| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0444/Э |
| Дугаар | 0470 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 0470
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц.Од холбогдох эрүүгийн 2008002080518 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Булган аймгийн Булган сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, Урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 717 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн нийт 9 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Д овогт Ц.О /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 03-04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 3 давхрын 7 тоотод байрлах өрөөнд хамт хоносон Б.Мыг унтаж байх үед түүний ширээн дээр байсан Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 3.800.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 15х/, гэрч Б.Мийн мэдүүлэг /хх-ийн 19х/, хохирогч Б.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10х/, Хаан банкны Хууль эрх зүйн газрын хуулийн мэргэжилтнээс ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 29/155 дугаартай албан тоот /хх-ийн 23х/, эд мөрийн баримт болох 1 ширхэг СД /хх-ийн 24х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28х/, шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/, шүүгдэгч Ц.Огийн мэдүүлэг /хх-ийн 70-71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 03-04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 3 давхрын 7 тоотод байрлах өрөөнд хамт хоносон иргэн Б.Мыг унтаж байх хооронд нь түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар, хууль бусаар хулгайлж, уг картаас 3.800.500 төгрөгийг авсан болох нь:
Хохирогч Б.Мын: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байранд байх гэртээ байж байхад найз М залгаад хаана байгаа юм бэ хүрээд ирээч би Хархорингийн энд буудалд байна гэж хэлэхээр нь би Хархорин захын хойно байх “...” гэх буудалд яваад очиход манай найзтай өөрийгөө У гэж танилцуулсан эмэгтэй хамт байсан. Тэгээд би тэр буудлын цагийг хоногоор сунгаад байж байхад манай найз М ирээд би М гэх найздаа картаа өгөөд 1 шил архи аваад ороод ир гэж хэлсэн. Тэгээд М карт авч нэг шил архи оруулж ирээд миний картыг надад өгөөд гараад явсан. Тэгээд М, У гэх эмэгтэй бид гурав тухайн нэг шил архийг хувааж уугаад буудалд хамт хоносон. Маргааш өглөө нь босоход М бид хоёр хамт байсан ба Уа гэх эмэгтэй явсан байсан. Тэгээд би босоод өөрийн эд зүйлийг хайхад миний карт алга болсон байсан. Тэгээд би өөрийн дансны мэдээллийг гар утсаа ашиглан шалгахад миний данснаас 800.500 төгрөгөөр бас 3.000.000 төгрөгөөр бэлэн мөнгө авсан байсан. ...Би Мт өөрийн картыг өгч дэлгүүр гаргахад нууц дугаараа хэлсэн тэр үед хамт байсан М, У гэх эмэгтэй нар миний картын нууц дугаарыг мэдсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
Гэрч Б.Мийн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “...” кино театрын урд талд байх нэрийг нь мэдэхгүй бааранд У гэх эмэгтэйтэй танилцаад ... Хархорин захын хойно байх “...” гэх буудалд хамт хоносон. Маргааш өглөө нь найз М руу яриад хүрээд ир гэж хэлсэн, тэгээд М ирээд У бид гурав тухайн буудалд хамт архи уусан. Тэгээд 21 цагийн орчим М гэх найзыг дуудахад ирээд бид гуравт нэг шил архи авч өгөөд явсан. Маргааш өглөө нь М бид хоёр сэрсэн. Тэгээд өөрсдийн эд зүйлсийг үзтэл манай найз Мын карт алга болсон байсан. Гар утас ашиглаад дансаа шалгахад 800.500 төгрөгөөр бас 3.000.000 төгрөгөөр бэлэн мөнгө авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
Хохирогч Б.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 03:59-д 800,500 төгрөг, 04:53-д 3000,000 төгрөг зарлага болж гарсан тухай /хх-ийн 10х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 04:51-04:54-нд хяналтын камерт иргэн Ц.О нь хар өнгийн үслэг гадуур хувцастай орж ирээд бичлэгийн 01:08 минутад баруун талын АТМ-ээс бэлэн мөнгө аваад гарна...” гэх тэмдэглэл /хх-ийн 28х/,
Шүүгдэгч Ц.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хорооллын ... кино театрын урд талд явж байгаад нэрийг нь хараагүй пабад орж пиво уугаад сууж байгаад шөнө 00 цагийн өнгөрсөн яг хэдэн цагийн үед гэдгээ сайн санахгүй байна. Тэгээд би пабаас гараад хорооллын эцэст байрлах Сот-3-2 байр руу явж байсан чинь нэг үе тэнгийн залуу надтай танилцсан ба тэр үед тэр залуу Мөөгий гэж танилцуулаад чамайг хүргээд өгье гэхээр нь би зөвшөөрөөд явсан. ...Мөөгий, М бид нар 13 покер тоглож байгаад орж унтсан ба нэг сэрсэн чинь Мөөгий, М 2 унтаж байсан. Тэгээд ам цангаад байхаар нь ширээн дээр байсан Мын хаан банкны картыг аваад Хаан банкны ATM орсон. Тэгээд дансыг нь шалгасан чинь 3.800.500 төгрөг байсан ба Хархорин захын хойно байдаг АТМ-ээс 800.000 төгрөг аваад такси бариад Баянбүрд орчмоос 3.000.000 төгрөг уншуулж авсан. Тэр өдрөө Зочид буудалд хоноод, үлдсэн мөнгийг өөрийн эмчилгээндээ зарцуулсан, мөн өөртөө цүнх өмд хувцас аваад мөнгөө дуусгасан. ...М Мөөгийг архинд явуулж байхдаа нууц кодоо хэлж байхад нь сонссон. Би тоо цээжлэхдээ сайн. Өөрийгөө байнга сорьж байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.О нь Улаанбаатар хотод өөрийн гэсэн оршин суух тодорхой хаяггүй, зочид буудлаар хонож өнжиж явахдаа хүмүүстэй танилцан тэдгээр хүмүүстэй нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хамт хонохдоо тэдгээрийн сатаарсан, унтсан, согтуурсан байдлыг нь далимдуулан сэм нууц байдлаар мөнгөний картыг хулгайлж, нууц кодыг нь тайлж бэлэн мөнгө авдаг нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, Ц.Огийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцов.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Ц.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мт 3.800.500 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ц.Огаас 3.800.500 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх 1 жил 6 сар 26 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгч Ц.О нь гэм буруу дээр маргаагүй, өөрийн үйлдсэн хэргээ анхнаасаа мэдүүлж ирсэн, түүний эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Элэг солиулах хагалгаа, улаан хоолой, ходоодны хагалгаанд орох шаардлагатай гэсэн байдаг тул энэхүү эрүүл мэндийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг нь харгалзан үзэж хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хорих ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Огийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болгондоо хэрэглэдэг арга барил нь хэвшил болох шинжтэй болсон, хохирогчид учирсан хохирол төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар зэргийг, мөн нөгөө талаас түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдал хүнд /элэгний хатуурал 4 дүгээр шатандаа орсон, улаан хоолой, ходоодны үрэвслүүд хүндэрсэн, хагалгаанд орох заалттай/ зэрэг байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од энэ тогтоолоор 6 сарын сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од нь нийт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулснаас биеэр 02 сар 04 хоногийг эдэлж, одоо үлдэгдэл 06 сар 26 хоног үлдсэн болох нь түүний ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдсон байна. /хх-ийн 82х/
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Од энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 26 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 142 дугаар захирамжаар Ц.Од 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хх-ийн 75-76х/ байх бөгөөд тэрбээр тус өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 15 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Элэгний хатуурлын өөрчлөлттэй, элэгний баруун дэлбэнд 0,9см хэмжээтэй хэд хэдэн голомт үүсвэр тодорхойлогдсон, дэлүү томорсон, ходоод улаанхоолойн венийн судсууд 3-р зэргээр өргөссөн, ходоодонд 0,4-0,8см хэмжээний шархлаанууд гэж оношлогдсон хэмээн холбогдох баримтууд буюу эхо-ны зураг, ходоод дурандуулсан баримт зэргийг гаргаж, улмаар хагалгаанд орох шаардлагатай, үүнээс нэг нь элэг солиулах, нөгөө нь ходоод вений судсанд холбоотойгоор хагалгаанд орох юм. Энэ нөхцөл байдал нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарагдаж байгаа бол хамрагдмаар байна” гэсэн агуулга бүхий асуудлыг хөндөж тавьсан /одоогоор хорих 0461 хаалттай ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа гэх/ тул тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч Ц.О нь Хуульзүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаартай тушаалын 1, 2 дугаар хавсралтад заасан үндэслэлээр холбогдох газарт нь хандаж уг асуудлаа шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Огийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Ц.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ог 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Од энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Огийн цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Огаас 3.800.500 /гурван сая, найман зуун мянга, таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Мт олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ