Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0522

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

            шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн У овогт Г.Өт холбогдох 2008000000631 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, “...” ХХК-нд ачигч, бараа хүргэгч ажилтай, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, У овогт Г.Ө /РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 4 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” ХХК-ийн зуслангийн хашаанд насанд хүрээгүй Г.Аг “хэгжүүрхлээ” гэсэн шалтгаанаар хоолойг нь боож, нүүр, элгэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: насанд хүрээгүй хохирогч Г.Агийн мэдүүлэг /хх-ийн 51х/, гэрч Г.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 25х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4493 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45х/, шүүгдэгч Г.Ө-ын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 64х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 66х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 68х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70х/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 71х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 72х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 83х/, шүүгдэгч Г.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 60х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 4 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” ХХК-ийн зуслангийн хашаанд насанд хүрээгүй Г.Аг “хэгжүүрхлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Агийн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 13:00 цагийн үед найз Зтай 21 дүгээр хороололд уулзаад байж байтал З манай хуучин үерхэж байсан найз баньд уулзъя гээд байна одоо ирж байгаа гэсэн, удалгүй З дээр машинтай гурван залуу ирээд Найрамдал явах гэж байна та хоёр хамт явах уу очиж хөзөр тоглоё бид гурав найзуудаа цуглуулаад явж байна өөр явах хүн байгаа юу гэж асуусан. Тэгээд бид нар офицер ороод Н-г аваад Найрамдал зуслангийн орчимд байрлах гэр амралтын газар нэг гэр аваад тэндээ гал түлж хөзөр тоглосон. Замдаа дэлгүүрээс хоёр шил архи ундаа авсан байсан түүнийгээ хувааж ууцгаасан. Би тэр үед нойл орчхоод орж ирээд сууж байтал Ө гэдэг залуу намайг гараад ир гэж дуудсан. Бид хоёр гэрээс хамт гартал Ө миний хүзүүнээс гараараа уураглаж аваад чи надад ерөөсөө таалагдахгүй байна, чи хаанахын том бацаан бэ гэж хэлэнгүүтээ нөгөө гараараа гэдэс рүү элэгдэж цохиод цамцны захаас татаж хашаанаас гаргаж зам дээр гарангуутаа дугтарч хоёр удаа газар унагаан хоолой боож нүүрэнд цохих гээд далайхаар нь би чи уусандаа ингээд байгаа юм уу чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй ш дээ гэж хэлтэл битгий худлаа шаагаад байгаач гэж хэлэнгүүтээ дахиад гараараа гэдэс рүү элэгдэж цохисон. Тэгэхээр нь би үнэхээр эмэгтэй чи манай найзуудаас асуу гэж хэлтэл тэгвэл уучлаарай найзууддаа битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт гэрт яваад орсон удалгүй миний гэдэс эвгүй оргиод өвдөөд байхаар нь Зд намайг Ө зодсон гэдэс өвдөөд байна, түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн З уурлаж Өтай маргалдаж байсан цохисон үгүйг мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51х/,

 

Гэрч Г.Б-ийн: “...бид гурав яваад очтол З /сүүлд нэрийг мэдсэн/ А  гэдэг охинтой хамт зогсож байсан. Тэгсэн З манай найз Н-г 13 дугаар хороололд байна авчхаад ирье гэхээр нь бид хэд хамтдаа Ботаник орж Нг аваад амралтын газар очихоор болсон. Тухайн үед цаг орой болж байсан замаараа дэлгүүрээс 2 шил архи худалдаж аваад Найрамдал зуслангийн орчимд байрлах нэрийг нь мэдэхгүй амралтын газар очиж нэг гэр авч бөөндөө хамт хөзөр тоглонгоо авсан архиа хувааж ууцгааж байтал Ө , А  хоёр гарч яваад удалгүй буцаад орж ирсэн. Тэгсэн А  Ө  намайг зодчихлоо гээд гэдсээ тэврээд хэвтсэн. Тэгсэн З уурлаж цагдаа дуудаж удалгүй цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг нь цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4493 дугаартай:

“...Г.Агийн биед зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45х/,

 

Шүүгдэгч Г.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А  сонин зан авир гаргаад байхаар нь би гараад уулзая гэж хэлээд түүнтэй хоёулаа гэрээс гараад А д хандан чи яагаад хэгжүүрхээд байгаа юм гээд гараараа хүзүүнээс нь тэвэрч байгаад гараараа нэг удаа гэдсэнд нь цохиод А г дугтраад газар унагаж байгаад зүгээр байгаарай чи гээд хэлтэл би эмэгтэй ш дээ гэж А г хэлэхээр нь чи битгий тоглоод байгаарай гэж хэлээд татаад босгосон чинь би нээрээ эмэгтэй гээд цээжээ төвийлгөж харуулахаар нь уучлаарай би үнэхээр мэдсэнгүй найзууддаа битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр эвлэрээд гэртээ орсон. А  удалгүй гадаа нойл орчхоод орж ирэхдээ Зд гэдэс өвдөөд байна Ө намайг зодсон гээд хэлсэн чинь З намайг зодох гэж дайрч хэл амаар доромжилж байгаад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн. Би А гаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

                  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Ө нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

                  Иймд шүүгдэгч Г.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Ө нь насанд хүрээгүй хохирогч Г.Ад эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг нь Г.Өт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Г.Өт танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Ө нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                 ТОГТООХ нь:

            1. У овогт Г.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ