Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00068/И |
Дугаар | 135/шш2017/00168 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 135/шш2017/00168
Хэргийн индекс 135/2016/00068/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ****** баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* / регистрийн дугаар *******-ын хүсэлттэй,
“ Ажилласан байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Миний бие нь 1981 оны 06 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын ХАА-н техник мэргэжлийн дунд сургуулийг саальчин мэргэжлээр төгсөж, Хонгор сумын Дархан үрийн САА-н 400 үнээний фермд 1981 оны 6-р сарын 02-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэл саальчинаар 10 жил 6 сар 22 хоног ажилласан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал шийдвэр тухайн үед ажиллаж байсан боловсон хүчин алга болгосон, архив нь шатсан учир олдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.*******гийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Т.******* нь Хонгор сумын Дархан үрийн Сангийн аж ахуйн 400 үнээний фермд саальчинаар 1981 оны 6-р сарын 02-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №Б/276 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №233 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсрал, МЗН-ын нэрэмжит Дархан сангийн аж ахуйн даргын 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №367 дугаартай Ажилчин албан хаагчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* нь Дархан хотын Дархан үрийн сангийн аж ахуйн 400 үнээний фермд саальчинаар 1981 оны 6-р сарын 02-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА