Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 223/МА2017/00005

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Мядагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сарын 22-ны өдрийн 151/ШШ2017/00006 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Мядагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Басанд холбогдох

“4.850.000 төгрөгийн үнэ бүхий хургатай хонь 26, ишигтэй ямаа 1, хуц 1 гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, 4.600.000 төгрөгийн үнэ бүхий 9 тооны үхэр гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай, нэхэмжлэгч П.Даваадоржид холбогдох 26 хонь, 1 ямааг охин Д.Анхжаргалд үлдээсэн болохыг тогтоолгох, П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Анхжаргалд оногдох хэсгийг гаргуулах тухай, мөн 4 үхэр үхэж, 1 бяруу чононд идүүлснийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул, түүний өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: - Манай ээж, дүү хоёр Архангай аймгийн Ихтамир сумаас 2014 оны 07 сарын 08-нд ирж Н.Басангын хажууд зусаж байсан. Дүү П.Даваадорж 300 гаруй бог мал тасдаж аваад өвөөлжөөндөө амьдарч байсан. Гэтэл эхнэр Б.Энхзул нь янз бүрийн ааш араншин гаргаж хоорондоо таарч тохирохгүй салсан. Тэгээд манай ээжид өвөлжөө байхгүй байсан мөн ээж маань шилжиж ирээгүй дүү П.Даваадорж Батсүмбэр сумын харъяа байсан учир 26 хонь, 1 ямаа, 1 хуцыг Н.Басангийнд түр үлдээгээд нүүгээд явсан. Тэгээд үлдээсэн малаа авах гэтэл өгөхгүй гээд байгаа учир нэхэмжлэл гаргасан. Нийт 26 хонь хургатайгаа, 1 ишигтэй ямаа, 1 хуц нийт 4.850.000 төгрөгийн 55 малаа Н.Басан, Б.Энхзул нараас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Даваадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл тайлбартаа: - Би 2014 онд хадам Н.Басангийн гадаа ирж буусан. Тэгээд эхнэртэйгээ таарч тохирохгүй салсан. Эхнэр Б.Энхзул салаад явахдаа өөрийнхөө үхэртэйгээ хамт миний өмчлөлийн 9 үхрийг намайг байхгүй хойгуур туугаад явсан байсан. Н.Басан, Б.Энхзул нарааас 9 тооны үхэрээ нэхэмжилж байна. Хар алаг үнээ тугалтай, хар халзан үнээ тугалтай, шар алаг үхэр тугалтай, хар халзан шүдлэн үхэр, бор бяруу, бор цоохор бяруу. Нийт 4.600.000 төгрөгний малаа нэхэмжилж байна. Б.Энхзулд аав, ээж нь 14 үхэр зааж өгөөгүй. Аав нь өөрийнх нь өмч гэж хар тугалтай улаан үнээ, ягаан тугалтай ягаан үнээ, мөн Анхжаргалд шар цоохор шүдлэн гунж, ийм 5 тооны үхэр өгсөн. Энийгээ тууж явахдаа 2014 оны 3 сарын 25-нд миний өмчлөлийн 9 үхрийг хамт туугаад явсан байсан. Би Б.Энхзулаас өөрийнхөө юмыг авах гэж байгаа. Өөрийнх нь юмыг авна гээгүй. Би хүүхдийнхээ тэтгэлгийг төлөөд явж байгаа. Надад миний өөрийн хөдөлмөрөөр бий болгосон өмч хөрөнгө гэж байхгүй эцэг эхийнхээ юмыг дур мэдэн хэрэглэж байгаа. Түрүүчийн шүүх хурал дээр үхсэн үхрийн талаар яриагүй. Энэ үхсэн гээд байгаа үхрүүд онд орсон үхрүүд байсан. 2015 оны намар адуу хайж яваад харахад үхсэн гээд байгаа үхрүүд амьд байж байсан. Миний үхрүүдийг үхсэн гэж байгааг нь үгүйсгэж байна. Хүний мал тууж явсан юм чинь төлөх л ёстой. Би малаа тоо ширхэгээр нь авна. Хар бяруу чононд идүүлсэн гэдэг нь үнэн. Миний бяруу байсан энийг нэхэмжилж байна. бусад үхсэн үнээнүүдийг үхсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна төлүүлнэ. Тэр жил онд орсон байсан. Тууж очсон өдрөө үхдэг мал гэж байхгүй. Малын эмчийн актыг худлаа бичсэн байх гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:-26 хонийг хуц уханд тавьсан гэж худлаа яриад байна. Охин Анхжаргалд үлдээе гэж П.Даваадорж бид хоёр ярьсан . Хуцыг хариулж байсан хүнээсээ хөлсөө өгч аваагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ 26 хониноос сардаа нэгийг охин Анхжаргалд зарцуулж байсан. Охин маань цэцэрлэгт явж байсан. Одоо сургуульд явж байгаа. 26 хонь одоо байхгүй. Нэг ямаа нь өнгөрсөн өвөл үхсэн. Төллүүлж төл аваагүй. П.Даваадорж нь 15 үхэр гэж байна. 2014 оны 10 сард Хавчигганга руу нүүхдээ 14 тооны үхрийг би тууж авч явсан. Манай дүүгийн өгч байсан үхэр. Бат-Эрдэнэ гэдэг ах маань ягаан үхрийг өгч байсан. Бөхцоож гэдэг дүү маань бор халзан тугалтай хар алаг үхэр өгсөн. Аав Н.Басан улаан үхэр хар тугалтай, улаан үхэр, улаан тугалтай, ягаан бяруу гунжин үхэр, шар цоохор бяруу гунж, хар алаг үхэр хар тугалтай, тугалтай улаан үхэр өгч байсан. Малын эмчийн актаар хар алаг үнээ 2015 оны 3 сарын 26-нд үхсэн, хар халзан үхэр нь 2015 оны 3 сарын 29-нд үхсэн, бор бяруу 2015 оны 4 сарын 1-нд үхсэн, хар халзан шүдлэн 2015 оны 3 сарын 25-нд үхсэн. Хар тугалыг чоно идсэн 2016 оны 1 сард. Туранхай эцсэн муу үхэрнүүд ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. П.Даваадоржын үхэр байхгүй. Хадам ээж Ш.Мядаг бүх малаа аваад нүүсэн. Нэг ширхэг өнчин ишиг ч үлдээгээгүй. П.Даваадоржид амьдралаа аваад яв гээд 300 бог тасалж өгч байсан. П.Даваадорж машин тэрэг аваад 100 хонь 100 ямаа аавын нэр дээр тоолуулсан. 220-иод бог, 21 үхэр, 12 адуу авч явж байсан. Алтангэрэл гээд айлын гадаа өвөлжихөөр нүүсэн. 300 богоос 26 хонийг тасалж аавынд үлдээж байсан. 9 үхэр дээр маргаантай байна. Миний үхсэн үхрийг П.Даваадорж минийх гэж яриад 9 үхэр нэхэмжилж байна. Энэ нь үндэслэлгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 03 сарын 25-ны өдөр 14 тооны үхэр тууж явсан. Миний өмчлөлийн үхрээс 4 үхэр үхсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сөрөг нэхэмжлэл гаргасан. 26 хонь 1 ямааг охин Анхжаргалд үлдээсэн болохыг тогтоолгох, П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Анхжаргалд оногдох хэсгийг гаргуулах, 14 үхрээс 4 үхэр үхэж, 1 нэг үхэр чононд идүүлснийг тогтоолгохыг хүсч байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Басангаас 26 эм хонь, 1 эм ямаа гаргуулж Ш.Мядагт, хариуцагч Н.Басан, Б.Энхзул нараас 9 тооны үхэр /үнээ-3, шүдлэн үхэр-1, бяруу-2, тугал-3/-ийг гаргуулж нэхэмжлэгч П.Даваадоржид тус тус олгож, Ш.Мядагийн нэхэмжлэлийн шаардлагаас 26 хурга, 1 ишиг, 1 хуц нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хариуцагч Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас /Хар халзан шүдлэн үхэр, хар алаг үнээ 6 настай, хар халзан 7 настай үнээ, бор бяруу/ 4 тооны мал өвчнөөр болон өлдөж үхсэн, хар бяруу чононд идүүлж үхсэн болохыг тогтоож, 26 хонь, 1 ямааг охин Д.Анхжаргалд эцэг П.Даваадорж нь үлдээсэн гэх, мөн П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мядагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Н.Басангаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд төлвөл зохих 57.675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мядагт, мөн нэхэмжлэгч П.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.350 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагч Н.Басан, Б.Энхзул нараас 82.150 төгрөгийг хувь тэнцуүүлэн гаргуулж П.Даваадоржид олгох, мөн хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Энхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нар давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-12-22-ний өдрийн 151/ШШ2017/00006 тоот шийдвэрийг доорх үндэслэлээр давж заалдаж байна.

Нэг. Нэхэмжлэгч Ш.Мядаг, П.Даваадорж нар нь Архангай аймагт амьдарч байгаад 2014 онд Төв аймгийн Батсүмбэр суманд шилжиж ирсэн. Архангай аймагт байхдаа Ш.Мядаг нь 2013 онд Адуу 18, Үхэр 26, Хонь 313, Ямаа 142 бүгд 499 толгой малтай гэж бүртгүүлсэн бүртгэл хавтас хэрэгт байгаа. Ингээд хүү Даваадоржийгоо тусдаа Энхзултай айл болж гарахад нь малаасаа таслаж 100 хонь, 100 ямаа 20-иод үхэр өгсөн. Энэ малаа Даваадорж нь Энхзулын аав Басангийн нэр дээр тоолуулсан байдаг. Даваадорж нь Энхзултай хамтран амьдарч байгаад малаа зарна харин охиндоо 26 тооны мал үлдээнэ гэж хэлээд Басангийнд 26 хонь үлдээсэн байдаг. Энэ үедээ Даваадорж, Энхзул хоёр салаагүй, муудагүй байсан. Гэр бүл цуцлах анхан шатны шүүх хурал дээр шүүгч Цолмон хариуцагч Даваадоржоос дээрх 26 хонийг охиндоо үлдээсэн нь үнэн үү? гэж асуухад тиймээ би охиндоо үлдээсэн гэж хэлсэн. Гэтэл шүүх хурлын энэ тэмдэглэлийг алдаатай бичигдсэн байна гэж дараа нь үгүйсгэсэн байсан.

Даваадорж нь Энхзулаас салаад явахдаа ээж дээрээ үлдсэн малаа аваад очсон байдаг. Мөн Даваадорж Мядаг нар нь одоо ч нэг гэрт амьдарч байгаа. Иргэний хуулийн 108-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зохицуулсан. Гэтэл дээрх маргаан бүхий 26 хонийг зөвхөн Мядагийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Даваадорж нь Энхзултай хамтран амьдарч байхдаа тэдгээрийн дундаас охин Анхжаргал төрж түүнийг Даваадорж нь өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч Төв аймгийн анхан шатны шүүхээс Даваадоржийг эцгээр нь тогтоож, энэ өдрөөс хойш Даваадорж нь охин Анхжаргалыг тэжээн тэтгэх эрх, үүрэг нь нээгдсэн. Гэтэл шүүх Даваадоржийн төрсөн охин Анхжаргалыг төрсөн эцгээрээ тэжээн тэтгүүлэх, асруулах хуульд заасан эрхийг нь эдлүүлсэнгүй.

Өнөөдөр Д.Анхжаргал нь 5 настай энэ хүүхэд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо түүний нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг эх, асран хамгаалагч/ оролцоно гэсэн утгаараа Энхзул охиныхоо өмнөөс нэхэмжлэх эрхтэй юм.

Хариуцагч болж байгаа Энхзул нь өрх толгойлсон 3-5 насны хоёр эмэгтэй хүүхэдтэй, өөрийн гэх гэр оронгүй, Даваадорж Энхзул нарт гэр барьж өгсөн атлаа түүнийг салахаар нь гэрээ хүртэл авсан байдаг. Одоо Энхзул нь хоёр охиноо хараад ажил хөдөлмөр эрхэлдэггүй, Батсүмбэр сумын төвд хүүхдүүдийнхээ ирээдүйн хүмүүжилд анхаарч цэцэрлэгт хүмүүжүүлж аавынхаа хашаанд ажил хийх боломжгүй амьдарч байна. Охин Анхжаргал нь одоо бэлтгэл ангид хойтон сургуульд орно. Мөн шүүх хурал дээр би өөрөө ажилгүй Анхжаргалыг цэцэрлэгт өгсөн, дээрх 26 хониноос бид гурав сард нэг хонь хүнсэндээ хэрэглэж охиныгоо цэцэрлэгт ороход нь хувцас хэрэгцээтэй зүйлийг нь авч өгч байсан. Одоо эдгээр хонь байхгүй гэж хэлдэг. Бид цэцэрлэгийн хүүхэд намар орохдоо ямар хэмжээнйи эд зүйлийг эцэг эхээс нь шаарддаг, мөн баяр ёслол ёолк зэрэг тэмдэглэлт өдрөөр нь эмэгтэй хүүхдэд юу хэрэгтэй болдог гэдгийг бүгд төсөөлж байгаа. Даваадоржийн 2 жилийн гаруйн өмнө охиндоо орхисон малыг яг тоо ёсоор нь нэгийг ч идэхгүй, уухгүй бүрэн одоо хүртэл байлгаад байна гэж байхгүй. Гэтэл энэ 26 хонь нь одоо яг хэдэн ширхэг, хаана байгаа, бүрэн бүтэн байгаа талаар нотлоогүй нүдээр хэн ч очиж харж үзээгүй байж түүнийг хийсвэрээр Энхзулаас төрсөн хүүхдийг нь өсгөн хүмүүжүүлж тэжээн тэтгэх гэж ядарч яваа ядарсан эмэгтэйгээс бүрэн хэмжээгээр гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өмгөөлөгч, эх хүний хувьд Энхзулыг хараад зүрх шимширч байна. Учир нь тэр шүүх хуралд ирэх болгондоо мөнгөгүй надаас хэд хэдэн удаа зардал авч явж байсан. Мөн Энхзул шүүх хуралд эд нарыг харахаар ярьж байгаа, хүүхдээсээ малаа харамлаж байгааг нь хараал сэтгэл тогтож чадахгүй байна. Хүүхэд нь юу ууж, юу идэж яаж явах нь Даваадоржид огт хамаагүй юм байна гээд жаахан пиво үнэртүүлчихсэн ч ирж байсан. Ингээд шүүх хурал хойшлож байсан удаатай. Ингэж эмэгтэй хүнийг бухимдуулж байгааг олон удаа хараад сууж байлаа. Буяны дээд өглөг гэдэг төрсөн үрээ бус өөр бусад хүүхдийг өргөн авч тэжээн тэтгэж өсгөж бойжуулдаг хүн ч байдаг шүү дээ. 

Нэгэнт Анхжаргал нь Даваадоржийн хүүхэд мөн гэж тогтоогдсон тул Даваадоржийн эд хөрөнгөөс оногдох хэсгээ авах, өвлөх, өв залгамжлах, Даваадоржоор тэжээн тэтгүүлэх, хувцаслуулах хооллуулах эрх нь нээгдсэн болохоор Анхжаргалыг Даваадоржийн албан ёсны гэр бүлийн гишүүний нэг гэж үзэх учиртай.

Ингэж гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй этгээд гарч ирж өөрт оногдох хэргийг гаргуулах эд хөрөнгийн талаарх зохигчдын эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Даваадоржийн дундын эд хөрөнгөнөөс охин Анхжаргалд түүнд тодорхой хэмжээний оногдох хэсгийг түүний хууль ёсны асран хамгаалагч Энхзул шаардаж авах эрхтэй субъект. Иргэний хуулийн 14.1 Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно, 14.2. Иргэний эрх зүйн чадварыг хязгаарлахыг хориглоно гэж заасан. Энэ утгаараа охин Э.Анхжаргал нь эцэг Даваадоржийнхоо дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй этгээд мөн.

Иргэний хуулийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Мөн хуулийн 129.3 Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.

Шүүх МУ-ын дээд шүүхийн 46-р тогтоолын 28.2 заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15.2, Гэр бүлийн тухай хуулийн 25.2, 26.4, 21.5-ийг зөрчиж шийдвэрлэлээ гэж үзэж байна. Иймд Мядагийн нэхэмжилж байгаа 26 эм хонь нь дан ганц Мдагийн эд хөрөнгө биш Даваадорж Мядаг нарын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө тул энэ хөрөнгөнөөс Даваадоржийн хүүхэд болох Анхжаргалд оногдох хэсгийг дээрх хуулиудад заасан үндэслэлээр гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Гээтл шүүх дээрх 26 хонийг хэд нь Даваадоржийн хэд нь Мядагийнх гэдгийг тодорхойлох боломжгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Даваадоржийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын хувьд Батсүмбэр сумын 4-р багийн засаг дарга Б.Цэцэнтунсагийн Басангийн малд Даваадорж нь 100 ямаа, 100 хонь тоолуулсан нь үнэн болно гэж тодорхойлсон боловч эх сурвалж нь тодорхойгүй гэжээ. Гэтэл анх Архангайд ээж Мядаг нь 2016 онд 313 хонь, 142 ямаа тоолуулсан. Мөн Энхзул нь биднийг тусдаа гарахад ээж нь Даваадоржид 200 бог 20-иод үхэр таслаж өгсөн гэдэг, энэ малаа манай аав Басан дээр тоолуулсан гэж давхар хэлдэг. Мөн Даваадорж нь урьд нь ч малтай, одоо ч тэдний гэр бүл малтай.

Хоёр. Шүүхээс 4 тооны мал өвчнөөр болон өлдөж үхсэн, Бор бяруу уушгиний хатгаа өвчнөөр үхсэн, Хар халзан үнээ тамирдаж үхсэн, 7- н настай хар халзан үнээ төрж чадахгүй үхсэн. Халзан зүстэй 6-н настай үнээ хээл хаяад тамирдаж үхсэн болох нь зохигчдын тайлбараар болон малын эмч гэрч С.Батбаатарын мэдүүлэг, мал үхсэн акт зэргээр нотлогдож байна гэж мал гадны нөлөөгөөр үхсэн гэж тогтоосон атлаа: хариуцагч Энхзулын шууд буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болж дээрх үхэрнүүд үхсэн түүнийг шууд санаатайгаар устгасан алсан юм шиг буруутгаж тэрээр ямар нэгэн төлбөрийг өөрөөсөө гаргаад төлөх чадваргүй, тийм боломжгүй нь хэргээс хангалттай харагдаж байхад түүний амьдарлыг улам дордуулж ядууруулах гэсэн юм шиг Б.Энхзулаар хүүхдийнх нь эцэг Даваадоржийн дундын өмчлөлийн гэж үзэж болохоор шүүхээс Даваадоржийн 9-н үхэр мөн гэж дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдтолтой байна. Даваадорж нь хар бяруугаа чононд идүүлсэн гэдгийг шүүхэд хүлээн зөвшөөрч үнэн гэж хэлдэг ба энэ бярууг хүртэл шүүхээс Энхзулаар гаргуулахаар заалаа. Араатан амьтан идсэн бярууг Энхзулыг төлөхөөр гаргасан нь бас л хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Энхзул араатан амьтантай үзэлцэж тэмцэлтэй биш дээ.

Шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Бөхцоож, Бат-Эрдэнэ, Нүрзэд, Энхзул нарын мэдүүлэгт ямар ч ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна.

Мөн тамирдаж үхсэн, төрж чадахгүй өвчнөөр үхсэн, чононд идүүлсэн, үхэрнүүдийг Энхзулын буруутай үйл ажиллагаанаас болоогүй байхад Энхзул л тууж явсан учир хариуцах ёстой гэж Энхзулаас гаргахаар заасан. Мөн 3-н үхрийг Хар алаг үнээ, эрээн нүүртэй үнээнүүд тухайн үед хээлтэй төллөх байсан. Энхзулыг тууж явснаас хойш төллөх байсан гэж үзэж төлийг тооцож гаргуулахаар, мөн нэг үхэр нь нялх тугалтай байсан гэж 3-н үхэр нэмж тооцож 9-н үхрийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ Даваадоржийг Иргэний хуулийн 106.1- зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн атлаа Даваадоржийн охин Анхжаргал, түүний асран хамгаалагч нарыг дундын өмчөөс өөрт оногдох хэсгийг шаардах эрхгүй гэж үзсэн. Энэ нь шүүх иргэний хуулийн 129.2, Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь заалтуудыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эдгээр хуулиудын заалтаар Б.Энхзул нь шүүхийн үзэж шийдвэрлэснээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй 7-н насанд хүрээгүй хүүхдийнхээ өмнөөс түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцсон гэж үзэж байна.

Гурав. Энэ хэрэгт Даваадорж нь бичиг мэдэхгүй зөвхөн өөрийнхөө гарын үсгийг л муухан зурдаг Г.Гансүхийг хөдөө гэртээ байхад нь гуйж надад нэг гарын үсэг зураад өгчих гээд Улаанбаатар хотруу автобусаар дагуулан явж түүнийг Улаанбаатар хотод байдаг өөрийн хашаа байшиндаа цуг архидан хонуулж, Даваадорж нь өөрийнхөө төрсөн эгчийг дуудаж түүнтэй цуг  Гансүхийг дагуулж нотариат дээр очиж эгчээрээ тэр бичгийг бичүүлж Гансүхээр гарын үсэг зуруулсан байдаг. Гансүх би нотариат гэж ямар хүнийг хэлдэг юу хийдэг талаар огт мэдэхгүй гэдгээ хэлсэн байдаг. Анх түүнийг гэрчээр байцаахад нотариат дээр очсон уу? гэсэн асуултанд тэрээр очоогүй гэж хариулсан боловч сүүлд хуралд ирэхдээ намайг нэг газарлуу дагуулж явж цонхон дээр нэг бичиг дээр гарын үсэг зуруулсан би тэр бичгийг бичээгүй би түүнийг уншаагүй, уншиж чадахгүй зөвхөн гарын үсэг зурсан гэж хэлсэн байдаг. Энэ байдлыг бид юу гэж үзэх вэ? Ах дүү нараараа нийлж ийм бусармаг зүйл хийж болдог юмуу?

Эндээс эд нарын хэдэн мал нь төрсөн үрээс нь үнэтэй эд зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагддаг.

Дөрөв: Даваадорж нь 2014 оны жилийн эцсийн тооллогоор нийт 34 үхэр, 2014 оны тооллогоор Басангийн малд 100 хонь, 100 ямаа, 2015 оны жилийн эцчийн тооллогоор ам бүл 2, Хавчиргад оршин суугч Адуу 8, үхэр 20, хонь 73, ямаа 60, толгой тоолуулсан, нийт 161 толгой малын А данс нь хавтас хэргээс тодорхой харагдаж байхад Даваадоржийн нэр дээр одоо нийт хэдэн мал байгаа нь нотлогдохгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, 2015 онд 161 толгой мал тоолуулсан байна. Эдгээр малнаас охин Анхжаргалд оногдох хэсгийг гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 129.2, Гэр бүлийн хуулийн 21.5-д заасныг үндэслэн охин Анхжаргалд нь дундын өмчлөлийн малаас оногдох хэсгийг нь гаргаж өгнө үү?

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзээд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 22-ны өдрийн 151/шш2017/00006 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх зохигчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нь хэн болохыг зөв тодорхойлоогүй тухайлбал, Мядаг, Даваадорж нарын хэн нь нэхэмжлэгч болох эсхүл хамтран нэхэмжлэгч эсэх; Энхзул, Басан нарын хэн нь хариуцагч болох, эсхүл хамтран хариуцагч болох нь тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь зохигчдын эрх зүйн байдлыг тодорхойлж чадаагүй бөгөөд үүний улмаас тэдний хуульд заасан эрхийг зөрчсөн үр дагаврыг бий болгосон байна гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Мядаг нь 2015 оны 06 сарын 03-нд Н.Басангийн хууль бус эзэмшлээс 26 хургатай хонь, 1 ишигтэй ямаа, 1 хуц зэрэг 54 толгой малыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2015 оны 08 сарын 17-нд шүүхэд ирүүлсэн, нэмэгдүүлсэн шаардлагадаа 9 үхэр буюу 4.600.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийтдээ 9.450.000 төгрөг буюу малыг гаргуулахыг шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д зааснаар нэхэмжлэлд “... нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр... тодорхой тусгагдсан байх ёстой. Нэхэмжлэлд нэхэмжлэгч Шагжийн Мядаг гэж бичсэн ба Иргэний хэрэг үүсгэх болон бусад шүүгчийн захирамжууд, баримт бичиг болон шүүхийн шийдвэрт Ш.Мядаг... гэж заасан байхад хавтаст хэрэгт байгаа Мядагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-20 дахь тал/, Даваадоржоос Мядагт олгосон итгэмжлэл /32 дахь тал/, Оюунцэцэгт олгосон итгэмжлэл /33 дахь болон 192 дугаар тал/, шүүгчийн 2016 оны 09 сарын 27-ны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж зэрэгт Жагжийн Мядаг гэж зөрүүтэй бичигдсэн, түүнчлэн 2016 оны 10 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны 3411 тоот тэмдэглэлд Жагжын Мядаг гэсэн байхад уг хуралдаанаас гарсан шүүх хуралдааныг хойшлуулсан захирамжинд Ш.Мядаг гэж бичигдсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхэд хандсан нэхэмжлэл шаардлагыг Мядаг гаргасан байх ба Г.Даваадорж нь хэдийд, ямар үндэслэлээр энэ хэрэгт нэхэмжлэгч болсон нь тодорхойгүй, шүүхэд нэхэмжлэгчийн хувьд шаардлага гаргаагүй байна. Тийм байтал шүүх нэхэмжлэгч Даваадорж гэж шийдвэртээ заасан, мөн Даваадорж нэхэмжлэгчээр тогтоогдоогүй атлаа Мядаг, Оюунцэцэг нарт итгэмжлэл олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэргээр хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хэрэг нэгтгэх, тусгаарлах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар “тус тусдаа үүсгэгдсэн иргэний хэргийг нэгтгэх ажиллагаа хийдэг. Хавтаст хэрэгт авагдсан иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 23-ны 151/шз2016/01583 тоот “хэрэг нэгтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” захирамжид Ж.Мядагын нэхэмжлэлтэй Басанд холбогдох хэрэгт Б.Энхзулын нэхэмжлэлтэй П.Даваадоржид холбогдох хэргээс тусгаарласан эд хөрөнгийн маргаантай хэсгийг нэгтгэсүгэй гэж эрх зүйн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт томъёологдоогүй үндэслэлийг гаргаж хуулийг ноцтой зөрчсөн байна.

Энэхүү захирамжийг гаргахдаа өмгөөлөгч Ш.Дуламжавын хэргийг тусгаарласан хэсгээр нэгтгэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн гэх боловч  өмгөөлөгчийн зүгээс ийм хүсэлт гаргасан гэх баримт хэрэгт байхгүй ба шүүгчийн захирамжийн 3 дахь заалтаар Б.Энхзулын нэхэмжлэлтэй, П.Даваадоржид холбогдох эцэг тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргээс тусгаарласан эд хөрөнгийн маргаантай холбоотой  нотлох баримтыг гаргуулсугай гэж захирамжилсан боловч тухайн баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Үүний улмаас зохигчийн эрх зүйн байдал тодорхойгүй болох, нэхэмжлэгч хариуцагч хэн болох нь тодорхойгүй, ойлгомжгүй үр дагаварт хүргэсэн байх ба шүүх шийдвэр гаргахдаа ч энэхүү нэгтгэсэн гэх маргааны талаар хэлэлцэн тусгалгүй орхигдуулсан байна.  

Түүнчлэн хариуцагч Энхзул нь хариуцагч Басангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл хариуцагчийн хувиар оролцож байгаа эсэх нь тодорхой бус байхаас гадна ямар ч байдлаар оролцсон түүнд зохигчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлаж өгөх ёстой байтал уг ажиллагаа хийгдээгүй, зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.  

Хэргийн зохигчоос олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Мядагаас Оюунцэцэгт олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, төлөөлөгч, төлөөлүүлэгч этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй итгэмжлэл байхад шүүх авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэрэгт байгаа зохигчдын гаргасан заримт хүсэлт нь хуулийн шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах хойшлуулах зэргээр зөрчил гаргажээ.

Тухайлбал гэрчийг асуулгах тухай хүсэлтэнд “тухайн хэргийн ямар үйл баримтыг нотлох, хэрэгт ямар ач холбогдолтой бөгөөд хамааралтай гэрч болох үндэслэлийг тодорхойлолгүйгээр гэрч асуулгах хүсэлтийг шүүх хангаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширч, хугацаа алдан сунжирч зөрчил гаргахад хүргэжээ.  

Мөн Ноосгой гэх гэрчийг асуулгах хүсэлтийг хэргийн ямар зохигч гаргасан нь тодорхойгүй, хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн үндэслэлээс үзэхэд гэрчээр асуулгах асуудлыг шийдвэрлээгүй атлаа шүүх дуудаж мэдүүлэг авсан нь шүүх санаачлагаараа хийж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгожээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 11 сарын 24-ны өдрийн 151/ШЗ2016/03506 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт ... гэрч Ноосгойг асуух тухай дурдсан ч шүүгч захирамжлан шийдвэрлээгүй байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.

Мөн Энхзулын нэхэмжлэлтэй Даваадоржид холбогдох эцэг тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлэх гэсэн шаардлага бүхий хэрэг 2016 оны 01 болон 05 сард анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж дахин шийдвэрлүүлэхээр буцааж байсан  шүүхийн хүчин төгөлдөр магадлал хэрэгт авагдсан байхад хэрэг нэгтгэсэн тухай 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 151/ШЗ2016/01583 дугаар шүүгчийн захирамжид дурдахдаа дээрх хэргээс эд хөрөнгийн маргаантай хэсгийг тусгаарласан тухай агуулга байгаа боловч чухам ямар эд хөрөнгийн маргаантай хэсгийг тусгаарласан болохыг тусгаагүй, ийм эрхийн акт хавтаст хэрэгт авагдаагүй, тухайн тусгаарласан шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Мядагийн нэхэмжлэлтэй Басанд холбогдох хэрэгт ямар шаардлагатай хэргийг нэгтгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тодорхойгүй зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаануудыг гаргажээ.

Иймд иргэний хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2017/00006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвөөс буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ӨРНӨНДЭЛГЭР

         ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ

         Ш.ТӨМӨРБААТАР