| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0365/Э |
| Дугаар | 0402 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 0402
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц овогт Х.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003001570129 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “... ” ХХК-д аж ахуйн ажилтан ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Алтан Овоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Х.Б /РД:ОР67062711/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Н” төвийн урд замд “Honda” маркийн “Fit” загварын ... улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч 37 настай Д.Х-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагчаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5х, 6-7х, 9-17х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн мэдүүлэг /хх-ийн 25-27х/, шүүх шинжилгээний цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 499 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-89х/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 8054 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-121х/, Тээврийн цагдаагийн Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн В.Бын гаргасан 161 дугаартай дүгнэлт /хх-ийн 124-125х/, Д.Бгаас гаргасан хүсэлт /хх-ийн 159х/ зэргийг,
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч нараас: “... Цагдаагийн шуурхай удирдлагын төвийн лавлагаа /хх-ийн 2х/, Х.Бгийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8х/, шүүх шинжилгээний цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 499 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-89х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 139х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Бг оролцуулах тухай хүсэлт /хх-ийн 28х/, гэрч Г.Ш гийн мэдүүлэг /хх-ийн 68-69х/, гэрч Х.Жгийн мэдүүлэг /хх-ийн 71-72х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 159х/, шүүгдэгч Х.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 146х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 136х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 147х/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 148-149х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151х/, Түргэн тусламжийн дуудлагын лавлагаа /хх-ийн 153-154х/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 137х/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 15 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “Наран” төвийн урд замд бүрэн бус тээврийн хэрэгслээр буюу “Honda” маркийн “Fit” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Д.Х-ыг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтэд “... амь хохирогчийн мөргөгдсөн гэх А цэг нь явган хүний зохицуулдаггүй гарцтай хэсэг болох нь тэмдэглэгдэж, гэрэл зургаар бэхжүүлэгдсэн. Мөн мөргөсөн гэх ... улсын дугаартай Honda fit маркийн тээврийн хэрэгслийн баруун талын их гэрэл болон урд талын шилний баруун хэсэг хагарч бяцарсан байдалтай”-гаар бэхжигдэж тусгагдсан. /хх-ийн 4-5х, 6-7х, 9-17х/,
Шүүх шинжилгээний цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 499 дугаартай:
“Нэр хаяггүй цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь ясны хугарал, их, бага тархины аалзан хальс доорхи тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, дагзны хуйхны цус хуралт, баруун 1-6-р хавирга суганы болон далны шугамаар хоёрлосон хугарал, 7-10-р хавирга далны шугамаар хугарал, баруун уушгины авчилт, няцрал, цээжний хөндийд цус хуралт, баруун дээд 1-р шүдний хугарал, баруун шуу, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байна. Тогтоогдсон гэмтлүүд нь амь насанд аюултай, үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчин эмгэггүй байна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Нэр хаяггүй нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь 4-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүд нь автомашинд мөргөгдөж, унах үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 78-89х/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 8054 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-121х/,
Тээврийн цагдаагийн Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн В.Бын гаргасан 161 дугаартай:
“...1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлийн байдал, явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн, унасан гэх цэгүүдийн байрлал, тэдгээрийн хоорондын зай, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, түүнд учирсан эвдрэл, зорчих хэсэгт үлдсэн дугуйн хос мөр, гэрчийн мэдүүлэг, цогцост хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 499 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Х.Фит маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х.Б нь Монгол Улсын Замын дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.....” гэх дүгнэлт /хх-ийн 124-125х/,
Шүүгдэгч Х.Бгийн :..2020 оны 02 дугаар сарын 13-ны орой 22 цаг 20 минутад Хан-Уул дүүргийн нутагт байрлах ... ХХК-ийн урд талд Өмнөговь аймгаас ирдэг автобус тэнд зогсдог. Тэгээд би хамт ажилладаг байсан И гэх хүн над руу залгаад би ... ХХК-ийн урд талын орон нутгийн зогсоол дээр ирчихсэн байна, намайг гэрт хүргээд өгөөч, би машингүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн Хонда Фит маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тосож аваад гэрт нь хүргэж өгөөд буцаад гэрлүүгээ харьж явсан. Тэгтэл Сонгинохайрхан дүүргийн нутаг Арвай үндэс ХХК-ийн арын замд явж байгаад явган хүний гарцан дээр иртэл гэнэт хүн баруун талаас буюу ертөнцийн зүгээс хойд талаас урагшаа чиглэлтэй гүйж гарч ирээд миний унаж явсан машины баруун урд тал руу мөргөөд хойшоо саваад газар унасан. Би тэр үед нь тоормос гишгээд зогсоод бууж ирээд нөгөө хүн дээр очиход амьсгаатай байхаар нь би өөрийн гар утасны дугаар болох ... дугаараас 103, 102 дугаарт дуудлага өгсөн. Осол болсон газар би хүлээж байхад цагдаа ирээд тэнд хамгаалалт авсан. Түргэний машин 30-40 минутын дараа ирэхэд нөгөө хүн нас барсан байна гэж түргэний эмч хэлээд бичиг хийж өгөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийвэл, Замын хөдөлгөөний дүрмийг Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч буй явган зорчигч иргэн, ангилал харгалзахгүйгээр бүх төрлийн тээврийн хэрэгслийн жолооч бүр биелүүлэх үүрэгтэй атал Honda” маркийн “Fit” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.Б нь үл биелүүлэн зохицуулдаггүй гарцаар гарч явж байсан явган зорчигч /давуу эрхтэй/-ийг мөргөж амь насыг хохироосон нь түүний хэт хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна.
Шүүгдэгч Х.Бгийн энэхүү хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул Х.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь оршуулгын зардалд баримттай 5.600.947 төгрөг, баримтгүй 160.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 42-58х/ байх бөгөөд шүүгдэгч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд нийт 14.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн “...ямар нэгэн гомдол санал байхгүй, жолоочоос буяны ажлын зардалд 14.000.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/, хүсэлт /хх-ийн 159х/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагч нь “...шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу дээр маргаагүй, хохирол төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн,
-Шүүгдэгч Х.Б нь “...миний буруугаас ийм асуудал гарсанд маш их харамсаж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Х.Бд ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б нь хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн төлөөлөгч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нь бага насны буюу 4 настай хүүхэд болон 80 настай ээжийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн ангиллын, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б нь тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Х.Бд мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ВС ангиллын 132600 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт Х.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтуудыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Х.Бд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВС ангиллын 132600 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ