Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 0461

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

           улсын яллагч Ж.Отгончимэг,

            шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Д.Хд холбогдох 2008001780433 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ... дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хайрхан хороолол ... байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Х /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Д.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар Хайрхан хорооллын ... байрны ... тоотод гэртээ эхнэр Б.Дтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газарт хөлөөрөө өшиглөн зодож, биед нь эрүү, нүүр, чих, гарын бугалга, өвдөг цээжинд цус хуралт зэрэг гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “...” хорооллын ... тоотод эхнэр Б.Дтай бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож, унагааж биед нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Дгийн мэдүүлэг /хх-ийн 17-18х/, гэрч Х.Жын мэдүүлэг /хх-ийн 27-28х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36х/, шинжээч эмчийн мэдүүлэг /хх-ийн 38-39х/, шүүгдэгч Д.Хий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60х/, шүүгдэгч Д.Хы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар Хайрхан хорооллын ... байрны ... тоотод эхнэр Б.Дтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний цээжин тус газарт хөлөөрөө өшиглөн зодож, биед нь эрүү, нүүр, чих, гарын бугалга, өвдөг цээжинд цус хуралт зэрэг гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “...” хорооллын ... дугаар байрны 04 тоотод байхдаа эхнэрээ зодож биед нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч Б.Дгийн: “...Д.Х бид хоёр хамт амьдраад 27 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй. Д.Х нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа тарж ирэхдээ согтуу  ирсэн ба тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... хороололд охин Жын гэрт очсон. Тэгтэл манай нөхөр Д.Х агсам согтуу тавиад орилж хашхираад байхаар би нүүрийг маажсан чинь Д.Х намайг барьж аваад бид хоёр газарт унаад хэд хэдэн удаа өнхрөлдсөн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг хөлөөрөө өшиглөж байсан. Би тухайн үед цагдаад мэдэгдээгүй өөрөө хувиараа эмнэлэгт үзүүлж байсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Д.Х намайг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр надтай ноцолдож газарт унагааж, мөн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг хөлөөрөө цээжинд өшиглөж би газар савж унах үед үүссэн гэмтэл байгаа юм. ...Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

 

Гэрч Х.Жын: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “...” хорооллын ... тоотод гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байсан чинь гаднаас манай аав Д.Х ээж Б.Д нар орж ирсэн. Тухайн үед аав согтуу байсан. Тэгээд тэр хоёр үүдний өрөөд маргалдаад аав Х манай гэрт орилж хашхираад эд нар намайг зодоод гээд байна гэж орилоод байсан. Аав Х нь манай ээжийг өмнө нь цохиж зодож байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаартай шинжээчийн: “...Б.Дгийн биед тархи доргилт, эрүү, нүүр, чих, гарын бугалга, өвдөг, цээжинд цус хуралт, сорвитой гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36х/,

 

Шинжээч С.Оийн: “...Тухайн үед Б.Дгийн биед үзлэг хийхэд Б.Дгийн тархи доргилт гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин Б.Дгийн биед учирсан тархи доргилтоос бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр учирсан байх боломжтой хуучин гэмтэл байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 38-39х/,

 

Шүүгдэгч Д.Хы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 148 дугаар цэцэрлэгээс ажлаасаа тараад найз Этой хамт 1 шил архи уучхаад гэртээ очсон. Тэгтэл манай эхнэр Б.Д охиныдоо очъё гэхээр нь бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороолол ... тоотод охин Жын коридорт манай эхнэр намайг хий хардаад байхаар нь Ч руу залгаад намайг эд нар зодох гээд байна гэсэн чинь манай эхнэр Б.Д миний гар утсыг газар шидээд эвдээд миний нүүрийг маажсан. Тэгээд бид хоёр хоорондоо ноцолдож байгаад би гэрээс гараад зугтаасан. Би өмнө нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар Хайрхан хорооллын ... байрны ... тоотод гэртээ байхдаа Б.Дг хөлөөрөө өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Х нь эхнэрээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2 удаа зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан идэвхитэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Х нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Д.Хыг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 18х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэг нь Д.Хд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Д.Хд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч Д.Хд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1. Б овогт Д.Хыг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ