| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0364/Э |
| Дугаар | 0384 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 0384
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Гт холбогдох 2008011800400 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Дорнод аймгийн ... дугаар баг, Тээвэрчдийн гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч.Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт байрлах ... дугаар байрны ... дүгээр орцны орчимд иргэн Г.Ттай “...нус цэрээ хаяхаа боль, одоо эндээс явцгаа гэж хөөлөө...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нуруу, гар, нүүрэн тус газрууд нь хөл, гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн чамархай, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын нуруу, баруун гарын 5-р хурууны цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөг, баруун гарын 1-р хурууны шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Ч.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-81х/, хохирогч Г.Тын мэдүүлэг /хх-ийн 9-10, 13-14х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 3068 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31х/, шинжээч эмч Ц.Оий мэдүүлэг /хх-ийн 32-33х/, шүүгдэгч Ч.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 53х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 54х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58-60х/, шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-79х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт байрлах ... дугаар байрны ... дүгээр орцны орчимд иргэн Г.Таас тавьсан “...нус цэрээ хаяхаа боль, одоо эндээс явцгаа...” гэсэн шаардлагыг эсэргүүцэн улмаар түүний толгой, нуруу, гар, нүүрэн тус газрууд нь хөл, гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Тын: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг орчхоод 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны хажуу талд сааданд хоёр согтуу хүн архи уугаад нус цэрээ хаячихсан байхаар нь би наанаа нус цэрээ хаяхаа боль, одоо явцгаа гэхэд хар өнгийн куртиктэй залуу нь чамд ямар хамаатай юм, чиний гэр оронд биш, чи яахаараа намайг хөөдөг юм гээд байсан. Тэгээд би байрныхаа орц руу орох гээд явж байсан чинь ард нэг чимээ гарахаар нь арагшаа эргээд хартал нөгөө хар өнгийн куртиктэй 50 орчим насны эрэгтэй залуу нь баруун гараараа миний баруун талын нүдний доод талд цохиод авсан. Тэгээд би газар унасан чинь нөгөө залуу миний нуруу руу өшиглөөд байсан. Тэгээд би намайг аллаа амь авраарай гэж хашхираад дээшээ босох гэсэн чинь нөгөө залуу миний зүүн талын нүд рүү баруун хөлөөрөө өшиглөхөд миний харааны нүдний шил хагарчихсан. Тэгээд би буцаад газар унасан чинь нөгөө залуу чамайг алсан ч яадаг юм гээд миний баруун талын цавь руу баруун талын хөлөөрөө өшиглөсөн, карманд байсан өндөр настны автобусны карт хугарсан байсан. Тэгэхээр нь би чамайг цагдаа дуудаж өгнө гээд утсаа гаргасан чинь нөгөө залуу зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.Надад эмчилгээний зардал гэж 230.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х, 13-14х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 3068 дугаартай:
“...Г.Тын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн чамархай, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хамрын нуруу, баруун гарын 5-р хурууны цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөг, баруун гарын 1-р хурууны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31х/,
Шинжээч эмч Ц.Оийн: “...Гутлын онцлогоос болж ир үзүүртэй зүйлд орж болно. Баруун доод зовхинд 2 шарх, зүүн хөмсөг, баруун гарын 1-р хуруунд тогтоогдсон шархнууд нь зах ирмэг нь тэгш байсан тул ир үзүүртэй зүйлсээр үүсгэгдэнэ гэж дүгнэлтэд тусгасан. Ир үзүүртэй зүйлд шүүх эмнэлгийн ойлголтоор хутга орохгүй, шархны ирмэгийн тэгш шарх үүсгэж байвал ир үзүүртэй зүйл гэж ойлгодог. Дээрх гэмтэл нь тухайн цагт үүссэн шинэ гэмтэл байсан. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,
Шүүгдэгч Ч.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-81х/,
Шүүгдэгч Ч.Гийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны хажууд байрлах хүнсний дэлгүүрээс 0.33-ийн Ерөөл архи аваад дэлгүүрээс гарч байсан чинь дэлгүүрийн тэнд нэг шуудай үүрсэн шил лааз түүсэн нэг танихгүй хүнтэй таарсан чинь нөгөө хүн “ахаа наадахаас чинь ганц татчихъя” гээд байхаар нь бид хоёр 17 дугаар байрны урд талын сааданд суугаад нөгөө 0.33-ийн Ерөөл архиа уугаад байж байсан чинь нэг настайвтар хүн ирснээ “муу сайн архичинд наана нус цэрээ хаяж бөөлжиж барилаа” гээд байсан, тэгсэн надтай хамт байсан танихгүй залуу “уучлаарай би явлаа” гээд яваад өгсөн. Тэгээд би нөгөө ахтай барилцаж аваад нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан юм. Тэгээд бид хоёр ноцолдож байхдаа би нөгөө ахыг газар унагааж байгаад дээрээс нь өшиглөсөн юм...би өөрийн буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл,
Шүүгдэгч Ч.Г нь хууль ёсны дагуу шаардлага тавьсан хохирогчийг эсэргүүцэн түүний эсрэг чиглэсэн идэвхтэй, хүч хэрэглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Ч.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид баримтаар гарсан зардал болох 230.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. Харин хохирогч Г.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...гэм буруу дээр маргаагүй, прокуророос оногдуулах ялын санал дээр хэлэх тайлбаргүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Хэрэгт авагдсан Ч.Гийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй, шүүгдэгч Ч.Гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүнд торгох ял оногдуулах нь биелэгдэх боломжгүй гэж дүгнэсэн болно.
Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ч.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ