Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 0451

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

           улсын яллагч Д.Нямбат,

            шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн А овогт Ж.Пд холбогдох 2008000000541 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны Баянхошууны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны ... дугаар байрны ... тоотод түр суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Ж.П /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ж.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны ... дугаар байрны .... тоот түрээсийн байранд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр В.Нг “чи миний мууг үзэх гэж цагдаад өгдөг биздээ” гэх шалтгаанаар гарыг нь мушгиж, хөлнөөс нь татаж орноос унаган, хөл дээр нь гишгэж, толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4х/, хохирогч В.Нгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5х/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 14-15х, 16-22х/, хохирогч В.Нгийн мэдүүлэг /хх-ийн 33-34х/, гэрч П.Аий мэдүүлэг /хх-ийн 39-40х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4023 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43х/, дуудлагын лавлагааны хуудаснууд /хх-ийн 60-62х/, шүүгдэгч Ж.Пын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 58х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 68х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70х/, шүүгдэгч Ж.Пын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны ... дугаар байрны ... тоот түрээсийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр В.Нг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч В.Нгийн: “...Би өөрийн нөхөр болох Ж.Птай 20 жил хамтран амьдарч байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй, албан ёсны гэрлэлтийн баталгаатай. ...2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот гэртээ ганцаараа байж байхад нөхөр П гаднаас согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө “чи олон юм яриад яах вэ, чи цагдаад бүртгэгдсэн байгаа, унтаж амар” гэсэн чинь нөхөр “мэдэж байна, чи л миний мууг үзэх гэж цагдаад өгдөг биздээ, чи яагаад надаас тусдаа амьдраад байгаа юм” гээд над руу дайраад над руу ойртоод ирэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд гараараа биеийнх нь хэсэг рүү түлхэхэд нөхөр гар мушгиад, хөлөөс татаж орноос унагаад, хөлөн дээр хөлөөрөө гишгээд миний дээрээс дараад хэвтсэн. Мөн толгой руу гараараа 1-2 удаа цохиод, үснээс татсан. Тэгээд би амь авраарай гэж орилоход нөхөр босоод гэрээс гараад явсан. Тэгээд би 23 цаг өнгөрч байх үед гаднаас нөхөр согтуу орж ирээд жаахан унтаж байгаад шөнө 01 цаг өнгөрч байх үед өрөөний хаалга балбаад унтуулахгүй байхаар нь цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд нөхрийг аваад явсан. ...Надад нөхөртөө зодуулсан асуудлаас болж ямар нэгэн эмчилгээний зардал гараагүй. Надад нөхрөөсөө нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

 

Гэрч П.Аий: “...2020 оны 3 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед би ажил дээрээ байхад ээж маань утсаар над руу залгаад “аав чинь намайг зодчихлоо” гэж хэлсэн байсан. Би удалгүй 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрт ээж байсан ба ээжийн хоёр гарынх нь хэсэг хөхөрсөн харагдаж байсан. Тэгээд орой би 23 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот гэртээ би байж байхад миний утас руу цагдаагаас залгаад “аав чинь 13 дугаар байрны 4 дүгээр орцонд тасарсан хэвтэж байна, ирээд авчих” гэхээр нь би гэрээсээ гарахад манай орцны нэг давхарт хоёр цагдаа, манай аав Ж.Пгийн хамт зогсож байсан ба аав маань нэлээн согтуу байсан. Тэгээд би аавыг аваад гэртээ ороод жижиг өрөөнд аавыг орон дээр хэвтүүлэхэд аав унтаад өгсөн. Тэгтэл шөнө 02 цаг өнгөрч байх үед аав сэрээд босоод ээжтэй маргалдаад ээжийг “гичий, нохой” гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хараагаад, орилоод байсан. Тэгэхэд ээж цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд аавыг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4023 дугаартай:

“...В.Нгийн биед баруун, зүүн бугуй, хөлийн тавхайн дээд гадаргууд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43х/,

 

Аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 14-15х, 16-22х/,

 

Шүүгдэгч Ж.Пын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед би ганцаараа Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот эхнэрийнхээ түрээслэн амьдарч байгаа байранд 0.75 граммтай Хараа нэртэй архи аваад уусан. Тэгээд архиа ууж дуусаад тасарчихсан байна лээ. ...Би согтуудаа эхнэрийгээ зодож гар хүрсэн байх, би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... ...эхнэр В.Нгаас уучлалт гуйж эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.П нь эхнэр В.Нгаа зодож хөнгөн гэмтэл учруулсан идэвхитэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ж.П нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Ж.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч В.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 34х/, хүсэлт гаргасан /хх-ийн 76х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат нь Ж.Пд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Ж.Пд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч Ж.Пд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 3 сарын хугацаагаар хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

            1. Алаг адуу овогт Жамсрангийн Пүрэвдагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Пыг согтууруулах ундаа хэрэглэхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ