Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135/шш2017/00133

 

Хэргийн индекс: 135/2017/00100/и


Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* ******* / регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй 

    “******* эрэн сурвалжлуулах тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов. 
                                   ТОДОРХОЙЛОХ  нь: 

Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    “...2015 оны 07 дугаар сарын 28-ний өдөр миний бие ******* миний нэр дээр итгэмжлэлтэй NISSAN SKYLINE маркийн 6509 ДАР улсын дугаартай, мөн МАРК-2 3952 СЭҮ улсын дугаартай хоёр машиныг зараад өгье гэхээр нь Улаанбаатар хотод аваачиж өгсөн. /машиныг хүлээлгэж өгсөнөөс хойш зарж борлуулсан нь тодорхойгүй байгаа/ Энэ хоёр машиныг нийлүүлээд 7,000,000 төгрөг болж байгаа үүнээс зарж борлуулсны хөлсөө аваад үлдэгдэл мөнгийг чинь өгнө гэхээр нь удаа дараа мөнгө авъя гэж шаардсан боловч 2 машиныг чинь зарсан, гэхдээ одоогоор мөнгө байхгүй, зах дээр зогсож машин зараагүй байгаа, 2016 оны 05 дугаар сараас эхлэн машин зарахаар зогсож байна гэж элдэв шалтаг тоочин төлбөр мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрлээ. 
Э.******* нь Улаанбаатар хотод Шар хадны машины зах дээр машин зарж борлуулдаг ажил хийдэг, түүний эхнэр Жаргалсайхан нь миний охин Урангоогийн багийн найз нь учир эхнэрээр нь дамжуулан нөхөрт нь итгэж найдаад хоёр машинаа зардал гарган Улаанбаатар хот руу Дарханаас аваачиж өгсөн юм. Машинаа өгснөөс хойш байнга утсаар /холбоо барихад хэцүү байнга утасны дугаараа өөрчилдөг/ арай гэж холбогдон асуухад зарагдаагүй байна гэж хэлдэг мөн би Улаанбаатар хот руу удаа дараа очиход өөртөө нь уулзаж чадалгүй утасны дугаарыг нь олж холбогдож машин зарсны мөнгөө авья гэтэл за өгнөө гэсэн хариулт өгдөг боловч өгөхгүй, уулзахгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Хамгийн гол нь машиныг зарж борлуулахдаа миний зөвшөөрлөөр авто машины гэрчилгээг шилжүүлэх байх гэж найдаж байсан чинь өөрөө дур мэдэн зарж борлуулсан нь хууль бусаар шилжүүлэн борлуулсан гэж үзэж байна. Би 2016 оын 05 дугаар сарын 7,27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод очиж уулзах гэсэн боловч бас уулзаж чадаагүй утсаар ярихад энэ сард багтаан тал мөнгийг нь өгнө гэж хэлээд утсаа тасалсан. 
Иймд ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү .” гэв. 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
                ҮНДЭСЛЭХ  нь: 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* /регистрийн дугаар *******/ нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна. 

Иймд иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч Ц.*******ийн гаргасан ******* ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 4. ******* ******* /регистрийн дугаар *******/-ын хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Ц.******* /регистрийн дугаар *******/-т утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 


                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       З.ТУНГАЛАГМАА