Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 0492

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Год холбогдох эрүүгийн 2008005910334 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Өнөр хороолол, ... дүгээр байр ... тоотод оршин суух хаягтай боловч одоо оршин суух хаяггүй, тэнэмэл амьдралтай гэх, Урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2008 дугаар 1 дүгээр сарын 23-ны 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсэн /цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд оруулан тооцож сулласан/,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар зүйлийн 19-ний өдрийн 676 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Г.Г /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гаднах зогсоол дээр байсан иргэн А.Сгийн ... улсын дугаартай приус-41 маркийн автомашины 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол,

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Э.Эийн ... улсын дугаартай автомашины 1 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 100.000 төгрөгийн, нийт 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч А.Сгийн мэдүүлэг /хх-ийн 6-7х/, хохирогч С.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 11-12х/, гэрч Б.Т-ын мэдүүлэг /хх-ийн 19х/, гэрч Б.М-ын мэдүүлэг /хх-ийн 21-22х/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25х, 28-29х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон гэрэл зураг /хх-ийн 40-45х/, шүүгдэгч Г.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69х/, шүүгдэгч Г.Г ын мэдүүлэг /хх-ийн 37-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах:

-27 дугаар байрны гаднах зогсоол дээр байсан иргэн А.Сгийн ... улсын дугаартай приус-41 маркийн автомашины 2 ширхэг толийг нууцаар, хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-22в байрны гаднах зогсоол дээр байсан иргэн Э.Эийн ... улсын дугаартай автомашины 1 ширхэг толийг нууцаар, хууль бусаар хулгайлж 100.000 төгрөгийн, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Сгийн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гаднах зогсоол дээр 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай цагаан өнгийн приус-41 маркийн автомашинаа 21 цагийн орчимд байрлуулан тавиад гэртээ орсон юм. Ингээд машин нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр машинаа унаагүй,  гэртээ ... унтаж байтал 2020 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө миний утас дуугарахаар нь авсан чинь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс ярьж байна. Таны машины хоёр толь хулгайд алдагдсан байна,  та машин дээрээ гараад ирнэ үү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад машин дээрээ очсон машины 2 толь нь алга болсон байсан. Тэгтэл цагдаагийн ажилтан миний машины 2 толийг хулгай хийсэн хүнийг барьсан, таны толийг хурааж авсан гээд миний машины 2 толийг надад хүлээлгэн өгсөн юм. Толио хүлээн авсан, одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,

Хохирогч С.Э-ийн: “...2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны .... байрны гадна байрлах зогсоол дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай автомашинаа байрлуулж тавьсан юм. Тэгтэл 2020 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс ярьж байна. Таны машины толийг хулгайлсан байна. Та машин дээрээ гараад ирээч гэж над руу залгасан. Үүний дагуу гэрээсээ гараад машин дээрээ яваад очтол миний машины зүүн талын толийг хулгайлж авсан байсан. Ингээд цагдаагийн хэлтэс дээр очиж би хулгайд алдсан 1 ширхэг толио хүлээж авсан. Толио хүлээн авсан, одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

Гэрч Б.Т-ын: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Мэын хамтаар бүргэд-113 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Бүргэд-10-с станцаар 03 цаг өнгөрч байхад драгон төвийн ойр орчимд машины толь хүн хулгай хийгээд яваад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрээр эргүүл шалгалт хийж явах үед иргэний хэргийн шүүхийн хойд талд байрлах траншен дотор Г.Г  нь цагаан өнгийн шуудайн дотор приус-41 маркийн автомашины цагаан өнгийн 2 ширхэг толь, мөн приус-20 маркийн автомашины хар өнгийн 1 ширхэг толь зэргийг хийчихсэн байж байхаар нь түүнийг барьж бүргэд-10-т хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

Гэрч Б.М-ын: “...Г.Г нь цагаан өнгийн шуудайн дотор приус-41 маркийн автомашины цагаан өнгийн 2 ширхэг толь, мөн приус-20 маркийн автомашины хар өнгийн 1 ширхэг толь зэргийг хийчихсэн байж байхаар нь түүнийг барьж бүргэд 10-т хүлээлгэн өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...1 ширхэг толь-100.000 төгрөг” /хх-ийн 24-25х,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...2 ширхэг толь-500.000 төгрөг” /хх-ийн 28-29х/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон гэрэл зураг /хх-ийн 42-46х/,

Шүүгдэгч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө архи уучихсан тасарчихсан явж байгаад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороонд байрлах хоёр байрны зогсоол дээр байсан приус машины нийт 3 ширхэг толийг хулгайлж авсан байсан учир намайг цагдаа дээр авч ирсэн юм. Цагдаа нар миний амьдардаг траншен дотор миний олсон хогоо түүж хийдэг цагаан өнгийн шуудайн дотор приус маркийн автомашины хар өнгийн 2 ширхэг толь, цагаан өнгийн 1 ширхэг толь байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гэмт хэргийг үйлдсэн” гэж эсхүл “би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэх мэтээр өөр өөр байдлаар ярьж мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй ба тэрбээр  өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй, хуульд заасан энэхүү эрхийн хүрээнд мэдүүлгээ өгсөн гэж дүгнэх үндэстэй, энэ нь хэргийг прокурорт  буцаах, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэл, нотолгоо болохгүй юм.          

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг шүүгдэгч Г.Г ын үйлдэл нь бүрэн хангасан гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Сд 500.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Эөд 100.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгчээс алдагдсан эд зүйлсийг хураан авч, хохирогч нарт буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...бага ял шийтгэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлддэг, энэ үйлдэл нь хэвшил болсон шинжтэй, мөн шүүгдэгчийн хувийн байдал /өмнө 2 удаа ял шийтгэгдэж байсан/  зэргийг, нөгөө талаас тус гэмт хэргийн улмаас багаас дээш хэмжээний хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од  7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

 1. Б овогт Г.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ