Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 0503

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Өсөхбат,

            улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Бт холбогдох эрүүгийн 1708025961471 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Хувьсгалчдын ... тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б.Б /РД:..../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт байрлах “...” зочид буудалд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 цагийн үед хохирогч П.Цгийн эзэмшилд байсан иргэн Д.О-ын хаан банкны виза карт болон 50.000 төгрөгийн үнэ бүхий марк тодорхойгүй хятад улсын гар утсыг хулгайлж, ... дугаартай данснаас 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.850.000 хохирол учруулсан,

мөн 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн орчимд СүхБ дүүргийн ... дугаар хороо, Бэлхийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хохирогч П.М-ын эзэмшлийн 32 инчийн лед телевизор 1 ширхэг, гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 344.940 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 2.194.940 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн П.Цгийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /1хх-ийн 20х/, хохирогч П.Цгийн мэдүүлэг /1хх-ийн 33-34х/, гэрч Д.О-ын мэдүүлэг /1хх-ийн 23-24х/, гэрч У.Э-ын мэдүүлэг /1хх-ийн 25-26х/, гэрч М.О-ын мэдүүлэг /1хх-ийн 30-31х/, “Тэнцвэр Эстимейт" ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 51-53х/, Хаан банкны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29/9006 дугаартай албан бичиг /1хх-ийн 42х/, Хаан банкны ...тоот дансны депозит дансны хуулга /1хх-ийн 45х/, хохирогч П.М ын мэдүүлэг /1хх-ийн 220-223х/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 227-228х/, шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 82х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 92х/, шүүгдэгч Б.Бын мэдүүлэг /1хх-ийн 103-107х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудалд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон иргэн П.Цгийн эзэмшилд байсан иргэн Д.О-ын хаан банкны виза карт, 50.000 төгрөгийн үнэ бүхий марк тодорхойгүй хятад улсад угсарсан гар утас зэргийг хулгайлж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 48 минутаас 10 цаг 31 минутын хооронд ...дугаартай данснаас 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч, 1,850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч П.Цгийн: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед манай найз Э над руу яриад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд байна хүрээд ир гэхээр нь очсон. Тэгтэл уг буудалд Э, О, Б гэх үл таних залуутай архи уугаад сууж байсан, буудал ороод бид нар 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад 04 цагийн үед унтаад өгсөн. Өглөө Б гэх залуу нь 08 цагаас ажилдаа явна гээд 07 цагийн үед надаас мөнгө гуйхаар нь би буудлын доор байдаг АТМ-ээс 5000 төгрөг уншуулж өгсөн. АТМ дээр код хийхэд Б хажууд хараад зогсож байсан. Тэгээд буудал руу хамт ороод юу болсныг мэдэхгүй байна. Буудлын хүн хэлэхдээ Б гэх залуу чинь өглөө хамгийн түрүүн гараад явсан гэж хэлсэн. Өглөө намайг 11 цагийн үед сэрэхэд Э бид хоёр хоёулаа байсан. Гар утас, Visa карт зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Уг карт нь манай эгч Оын карт байсан бөгөөд эгч рүү залгаж карт асуухад чиний картаар маш олон мөнгөний зарлага хийгдсэн, чамайг өөрөө мөнгө аваад байгаа юм байх гэж бодсон гэж хэлсэн. Картнаас 1.800.000 төгрөг, хятад гар утас алдагдсан. Би алдсан утсаа 50.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34х/,

 

Гэрч Д.О ын: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний том ах Пгийн хүү болох Ц нь Төв аймгийн Заамар суманд уурхайд ажиллаж байгаад бууж ирээд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын .... тоотод байрлах манай гэрт орой 20 цагийн орчимд ирж хоносон. Цг хөдөө байхад нь Цгийн цалин 11 дүгээр сарын 15-ны өдөр  миний ...гэсэн Хаан банкны дансанд орсон юм. Тэгээд Ц хөдөөнөөс ирээд миний картыг аваад гараад явсан хаашаа явсныг нь мэдээгүй. Явсан өдрөө ирэлгүй хоносон. Хаана хоносныг нь мэдээгүй. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг 19 минут, 08 цаг 49 минут, 10 цаг 14 минут, 10 цаг 32 минутад тус тус миний данснаас нийт 1.800.000 төгрөг АТМ-ээс уншигдсан. Тухайн үед би Цг мөнгөө өөрөө авч байгаа юм байх л гэж бодсон. Тэгээд яагаад мөнгө авч байгаа талаар асуух гээд залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Өдөр 12 цагийн үед Ц манай гэрт ирээд гар утас, Visa картаа алдсан талаар хэлж би картыг нь хаалгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24х/,

 

Гэрч У.Э ын: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр... О, Б,  Ц бид дөрөв лээ уусан.  ....Авсан архиа ууж байхад Ц намайг чи дахиад архи аваад ир гээд виза картаа өгсөн. Тэр үед би виза картынх нь пин кодыг дахин асуусан. Тэр үед өрөөнд байсан бүх хүн пин кодыг нь сонссон, тэгээд бид дөрөв архиа хувааж уусны дараа О явсан. Тэгээд Ц би Б бид гурав унтсан. Тэгээд нэг сэрэхэд Б гэх нөгөө залуу байхгүй, Ц бид хоёр сэрсэн. Тэгээд Ц өөрийн гар утсаа хайхад гар утас нь байхгүй, мөн виза карт нь байхгүй болсон байсан. Тэгээд бид тухайн буудлаасаа гараад Оын гэрт очиж Отай уулзаж Бг асуухад би тэр залууг сайн танихгүй ш дээ бид хоёр танилцаад 3-4 хоног л болж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө Б гэх залуу Цгийн картыг авсан юм шиг байна. Хаан банкны виза карт гар утас хоёр нь алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-28х/,

 

“Тэнцвэр Эстимейт" ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ: гар утас -50,000 төгрөг гэх /1хх-ийн 51-53х/,

 

Хаан банкны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 29/9006 дугаартай албан бичиг: “Д.Оын ...тоот данснаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гүйлгээ хийсэн газруудын байршлын мэдээллийг хүргүүлсэн тухай” /1хх-ийн 42х/,

 

Хаан банкны ...тоот дансны депозит дансны хуулга: “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 09:48-д 300.000, 09:49-д 500,000, 10:12-д 300.000, 10:13-д 500.000, 10:31-д 200.000 төгрөгийн зарлага гарсан тухай” /1хх-ийн 46х/,

 

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед цаг 08 цаг болох гэж байсан тэгээд сүүлд авч ирсэн архинаас би уугаагүй, ажилдаа явах гэж байсан учраас. Э, Ц нар хувааж ууж байгаад талыг нь барахгүй тасраад унтсан.  Тэгээд би 08 цагт ажилдаа явахдаа Цгийн дэрлэж унтаж байсан дэрэн доороос нь хаан банкны картыг нь болон гар утсыг нь аваад гараад явсан. ... Би гаднаас архийг нь аваад орж ирээд картыг нь өгөхөд Ц картаа аваад дэрэн доороо хийж байхыг нь харсан, гар утсыг нь дэрэн доор байхыг нь мэдээгүй, картыг нь авах гэхэд гар утас байсан учир хамтад нь авсан. 300.000 500.000, 300.000, 500.000, 200.000 төгрөгөөр тус бүр хувааж авсан нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг авсан, уг мөнгөө би өөртөө өвлийн хувцас авсан хүнд өрөө өгсөн, тэгээд ууж идээд дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-107х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн орчимд СүхБ дүүргийн ... дугаар хороо, Бэлхийн ... дугаар гудамжны ... 03 тоотод оршин суух хохирогч П.М ын гэрт хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар иргэн П.М ыг унтсаны дараа түүний гэрээс 32 инчийн лед телевизор 1 ширхэг, гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 344.940 төгрөгийн хохирол учруулан болох нь:

Хохирогч П.М ын: “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ унтаж байхад 86012980 дугаараас Баяраа мөн үү гэж мессеж ирсэн байхаар нь тэр дугаар луу нь залгасан чинь надтай хамт ажилладаг Б байсан. Тэгээд Б “хаана байгаа юм, уулзах уу” гэхээр нь би “гэртээ байна” гэсэн чинь “хэнтэй байгаа юм уулзах уу” гэхээр нь би “тэгье, хүрээд ирэхгүй юу” гэхэд “хаана очих юм” гэж асуухад нь “дамбын эцэст хүрээд ир, тосож авна” гэж хэлсэн. Тэгээд ярьснаас хойш 30 орчим минутын дараа ирэхдээ 2 шил 0.75 литрийн хараа архи, 1 ундаа авч ирсэн. Тэгээд би гэртээ дагуулж ороод цуг Бын цуг явсан найзтай нь танилцсан нэрийг нь мэдэхгүй байна. Бид 3 авчирсан архинаас нь ууж байгаад 02 цагийн үед би унтаад өгсөн. Б, найзтайгаа архиа уугаад үлдсэн. Тэгээд шөнө 04 цаг өнгөрч байхад сэрэхэд Б найзтайгаа байхгүй, манай гэрийн хоймор байсан 32 инчийн самсунг лед зурагт байхгүй, Б луу залгах гээд утсаа хайсан чинь миний 2 симтэй хятад утас алга болсон байсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 220-223х/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...нийт 344.940 төгрөг” /1хх-ийн 227х/,

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би хэргийг ганцаараа үйлдсэн, Мын гэрээс зурагт,  гар утас хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 191х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар хотод оршин суух бүртгэлтэй гэх хаягтаа амьдардаггүй, хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ гэрээр очих эсхүл зочид буудалд өрөө авч хамт орон тэдгээр хүмүүсийн найз нартай танилцаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт хонохдоо тэдгээрийн сатаарсан, унтсан, согтуурсан байдлыг нь далимдуулан сэм нууц байдлаар гар утас, зурагт зэрэг эд зүйлс, мөн мөнгөний карт зэргийг хулгайлж, улмаар картын нууц кодыг нь тайлж бэлэн мөнгө авдаг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, Б.Бын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцов.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч П.Цд 1.850.000 төгрөгийн, хохирогч П.М-т 344.940 төгрөгийн хохирол тус тус учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Баас нийт 2.194.940 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Цд 1.850.000 төгрөг, хохирогч П.М-т 344.940 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хөнгөн ангиллын хэрэгт хамаарагддаг, тэрбээр гэм буруу дээр маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр хохирогч нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тэднийг унтсан, согтуурсан байдлыг нь далимдуулан эд зүйлийг нууцаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авдаг байдал, тус гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарын хохирлуудыг төлж барагдуулаагүй, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иймээс өмгөөлөгчийн “шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 28 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Т овогт Б.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 2.194.940 /хоёр сая, нэг зуун ерэн дөрвөн мянга, есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, хохирогч П.Цд 1.850.000 /нэг сая, найман зуун тавин мянган/ төгрөг, хохирогч П.М-т 344.940 /гурван зуун дөчин дөрвөн мянга, есөн зуун дөч/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ