооронд нийтдээ 640.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 4 хоногийн дараа жолооны эрх сэргээж чадах уу чадах бол сэргээлгэх 2 хүн байна гэж 200.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийтдээ 840.000 төгрөг дансаараа авч дандаа хувьдаа ашиглаж дуусгасан. Түүнээс хойш би Чээс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 150.000 төгрөгийг тус тус надад мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлэх үү гэж зээлж авсан. Нийтдээ 1.190.000 төгрөгийг авсан. Анхнаасаа энэ бүгд худлаа байсан. Би ямар нэгэн жолооны үнэмлэх сэргээж өгч чадахгүй, ангилал ахиулж өгч чадахгүй, надад таньдаг мэддэг хүн ч байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

          Иймд шүүгдэгч М.Б ыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ч-т нийт 1.190.000 төгрөгийн  хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “...хохирлын мөнгөө бүгдийг нь авсан, цаашид надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 17х/, хүсэлтийг гаргасан /хх-ийн 31х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэг нь М.Б од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч М.Б од танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

          Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул дээрх байдлыг харгалзан М.Б од 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

          Шүүгдэгч М.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

          Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориуд бий болгож хуурч залилсан” гэсэн шинжүүдээр зүйлчилж ирүүлсэн хэргээс “зохиомол байдлыг зориуд бий болгох” гэсэн шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Х овогт М.Б-ыг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-од оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ